| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/05600/И |
| Дугаар | 183/шш2024/03185 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 183/шш2024/03185
2024 оны 08 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/03185 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж Г. ХХК-ийн өөрийн байранд байрлах, Г. ХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 32, Режис Длэйс байр давхарт оршин суух, Элбэг овогт Б У/РД:000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 99,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Солонго, Т.Түвшинжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
Хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г. ХК нь хариуцагч Б.Уд холбогдуулан 99,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г. ХК өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 5406 м.кв хэмжээтэй газар мөн 2613м.кв хэмжээтэй 2 газрын дунд орших 4639 м.кв талбай бүхий газар дээр газар эзэмших эрх олж авах ажлыг гүйцэтгүүлэхээр анх 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн даалгаврын гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь газар эзэмших эрх олж авахтай холбогдуулан газар эзэмших хүсэлтийг харьяа газрын албанд гаргах, мөн газар эзэмших эрх олгосон захирамж гарсны дараа газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулах болон газар эзэмших гэрчилгээг гаргуулан авах ажилд компанийг төлөөлөн оролцох, харин Г. ХК-ийн хувьд гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээж гэрээ байгуулсан. Г. ХК-ийн зүгээс гэрээгээр тохирсон төлбөрийн урьдчилгаа болох 45,000,000 төгрөгийг бол 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.Угийн Хаан банкны 5163123593 тоот дансанд шилжүүлсэн байгаа. Мөн дараа нь Даалгаврын гэрээний 2.2-т заасан үлдэгдэл төлбөрийг газар эзэмшүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарч газар эзэмших эрхийн гэрчилгээ гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор шилжүүлнэ гэж тохирсон байсан боловч бол Б.Угийн зүгээс буюу даалгавар гүйцэтгэгчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, үлдэгдэл төлбөрийг бол уг хүсэлтийн дагуу Б.Угийн дээрх дурдсан Хаан банкны тоот дансанд үлдэгдэл 45,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 90,000,000 төгрөгийг Б.Уд шилжүүлэн өгсөн байгаа. Мөн холбогдох Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон бусад хуулийн дагуу татвар төлөх үүрэгтэй байгаа. Энэ үүргийнхээ дагуу мөн 9,000,000 төгрөгийг бол Б.Угийн өмнөөс 90,000,000 төгрөгт ногдох татварыг төлсөн байгаа. Ингээд нийт 99,000,000 төгрөгийг төлчхөөд байгаа. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 болон 401 дүгээр зүйлийн 401.1-д заасны дагуу даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн зааврын дагуу даалгавар өгөгчийн зардлаар даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Гэтэл Б.Уг гэрээ байгуулсан үеэс хойш тус газар эзэмших эрх олж авахтай холбоотой ямар нэгэн ажлыг хийж гүйцэтгээгүй байдаг. Гэрээгээр Б.У Г. ХК-ийн өмнөөс Газрын албанд хүсэлт болон холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөх мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах ажиллагааг хийх ёстой байсан боловч гэрээгээр хүлээсэн болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй, огт ажил хийгээгүй болж таарч байгаа. Ингээд компанийн зүгээс даалгаврын гэрээгээ цуцлах мэдэгдлийг хүргүүлээд, тус мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн байдаг. Мэдэгдэлдээ даалгаврын гэрээнээс татгалзаж байна, даалгаврын гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор буцаан шилжүүлж өгнө үү гэсэн мэдэгдлийг өгсөн байгаа. Гэтэл Б.У тус хугацаанд гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн төлбөрийг буцааж шилжүүлээгүй. Ийм учраас шүүхэд хандсан. Иймээс даалгаврын гэрээний дагуу Б.Уд төлсөн 99,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г. ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би төлөх үүрэггүй буюу Г. ХК шаардах эрхгүй. Г. ХК-ийн төлбөрийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр бусдад шилжүүлсэн болно. Г. ХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23-83 тоот Албан шаардлага-ыг би хүлээн аваагүй, надад өгөөгүй шаардаагүй албан бичиг өгсөн болно. Эдгээртэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх болно гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г. ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г. хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн даалгаврын гэрээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1004 дугаартай төлбөрийн даалгаврын хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1029 дугаартай төлбөрийн даалгаврын хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1110 дугаартай төлбөрийн даалгаврын хуулбар, Монголын Татварын албаны 3200704249542 урьдчилгаа төлбөрийн дугаартай баримтын хуулбар, Г. ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23-83 дугаартай Албан шаардлага хүргүүлэх тухай баримтын хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч талаас итгэмжлэл, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хариу тайлбар зэрэг баримтыг гарган өгөв.
Шүүхээс доорх нотлох баримтуудыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлж, ажиллагаа хийсэн. Үүнд:
- 2024 оны 02 сарын 16-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар Монгол шуудан ХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18/149 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10-17/144 дугаартай албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10-17/684 дугаартай албан бичгийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлэв.
