Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 183/шш2024/03189

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар183/ШШ2024/03189

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ар зайсангийн гудамж, Фидес тауэр, ** тоот хаягт байрлах, МБ/РД:00000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.З эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МБ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.З эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. МБ нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Фидес тауэр 503 тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн А.З нь 2023 оны 07-р сарын 06-ний өдөр В21023070617 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 1,699,800.00 /Нэг сая зургаан зуун ерэн есөн мянга найман зуун төгрөг/ төгрөгийг сарын 1.0 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар ВЕКО загварын хөргөгч, зурагт зэрэг цахилгаан барааг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. МБ нь зээлдэгч А.Зд 2023 оны 07-р сарын 06-ний өдөр цахилгаан бараануудыг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч А.З нь зээл авснаас хойш үндсэн зээл 406,016.62 /Дөрвөн зуун зургаан мянга арван зургаан төгрөг жаран хоёр мөнгө/, зээлийн хүү 50,741.55 /Тавин мянга долоон зуун дөчин нэг төгрөг тавин таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 241.84 /Хоёр зуун дөчин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг нийт 457,000.01 /Дөрвөн зуун тавин долоон мянга нэг мөнгө/ төгрөг төлсөн. 2024 оны 07-р сарын 23- ны өдрийн байдлаар эргэн төлөлт хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 256 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Манай компаний зүгээс А.З Баянгол дүүргийн 18-р хороо 04-p хороолол 33-р байр 000 тоот оршин суух хаягаар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдож 102/Ш32024/13394 тоот дугаартай Ч.Мөнхцэцэг шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. А.З бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж гүйцэтгэж байгаа, А.З нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаарууд холбогддог боловч утасны дугаараа авдаггүй зэргээс шалтгаалан одоог хүртэл олж чадахгүй байна. Иймд барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана оршин сууж байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч А.З эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн Б.Т, А.Э, М.С, Г.Э нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 07-р сарын 06-ний өдрийн В21023070617 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбарын хуулбар, зээлийн өргөдлийн хуулбар, харилцагчийн анкетын хуулбар, А.Зийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс өөрийн мэдээллийг МБ-д ашиглуулах, хадгалуулах зөвшөөрлийн маягтын хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн МБ-ийн маягтын хуулбар, 0096495 дугаартай нэхэмжлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны 102/ШЗ2024/13394 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч МБ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.З эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны 102/ШЗ2024/13394 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2023 оны 07-р сарын 06-ний өдрийн В21023070617 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбараас үзвэл А.З нь МБ -иас зээл авсан бөгөөд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд А.З хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

Улмаар хариуцагч А.З нэхэмжлэгчийн тодорхойлсон, Баянгол дүүрэг, **-р хороо, 4-p хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, 33-р байр 000 тоот тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны 102/ШЗ2024/13394 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан МБ-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.З эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

А.Зийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Баянгол дүүрэг, **-р хороо, 4-p хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, 33-р байр 000 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 75339944, 94024994 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.ын З/РД:000000/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч А.З эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ГАНЦЭЦЭГ