Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 183/шш2024/03234

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/03234

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 23-р хороо, Арцат апартмент II, 1439 байр 2-р орц 80 тоотод оршин суух Т овогт Г-ын Д./РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-уул дүүрэг, 23-р хороо, Арцат апартмент II, 1439 байр 2-р орц 80 тоотод оршин суух Болхоон овогт А.Бн /РД:0000000/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Д,

Хариуцагч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан охин Го-д тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Миний бие нь хариуцагч А.Бтай 2018 онд танилцаж, 2019 онд үерхэж эхэлсэн бөгөөд 2020 оны намраас хамтдаа байр түрээслэх болсон. Бидний дундаас 2021 оны 10 сарын 03-нд охин Б.Г төрсөн. 2021 оны 1 сараас нөхрийн ээж, аавтай хамт амьдрах болсон, амьдрах хугацаандаа А.Бтай гэрлэлтээ батлуулаагүй, охиноо өсгөх шаардлагаар ажлаасаа гарч санхүүгийн хувьд боломжгүй нөхцөл байдалд амьдарсан. 2024 оны 2 сард үйл ойлголцсоны улмаас А.Б гэрээсээ хөөсөн, одоо Өмнөговьд байдаг эгчийндээ амьдарч байна. Охин Гоомарал Цогтцэций сумын Нархан хүүхэд харах төвд сарын 350,000 төгрөгийн төлбөртэй явдаг.

 

Эцэг А.Бгаас хүүхдийн хэрэглээнд шаардлагатай мөнгийг эвээр ярьж гуйхад өгөөгүй, тэтгэлэг тогтоож өгнө үү ... гэв.

 

2.Хариуцагч Э.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Охин Гоомарал бидний дундаас төрснийг зөвшөөрнө. Охин Г-д хүүхдийн тэтгэмж өгөхийг зөвшөөрч байна. Эцэг нь болохоор охинтойгоо уулзаж баймаар байна.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхдийн Төрсний бүртгэлийн лавлагаа, хорооны тодорхойлолт, Нархан хүүхэд харах төвийн тодорхойлолт, Цэц-до өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтыг

 

Хариуцагчаас хариу тайлбар гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан охин Б.Г-д тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

2.   Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн холбогдох хуулийн дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

3.   Зохигчид 2018 онд танилцаж, тэдний дундаас охин Б.Г /РД: 0000000/нь 2021 оны 10 сарын 03-ны өдөр төржээ.

 

Охин Б.Г нь нэхэмжлэгч Г.Ды асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа нь нархан хүүхэд харах төвийн тодорхойлолт, Цэц-До өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

4.      Хариуцагч А.Б нь хүүхдийн асрамжийн асуудал дээр маргаагүй, охиныг эхийн асрамжид байгааг зөвшөөрч байгаа тул хүүхдийн байнга оршин суух газрын тодорхой байлгах үүднээс Гэр бүлийн тухай хуулийн 14.5 дахь заалтыг баримтлан охин Б.Г-ыг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

 

5.      Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Хариуцагч А.Б нь охин Б.Г-д тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-нд хүрсэн бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр Б.Г-д эцэг А.Бгаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

 

6.   Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.Г-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Бгаас сар бүр тэтгэлэг гаргуулсугай.

 

2.   Гэр бүлийн тухай хуулийн 14.5 дахь заалтыг баримтлан охин Б.Г-ыг эх Г.Ды асрамжид үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Ганцэцэг