Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2024/00317

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***  сумын Харзат баг, ***-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн ***  сумын 2-р баг, *** 11 гудамж, *** тоот /Говь-Алтай аймгийн ***  сумын Жинст баг, Уран хотхон 4-р байр 2 тоот/ оршин суух, *** овгийн ***-ын ***-т холбогдох,

үйлчилгээний талбай албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “***” ХК нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу *** ХХК-иас 42,0508,000 төгрөгөөр Говь-Алтай аймгийн ***  сумын 7 баг, *** хаягт байрлах 29 м.кв талбайтай үйлчилгээний талбайг худалдан авсан.

*** ХХК нь худалдах худалдан авах гэрээ байгуулснаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс Хасбанкны эзэмшилд бүрэн шилжүүлэх байсан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөлгүй гэрээний үүргээ зөрчиж *** ХК-г хохироож байна. Үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ авахаар *** ХХК-ийн захирал ***-тай удаа дараа уулзахад “удалгүй төлөөд буцагаад авна” гэдэг боловч одоог хүртэл ямар ч үр дүнгүй байгаа тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. *** ХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн *** дугаартай Говь-Алтай аймгийн ***  сумын 7 баг, *** 4 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай үйлчилгээний талбайг иргэн ***  биет байдлаар эзэмшиж, уг талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд *** ХК-ий зүгээс 2023 оны 10-р сарын 25-ны өдрийн дотор уг үйлчилгээний талбайг чөлөөлж өгөхийг иргэн Хонгорт 2023 оны 10-р сарын 16-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн боловч одоогоор биет байдлаар хүлээлгэн өгөөгүй байна. Иймд *** ХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж Говь-Алтай аймгийн ***  сумын 7-р баг, *** хаягт байрлах 29 м.кв талбайтай үйлчилгээний талбайг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** ХК нь ***  (***)-т холбогдуулан үйлчилгээний талбай албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь сайн дурын үндсэн дээр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. *** ХК-ийн нэхэмжлэлтэй, *** т холбогдох үйлчилгээний талбай албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч *** ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч ***-ын шүүхэд ирүүлсэн “...*** ХК нь ***  (***)-т холбогдуулан үйлчилгээний талбай албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь сайн дурын үндсэн дээр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна...” гэх хүсэлтээр нотлогдож байна.

*** ХК нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаартай албан бичигт “…тооцооны төвийн захиралд энэхүү тушаал болон төлөөлөх эрхийг шилжүүлсэн албан бичиг нь тус банкийг шүүх, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд төлөөлөх эрх олгосныг гэрчлэх бариимт бичигт тооцогдох ба төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэхийг дурдсугай” гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “***” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *** ХК-ийн нэхэмжлэлтэй, *** овгийн ***-ын ***-т холбогдох үйлчилгээний талбай албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “***” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