| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 2122000000207 |
| Дугаар | 2022/ДШМ/09 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/09
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор *******,
Шүүгдэгч *******, *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******,
Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 2122000000207 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: овогт ын , 1999 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: /
Шүүгдэгч: овогт ын , 1998 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Дундговь аймгийн гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: /
Шүүгдэгч *******, ******* нар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сум 1 дүгээр баг “Их газрын чулуу” гэх газарт байрлах малын хороон дотроос иргэн ийн 5 тооны үхрийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн, олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүрд нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт хураан авсан 7155 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 02402530 дугаартай гэрчилгээний хамт иргэний нэхэмжлэгч Л.т хүлээлгэн өгсөн баримт хэргийн 23 дугаарт авагдсан, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор М.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.2. 2.4-т зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
*******, ******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Гурвансайхан сумын 1-р баг, Чулуун хороот гэх /шүүгдэгч *******ийн аав Л.ын эзэмшлийн/ хороонд байсан үхрээс 5 тооны үхэр хулгайлсан гэх үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэг бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө. алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.
2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр *******, ******* нар нь *******ийн эзэмшлийн өвөлжөөний хашаа, хороо болох “Чулуун хороот” гэх хороон дээрээ мотоциклын мотор авах зорилгоор ирсэн. Байшингийн түлхүүр нь болохгүй байсан тул байшиндаа орж чадалгүй буцах гэтэл хороон дотор нь, бүр хашаан дотор нь үхэр хэвтэж байсан. Үүнийг хараад үхрийг ачиж явах бодол, сэдэл төрсөн. Тухайн үед хохирогчийн үхэр гэдгийг таниагүй, уулын хойноос гарч ирсэн алдуул мал байх гэж бодсон гэдэг.
Хохирогч С.Одгэрэлийн өмчлөлийн үхэр бусдын өмчлөл, эзэмшлийн хороо, хашаан дотор буюу гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэл төрсөн байдаг.
*******, Г нар бол өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй. Хохирогч ийн малын бэлчээрээс хулгайлаагүй. Энэ нөхцөл байдал нь хулгайлах биш алдуул малыг завших объектив талын шинжийг хангаж байна.
Манай хороонд хэвтэж байхаар нь авчихсан гэх үйлдлийг хулгайлах бус, завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Яллагдагч нар нь мал хулгайлах идэвхтэй үйлдэл хийгээгүй бөгөөд бусдын малыг нууц, далд аргаар аваагүй, харин хороо, хашаан дотор ороод ирчихсэн учраас л авсан, ачсан байдаг.
Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******ийг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний бие *******ийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралд оролцсон. 2 шүүгдэгчийн гэмт хэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байдаг. Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хууль бус аргаар идэвхтэй үйлдэх хийхийг ойлгодог. Тухайн өдөр гэрээсээ гараагүй харин тухайн хороонд очиж мотоциклын мотор авах зорилгоор гарсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогчийн хороо бууцанд очиход үхэр орсон байсан учраас энэ 2 шүүгдэгч алдуул малыг хараад зарж борлуулах сэдэл санаа зорилго төрсөн. Яг хулгайлах хэргийн шинжийг энэ 2 шүүгдэгчийн үйлдэл харуулаагүй байна. Харин Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учраас хулгайлах гэмт хэргийн шинжийг өөрчилж зүйлчилж өгнө үү гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэлэх зүйл байхгүй гэв.
Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: *******, ******* нар нь алдуул малыг тээврийн хэрэгслээрээ хашиж зогсож байгаад нэг нэгээр бугуйлдсан идэвхтэй үйлдэл юм. Алдуул мал гэдэг тодорхой хугацаанд алаг болсон эзэн холбоогүй малын малын хэлнэ. Ийм учраас энэ малыг алдуул малыг завших гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нар тухай малын Одгэрэлийн мал гэдгийн мэдсээр байж авсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа юм. Өмгөөлөгч гомдолдоо дурсан байсан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хороонд орж ирсэн малыг завшсан гэж хэлсэн. Одоо хороонд орж ирсэн мал болгоныг завшаад байж болох юм уу. Мал тухайн хороонд орсноор тэр малыг эзэмших эрх нь үүсэх юм уу ингэж хуулийг буруу тайлбарлаж болохгүй. Ийм учраас өмгөөлөгчийн гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хянав.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Дундговь аймгийн Гурвансайхан сум 1 дүгээр багийн нутаг “Их газрын чулуу” гэх газарт байрлах малын хороон дотроос иргэн ийн 5 тооны үхрийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.
Прокуророос *******, ******* нарын холбогдсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч хянаад шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ *******, ******* нарын мэдүүлэг, хохирогч ийн мэдүүлэг, гэрч Д.Одмагнай, гэрч Э.Ганхуяг нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, 5 үхрийг эзэнд нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон бусад нотлох баримтуудыг судлан шинжилжээ. Хэргийн нотлох баримтуудыг шинжлэн үзсэний үндсэн дээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх *******, ******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оноож шийтгэсэн ба хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтжээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогч шүүгдэгчийн эрхийг зөрчөөгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэгт нь тохирох зүйлчлэлийг хийж холбогдох зүйл хэсэгт заасан ялыг үндэслэлтэйгээр сонгож, хууль ёсны болоод энэрэнгүй байх зарчмыг хэрэгжүүлж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны шаардлагыг хангасан, хэргийг нотлох баримтад үндэслэн шийдвэрлэсэн, үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Шүүгдэгч тал түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарыг хулгайн хэрэг үйлдээгүй, бусдын алдуул малыг ашигласан гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн 5 тооны үхэр нь иргэн Р.ын өвөлжөөний малын хороонд хөлөөрөө орж хотолсон гэж үзэхээр байна.
Өөрөөр тухайн үед хохирогчийн 5 тооны үхрээс өөр мал тухайн малын хороонд байгаагүйгээс гадна уг малын хашаа хороог шүүгдэгч нар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй болох нь, түүнчлэн үхрүүд нь шүүгдэгч нарын эзэмшилд хууль болон гэрээний дагуу, мөн тэднээс үл хамаарах шалтгаанаар шилжин ирсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
Х.ГЭРЭЛМААААТАР
Х.ГЭРЭЛМАА