Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03284

 

 

 

 

2024 08 02

182/ШШ2024/03284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт болон алдангид нийт 69,089,175 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунбилэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр,

Гэрч Б.Алтанхуяг, С.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Эс Ти Эй ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт болон алдангид нийт 69,089,175 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Талуудын хооронд 2021.11.19-ний өдөр 52/23 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр манай байгууллага хэд хэдэн төрлийн бетон зуурмагийг нийлүүлэх, хариуцагч байгууллага бетон зуурмагийг хүлээн авч, үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд гэрээний 2.5-д зааснаар бетон зуурмагийн үнийн 50 хувийг бэлэн мөнгөөр, үлдсэн 50 хувийг бартер хийхээр тохиролцсон. Гэрээ ёсоор манай байгууллага 2021 онд 313,370,000 төгрөгийн бетон зуурмаг, 2022 онд 780,455,600 төгрөгийн бетон зуурмаг, нийт 1,093,825,600 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. Хариуцагч байгууллагаас гэрээний үүрэг ёсоор манай байгууллагад 106,678,000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц нийт 320,034,000 төгрөг, 108,675,000 төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц, 35,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 гарааш, 48,589,150 төгрөгийн үнэ бүхий цемент, 535,468,000 төгрөгийн бэлэн төлөлт, нийт 1,047,766,150 төгрөгийн төлөлт хийсэн. Хариуцагч байгууллагаас манай байгууллагад 2023.08.24-ний өдөр албан тоот ирүүлсэн ба тус албан бичигт гэрээний дагуу манай компани үлдэгдэл төлбөрийн үлдэгдэлтэй байгаа ба барилгын байнгын ашиглалтанд авах улсын комисс ажиллаж шийдвэр гарсны дараа захиалагчдын үлдэгдэл төлбөрөөс төлж барагдуулах боломжтой байна гэж дурдсан тул манай байгууллага 2023.10.01-ний өдөр хүртэл төлбөр төлөх хугацаа хойшлуулж, хугацаа олгосон. Гэвч тус байгууллага нь одоог хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, хэзээ төлөх нь тодорхойгүй байна. Иймд тус байгууллагаас үлдэгдэл төлбөр 46,059,450 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Тус байгууллагад нэмэлт хугацаа олгосон өдрөөс хойш буюу 2023.10.09-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 515 хоног байна. Гэрээний 5.1-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэл болгон алдангийг 23,029,725 төгрөг болгон бууруулж, нийт 69,089,175 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна.

