Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 183/шш2024/03233

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2024/03233 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б, 25 дугаар хороо, 13-р хороолол, 102/а байр 15 тоот хаягт оршин суух, Хундан овгийн С. Б. /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 17-р хороо, 73-р байр 000 тоот хаягт оршин суух, Чонос овгийн Э. Ү/РД: 000000/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Мөнхсүлд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Улсболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Б. нь хариуцагч Э.Үад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Сэргэлэн овогтой Б. нь Энэбиш овогтой Үад холбогдуулж охин БЖ асрамжийг С.Б.ад тогтоолгох, орон сууц Ү2206101731 тоот өмчлөх эрхийн үл хөдлөхийн дугаартай орон сууцны 100 хувийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг Э.Үын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэгч С.Б. нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Э.Үтай танилцсан бөгөөд тэдний дундаас 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Ж, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин Б.Ү төрсөн бөгөөд Э.Үболон С.Б. нь хамтран амьдрах явцад таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй болно. Тусдаа амьдарснаас хойш хугацаанд өөрийн охин Б.Ж, Б.Ү нарыг асарч хамгаалах үүргээ биелүүлж, цэцэрлэгт хүргэж өгөх болон хүүхдүүд өсгөх хэрэгцээнд нь зориулж Э.Үын дансанд тодорхой мөнгийг тогтмол шилжүүлсээр ирсэн. Мөн 2020 оны 06 дугаар сарын эхээр С.Б. нь Хан-Уул дүүрэг, 17-р хороо, стадион оргил/17012/ богд жавзандамба гудамж, 73-р байр, 000 тоот хаягт байрлах 3 өрөө 86.3 м.кв талбайтай орон сууц Ү2206101731 тоот өмчлөх эрхийн үл хөдлөхийн дугаартай орон сууцыг 219,376,500 төгрөгөөр худалдан авах захиалгын гэрээ байгуулсан бөгөөд Бум од ХХК-тай тохиролцсон. Энэхүү захиалгын гэрээг байгуулах явцад С.Б. нь хөдөө орон нутагт буюу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байсан бөгөөд Э.ҮС.Б.ыг төлөөлж тухайн захиалгын гэрээнд дээр өөрийнхөө нэрийг давхар бүртгүүлсэн байгаа. 219,376,500 төгрөгийн орон сууцыг бий болгохоос өмнө С.Б. өөрийн нэр дээр 2 өрөө орон сууцтай байсан. Үүнийг ипотекийн зээлээр 2016 онд худалдаж авсан. Энэхүү орон сууцаа 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн 100 хувийн өмчлөлд байхад нь Б, 27-р хороо, 13-р хороолол,/13374/ 102а-15 тоот 2 өрөө 55,25 м.кв талбайтай орон сууцыг иргэн н.Чимэддорж, н.Ү нарт худалдаж маргаан бүхий Хан-Уул дүүрэг, 17-р хороо, стадион оргил/17012/ богд жавзандамба гудамж, -р байр, тоот орон сууцны урьдчилгааг төлсөн байгаа. Мөн toyoto prius 30 маркийн машиныг 15,000,000 төгрөгт тооцож Бум Од ХХК-д тус тус шилжүүлсэн. Орон сууцны үлдэгдэл 204,376,500 төгрөгийг өөрийн хадгаламж, байр зарсан 80,000,000 төгрөг, цалингийн зээл болон өөрийн нагац эгч н.Дуламсүрэнгээс зээлсэн хөрөнгийн эх үүсвэрээр 100 хувь С.Б. төлсөн байгаа. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах, үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээний дагуу Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж байхдаа тухайн байрны захиалгын гэрээн дээр Э.Үорсон. Тухайн байрны төлбөрийг 100 хувь төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газар очоод С.Б. өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулъя гэхэд Э.Үыг заавал оролцуулна гэсэн. Захиалгын гэрээ Э.Үын нэр дээр хамт байгаа тул бүртгэнэ гээд Э.Үын нэрийг оруулж бүртгүүлээд өнөөдрийг хүрсэн. Э.Үтай 2022 оны 08 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулаагүй. Энэхүү орон сууцанд Э.Үамьдарч байгаа. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгөд өөрийн төрсөн ах, дүүгийн хамт эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд хууль ёсны дагуу С.Б.ын 100 хувийн өмчлөлөөр бүртгэгдэх ёстой хөрөнгө. Өөрөөр хэлбэл тухайн өмчийг 100 хувь С.Б. өөрийн хөрөнгөөр бий болгосон. Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, Иргэний хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар тухайн эд хөрөнгийн 100 хувийн өмчлөгчөөр С.Б.ыг тогтоолгох мөн тухайн байрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэж байгаа учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, охин Б.Ж өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэл гаргасан байгаа. гэжээ.

