Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

 

А.Тунгалагт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0092/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Батсүх

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр А.Тунгалагт холбогдох 2218000000077 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Захчин овгийн Аюушийн Тунгалаг, 1964 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй. тэтгэвэрт, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, 10-29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:МЛ64012001/,

Шүүгдэгч А.Тунгалаг нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрүүл мэндийн төв”- ийн 4 давхарт Л.Ундрахын толгой тус газар нь барьж явсан эд зүйлээрээ цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: А.Тунгалагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Захчин овогт Аюушийн Тунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тунгалагийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тунгалаг нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгчээс 182000 /нэг зуун наян хоёр мянга/ төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан баг, 26-15 тоотод оршин суух Лхажамбын Ундрах /РД:ТЯ71090908, утас: 94128193/-Д олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тунгалагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг тодорхойлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Тунгалагийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан атал Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоогоогүй байгаа нь шүүхийн шийдвэрийн бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Хэрэв шүүх торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзвэл шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ёстой талаар тайлбарлан тусгах нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэг зааснаар шүүхээс торгох ял биелүүлэх хугацааг тогтоох” заалт нэмж өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох ялыг төлөх хугацааг тодорхой болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Тунгалагт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч А.Тунгалаг иргэн Л.Ундрахын толгой тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл бүрэн тогтоогдсон байна.

Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх зөрчил тогтоогдсонгүй.

Гэхдээ Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тунгалагийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан “ Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ.” гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна.

Тухайлбал: Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд биелүүлэхийг заагаагүйгээс шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй болжээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж дээрх алдааг засах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

            “ Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3.т зааснаар торгох ялыг 90 хоногт биелүүлэхийг шүүгдэгч А.Тунгалагт үүрэг болгосугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.АМАРЖАРГАЛ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                                            Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                       Б.МАНЛАЙБААТАР