Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2016/0031

 

2016 оны 1 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2016/0031

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Чулуунбат,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Б.Мөнх-Эрдэнэ, З.Аюурзана

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжаар Б.Мөнх-Эрдэнэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 37-427 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 509,93 м2 талбай бүхий газарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгуулах, З.Аюурзанад олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий Б.Чулуунбатын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнэ, гуравдагч этгээд З.Аюурзанын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Чулуунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Чулуунбат миний бие 2002 онд гэр бүлээрээ амьдралын шаардлагаар Өвөрхангай аймгийн Хужирт сумаас шилжин ирээд нэг жил айлын хашаанд амьдарч байгаад 2003 оны 9 сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамж 427 тоот хашааг тус хорооны иргэн С.Дашбалжираас 450.000 төгрөгөөр худалдан авсан. /тэр үедээ газрын гэрчилгээ байхгүй хүүгийнхээ хашааг таллаж өгсөн гэж байсан/

Тэгээд бид нар 2003 оны 10 дугаар сард 17 дугаар хороо болон Газрын албанд өргөдөл өгөхөд манайхыг үерийн аман дээр буусан байна зөвшөөрөл өгөхгүй гэсэн шалтгаанаар манай материалыг хүлээж авахгүй байсан. Харин хашааныхаа араар үерийн далан хий гэж байсан. Манайх далангаа хийж чадахгүй байж байгаад 2013 онд хийчихээд Газрын албанд үзүүлэхээр газрын албан дээр очсон чинь манай 10 жил гаран амьдарсан, одоо ч амьдарч байгаа газрыг маань Бадарчийн Мөнх-Эрдэнэ гэдэг хүнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжаар Бадарчийн Мөнх-Эрдэнэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 37-427 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 509,93м2 талбай бүхий газарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч Б.Чулуунбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрыг татан оролцуулахыг хүсэж байна. Үүнд: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 тоот захирамжаар иргэн Мөнх-Эрдэнэд 509.43 мкв газрыг өмчлүүлэхээр захирамж гаргасан байна. Үүнийг Мөнх-Эрдэнэд 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан байна. Мөнх-Эрдэнэ энэ өмчлөлийн гэрчилгээг 2008.01.02-ны өдөр З.Аюурзана гэгчид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өмчлөх эрх Аюурзанад шилжсэн. Одоогоор энэ өмчлөл хүчинтөгөлдөр байгаа учир Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас олгосон өмчлөлийн асуудлыг давхар хүчингүй болгуулах шаардлагатай байна. Энэ эрхийн акт нь өөр байгууллага гаргасан ба урьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ шаардлагагүй байсан учир одоо Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрыг хамтран хариуцагчаар татаж иргэн З.Аюурзанад олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Б.Чулуунбат нь 2002 онд гэр бүлээрээ Өвөрхангай аймгийн Хужирт сумаас шилжиж ирээд 1 жил айлын хашаанд амьдарч байгаад 2003 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамжны 427 дугаар тоот хашааг тус хорооны иргэн С.Дашбалжираас худалдан авсан. Тухайн үед 528 м.кв газрыг 450.000 төгрөгөөр худалдаж авсан. 2003 оны 10 дугаар сард Дүүргийн газрын албанд эзэмших талаар өргөдөл гаргасан. Дүүргийн газрын албанаас энэ газар үерийн амны газар танайхыг далангаа хийсний дараа өргөдлөө өг гэсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Чулуунбат дахин Дүүргийн газрын албанд хандаагүй. Өөрсдөө газраа сунгаж татсан байдаг. Сунгаж татсан газрын ард талаар нь далан хийсэн байдаг. 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Ж.Аюурзана гэдэг хүн Б.Чулуунбат гэдэг айлыг нүүлгэнэ үү гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгч маргаан бүхий газар дээр 2003 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Далан барьж байх хооронд Б.Мөнх-эрдэнэ гэдэг хүн маргаан бүхий газрыг Ж.Аюурзана гэдэг хүнд худалдаж гэрчилгээ гаргуулсан байдаг. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулинд иргэнд газрыг шууд өмчлөх заалт байгаа боловч маргаан бүхий газрыг шууд иргэнд эзэмшүүлэх боломжгүй. Яагаад гэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжинд тусгаж өгөөгүй байхад бүрэн эрхээ хэтрүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга өмчлөх эрхийн захирамж гаргахдаа дүүргийн Засаг даргын уламжилснаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу гаргаж өгөх ёстой. Гэтэл уг асуудал Дүүргийн газрын албанаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргахад ямар ч материал ирээгүй. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа ямарч нотлох баримтгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэсэн хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.2-т заасан хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан. Дүүргийн Засаг даргын захирамж хүчингүй болсон тохиолдолд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэл өөрчлөгдөх ёстой гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анх иргэн Б.Мөнх-Эрдэнийн гаргасан хүсэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг дарга 2015 оны 20 дугаар Захирамжаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамжны 427 дугаар тоот хашааны 509.93 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшүүлсэн. Энэ Б.Чулуунбатын нэхэмжлэлд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамжны 427 дугаар тоот хашаа нь манай мэдээллийн сан болон газрын байршлын кадастрын санд иргэн Б.Мөнх-Эрдэнийн бүртгэлтэй бусдын газартай ямар нэгэн давхцалгүй. Газрын тухай хуулиар заавал дүүргийн Засаг даргаас захирамж гарсны дараа Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж эзэмшүүлсэн гэсэн ойлголт байхгүй. Нийслэлийн Засаг даргын өмчлүүлэх эрх нь хуулиар нээлттэй байгаа. 2005 оны үед 2004 оны кадастрын зургийн мэдээллийн сантай бүрдүүлж байсан. 2005 оноос нэгдсэн кадастрын мэдээллийн сан гэж бий болсон. Тухайн газарт амьдарч байсан айлуудын кадастрыг нь сэргээгээд баталгаажуулалт хийгдсэний дагуу зарим айлуудад Нийслэлийн Засаг даргын захирамжаар шууд өмчлүүлж байсан. Тухайн үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өргөн барьсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай өмчлүүлэх батлуулах ёстой байсан. Тэгэхдээ үүнийг тухайн үед баримтлаагүй. Яагаад гэхээр зөвшөөрөлгүй амьдарч байсан айлууд нь нүүдэггүй байсан. Сүүлд нь олон жил амьдарсан айлуудад нь өмчлүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Г-2202006579 дугаартай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 37 дугаар гудамжны 127 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 510 м.кв талбай бүхий газрыг иргэн Б.Мөнх-Эрдэнэд олгосон. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, кадастрын зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Б.Мөнх-Эрдэнийн өмчлөлд бүртгэж 16234 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн З.Аюурзанын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлж 27276 тоот гэрчилгээ олгогдсон байна. Дээр дурьдсан бүртгэлийн нотлох баримт бичгээс үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэхээс татгалзаж буцаах үндэслэл байгаагүй бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус заасны дагуу бүртгэлийг хийсэн нь хуулийн дагуу бүртгэсэн. Хэрэв бүртгэхээс татгалзаж буцаасан бол мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг зөрчсөн эс үйлдэл болох байсан.

Бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийж энэ талаарх мэдээлэл цуглуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан аливаа шийдвэрийг хянах эрхгүй, талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ хэлцэлд хөндлөнгөөс оролцох, аль нэг талд нь давуу үйлчлэх зэргээр гэрээний эрх чөлөөнд халдах эрхгүй, мөн хуульд зааснаас өөр баримт бичиг, нотлох баримт шаардах эрхгүй юм. Хэрвээ шаардсан бол энэ нь харин хууль бус үйлдэл, эс үйлдэл болох байсан.

Хэрэв иргэн Б.Мөнх-Эрдэнэ, З.Аюурзана нарын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн гэж үзэж буй бол иргэний журмаар асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй бөгөөд энэ уг бүртгэлийг хийсэн бүртгэлийн байгууллагын хариуцах асуудал биш билээ. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Бадарч овогтой Мөнх-Эрдэнэ миний бие Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 37-427 тоот хашааг 1998 онд Д.Адилзаяа гэдэг хүнээс худалдаж авсан. Д.Адилзаяа Монголын Үндэсний Радиод сурвалжлагчаар миний эгчтэй цуг ажилладаг байсан. Энэ хашаанд миний эцэг Бадарч амьдарч байгаад 2002 онд нас барсан. Ийм учир ууган хүү Мөнх-Эрдэнэ миний бие хуулийн дагуу өөрийн нэр дээр авах хүсэлтийг газрын өргөдөл, кадастрын зургийн хамт газрын албанд өгсөн.

Аав амьдарч байх үед газрын гэрчилгээ өгөгдөөгүй байсан. 2005 онд газрын гэрчилгээ гарч ирсэн. Нэгэнт аав маань үгүй болсон учир тэр үед эхнэр хүүхэд аваагүй миний бие эгчийндээ амьдрах болсон учир хашаагаа хажуу айлдаа захиад явсан. Тогтсон ажил төрөлгүй байсан учир тэр үед би хөдөө ажил хийж явсаар нэг удаа хашаандаа иртэл Өвөрхангайн айл буучихсан байсан. Хашаагаа захиж үлдээсэн хажуу айлаасаа асуутал айл буулгасан юм гэж хэлсэн.

Би өөрийн эзэмшлийн хашаагаа Аюурзана гэдэг хүнд зарсан. Тэгээд хашааг суллаж өг гэж нөгөө айлд удаа дараа очиж хэлж байсан боловч улсууд нь зугтаагаад уулзаж өгөөгүй. Тэр үед би Солонгос явах болсон учир уулзаж чадаагүй явсан.