1.2. Гэрээнд 3 орон сууцыг бартераар өгнө гэсэн. Үлдсэн хэсэгт нь яах талаараа гэрээндээ тохиролцоогүй. Иймд манайх нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжтой. Хариуцагч тал машин, байр хэлбэрээр төлнө гэж шаардах боломжгүй. Гэрээндээ зохицуулж өгөөгүй. Манай байгууллагад шүүхийн өмнө болон шүүхийн шатанд бартер санал болгож байсан. Гэвч манайх бартерын зүйлийг цааш нь худалдах боломжгүй ба хэт өндөр үнийн улмаас мөнгө болгох боломжгүй нөхцөл байдалд хүрч байсан. Манайд бартерын саналаа албан ёсоор тавьж байгаагүй. Цемент бол бэлэн мөнгө биш. Нягтлангийн тооцоон дээр бэлэн мөнгө гээд шивсэн байгаа. Манайх 48,589,150 төгрөгийн цемент авсан. Хариуцагчийн барилга баригдаж дуусаад, ашиглалтад орсон байгаа. Алдангийн хувьд манай талаас хэд хэдэн удаа нэмэлт хугацаа олгосон. Энэ хугацаанд хариуцагч талаас ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд алдангийг багасгах боломжгүй. Манайх автомашин борлуулдаг байгууллага биш учраас цаашаагаа борлуулах боломжтой хөрөнгө харж байсан. Мөн санал болгосон хөрөнгө нь хариуцагч компанийн нэр дээр биш учир маш эрсдэлтэй байсан. Талууд Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг 50 хувийг бартераар хүлээж авах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Хариуцагч байгууллагаас үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй гэж маргаад байна. Иргэний хуулийн 213.2-т үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж заасан байгаа. Манай компани үүргээ гүйцэтгэх хугацаа олгосон. 208.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасан. Гэсэн хэдий ч манай компаниас нэмэлт хугацаа олгож байсан. Иргэний хуулийн 219.2-т үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байгаа. Иймд алданги нэхэмжлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэлийн агуулга, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Эс Ти Эй ХХК болон ******* нь 25/23 дугаартай бетон худалдан худалдан авах гэрээ, тээвэрлэх гэрээг байгуулж нийт 1,093,825,600 төгрөгийн барилга барихад шаардагдах бетон зуурмагийг нэхэмжлэгчээс худалдан авч, хариуцагчийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд 1,037,766,150 төгрөгийг холбогдох үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх болоод бэлэн мөнгөний төлөлтөөр төлөгдсөн тухай нэхэмжлэгч маргадаггүй. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан хэлбэрээр төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Гэрээний 2.5 дугаар зүйл дээр гэрээний дагуу төлбөрийн 50%-ийг бартераар 50%-ийг бэлнээр төлнө гэж харилцан тохиролцсон. Үүний дагуу гэрээний төлбөрийг бартераар санал болгоход нэхэмжлэгч тал хүлээж авдаггүй. Гэрээний 2.5.1-д бэлэн мөнгөний төлөлтийг 48 цагийн өмнө хийнэ. Бартертай холбоотой зүйл дээр энэ нөхцөл байдал тусгагдаагүй. Яагаад гэвэл бартер гэдэг нь тухайн байрны урьдчилгаа төлбөрт санал болгож байгаа тодорхой эд хөрөнгийг хүлээж авсны дараа бартерын зүйлийг санал болгодог. *******-д тодорхой эд хөрөнгө, урьдчилгаа төлөлт байдлаар орж ирэхэд тухайн хэлсэн үнийн дүнг Эс Ти Эй ХХК-д санал болгох зорилгоор бартерын гэрээний 2.5.2 дахь хэсэг хэрэгжих боломжтой байдаг. Тэгэхээр тухайн гэрээний агуулгаар 48 цагийн өмнө төлбөрийг төлсөн байна гэсэн байдлаар тайлбарлах нь нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор *******-иас тодорхой эд хөрөнгийг Эс Ти Эй ХХК-д шилжүүлэх зорилгоор тогтмол холбогдож байсан. Машин, байр, мотоцикл, гарааш гэх зэргийг холбогдож санал болгож байсан. Гэвч бодит зах зээлийн үнээс хэт доогуур үнээр хүлээж авахаар шаардах, тухайн эд хөрөнгө дээр тодорхой хариу өгөхгүй байснаар хэсэг хугацааны дараа шаардах гэх мэт нөхцөл байдал үүссэнээс болоод өнөөдрийг хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэгч буюу *******-ийн зүгээс гэрээнд заасан хэлбэрээр буюу бартерын хэлбэрээр Эс Ти Эй ХХК-д төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Иймд хариуцагч *******-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын алдангитай холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилгын салбар бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, түүгээрээ үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд орон сууц үйлдвэрийн талбай худалдаж авахдаа төлбөрийг ихэвчлэн өөрт байгаа машин, эхнэрийн машин гэх зэргээр урьдчилсан байдлаар төлөхийг эрмэлздэг. Ийм нөхцөл байдлаар орж ирсэн саналыг нэхэмжлэгч компанид хүргүүлэхэд хүлээж авдаггүй.