- 2024 оны 02 сарын 16-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн дагуу гэрчээр Баттөмөрийн Анхбаярыг хариуцагч талын хүсэлтээр асуусан.
- 2024 оны 05 сарын 03-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр О.Марал-Эрдэнийг гэрчээр асуухаар болсон бөгөөд гэрчийн биеийн байцаалтыг шалгах явцад О.Марал-Эрдэнэ нь тус хэрэгт нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинжаргалаас О.Марал-Эрдэнийг гэрчээр асуулгахаас татгалзсан байна.
- 2024 оны 05 сарын 03-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу 2023 оны 09 сарын 05-ны өдрийн Б.Угийн 000000 дугаарт бүртгэлтэй viber хаяг руу илгээсэн зурваст үзлэг хийх ажиллагааг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Даалгаврын гэрээнээс татгалзсантай холбогдуулан 99,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:
3.1. Нэхэмжлэгч Г. ХК болон хариуцагч Б.У нар 2020 оны 06 сарын 10-ны өдөр Даалгаврын гэрээ байгуулж, Б.У нь даалгавар өгөгч Г. ХК-ийн нэрийн өмнөөс Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4639 м2 талбай бүхий газрыг эзэмших хүсэлтийг харьяа газрын албанд гаргаж, газар эзэмшүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гаргах, газар эзэмших тухай гэрээ байгуулах болон газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах ажилд төлөөлөн оролцож, холбогдох зөвлөх үйлчилгээ, туслалцааг Г. ХК-д үзүүлэхээр, уг даалгаврыг биечлэн гүйцэтгэхээр үүний хариуд нэхэмжлэгч Г. ХК нь 99,000,000 төгрөг (татвар, зардал, ажлын хөлс багтсан)-ийг төлөхөөр тохиролцож, гарын үсэг зуржээ (хэргийн 7-9 дэхь тал).
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 05 сарын 25-ны өдөр 45,000,000 төгрөг, 2020 оны 06 сарын 11-ний өдөр 45,000,000 төгрөгийг даалгаврын гэрээний дагуух төлбөр утгаар шилжүүлсэн байх бөгөөд 2020 оны 07 сарын 29-ний өдөр 9,000,000 төгрөгийг хувь хүнээс суутгасан орлогын албан татварыг суутгаж, Хан-Уул дүүргийн татварын албанд төлсөн байна (хэргийн 10-13 дахь тал).
3.3. Нэхэмжлэгч Г. ХК нь 2023 оны 09 сарын 05-ны өдөр хариуцагч Б.Уд Албан шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр Даалгаврын гэрээнээс татгалзаж, гэрээний хөлсөд төлсөн төлбөрийг 2023 оны 09 сарын 30-ны өдрийн дотор буцаан төлөхийг шаардаж байжээ (хэргийн 14 дэхь тал, 2024.06.10-ны өдрийн шүүхээс вайбер зурваст үзлэг хийсэн тэмдэглэл 67-69 дэхь тал).
4. Зохигчдын хооронд үүссэн харилцааг дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой ажлыг гүйцэтгэхээр, уг үйлдлийг бусдад шилжүүлэхгүйгээр биечлэн гүйцэтгэхээр, үүнийх нь хариуд нэхэмжлэгч хөлс төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 399.1-т заасан даалгаврын гэрээ байгуулагджээ. Иргэний хуулийн 399.1-т заасан Даалгаврын гэрээ нь гэрээнд дурдсан үйлдлийг даалгавар гүйцэтгэгч хуулиар болон даалгавар өгөгч зөвшөөрснөөс бусад тохиолдолд бусдад шилжүүлэх эрхгүйгээр, үр дагаврыг нь даалгавар гүйцэтгүүлсэн этгээдэд бий болгодгоороо Иргэний хуулийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ, 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээнээс ялгагддаг. Зохигчдын байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь даалгавар өгөгч Г. ХК-ийн нэрийн өмнөөс газар эзэмших хүсэлтийг харьяа газрын албанд гаргаж, газар эзэмшүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гаргах, газар эзэмших тухай гэрээ байгуулах болон газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулах, өөрөө уг даалгаврыг биечлэн гүйцэтгэх, гэрээ биелбэл газар эзэмших эрхийн гэрчилгээ даалгавар өгсөн Г. ХК-ийн нэр дээр гарах тул уг тохиролцооны шинжээр нь Даалгаврын гэрээ байгуулагджээ гэж шүүхээс дүгнэлээ.
5. Даалгаврын гэрээг талууд бичгээр үйлдэн, гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд Даалгаврын гэрээ нь хүчин төгөлдөр байна.