Нэхэмжлэгч нь 2024 оны 08 сарын 09-ны өдрийн шүүх хуралдаан дээр Б.Үын асрамжийг эцэг С.Б.ад тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, охин БЖ асрамжийг эцэг С.Б.ад тогтоолгох, орон сууцны 100 хувийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг Э.Үын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч талаас үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 01-р сарын 16-ны өдөр хариуцагч Э.Үнадад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.Б. хүүхдүүдийг төрсөн цагаас эхлэн ар гэр, ахуйн ажил, хүүхдүүдийг асрах тал дэр огт тусалдаггүй байсан ба гэр бүлдээ цаг зарцуулахаас илүүтэйгээр өөрийн хоббинд цагаа зарцуулдаг. Хариуцагч би уг байдалд үг хэлдэггүй, үргэлж ойлгож, дэмжиж ирсэн. Миний бие бага охиноо төрүүлээд дөнгөж 10 хонож байхдаа С.Б.тай Гэр бүлдээ цаг гарга, хүүхдүүддээ анхаарал хан гэж хэлснийхээ төлөө үл ойлголцон улмаар С.Б. нь надад Чамтай амьдрах итгэл алга" гэж хэлээд 2 нялх хүүхдүүдтэй минь хаяад намайг орхиод явсан юм. Тухайн үед би С.Б.аас Битгий яваач, хоёулаа үр хүүхдүүдээ бодоод гэр бүлээ бүрэн бүтнээр нь байлгая" гэж хэлэхэд С.Б. нь Би өөр төлөвлөгөөтэй байгаа, Чи ээжээрээ асруулаарай" гэж хэлээд хамаг хувцсаа аваад 2022 оны 8-р сард гэрээсээ явсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бид тусдаа амьдарч байна. Миний бие С.Б.ыг "Үр хүүхдүүдээ бодоод эргээд ирээч, хоёулаа сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авъя" гэж хүртэл хэлж үзсэн, гуйж үзсэн тэгэх бүрт ямар ч хариу өгдөггүй байсан. Тусдаа амьдарснаас хойш өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ би өөрөө өсгөж байгаа. С.Б. нь хүүхдүүдийнхээ хэрэглээ болох ойр зуур идэж уух зүйлс, памперсыг нь авах мөнгө шилжүүлдэг байснаас өөр зүйл байдаггүй. Хүүхдүүд өсгөх тал дээр ямар ч ойлголт байхгүй. С.Б. нь өөрөө сайн дураараа эхнэр хүүхдүүдээ хаяж явчхаад одоо болохоор миний өмчлөх эрхэнд халдсан гэж ойлголт төрүүлж байгаа нь огт үндэслэлгүй болно. Учир нь энэ хүн өөрөө ээжээрээ асруулаарай" гэж хэлээд төрсөн нялх биетэй эхнэрээ, нялх хүүхдүүдээ орхиод явсан юм. Энэ байр бол бид хоёрын хамтын өмч бөгөөд хариуцагч Э.Үминий бие хууль ёсны өмчлөх эрхтэй болно. Иймд дээрх үндэслэлээр Э.Үнадад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тэтгэмж тогтоолгох, орон сууцны өөрт ногдох 176,361,500 гаргуулах тухай. Энэбиш овогтой Үминий бие С.Б.тай 2020 онд танилцаж хамтын амьдралын хугацаанд 2020 оны 11-р сарын 29-ний өдөр том охин Б.Ж, 2022 оны 07-р сарын 27-ны өдөр бага охин Б. Ү нар мэндэлсэн. Миний бие бага охиноо төрүүлээд дөнгөж 10 хонож байхдаа С.Б.тай Гэр бүлдээ цаг гарга, хүүхдүүддээ анхаарал хандуул" гэж хэлснийхээ төлөө үл ойлголцон улмаар С.Б. нь надад Чамтай амьдрах итгэл алга" гэж хэлээд 2 нялх хүүхдүүдтэй минь хаяад намайг орхиод явсан. Тухайн үед би С.Б.аас "Битгий яваач, хоёулаа үр хүүхдүүдээ бодоод гэр бүлээ бүрэн бүтнээр нь байлгая" гэж хэлэхэд С.Б. нь Би өөр төлөвлөгөөтэй байгаа, Чи ээжээрээ асруулаарай" гэж хэлээд хамаг хувцсаа аваад 2022 оны 8-р сард гэрээсээ явсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бид тусдаа амьдарч байна. Уг хугацаанаас эхлэн хүүхдүүд миний асрамжинд өсөж торниж байна. Мөн миний бие С.Б.ыг "Үр хүүхдүүдээ бодоод эргээд ирээч, хоёулаа сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авья" гэж хүртэл хэлж үзсэн, гуйж үзсэн тэгэх бүрт ямар ч хариу өгдөггүй байсан юм. Бидний хамтын амьдралын хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сард Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж 73р байр, 6 давхарт, 000 тоот хаягт байрлах 3 өрөө 86.03мкв байрыг удалдан авах захиалгын гэрээ байгуулсан ба уг орон сууцны хамтран өмчлөгчөөр Э.