2.2. Нэхэмжлэгч компаниас хариуцагч компанид нийтдээ 1,093,825,600 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн дээр маргаан байхгүй. Гэрээн дээр бичсэн 3 орон сууцыг хүлээлгэж өгсөн. Мөн 3 автомашины зогсоолыг санал болгож байсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс нэг зогсоолыг нь авч 2 зогсоолыг нь авахгүй гээд татгалзаж байсан. Барилгын компанид шаардлагатай хэд хэдэн түүхий эд байгаа. Үүнд арматур, цемент гэх зэрэг байдаг. Нэхэмжлэгч компанийн зүгээс цементийг бэлэн мөнгөний төлөлт гэж тооцоо нийлсэн гэсэн үг. Тамга дарсан байдлаас нь харахад хүлээн зөвшөөрч байдаг. Манай компани 48,589,150 төгрөгийн үнэ бүхий цементийг нэхэмжлэгч компанид өгсөн. Үүнийг бэлэн мөнгөөр төлсөн төлбөр гэж үзэж байгаа. Хариуцагчийн зүгээс алдангийн хэмжээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үлдэгдэл 46,059,450 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ гэрээнд заасан хэлбэрээр бартераар төлнө. Гэрээний нийт үнийн дүнгийн 50% буюу 546,912,800 төгрөг төлөхөөс хариуцагчийн зүгээс мөнгөн төлөлтийг 584,057,150 төгрөгийн төлөлт буюу давуулан бэлэн мөнгөний төлөлтийг хийсэн. Бартерын төлөлтөөс 463,709,000 төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид төлсөн бөгөөд бартераас үлдэгдэл төлбөр нь 46,059,450 төгрөг болж байгаа юм. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан хэлбэрээр төлбөрийг төлөхийг ямагт байнгын үйлдлээр илэрхийлж, бас үүргээ гүйцэтгэж оролцсон. Энэ нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэх, зөрчсөн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгүүлэх, гүйцэтгэгчийн гэм буруугаас болоод үүрэг гүйцэтгэгч болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж байгаа юм. Мөн хуулийн 223.1-д хугацаанд өгсөн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэсэн заалт байгаа. Силверлайт компанийн зүгээс гэрчийн мэдүүлэг болоод үзлэгээр гэрээний үүргийг биелүүлэх гэж буй бартерын эд хөрөнгийг санал болгож хүргүүлсэн. Яг өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг эрсдэлийг хүлээж авахаас татгалзсан бол энэ нь үндэслэлгүй. Яагаад гэвэл гэрээгээр заасан хэлбэрээр хүлээж аваагүй байна гэж үзнэ. Тиймээс талуудын хооронд байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ тээвэрлэлтийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор, шударгаар, гүйцэтгэх боломж бололцоог нэхэмжлэгч компанийн зүгээс олгоогүй нөхцөл байдал тогтоогдоод байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/

3.2. Итгэмжлэл /хх 4-5/

3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/

3.4. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №52/23 дугаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ, хавсралтын хамт /хх 7-11/

3.5. Эс Ти Эй ХХК-ийн 2023.10.05-ны өдрийн 04/126 дугаар албан бичиг /хх 14/

3.6. Хавтас бүхий 521 ширхэг Зуурмагийн падаан /хэрэгт хавсралтаар/.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 22/

4.2. Итгэмжлэл /хх 23/

4.3. *******ны Засаг даргын тодорхойлолт /хх 27/

4.4. Түрээсийн гэрээ /хх 28-32/

4.5. Монголын Татварын албаны тодорхойлолт /хх 33/

4.6. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа /хх 34/

4.7. Хариу тайлбар /хх 73-74/

4.7. Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний нэмэлт гэрээ /хх 75-76/