Солонгосоос ирсэн чинь хашаа авсан Аюурзана ирж уулзаад хашаандаа бууж чадахгүй байна гэж хэлсэн. Ийм учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Аюурзанын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Аюурзана нь 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнээс Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамжны 427 дугаар тоот буюу 510 м.кв газрыг 6.700.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Б.Мөнх-Эрдэнэ зарахдаа энэ айлыг нүүлгэж өгнө гэсэн байдаг. Тэгтэл энэ айл нь одоог хүртэл нүүгээгүй учраас хашаандаа амьдарч чадахгүй байгаа. Ийм учраас Ж.Аюурзанын эрх хөндөгдөж байгаа. Маргаан бүхий газарт амьдарч байгаа Б.Чулуунбат болон н.Нэргүй нартай удаа дараа уулзаж байсан. 290 м.кв газрыг худалдаж авсан. 450 м.кв гэж ярьж байсан. Тэгтэл кадастрын зургаар 528 м.кв газар байгаа. Маргаан бүхий газрын кадастр анх гаргахдаа Б.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн 2005 онд Газрын албанд өргөдөл өгсөн. Энэ өргөдлийн дагуу кадастрын зураг бий болсон. Нэхэмжлэгч Б.Чулуунбат гэдэг хүн 2003 оноос хойш энэ талаар явсан байж газрын албанд өргөдлөө өгөөгүй байгаа. Б.Мөнх-Эрдэнэ 2005 оноос кадастрын зураг хийлгээд нэгж талбарын дугаар аваад Газрын албаны санд бүртгүүлсэн. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас маргаан бүхий газарт холбоотой лавлагаа гаргуулсан байгаа. Энэ маргаан бүхий газар 2005 оноос хойш 18640318923284 нэгж талбарын дугаартай 510 м.кв талбайтай газар нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын кадастрын мэдээллийн санд анх 2006 онд Б.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй хэвээр байна гэсэн. Үүнээс хойш ямар нэгэн мэдээллийн сантай давхацсан зүйл алга. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Чулуунбатын Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар Захирамжаар Б.Мөнх-Эрдэнэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 34-427 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 509,93.м2 талбай бүхий газарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгуулах, З.Аюурзанад олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянаад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Б.Мөнх-Эрдэнэ нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны сурагчийн 37-427 тоот хаягт байрлалтай 509.93 м.кв газартай хашааг 1998 онд Д.Адилзаяа гэдэг хүнээс худалдан авч Нийслэлийн Засаг даргад дээрх газраа өмчилж авахаар хүсэлтээ гаргасны дагуу Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дугаар заалт, 21 дүгээр зүйлийн 21.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48 дугаар тогтоолуудыг үндэслэн, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргаж, 2005 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамжаар өмчлөх эрх олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн Г-2202006579 дугаартай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 37 дугаар гудамжны 127 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын анхны өмчлөгчөөр иргэн Б.Мөнх-Эрдэнэ /УС75020715/ бүртгүүлсэн бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн З.Аюурзана /ЧГ79080460/-д өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д ...заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах, 19.1.2-т энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах, 19.1.3-т ...өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах гэж зааснаар газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Иймд гуравдагч этгээд Б.Мөнх-эрдэнийн газар өмчлөхөөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж гаргасан Нийслэлийн Засаг даргын газар өмчлөх эрх олгосон захирамж, бэлэглэлийн үндсэн дээр З.Аюурзаны өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэл нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар газрыг худалдах, захиран зарцуулах эрх зөвхөн газар өмчлөгчид байдаг ба гуравдагч этгээд Б.Мөнх-Эрдэнийг тухайн газраа З.Аюурзанад худалдсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Үүнээс дүгнэхэд дээрх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамж нь нэхэмжлэгч Б.Чулуунбатын ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 37 дугаар сурагчийн гудамж 427 тоот хашааг тус хорооны иргэн С.Дашбалжираас 450.000 төгрөгөөр худалдан авсан./тэр үед газрын гэрчилгээ байгаагүй/ 2003 онд газрын албанд хандахад үерийн аман дээр байна далан хий гэсэн 2013 онд далан хийчээд газрын албанд хандхад Бадарчийн Б.Мөнх-Эрдэнэ гэж хүн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан гэдгийг мэдсэн миний эрх зөрчигдсөн гэх тайлбарын тухайд:

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасны дагуу Б.Чулуунбат нь төрийн захиргааны байгууллагад 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл хүсэлтээ гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан Б.Чулуунбат нь өнөөдрийг хүртэл тухайн газартаа холбоотой асуудлаар төрийн захиргааны байгууллагад бичгээр хүсэлт гаргаж байгаагүй нь өөрсдийнх нь хууль эрх зүйн асуудал дутмаг байдлаас бий болсон, тухайн үед дүүргийн газрын албанд очиж хандахад далангийн аман дээр байна далан босго гэж хэлээд явуулсан үүнээс хойш дахин Газрын албанд хандаж байгаагүй, өөрсдийнхөө эрхийг өөрсдөө алдсан үйлдэл байгаа гэх тайлбар, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамж, 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б.Мөнх-Эрдэнийн З.Аюурзана нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу Ж.Аюурзанын өмчлөлд шилжүүлэн бүртгэж 27276 тоот гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч Б.Чулуунбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Чулуунбатын Нийслэлийн Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар захирамж, З.Аюурзанад олгосон Г-2202006579 дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Чулуунбатын Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