Үминий бие бүртгэгдсэн юм. 2020 оны Орон сууц захиалгын гэрээгээр уг орон сууцны 1 мкв-ний үнэ 2.550.000 төгрөг байсан ба 2024 оны 1 сарын байдлаарх зах зээлийн дундаж ханшаар 1мкв нь 4.100.000 төрөг байгаа бөгөөд нийт үнийн дүн 352.723.000 төгрөг болж байна. Бид цаашид гэрлэлтээ батлуулахгүй ба хамтран амьдрах боломжгүй тул Э.Үнадад ногдох 176.361.500 төгрөгийг С.Б.аас гаргуулах, мөн охин Б.Ж, Б.Ү нарт тэтгэмж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: С.Б. миний бие хариуцагч Э.Үын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: 2020 оны 01-р сарын 20-ны өдөр Э.Үтай танилцсан. Бидний дундаас 2020 оны 11-р сарын 29-ны өдөр охин Б.Ж, 2022 оны 07-р сарын 27-ны өдөр охин Б.Ү нар төрсөн. Э.Үбид хамтран амьдрах явцад таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 08-р сараас тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулаагүй болно. Тусдаа амьдарснаас хойших хугацаанд би өөрийн охин Б.Ж, Б.Ү нарыг асарч хамгаалах үүргээ гүйцэтгэж цэцэрлэгт хүргэж өгөх болон авах хүүхдүүд өсгөх хэрэгцээнд зориулж Э.Үын дансанд гэр бүлийн хэрэгцээний бүх зардлыг хариуцан дунджаар 3,000,000 төгрөг тогтмол шилжүүлсээр ирсэн бөгөөд Э.Үнь 2023 оны 11-р сард ажилдаа орсон. Э.Үнь ажилдаа орсон ч гэсэн миний бие хүүхдийн цэцэрлэгийн хөлс, хүүхдийн хэрэглээний живх, сүү зэрэг хүүхэд өсгөхөд шаардлагатай зардлыг хариуцан төлж байна. Мөн Э. Үтай амьдрах явцад хадам ээж н.Саранчимэг болон хадам дүү Э.Жамбал нар нь бидний амьдралд оролцож эхэлснээс гэр бүлийн таагүй харилцаа үүсч эхэлсэн бөгөөд энэ асуудлыг шийдэх үүднээс хадам ээж Саранчимэгийг охин Б.Ж харж байхад байрны түрээсийн төлбөрт тооцон тухай бүр 1 сая төгрөг шилжүүлж байсан, шаардлагатай үед тодорхой хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Миний бие өөрийн гэр бүлийн харилцааг авч үлдэх үүднээс Э.Үад дээрх асуудлаар санал солилцож амьдралд хөндлөнгөөс оролцохгүй, нөлөөлөхгүй байхыг хүссэн боловч шийдвэрт хүрээгүй болно. Охин Б.Ж, Б.Ү нарын асрамжийг өөрийн асрамжид тогтоолгож цаашид өсгөн хүмүүжүүлэх болно. Гэр бүлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1. "гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэх", 3.1.2. "гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд" гэж тодорхойлсон. 2020 оны 06 сарын эхээр миний бие анх ХУД-ийн 17-р хороо, Стадион оргил/17012/, богд жавзандамба гудамж 73-р байр 000 тоот хаягт байрлах, 3 өрөө, 86.03 м.кв талбайтай орон сууц/Ү-2206101731/-ны хууль ёсны өмчлөгч дангаар миний бие тул гэрлэлтийн бүртгэлгүй гэр бүл гэж үзэх үндэслэлгүй, орон сууц худалдан авахад Э.Үнь хөрөнгө оруулаагүй, гэр бүлийн хэрэгцээний зардлыг хуваалцаагүй тул орон сууцны хамтран өмчлөгч байх эрхгүй юм. 2020 оны 06 сарын эхээр миний бие анх ХУД-ийн 17-р хороо, Стадион оргил/17012/, богд Жавзандамба гудамж 73-р байр 000 тоот хаягт байрлах, 3 өрөө, 86.03 м.кв талбайтай орон сууц/Ү-2206101731/-ыг 219,376,500 төгрөгөөр худалдан авах захиалгын гэрээ байгуулахаар "Бумбод ХХК-тай тохиролцсон. 2020 оны 06-р сарын 15-ны өдөр би өөрийн 100 хувийн өмчлөлийн БЗД-ийн 25-р хороо, 13-р хороолол /13374/ 102 а байр, 15 тоот, 2 өрөө, 55,25 м.кв талбайтай орон сууц/Ү- 2204083571/-ыг 95,000,000 төгрөгөөр иргэн Ч.Чимэддорж, Ц.Ү нарт худалдсан. Орон сууцны үнэ 95,000,000 төгрөгөөс Ч.Чимэддорж, Ц.Ү нар Toyota Prius-30 маркийн автомашиныг 15,000,000 тооцон, үлдсэн 80,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр өгсөн. С.