4.8. Бетон зуурмаг нийлүүлэлтийн дэлгэрэнгүй бүртгэл /хх 76/

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Б.Алтанхуяг, С.Билгүүн нараас мэдүүлэг авсан. Мөн Sosorbaram Bilguun /Cосорбарам Билгүүн/ хаягаас Ганбаяр Шарав гэх хаягтай харилцсан зурваст үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 98-121/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Эс Ти Эй ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт болон алдангид нийт 69,089,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 52/23 дугаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээнд зааснаар төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул үлдэгдэл төлбөр 46,059,450 төгрөг, алданги 23,029,725 төгрөг, нийт 69,089,175 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагчаас хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ үлдэгдэл төлбөр 46,059,450 төгрөгийг гэрээнд заасан хэлбэр болох бартераар шаардах ёстой, бартерт санал болгосон хөрөнгийг нэхэмжлэгч байгууллага үндэслэлгүйгээр авдаггүй байснаас үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй тул алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №52/23 дугаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-г байгуулсан болох нь гэрээ болон гэрээний хавсралт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /хх 7-11/

 

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар нэхэмжлэгч нь худалдан авагч талын захиалгын дагуу барилгын норм, дүрэм, стандарт, чанар, тоо хэмжээний шаардлагыг хангасан бетон зуурмагийг үйлдвэрлэн заасан талбайд цаг хугацаанд нь худалдан авагч талд баримтаар хүлээлгэн өгөх,

гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.9-д зааснаар хариуцагч нь худалдагч талд төлөх төлбөрийг заасан хугацаандаа төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаар 2021 онд 313,370,000 төгрөгийн бетон зуурмаг, 2022 онд 780,455,600 төгрөгийн бетон зуурмаг, нийт 1,093,825,600 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. Хариуцагч байгууллагаас гэрээний үүрэг ёсоор манай байгууллагад 106,678,000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц нийт 320,034,000 төгрөг, 108,675,000 төгрөгийн үнэ бүхий 1 орон сууц, 35,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 гарааш, 48,589,150 төгрөгийн үнэ бүхий цемент, 535,468,000 төгрөгийн бэлэн төлөлт, нийт 1,047,766,150 төгрөгийн төлөлт хийж, үлдэгдэл 46,059,450 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

4. Зохигчдын хооронд төлбөр төлөх үүрэгтэй холбоотойгоор маргаан үүссэн байна.

 

Талуудын гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д төлбөр төлөх нөхцөлийг тусгасан байх ба 1-д бетон зуурмагийн үнийн дүнгийн 50 хувийн төлбөрийг бэлэн мөнгөөр /төгрөг/,

2-т үнийн дүнгийн 50 хувьд бартераар,

1. СХД, 18-р хороо, Геологи-21 төсөл 6 давхрын зүүн орц, 41.03 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м2 нь 2,100,000 төгрөгт тооцон хүлээлгэн өгнө.

2. СХД, 18-р хороо, Геологи-21 төсөл 6 давхрын зүүн орц, 41.03 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м2 нь 2,100,000 төгрөгт тооцон хүлээлгэн өгнө.

3. СХД, 18-р хороо, Геологи-21 төсөл 9 давхрын баруун орц, 51.75 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м2 нь 2,100,000 төгрөгт тооцон хүлээлгэн өгнө гэж тус тус заасан байна.

 

Өөрөөр хэлбэл талууд гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартер хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон, бартерт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэрлэн заасан байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд талууд гэрээндээ төлбөр төлөх нөхцөлөө 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартер хэлбэрээр хийнэ гэж тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр төлөх үүргээ биелүүлсэн буюу 535,468,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 48,589,150 төгрөгийг цементээр төлсөн. Цемент бол бетон зуурмаг үйлдвэрлэдэг үндсэн түүхий эд учир бэлэн мөнгөөр төлсөн төлбөрт хамаарна. Ийнхүү тооцвол 584,057,150 төгрөгийн бэлэн төлөлт, 463,709,000 төгрөгийн бартерын төлөлт хийгдсэн. Үлдэх 46,059,450 төгрөгийг гэрээнд заасны дагуу бартераар төлнө гэж маргасан.

