Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 183/шш2024/03251

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2024/03251 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 43-р хороо, 13-р хороолол, 91/3-р байр, 49 тоотод оршин суух, Баатар овогт Б. Б/РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 44г байр, 24 тоотод оршин суух, Боржигон овогт Т.Э/РД:00000/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Т.Э холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Б нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 44г байр, 24 тоотын өмчлөгч байгаа. 2021 онд Б.Бийн найз н.Наранцацралт нь манай ах орон сууц худалдаж авах гэж байгаа юм. Чи Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, 44г байр, 24 тоот 148.4 м2 байраа зарах уу гэж санал тавьсны дагуу Б.Б н.Наранцацралтын ах Т.Э тус байрыг зарахаар болсон. Тухайн үед н.Наранцацралт нь бизнес хийдэг, бизнесийн мөнгө орж ирээгүй байна, найз нөхөд хүмүүс байрныхаа түлхүүрийг өгчих, ороод амьдарч байя, бизнесийн мөнгө ороод ирэхээр мөнгийг чинь өгье гэсэн. 2021 онд Т.Э.ийг байрандаа оруулаад амьдарснаас хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд төлбөр төлсөн зүйл огт байхгүй, мөнгөө нэхээд байраа авъя, гар гэхээр бизнесийн мөнгө орж ирнэ, удахгүй гээд байдаг. Тэгж хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд Б.Бийн хувьд хувьд бол төлбөрөө төл, эсвэл байрнаасаа гар гэж маш олон удаа хэлж холбогдож байсан. Тэгээд бүр аргаа бараад 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр албадан чөлөөлүүлье гэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлтэй гэж үзэж байгаа.Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Т.Э-ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү. гэжээ.

Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Б.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Т.Э. би эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.Б нь надад нэхэмжлэлд дурдсан байрыг 2 автомашины зогсоолын хамт зарахаар тохиролцож, бид нүүж орон 300,000,000 төгрөгийн тансаг зэрэглэлийн засвар хийлгэн оруулсан бөгөөд бид тухайн байрандаа амьдарч байгаа. Гэтэл Б.Б нь бидэнд зарна гэсэн 2ш авто зогсоолын нэгийг бусдад зарсан, бидэнд шилжүүлж өгөх ёстой байрны гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр барьцаанд тавьсан гэх мэт ойлгомжгүй, залилан мэхлэх шинжтэй нөхцөл байдлыг үүсгэж эхэлсэн. Мөн байрны төлбөрт Б.Бэд миний авлагатай хүн болох н.Наранцацралтаас 100 гаруй сая төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Миний хувьд тухайн байрыг чөлөөлж өгөх боломжгүй ба үүсээд буй асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг баримтыг гарган өгөв.

Хариуцагч талаас Т.Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэрэг баримтыг гарган өгөв.

Үндэслэх нь

1.   Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, 44г байр, 24 тоот 148.4 м2 үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.    Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

3.    Хэрэг дараах үйл баримт тогтоогдов:

 

3.1.  Нэхэмжлэгч Б.Б нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, 44г байр, 24 тоот 148.4 м2 орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-2206013710 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу өмчилдөг (хэргийн 5).

 

3.2.  Зохигчид анх орон сууцыг худалдах, худалдаж авахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагч нь маргаан бүхий орон сууцанд 2021 оны 5 сараас хойш амьдарч, тухайн орон сууцыг эзэмшиж, ашигладаг байна (зохигчдын тайлбар).

 

3.3.  Зохигчид орон сууцыг худалдахаар тохиролцохдоо бичгээр гэрээ хийж үйлдээгүй (нэхэмжлэгчийн тайлбар).

 

4.      Шүүхээс Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, 44г байр, 24 тоот 148.4 м2 орон сууцыг худалдахаар харилцан тохиролцсон гэх зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн орон сууцыг 300,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар орон сууцыг хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг харгалзан зохигчдын дунд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд тодорхой эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ биелүүлж хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгсөн байна.

 

5.   Харин зохигчдын тохиролцооны зүйл нь үл хөдлөх хөрөнгө байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 43.2.3-т зааснаар хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр бичгээр хийх хэлцлийг хийсэнд тооцдог. Зохигчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй.

 

6.   Иргэний хуулийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийг талууд заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй бөгөөд харин хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрх нь Иргэний хуулийн 56.5-д зааснаар үүсдэг. Хариуцагч тал нь орон сууцыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй байна.

 

7.   Хариуцагч тал нь нэхэмжлэгчид төлбөр төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэлцлийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл бүрдээгүй, түүнчлэн нэхэмжлэгчээс төлбөр төлөгдөөгүй талаарх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, 44г байр, 24 тоот 148.4 м2 орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь Ү-2206013710 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа нь хууль бус юм.

 

8.   Иргэний хуулийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн бөгөөд хариуцагч нь орон сууцыг 2021 оны 5 сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль бус тул нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг шаардах эрхтэй.

 

9.   Хариуцагч нь маргаан бүхий орон сууцанд засвар хийсэн, 2 ш автозогсоолыг хамт зарах байсан, нэгийг нь бусдад зарсан гэж тайлбарлаж байгаа нь уг хэрэг маргаанд хамааралгүй бөгөөд засвар хийж, зардал гарсан бол үүнтэй холбоотой шаардлагыг хуулийн дагуу гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Наранцацралтаас 100 гаруй сая төгрөгийг төлсөн гэж хариуцагч тайлбарлаж байх хэдий ч орон сууцны төлбөрийг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

10.   Эцэст нь хариуцагч нь өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаагаа, өөрийн эзэмшил нь хууль ёсных болохоо шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээх бөгөөд энэ талаарх ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

11.   Шүүхээс хариуцагч Т.Э-ийн хүсэлтээр өмгөөлөгчтэй оролцох боломж олгон 2024 оны 07 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн, хариуцагч 2024 оны 08 сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг харгалзан нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

12.   Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, 44г байр, 24 тоот 148.4 м2, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206013710 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Т.Э-ийн эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