Б. миний бие Хан-Уул дүүргийн 17-р хороо, Стадион оргил/17012/, богд жавзандамба гудамж 73-р байр 000 тоот хаягт байрлах, 3 өрөө, 86.03 м.кв талбайтай орон сууцны үнэнд Toyota Prius-30 маркийн автомашиныг 15 сая төгрөгт тооцон "Бумбод ХХК-нд шилжүүлсэн. С.Б. би орон сууцны үлдэгдэл 204,376,500 төгрөгийг өөрийн хадгаламж, байр зарсан 80,000 000 төгрөг, цалин хөлс, цалингийн зээл болон өөрийн нагац эгч Ц.Дуламсүрэнгээс зээлсэн хөрөнгийн эх үүсвэрээр 100 хувь ганцаараа бүрэн төлсөн. 2020 оны 06-р сарын 22-ны өдөр орон сууцыг худалдан авах үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ" №20/03/30 дугаартай гэрээг байгуулахад миний бие Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант бригадын нутаг дэвсгэрт байрлах Оюутолгой ХХК-ийн кэмпэд сургалтын ахлах мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байсан. Э.Үнь 2020 оны 06-р сарын 22-ны өдөр орон сууцыг худалдан авах үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ" №20/03/30 дугаартай гэрээг намайг төлөөлж байгуулахдаа хамтран захиалагчаар Э.Үөөрийгөө нэмж гэрээний захиалагч талд оруулсан. Энэхүү байрыг захиалж худалдан авсан нийт 219,376,500 төгрөгийг миний бие 100 хувь дангаар төлсөн, Э.Үнь орон сууцны үнэнд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй болно. Орон сууцны төлбөр нийт 219,376,500 төгрөгийг миний бие 100 хувь бүрэн төлснөөр 2023 оны 01-р сарын 29-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан. Миний бие өмчлөх эрхийн гэрчилгээг дангаар гаргуулж авах гэтэл гэрээний оролцогч тал Э.Үбайсан тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түргэн гаргуулж авах үүднээс улсын бүртгэлд Э.Үхамтран өмчлөгчөөр оруулсан. Орон сууцандаа миний бие 2022 оны 08 сараас өнөөдрийг хүртэл амьдраагүй бөгөөд Э.Үбид тусдаа амьдарснаас хойш орон сууцны өмчлөх эрх үүссэн. Э.Үорон сууцанд өөрийн төрсөн эх, дүүгийн хамт амьдарч орон сууцыг эзэмшиж, ашиглаж орон сууцыг хууль ёсны дагуу миний өмчлөх эрхэд саад учруулж байна. Цаашид гэрлэлт батлуулахгүй, гэр бүлийн харилцаа үүсгэхгүй, хамтран амьдрахгүй учраас орон сууцны үнийг 100 хувь төлсөн тул орон сууцны хамтран өмчлөх эрхийн 50 хувийг надад шилжүүлэх, орон сууцыг чөлөөлөх, 2 хүүхдийг өөрийн асрамжид үлдээх талаар Э.Үад хандан шаардахад Э.Үнь шүүхээр яваад асуудлаа шийд гэж татгалзсан. Иймд Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1, 106-р зүйлийн 106.1, 492-р зүйлийн 492.1 дэх хэсгийг тус тус үндэслэн миний бие орон сууцны 100 хувь өмчлөгч мөн юм. гэжээ.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, төрсний бүртгэлийн лавлагаа, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 121 дугаартай Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах 20/03/30 дугаартай гэрээ, Бумбод ХХК-ийн тооцоо нийлсэн акт, Бумбод ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 256/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, Төрийн банкны С.Б.ын эзэмшлийн 0000000тоот депозит дансны харилцагчийн монгол хуулгын хуулбар, С. Б.ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний хуулбар, С.Б., Ч.Чимэддорж, Ц.Ү нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/202045046164 тоот зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн БГХ202045046164 тоот барьцааны гэрээний хуулбар, Голомт банкны С.Б.ын 5275128799 тоот цалингийн зээлийн дансны хуулгын хуулбар, Голомт банкны С.Б.ын 3005168217 тоот цалингийн зээлийн дансны хуулгын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2024/01165 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар зэрэг баримтыг гарган өгөв.

