Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 183/шш2024/03311

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар183/ШШ2024/03311

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат, 4-9 тоот хаягт оршин суух, Сартуул овогт Н.ЭЦ/РД:000000/-ын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.ИБг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Э.Цт нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.ИБг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.Э.Цт нь Би Х.И-т 2023 оны 07-р сарын 2-ны өглөө 10:00 цагт М250 маркаар 86 м.куб бетон зуурмагийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох эх нялхас эмнэлгийн замын зүүн талд автомашин засварын газарт бетон авахаар 95015485 /Э.Цт/ дугаар луу холбогдсон болно. М250 марктай 1мз бетон зуурмагийг 265,000 төгрөгт тооцон нийт төлбөр 22,790,000 төгрөг бэлэн мөнгөөр төлөхөөр талууд тохирсон болно. Энэхүү төлбөрийг бетон зуурмагаа авч дууссаны дараа төлөхөөр тохирсон. Бетон зуурмагаа авч дуусаад 07.03-ны өдөр 5,000,000, 07.27-ны өдөр 5,000,000 төгрөг төлж, 12,790,000 төгрөгийг огт төлөхгүй мөн хариуцагч Х.Ихбаяр нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Х.ИБг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.Э.Цтын иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2024/16261 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Их өргөө зуурмагийн 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0005795, 0005805, 0005794, 0005797, 005796, 0005799, 0005798 дугаар бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтын хуулбар, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч Н.Э.Цт нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.ИБг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

3. Хавтаст хэрэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2024/16261 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Их өргөө зуурмагийн 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0005795, 0005805, 0005794, 0005797, 005796, 0005799, 0005798 дугаар бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтын хуулбар зэргээс үзвэл Х.Ихбаяр нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

Улмаар хариуцагч Х.Ихбаяр нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, арьс шир 84-28-2 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2024/16261 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Н.Э.Цтын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.ИБг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Х.ИБн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, арьс шир 84-28-2 тоот хаягт байрлаж байсан бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 95015485 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.ИБг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Х.ИБг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