Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00838/и

 

Мөнгөнзоос кредит ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01486 дугаар шийдвэртэй,                

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 719 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Мөнгөнзоос кредит ББСБ-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Н.Мөнхзаяад холбогдох,

76.206.670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Мөнхзаяа нь 2012.9.12-ны өдөр Мөнгөнзоос кредит ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж авсан. Нэхэмжлэл дээр 3.2 хувийн хүүтэй гэж буруу бичсэн байгаа ба зээлийн гэрээнд 4 хувийн хүүтэй гэж тусгасан. Н.Мөнхзаяа нь 2012.9.12-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/, ХД-69 дүгээр байрны 53 тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2206019043 тоот дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2013.01.12-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хүүгийн төлбөрийг хийж байсан болно. Дахин мөнгө зээлэх хүсэлт ирсэний дагуу 2013.7.16-ны өдөр 7.162.000 төгрөг, 2013.9.05-ны өдөр 5.041.800 төгрөг, 2013.9.18-ны өдөр 2.796.200 төгрөг тус тус бэлнээр зээлж авсан. Үүнтэй холбогдуулан 2012.9.12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2013.9.20-ны өдөр шинэчлэн байгуулж, зээлийн хэмжээг 35.000.000 төгрөг болгон нэмэгдүүлж, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар байгуулсан. Мөнгөнзоос кредит ББСБ болон иргэн Н.Мөнхзаяа нарын хооронд шинэчлэн байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014.9.20-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч Н.Мөнхзаяа нь өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. Мөнгөнзоос кредит ББСБ нь зээл, зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан шаардлагыг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба зээлийн гэрээний төлбөр нь 2015.8.20-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл нийтдээ 69.813.330 төгрөг болж хуримтлагдсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2015.12.15-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 76.206.670 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу худалдсан үнэ нь зээлийн гэрээний нийт төлбөрт хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад хөрөнгөнөөс хангуулах тухай шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Мөнхзаяа нь 2012.9.12-ны өдөр Мөнгөнзоос кредит ББСБ-аас 20.000.000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 4 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийг өөрийн хэрэгцээнд аваагүй ба ах Н.Мөнхбатын компани болох “Нэмүт констракшн” ХХК-ийн ажилчдын цалин, бараа материал авахад зарцуулсан. 2013.01.12-ны өдрөөс 2013.7.16-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон алдангид 7.162.000 төгрөгийг зээл авснаар баримт бичүүлж авсан. Дараа нь 2013.9.05-ны өдөр бас адилхан зээлийн хүү болон алдангид 5.041.800 төгрөгний зээл авснаар баримт бичүүлж авсан. 2013.9.18-ны өдөр биетээр 2.796.200 төгрөгийн зээл авсан. 2013.9.20-ны өдөр Мөнгөнзоос кредит ББСБ өмнөх зээлийн үлдэгдлийг нэгтгэн 35.000.000 төгрөгийн зээл авснаар нэмэлт гэрээ хийсэн. Зээлийн гэрээний 1.12 дахь заалтад нийт зээлийн 50 хувиас доошгүй хэмжээний төлбөрийг төлсөн тохиолдолд зээлийн хугацааг сунгахаар заасан байхад нийт зээлийн 50 хувь бүү хэл 1 хувийн зээлийг ч төлөөгүй байхад зээлээ 1 жилээр сунгаж гэрээ хийсэн нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ хийхэд бичгээр зээл хүссэн өргөдөл гаргадаг. Н.Мөнхзаяа нь 20.000.000 төгрөгийн зээл болон 2.796.200 төгрөгийн зээлд зээл хүссэн өргөдлөө гаргасан, харин зээл авснаар баримт үйлдсэн 5.041.800 болон 7.162.000 төгрөгийн хувьд зээлийг бодитоор аваагүй бөгөөд зээлийн хүү болон алдангийг зээл авсан мэтээр оруулсан .2013 оны 10, 11 дүгээр сард “Нэмүт констракшн” ХХК-д санхүүжилт орж ирсэн бөгөөд зээл болон зээлийн хүүгээ төлж байраа чөлөөлье гэхэд Мөнгөнзоос кредит ББСБ-ын захирал н.Гэрэл нь заавал 100.000.000 төгрөг өгөх хэрэгтэй гээд хүсэлтийг авч хэрэгсээгүй. н.Гэрэл нь Н.Мөнхзаяагийн зөвшөөрөлгүй байрыг нь 2013.9.12-ны өдөр давхар н.Мөнхбат, н.Хосбаяр гэдэг 2 хүний нэр дээр барьцаалж, тэдгээрт 100.000.000 төгрөг зээлдүүлсэн байсан. Үндсэн зээл 22.796.200 төгрөг, зээлийн хүү 6.031.848 төгрөг, нийт 28.828.048 төгрөгийг төлж барагдуулах боломжтой. Хүлээн зөвшөөрч буй зээлийн дүнг 2014.7.18-ны өдрөөс нэмэгдүүлсэн хүүтэй нь 27 сараар бодоход 35.370.639 төгрөг болж байгаа бөгөөд нийт төлөх ёстой дүн 59.444.839 төгрөг болж байгаа. Гэхдээ энэ дүн дотор аваагүй зээлийн хүүгийн дүнгүүд явж байгаа тул үүнийг хасч тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01486 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453дугаар зүйлийн 453.1 дахь хэсгийг  баримтлан Н.Мөнхзаяагаас 59.591.638 төгрөг  гаргуулан Мөнгөнзоос кредит ББСБ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 539.020 төгрөгийн 538.983 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 37 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Н.Мөнхзаяагаас 455.908 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 719 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...452.1...” гэснийг “...452.2...” гэж,“...хариуцагчаас 59.591.638,8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...хариуцагч Н.Мөнхзаяагаас 76.206.670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мөнгөнзоос кредит ББСБ-д олгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “...455.908 төгрөгийг...” гэснийг “...538.983 төгрөгийг...” гэж, тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.030 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2012.9.13-2013.01.31-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд зээлдэгч нийт 4.107.840 төгрөг төлсөн /хх 67-71/ байх ба тэрээр 1 сарын хүүд 1.026.960 төгрөг төлсөн байхад давж заалдах шатны шүүх энэхүү баримт, тооцоог хянаагүй нь ИХШХШТХ-ийн 3-г үндэслэн нэхэмжлэгчээс гаргуулсан Зээлдэгчийн хяналтын картын зарим хэсгийг анхан шатны шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Мөн хариуцагчийн зээл аваагүй гэж маргаж байгаа 2013.7.16-ны өдрийн 7.162.000 төгрөг, 2013.9.05-ны өдрийн 5041.800 төгрөгт тус тус зээл хүссэн өргөдөл болон гэрээ байхгүй, зээлдүүлэгч зөвхөн бэлэн мөнгөний зарлагын баримтаар зээл олгосон гэж маргаж байгаа нь эргэлзээ төрүүлхүй байгаа. Зээл олгохдоо заавал бичгээр хүссэн өргөдлийн дагуу олгодог байсан, гэтэл шүүхэд зөвхөн бэлэн мөнгөний баримтаар зээл олгосон гэж маргаж, хүү, нэмэгдүүлсэн тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