Хариуцагч талаас Э.Үын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтыг гарган өгөв.

Шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3/196 тоот албан бичиг, хавсралт 5 хуудас баримтын хамт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичиг, Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/234 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/319 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт, хавсралтын хамт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар 17-ны өдрийн 2286 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт 1, хавсралт 2 зэрэг баримтыг шүүхэд ирүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан охин БЖ асрамжийг тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, стадион оргил/17012/ богд жавзандамба гудамж, 73-р байр, 000 тоот 86.03 м2 орон сууцын 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар гаргасан. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр бага охин Б.Үын асрамжийг өөртөө тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан байна.

 

2.    Хариуцагч нь орон сууцнаас өөрт ногдох 176,361,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, охин Б.Ж, Б.Ү нарт тэтгэлэг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.    Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

4.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна:

 

4.1.        Зохигчид 2020 оны 01 сард танилцаж, 2022 оны 08 сар хүртэл хамтран амьдрах болсон бөгөөд гэрлэлтээ батлуулж улсын бүртгэлд бүртгүүлээгүй (зохигчдын тайлбар).

 

4.2.        Зохигчдын дундаас 2020 оны 11 сарын 29-ний өдөр охин Б.Ж, 2022 оны 07 сарын 27-ны өдөр охин Б.Ү төржээ (төрсний бүртгэлийн лавлагаа, хэргийн 6-7 дахь тал).