 

Гэвч нэхэмжлэгчийн цементийн 48,589,150 төгрөгийг бэлэн мөнгөөр тооцох боломжгүй, цемент бартерийн төлөлтөнд хамаарна гэж тайлбарласныг үгүйсгэх боломжгүй байх тул хариуцагчийн гэрээний 50 хувийг бэлэн төлөлтөөр төлөх үүргээ биелүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн талууд гэрээндээ бартерт 3 үл хөдлөх эд хөрөнгийг тооцон авахаар нэрлэн заасан байх ба энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн болон хэдэн төгрөгт тооцсон талаар маргаагүй.

 

 

Өөрөөр талууд гэрээндээ бартер буюу арилжаа нь чухам ямар эд хөрөнгө болохыг нэрлэн тодорхойлоогүй байх тул үлдэх төлбөрийг мөнгөн хэлбэрээр шаардаж байгааг буруутгах аргагүй.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бетон зуурмаг нийлүүлсэн байх ба үүнээс хойш хариуцагч нь бетон зуурмагийн үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Эс Ти Эй ХХК нь хариуцагчаас төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байх тул *******-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 46,059,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эс Ти Эй ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульчилсан.

 

Талуудын гэрээний 5.1 дүгээр зүйлд худалдан авагч тал нь худалдагч талд төлөх төлбөрийг гэрээний 2 дахь зүйл заалтын дагуу барагдуулсан байх ба хэрвээ төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хуввтай тэнцүү алданги төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээнд бартерын эд хөрөнгийг санал болгож байсан хэдий ч нэхэмжлэгч тал бодит зах зээлийн үнээс хэт доогуур үнээр хүлээж авахаар шаардах, тухайн эд хөрөнгө дээр тодорхой хариу өгөхгүй байснаар хэсэг хугацааны дараа шаардах гэх мэт нөхцөл байдал үүссэнээс болоод өнөөдрийг хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэгч буюу *******-ийн зүгээс гэрээнд заасан хэлбэрээр буюу бартерын хэлбэрээр Эс Ти Эй ХХК-д төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан төлбөр төлөх үүрэг биелэгдээгүй тул алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Гэвч хариуцагчийн тайлбар нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Тухайлбал Sosorbaram Bilguun /Cосорбарам Билгүүн/ хаягаас Ганбаяр Шарав гэх хаягтай харилцсан зурвас нь ажил хэргийн харилцааны шинжгүй, илүүтэй хувийн харилцааны шинжийг агуулсан, талуудын гэрээний харилцаатай шууд хамааралтай гэж дүгнэх боломжгүй мэдээллийг агуулсан байна.

 

Мөн гэрч нараас хариуцагч компани бартерт орж ирсэн хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагад санал болгодог буюу бартерт орж ирсэн хөрөнгийг дамжуулан зуучлах байдлаар харилцдаг байсан гэж мэдүүлж байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн хөрөнгийг бартерт тооцон өгөхөөр санал гаргаж байсан талаар тайлбарласан.

Гэвч энэ нь нэхэмжлэгчийн манайх автомашин борлуулдаг байгууллага биш учраас цаашаагаа борлуулах боломжтой хөрөнгө харж байсан. Мөн санал болгосон хөрөнгө нь хариуцагч компанийн нэр дээр биш учир маш эрсдэлтэй байсан гэх тайлбарыг буруутгах үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч компанид 2023.10.05-ны өдөр 04/126 тоот төлбөр барагдуулах тухай албан бичгийг хүргүүлж, төлбөр төлөх хугацааг 2023.10.09-ны өдрөөр тогтоожээ.

 

Иймд 2023.10.09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алданги тооцсон нь хуульд зөрчөөгүй, анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Эс Ти эй ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 503,396 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******-иас 69,089,175 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эс Ти Эй ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 503,396 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эс Ти Эй ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА