Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0309/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,  
Иргэдийн төлөөлөгч ***,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч***,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн 1718000000065 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **
    1.2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 255 000 төгрөгийн торгох ялаар, 
2.2016    оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг Сум дундын эрүүгийн 
хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,*** . 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ***** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “****” өрхийн эмнэлгийн гадна талбайн зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн ****эзэмшлийн ****улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины зүүн толийг хулгайлж 330 000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн,
мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим **** дугаар багийн нутаг дэвсгэр 12 дугаар байрны гадна талбайн зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн ****эзэмшлийн ****улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины нэг ширхэг толийг хулгайлж 50.000 /тавин мянга/ төгрөгийн,
мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** байрны гадна талбайн зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн ****эзэмшлийн ****улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины хоёр ширхэг толийг хулгайлж 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн,
мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим ****** дугаар хэсэг *** байрны гадна талбайн зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн ****эзэмшлийн ****улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины хоёр ширхэг толийг хулгайлж 80.000 /наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч ****мөрдөн байцаалтад өгсөн: 

    ...2017 оны 8 дугаар сарын 01-ны өдөр 14 цагийн орчим **** хэсэг, ** оршин суух эгч *** гэрт очих гээд явж байхдаа 15-р багт үйл ажиллагаа явуулдаг өрхийн эмнэлгийн гадна зогсож байсан мөнгөлөг саарал өнгийн машины зүүн талын толины хавтсыг хуулаад авсан. Тэгээд эгчийнд орох гэж байснаа болиод хуучин Дархан руу таксинд сууж яваад 16-р байрны ард талд байрлах автобусны зогсоол дээр буусан. Тухайн зогсоол дээр зогсож байсан саарал өнгийн приүс 30 маркийн машины жолооч дээр очоод 5000 төгрөгөөр зарсан. 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр вокзал дээр согтуу явж байгаад Сэлэнгэ аймгийн төв орох галт тэргэнд суусан. Би огт билет аваагүй хоёр давхрын орон дээр гараад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд үйлчлэгч вагоноос буу гээд буусан. Ингээд автобусны буудал дээр хоёр танихгүй хүнтэй таараад 2 шил архи хувааж уусан. Би согтуу байсан болохоор хулгай хийсэн үйлдлээ огт санахгүй байна. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө 06-07 цагийн орчим ****-р багт ганцаараа согтуу бирж орох гээд явж байхад 12-р байрны гадна зогсоол дээр байрлуулсан олон машин дундаас цагаан өнгийн приүс 20 маркийн машины толины хавтсыг сугалаад авсан. Мөн 10 дугаар байрны гадна зогсоол дээр байсан цагаан өнгийн приүс маркийн машины 1 ширхэг толийг авсан гэх мэдүүлэг /хх 23-24, 87-88/,

    Хохирогч ****хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн байцаалтад өгсөн:
    ...Миний дүү ****нь ****** -р багийн "****" өрхийн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өрхийн эмнэлгийн гадна зогсоол дээр өөрийн эзэмшлийн ****улсын дугаартай Тоёота Приүс маркийн машины 1 ширхэг толь, 1 ширхэг дохио зэргийг хулгайд алдаж 330 000 төгрөгийн хохирол хүлээсэн гэх мэдүүлэг /хх 13/, 
    Хохирогч ****мөрдөн байцаалтад өгсөн:
    ...2017 оны 9 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн орчим ***** сумын 6-р баг *** -р байрны хажуугийн машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн саарал өнгийн ****улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн машинаа байрлуулж тавьчхаад гэртээ орсон. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн үед машин дээрээ ирэхэд миний машины 2 талын толины дотор талын хавтас алга болчихсон байсан. Би тэр дор нь Цагдаагийн газарт толь алдагдсан талаар дуудлага өгсөн. Жижүүр таны машин ямар маркийн тээврийн хэрэгсэл вэ гэж асуухаар нь приус-20 гэхэд энд нэг хүн хоёр толь авч яваад баригдсан байна гэж хэлсэн.  Би Цагдаагийн газар очиход надад хоёр толь харуулсан. Тухайн толийг хараад миний толь болохыг номероор нь таньсан. Миний толийг авсан 50 орчим насны дарвагар уруултай архи үнэртүүлсэн согтуу хүн байсан. Тэр хүнд чи буруу хүнийхээ толийг авлаа даа гэхэд уучлаарай би шараа тайлах гэж авсан. Хэдэн төгрөгөөр зарах гэж байсан юм гэхэд би 5 000 төгрөгөөр зарах байсан гэж хэлсэн. Миний толийг авсан хүн галт тэргэнд унтаад үүрийн суудлаар ирсэн гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх 43-44/, 
Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:
...Манай нөхөр ****2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн ****улсын дугаартай приүс 20 маркийн машинаа 16 цаг өнгөрч байхад байрны гадаа зогсоол дээр тавьж хонуулсан. Тэгээд би маргааш нь хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд байрны гадна байсан машин дээрээ 08 цагийн үед очиход машины баруун талын толины хавтас байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /74-75/,
Хохирогч ****мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ гадуур өөрийн эзэмшлийн ****улсын дугаартай приүс 20 маркийн машинтай явж байгаад 20-21 цагийн орчим байрны орцны харалдаа машины зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон. Тэгээд өглөө нь эхнэр 08 цаг өнгөрч байхад гэрээс гарч машинаа асаахад машины хоёр талын толины хавтас алга болсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 113-114/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:
...Би ****** -р багийг хариуцсан хэсгийн байцаагчаар ажилладаг юм. Надад 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр **** гэх хүнээс тээврийн хэрэгслийн толь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр "****" өрхийн эмнэлгийн гаднаас хулгайд алдсан гэж гомдол гаргасан. Би гомдол мэдээллийг хүлээн аваад мэдүүлэг авахад **** нь өрхийн эмнэлгийн хажуугийн айлын гудам руу харсан камерт миний машины толийг авсан хүн бичигдсэн байсан гэсний дагуу өөрийнх нь гар утсан дээрх бичлэгийг харахад улаан өнгийн фудволктой, бараан өнгийн өмд, цайвар малгайтай хүн машин байрлаж байсан газар луу ороод гарч ирэхдээ гартаа юм бариад гарч ирж байгаа бичлэг байсан. Би камерт бичигдсэн хүнийг харахад автомашины толь урьд өмнө нь байнга хулгай хийж зарж, архи уудаг ****мөн байсан. Манайд толь хулгай хийсэн хэргээр шалгагдаж байсан болохоор сайн таньсан гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 
2017 оны 9-р сарын 04-ний өглөө 7:30 минутын үед Сүхбаатар сумын 7-р багийн Шинэ 7 давхрын байрны жижүүр өөрийн утасны дугаараас сэжигтэй хүн яваад байна гэж хэлсэн. Мэдээллийн дагуу очоод шалгаад Цагдаагийн газарт авчирч хаягийг нь тодруулахад Дархан-Уул аймгийн харьяат *** гэгч байсан. ****нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас приус маркийн тээврийн хэрэгслийн толь хулгайд алдагдсан хэрэгт сэрдэгдээд эрэн сурвалжлагдаж байсан. Намайг Цагдаагийн газрын нэгдсэн санд ****талаар мэдээлэл авч байхад Цагдаагийн газрын жижүүрээс приус-20 маркийн тээврийн хэрэгслийн толь хулгайд алдсан дуудлага ирлээ. Наад согтуу нөхрийн авч явсан тольтой холбож шалгаарай гэсэн. Удаагүй толь хулгайд алдсан талаар дуудлага өгсөн **** гэх хүн ирээд миний хулгайд алдсан толь мөн байна гэж байсан гэх мэдүүлэг /хх 46/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 
2017 оны 9-р сарын 04-ний өдөр 12-13 цагийн үед 50 орчим насны эрэгтэй орж ирээд приусын толь 8 000 төгрөгөөр авах уу гэхээр нь авахгүй гэсэн чинь гарч явчихаад эргэж орж ирээд нөгөө хоёр толио ширээн дээр тавиад за больё 5 000 төгрөгөөр авчих гэхээр нь авсан. Толинуудыг Баттулга гээд цагдаа ирээд ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх 115/,   
Эд зүйлийн үнэлгээ /хх 16, 46, 120/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-28, 61-62, 81, 99-100/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 29-30, 112/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 136/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 06-ны өдрийн 8 дугаартай шүүгчийн захирамж /хх 138-139/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоол /хх 53, 91, 199/ зэрэг болно. 
    Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ****бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх бүрэлдэхүүн доорх үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ. 
    Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад "байнга" гэсэн ойлголт шинээр хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд байнга гэдэг нь давтангийн нэлээд хүнд хэлбэр бөгөөд гэмт этгээдийн үйл ажиллагааны нэлээд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон үйлдлийг хэлнэ. Байнга үйлдэх, тогтвортой, үйлдэж амьдралын эх үүсвэр болгох зэрэг ойлголтыг 3 буюу түүнээс дээш удаа гэсэн шалгуураас гадна гэмт этгээдийн амьдрал, зан төлөвийн хэвшил болсон зан төрхийн нийлбэрээр уг ойлголтыг ойлгохоос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3-т "ноцтой хохирол гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг ойлгоно" гэж заасан бөгөөд шүүгдэгч ****согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас шараа тайлах зорилгоор 3 удаагийн үйлдлээр хохирогч нарын приус-30, приус-20 маркийн тээврийн хэрэгслийн толины хавтсыг хулгайлж нийт 560 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв. 
Иймд шүүгдэгч ****согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ***** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “****” өрхийн эмнэлгийн гадна талбайн зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн ****эзэмшлийн ****улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины зүүн толийг хулгайлж 330 000 төгрөгийн,
2017 оны 9 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн орчим **** дугаар багийн нутаг дэвсгэр 12 дугаар байрны гадна талбайн зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн ****эзэмшлийн ****улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины нэг ширхэг толийг хулгайлж 50 000 төгрөгийн,
2017 оны 9 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн орчим **** дугаар багийн нутаг дэвсгэр 10 дугаар байрны гадна талбайн зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн ****эзэмшлийн ****улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины хоёр ширхэг толийг хулгайлж 100 000 төгрөгийн,
    2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 08 цагийн орчим ****** дугаар хэсэг Шарын 11 дүгээр байрны гадна талбайн зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн ****эзэмшлийн ****улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины хоёр ширхэг толийг хулгайлж 80 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 
    Шүүгдэгч ****нь шүүх хуралдаанд хохирогч М.****, ****, ****нарын автомашины толины хавтсыг аваагүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн "...Би ****** -р багийг хариуцсан хэсгийн байцаагчаар ажилладаг. Өөрийнхөө гар утсан дээрх бичлэгийг харахад улаан өнгийн фудболктой, бараан өнгийн өмд, цайвар малгайтай хүн машин байрлаж байсан газар луу ороод гарч ирэхдээ гартаа юм барьсан бичлэг байсан. Би камерт бичигдсэн хүнийг харахад автомашины толь урьд өмнө нь байнга хулгай хийж зарж, архи уудаг ****мөн байсан" гэх мэдүүлэг /хх 14/, шүүгдэгч ****гэрчээр өгсөн "Дархан сумын өрхийн эмнэлгийн гадаа зогсож байсан приус-30 тээврийн хэрэгслийн жолооч талын толины хавтас толийг хулгайлж аваад ***** -р баг *** байрны автобусны зогсоол дээр зогсож байсан приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочид 5 000 төгрөгөөр худалдаж архи авч уусан", "2017 оны 9-р сарын 04-ний өдөр 12-13 цагийн хооронд Дархан сумын *** урд паркалсан байсан 2 ширхэг приус 20 маркийн машины 3 ширхэг толины дотор толийг сугалж аваад дизель нэртэй ват засварын газар бүгдийг нь 5 000 төгрөгөөр зараад Түмний хишиг 0,5 архи авч уусан" /хх 22/ гэх мэдүүлэг, гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн "2017 оны 9-р сарын 04-ний өдөр 12-13 цагийн үед 50 орчим насны эрэгтэй орж ирээд приусын толь 8 000 төгрөгөөр авахуу гэхээр нь авахгүй гэсэн чинь гарч явчихаад эргэж орж ирээд нөгөө хоёр толио ширээн дээр тавиад за больё 5 000 төгрөгөөр авчих гэхээр нь авсан" /хх 115/ мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж үзэв. 
Шүүгдэгч ****нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь хавтас хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд сүүлд буюу ******* шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санал, прокурорын дүгнэлт "дуудсан цагт ирдэггүй, шүүхийн шийтгэх тогтоолд заасан хаягт оршин суудаггүй, санаатайгаар ял эдлэхээс зайлсхийсэн"-ийг үндэслэн тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 194 цагийн албадан ажил хийлгэх ялыг 24 хоног баривчлах ялаар сольсон болохыг дурдав. 

    Шүүгдэгч ****ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

    Гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд нийт 560 000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Х.****, ****нар нь алдагдсан толины хавтсаа эргүүлэн авсан болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож,  нөхөн төлөгдөөгүй 330 000 төгрөгийн хохирлыг хохирогч М.****д, 50 000 төгрөгийн хохирлыг хохирогч ****тус тус шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ. 

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн тус шүүхийн 2017.9.15-ны өдрийн 116 дугаар шүүгчийн захирамжаар /хх 124/ 2017.11.14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг, эрүүгийн *** дугаартай хэргүүдийг нэгтгэсэн /хх 53, 91, 199/ болохыг дурдав. 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ****бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ****8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  ****оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

    5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *** нийт *** төгрөг тус тус олгосугай.

    6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ****цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

    7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ

                       ШҮҮГЧ                         Б.НАЦАГДОРЖ