 

5.    Нэн тэргүүнд зохигчдын хоорондын маргааны зүйл нь том охин БЖ асрамжийн асуудал байна.

 

6.    Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Шүүхээс хүүхдийн асрамжийн асуудал дээр эцэг, эх маргаантай байгаа тохиолдолд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан үзэж, эдгээрийг шалгуур болгодог.

 

7.    Шүүхээс том охин Б.Ж нь 3 нас 3 сартай байгааг, эцэг С.Б. 2022 оноос хүүхдээс тусдаа амьдрах болсон, Амгалан өрх эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор охин Б.Ж эхийн асрамжид эрүүл өсөж бойжиж байгааг, эцэст нь шүүхээс томилогдсон шинжээч болох Хан-Уул дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэсийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн дүгнэлтэд ...Б.Ж нь зан үйл, сэтгэл хөдлөлийн хувьд удаан хугацааны дараа дасдаг, дүүгээ их халамжилдаг ..., ерөнхий дүгнэлт хэсэгт сэтгэл зүйн сорил, ажиглалтаар хүүхдүүд эх Ц.Үад илүү ээнэгшилтэй байна..., одоогийн нөхцөл байдалд хүүхдүүдэд онцгой анхаарал шаардагдах тул хүйсийн харилцаа учир холбогдол онцлогийг тайлбарлан ойлгуулах онцгой байдлыг харгалзан үзэж эх Э.Үын асран хамгаалалд үлдээх саналыг гаргаж байна... гэснийг харгалзан охин Б.Ж хариуцагч Э.Үын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

8.    Харин зохигчдын харилцан маргаангүйг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14.5 дахь заалтыг баримтлан хүүхдийн байнга оршин суух хаягийг тодорхой болгох үүднээс бага охин Б.Үыг эх Э.Үын асрамжид үлдээлээ.

 

9.    Б.Ж, Б.Ү нарын асрамжийг хариуцагчид үлдээсэн, зохигчид хүүхдийн тэтгэлэг дээр харилцан тохиролцсон зүйл байхгүйг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлгийг эцэг С.Б.аас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

10.  Зохигчид Хан-Уул дүүрэг, 17-р хороо, стадион оргил/17012/, Богд жавзандамба гудамж, 73-р байр, 000 тоот 86.03 м2 орон сууц дээр маргаж, нэхэмжлэгч нь Э.Үтус хөрөнгийг олж авахад санхүүгийн хувьд оролцоогүй, гэр бүл болох зорилгоор, орон сууц захиалгын гэрээг хариуцагч хамт байгуулсан учраас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд Э.Үхамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн гэж маргаж байгаа бол хариуцагч орон сууц захиалгын гэрээг байгуулж, хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн, хамт амьдрах боломжгүй болсон тул зах зээлийн дундаж ханшаар тооцож, 176,361,500 төгрөгийг гаргуулна гэж эс зөвшөөрөн сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

11.  Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах 20/03/30 дугаартай гэрээнд захиалагч талыг төлөөлж С.Б., Э.Үнар гарын үсэг зурж, Бумба-Од ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн 17-р хороо, Богд жавзандамба гудамж, 73-р байр, 000 тоот 86.03 м2 орон сууцыг нэг м.кв-ыг 2,550,000 төгрөгөөр нийт 219,376,500 төгрөгөөр захиалан бариулахаар гэрээ байгуулсан байна (хэргийн 11-12 дахь тал, зохигчдын тайлбар). Улмаар 2023 оны 01 сарын 12-ны өдрийн Ү-2206101731 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 17-р хороо, Богд жавзандамба гудамж, 73-р байр, 000 тоот 86.03 м2 орон сууцыг нэхэмжлэгч С.Б., хариуцагч Э.Үнар хамтран өмчлөх болсон нь тус үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна (хэргийн 10 дахь тал).

 

12.  Зохигчдын хувьд гэрлэлтээ батлуулаагүй тул тэдний хоорондох эд хөрөнгийн маргаантай харилцаанд Иргэний хуулийн 108.1, 108.8, 487.1 дэхь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн хөрөнгийн зохицуулалт үйлчлэх юм.