Мөнгөнзоос кредит ББСБ нь Н.Мөнхзаяагаас нийт 76.206.670 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.

Мөнгөнзоос кредит ББСБ нь “...хариуцагчид нийт 4 удаа буюу 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сарын 20 сая төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай,  2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 7.162.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5.041.800 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2.796.200 төгрөг тус тус зээлүүлсэн гэх бөгөөд үүнтэй холбогдуулан 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг   шинэчлэн  35 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлснээр  2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан...” гэсэн үндэслэлээр  Н.Мөнхзаяагаас нийт 69.813.330 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шаардсан /хх 1, 70/ байна.

Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа “...20 сая болон 2.796.200 төгрөгийг зээлсэн, харин 7.162.000 төгрөг, 5.041.800 төгрөг зээлээгүй эдгээр нь 20 сая төгрөгийн хүү, алдангийг тооцож зээл болгож надаар гарын үсэг зуруулсан ...иймд үндсэн зээл 20 сая төгрөг түүний хүү 5.120.000 төгрөг, үндсэн зээл 2.796.200 төгрөг хүү 911.848 төгрөг нийт 28.828.048 төгрөг төлнө бусдыг нь зөвшөөрөхгүй...” гэжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 59.591.638 төгрөг гаргуулахдаа “...Н.Мөнхзаяа 35 сая төгрөг аваагүй учир 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч мөнгө шаардах эрхгүй, харин 4 удаа зээл авсан нь тогтоогдсон...” гэж үзсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 76.206.670 төгрөг гаргуулахдаа 35 сая төгрөг зээлүүлсэн гэх 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг үндэслэжээ.

Хариуцагч магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргахдаа “...нийт 22.796.200 төгрөг зээлж 12.969.590 төгрөг буцааж төлсөн...” гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Зохигчид 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 35 сая төгрөг өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх уг үнийн дүнгээс зээлийн үүрэг тооцож шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 719 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/01486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 241.025 төгрөгийг буцааж олгох захирамж гаргасугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