Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

О.Эрдэнэ, Ч.Нямбаяр, Ч.Бат, П.Пүрэвжав нарт 
холбогдох эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Н.Насанжаргал, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Б.Саруул-Ирээдүй
Шүүгдэгч О.Эрдэнэ
Шүүгдэгч О.Эрдэнийн өмгөөлөгч Б.Алтандөш, Д.Долгорсүрэн
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулууны даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/156 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн шүүгдэгч О.Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Эрдэнэ, Ч.Нямбаяр, Ч.Бат, П.Пүрэвжав нарт холбогдох 2022001280103 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: Гаажив овогт Оюунбилэгийн Эрдэнэ, 1988 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, артирийн болон буудлагын тасгийн ахлах засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар баг Чингийн 3-9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавья шагналгүй. /РД:ЗИ88092210/
Шүүгдэгч Тугалдай Чимэд овгийн Цэсрэнгийн Нямбаяр, 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатар хайрхны гудамж 794 тоотод байнга оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД:ЗМ890Э1215/ 
Шүүгдэгч Шарнууд овгийн Чанцалын Бат, 1985 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 9 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД:ЗЮ85022618/ 
Шүүгдэгч Гүн нуур овгийн Пэрэнлэйсамбуугийн Пүрэвжав, 1990 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айраг 4 дүгээр гудамжны 15 тоотод байнга оршин суух хаягтай урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД:3Ф90071238/ гэв.
Шүүгдэгч О.Эрдэнэ нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь хэсгийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг, “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэж байсан иргэдийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахууль авсан,
П.Пүрэвжав, Ч.Бат, Ц.Нямбаяр нар нь бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг, “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Гурвансайхан сум дахь хэсгийн цагдаа О.Эрдэнэд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. 

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч О.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Нямбаяр, Ч.Бат, П.Пүрэвжав нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.2-т зааснаар шүүгдэгч О.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Нямбаяр, П.Пүрэвжав, Ч.Бат нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2022001280103 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.Эрдэнэ, Ц.Нямбаяр, П.Пүрэвжав, Ч.Бат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 

Шүүгдэгч О.Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... анхан шатны шүүхийн энэхүү захирамжаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 202200180103 дугаартай хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн юм.
Би гэмт хэрэг үйлдээгүй ба энэ талаараа үнэн зөв мэдүүлсээр ирсэн.
 Анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлуудыг хэлэлцэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг буюу 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргах бүрэн боломжтой байхад ийнхүү миний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. 
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/156 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүх Дундговь аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтыг шалгаж үзэж хэргийн тал бүрээс нь шийдвэрлэх боломжтой байхад эрх зүйн байдлыг дордуулан хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцааж байгаа нь үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг дордуулах халтай шийдвэр гаргасан. Үйлчлүүлэгч маань энэ хэргийг үйлдээгүй гэдгийг анхнаасаа мэдүүлж ирсэн. Шүүгдэгч Пүрэвжав нь Эрдэнийг согтуу байхад нь машины урд хайрцагт 1.000.000 төгрөг хийсэн асуудал яригддаг. Нэг бол хийсэн ч юм шиг, нэг бол хийгээгүй ч юм шиг зүйлийг мэдүүлдэг. Харин Эрдэнэ тэр мөнгийг би аваагүй гэдгийг удаа дараагийн мэдүүлгээр хэлж ирсэн. Мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди гэмтэлтэй, үүнийг шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл байдаг. Энэ нь хууль журмыг зөрчсөн ажиллагаа болсон байдаг. Нотлох баримтыг цуглуулж бүрдүүлэхдээ хууль журмыг зөрчиж нотлох чанараа алдсан учир үйлчлүүлэгчийг маань гэм буруутайд тооцох боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцээд 36.2 дугаар зүйлд заасан шийдвэрийг аль нэгийг буюу 36.2 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар цагаатган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн 156 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, үйлчлүүлэгчид маань ашигтай шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Шүүгдэгч О.Эрдэнийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Нэмж гаргах тайлбар байхгүй гэв.

           Прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Уг хэрэгт Пүрэвжав мөрдөн байцаалтын шатаас шүүхийн шатанд хүртэл үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгсөн. Пүрэвжав нь Эрдэнэтэй уулзаж хууль бусаар ашигт малтмал олборлох яриа өрнүүлж үүнд байгаль орчны хамгаалагчийг татан оролцуулж зохицуулж өгнө ухааны зүйл ярьж хүмүүст итгэл төрүүлсэн үйл явдал тогтоогдож байна. Мөн Нямбаяр, Пүрэвжав нар машинтай ирээд Пүрэвжав буухдаа 1.000.000 авч буугаад Эрдэнэ машийнд суусан Пүрэвжав машийнд буцаж орж ирэхдээ мөнгөгүй орж ирсэн ийм нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайн үед ашигт малтмал хууль бусаар олборлох дуудлага орж ирсэн. Эрдэнэ зориуд архи ууж уг дуудлагад очоогүй. Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс зайлс хийсэн. Иймээс шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Эрдэнийн гомдолд үндэслэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/156 дугаар шүүгчийн захирамжийг хянав. 
           Шүүгдэгч О.Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар хахууль авсан гэмт хэрэгт холбогдсоныг Дундговь аймгийн Прокуророос хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ. 
           Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад О.Эрдэнэд холбогдуулсан хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар захирамжилсан байна. 
Шүүгдэгч Эрдэнээ шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, үнэлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлуудыг хэлэлцэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг буюу 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргах бүрэн боломжтой байхад ийнхүү миний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой. ...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ашигтайгаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 
           “Нийтийн албан тушаалтан” гэдэг хуульд заасан субьектийн эрх зүйн байдал, үүрэг хариуцлагатай холбоотой асуудлыг шалган тогтоолгох тухай үндэслэлийг зааж захирамжилсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс ... хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдлыг тогтоож, уг үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан, үйлдэлдээ шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэн тогтоосон шүүхийн шийдвэр гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлэх боломжгүй юм. 
            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гомдол гаргасан О.Эрдэнийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 
             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/156 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                           Ш.ТӨМӨРБААТАР

    ШҮҮГЧИД                           Н.НАСАНЖАРГАЛ

                                        Х.ГЭРЭЛМАА