 

13.  Маргаан бүхий Хан-Уул дүүргийн 17-р хороо, Богд жавзандамба гудамж, 73-р байр, 000 тоот 86.03 м2 орон сууцны үнэ буюу Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах 20/03/30 дугаартай гэрээний төлбөрийг нэхэмжлэгч Э.Б. бүрэн хариуцаж төлсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Учир нь 2020 оны 06 сарын 15-ны өдрийн нэхэмжлэгч С.Б. болон Ч.Чимэддорж нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу 80,000,000 төгрөгөөр өмнөх орон сууцыг худалдсан, Хаан банктай байгуулсан 2020 оны 02 сарын 06-ны өдрийн цалингийн Зээлийн гэрээгээр 38,927,811.58 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч авсан, Голомт банкны цалингийн зээлийн дансны хуулгаар 13,800,000 болон 39,100,000 төгрөгийн цалингийн цалингийн зээлийг нэхэмжлэгч авсан нь нотлогдож байх бөгөөд хариуцагч нь орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч дангаар хариуцсан эсэх дээр татгалзсан тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

14.  Иргэний хуулийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гэр бүл болох зорилгоор, хамтын амьдралдаа зориулж орон сууцыг худалдан авсан, уг үндэслэлээр Үл хөдлөх хөрөнгийн захиалгын гэрээг байгуулж, улсын бүртгэлд орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь цаашид хамтран амьдрах зорилго тавьж хариу төлбөргүйгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн буюу хариуцагч орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул шүүхээс уг эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. Зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт дээр маргадагүй тул бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 276.3, 110.1-т нийцсэн хэлбэрээр байгуулагдсан гэж үзэв.

 

15.  Нэхэмжлэгч нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хариуцагчтай цаашид хамтран амьдрах боломжгүй болсноор орон сууцыг дангаар өмчлөлдөө авахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 280.1.1-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн ноцтой гомдоосон үйлдэл хийсэнд хамаарах бөгөөд бэлэглэлийг хүчингүй болгож Иргэний хуулийн 280.2-т зааснаар нэхэмжлэгч нь бэлэглэлийн зүйлийг буцаан авахаар шаардах эрхтэй байна. Иймд Хан-Уул дүүргийн 17-р хороо, Богд жавзандамба гудамж, 73-р байр, 000 тоот 86.03 м2 орон сууцыг нэхэмжлэгч дангаар өмчлөх эрхтэй, хариуцагч орон сууцыг хамтран өмчлөх эрхгүй.

 

16.  Иргэний хуулийн 108.8-д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй, 487.1-д дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж заасан. Хариуцагч нь гэрлэлтээ цаашид батлуулахгүй, хамтран амьдрах боломжгүй болсон шалтгаанаар орон сууцнаас өөрт ногдох хэсгийг 176,361,500 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгчээс гаргуулах агуулгатай сөрөг нэхэмжлэлийн хувьд шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч өмчлөлийн зүйлийнхээ өөрт ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардах эрхгүй.

 

17.  Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,395,233 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,325,033 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, хариуцагчаас төлсөн 1,040,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг баримтлан 2020 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Ж эх Э.Үын асрамжид үлдээсүгэй.

 

2.    Гэр бүлийн тухай хуулийн 14.5 дахь заалтыг баримтлан 2022 оны 07 сарын 27-ны өдөр охин Б.Үыг эх Э.Үын асрамжид үлдээсүгэй.

 

3.    Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.Ү, Б.Ж нарт 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулсугай.

 

4.    Иргэний хуулийн 108.1, 108.8, 280.2, 487.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 17-р хороо, стадион оргил/17012/, Богд жавзандамба гудамж, 73-р байр, 000 тоот 86.03 м2, Ү-2206101731 дугаарт бүртгэлтэй орон сууцны 100 хувийн дангаар өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Б.ыг тогтоож, хариуцагчийн 176,361,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106.5-д зааснаар нэхэмжлэгч охин Б.Үыг асрамжиндаа авах шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,395,233 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,325,033 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, хариуцагчаас төлсөн 1,040,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

7.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

Даргалагч шүүгч Б.Ганцэцэг