6. Нэхэмжлэгч нь Даалгаврын гэрээнд заасан үүргийг хариуцагч биелүүлээгүй буюу гэрээнд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулах үүргээ хариуцагч зөрчсөн тул өгсөн мөнгөө буцаан авахаар шаардлага гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгийг өөрийнх нь зөвшөөрлөөр өөр хүнд шилжүүлсэн, гэрээ цуцлах тухай Г. ХК-ийн 2023 оны 09 сарын 05-ны өдрийн мэдэгдлийг хүлээж аваагүй, газар эзэмшүүлэх тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн газрын албанд гаргаж байсан гэж эс зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Үүнээс талуудын маргааны зүйл нь Даалгаврын гэрээний үүрэг биелсэн эсэх, даалгаврын гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах үндэслэл бий болсон эсэх байна.
7. Нэхэмжлэгч нь Даалгаврын гэрээнд зааснаар бүхий л зардал, ажлын хөлс, хариуцагчийн төлбөл зохих хувь хүний орлогын албан татварыг суутган нийт даалгаврын гэрээний хөлсөд 99,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 399.1-т заасан үүргээ биелүүлжээ.
8. Иргэний хуулийн 400.1-т даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй байхаар, мөн хуулийн 400.3-т даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Даалгаврын гэрээнд заасан ажлыг гүйцэтгэснээ нотлох үүрэг нь хариуцагчид ногдоно. Хариуцагч нь Даалгаврын гэрээний 1.1-т заасан ажлуудыг хийж гүйцэтгэснээ, нэхэмжлэгчид ажлын тайлан өгч байснаа нотлоогүй тул хариуцагчийг даалгаврын гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. Түүнчлэн хариуцагч нь Хан-Уул дүүргийн газрын албанд хандан газар эзэмшүүлэх талаар хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг газрын албанд хүсэлт гаргаж байсан нь тогтоогдсонгүй. Учир нь Хан-Уул дүүргийн газрын албаны 2024 ны 03 сарын 05-ны өдрийн албан бичгээр Г. ХК нь өөрөө 2023 оны 05 сарын 04-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж байсан гэдгийг тодорхойлж ирүүлсэн байна (хэргийн 79 дэхь тал). Эцэст нь Даалгаврын гэрээний зорилго буюу талуудын хүсэл зориг 4639 м2 газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Г. ХК-ийн нэр дээр гаргахад чиглэгдэж байх тул уг үндсэн зорилго биелсэн талаар баримт хэрэгт байхгүй, зохигчид ийм үр дүн гараагүй болохыг хэн аль нь тайлбарлаж байна (2024 оны 02 сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-5 дахь тал).
9. Хариуцагч нь Б.Анхбаяр гэж хүн хариуцагчтай хамт газрын албанд өгөх бичиг баримтуудыг бэлдсэн, ажил хийснийг Б.Анхбаяр мэднэ, хариуцагч өөр хүнд мөнгийг шилжүүлж өгсөн гэж эс зөвшөөрч маргасан. Шүүхээс 2024 оны 06 сарын 10-ны өдөр Б.Аыг гэрчээр дуудаж мэдүүлэг авахад гэрч ... зохигчдын хооронд тохирсон ажилтай холбоотой гүйцэтгэл гаргасан, ажил хийсэн зүйл байгаа юу гэхэд байхгүй гэж хариулаад, Б.Угаас М.Бадрах гэж хүнд 90,000,000 төгрөг өгсөн ... гэж мэдүүлсэн (хэргийн 76-77 дахь тал), түүнчлэн хариуцагч Даалгаврын гэрээний дагуу шилжүүлж авсан мөнгөө цааш хэрхэн захиран зарцуулсан хэрэгт хамааралгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
10. Иймд хариуцагч нь Даалгаврын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.
11. Иргэний хуулийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх нь гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө талдаа мэдэгдсэний үндсэн дээр хэрэгжих учиртай.
12. Нэхэмжлэгч Г. ХК нь 2023 оны 09 сарын 05-ны өдөр хариуцагч Б.Уд Албан шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр Даалгаврын гэрээнээс татгалзаж, гэрээний хөлсөд төлсөн төлбөрийг 2023 оны 09 сарын 30-ны өдрийн дотор буцаан төлөхийг шаардаж байжээ (хэргийн 14 дэхь тал, 2024.06.10-ны өдрийн шүүхээс вайбер зурваст үзлэг хийсэн тэмдэглэл 67-69 дэхь тал). Хариуцагч уг мэдэгдлийг хүлээж аваагүй гэж эс зөвшөөрч байх хэдий ч түүний 99990741 дугаарт бүртгэлтэй вайбераар тус мэдэгдлийг хүлээн авсан болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
13. Иргэний хуулийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Даалгаврын гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 99,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй, хариуцагч нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
14. Нэгтгэн дүгнэвэл, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагчаас 99,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан гаргуулж шийдвэрлэлээ.
15. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчид утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 76.2-т заасны дагуу зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг. Иймд шүүхээс хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
16. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 652,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399.1, 225.1, 205.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Угаас 99,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г. ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 652,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