Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

*******од холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Н.Насанжаргал, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Б.Саруул-Ирээдүй
Шүүгдэгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Даваажаргал /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч З.Ууганбаяр, З.Шүрэнчулуун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШТ/13 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******од холбогдох 2022002570001 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овогт *******ын *******, ******* өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, ******* мэргэжилтэй, Дундговь аймгийн ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн сумын тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: /
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сумын багийн тоотод хойд эцэг тэй маргалдсаны улмаас түүний биед халдаж алсан,
Мөн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сумын 6 дугаар багийн ы 23 дугаар гудамжны 6 тоотод хойд эцэг тэй маргалдаж түүний биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. 

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2022002570001 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт шилжүүлтэл яллагдагч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бид анхан шатны шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байна. 
Анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудлуудыг хэлэлцэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг буюу 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргах бүрэн боломжтой байхад ийнхүү шийдвэрлэсэнд гомдолтой байна.
******* би гэмт хэрэг үйлдээгүй ба энэ талаараа тодорхой хэлж мэдүүлсээр ирсэн ба дараах асуудлуудыг анхаарч үзэхийг хүсэж байна.
           1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.05-ны өдрийн 2021/ДШМ/10 дугаартай магадлал болон Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.08.18-ны өдрийн 2021/ШЗ/265 дугаартай захирамжид заасан заалт хангагдаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тухайд хэрэгт хяналтын прокуророос дахин шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2021.11.19-ний өдрийн 761 дугаартай дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтээр талийгаач Т.Оюун-Эрдэнийг амьсгал бүтэлтийн улмаас зүрх зогсож нас барсан, зүрхний эмгэгшил, ерөнхий судас хатуурах өвчтэй байсан нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн, талийгаач амьсгал бүтэлтэд орвол идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй гэсэн ба энэ нь ******* талийгаачийн амь насыг хохироогоогүй болохыг бүрэн илтгэж байна. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтээр механик буюу гадны ямар нэгэн нөлөөгөөр амьсгал бүтэлтэд орсон талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, “амьсгал бүтэлтийн улмаас” хэмээн тодорхой дүгнэсэн байдаг. Багалзуурдалт гэж 1 буюу 2 гарын тусламжтайгаар хүзүү болон хоолой хэсгийг дарж, амьсгал бүтэлт үүсгэхийг хэлдэг. Механик буюу багалзуурдалтын улмаас амьсгал бүтсэн тохиолдолд хүзүү хоолойд хумсаар зулгаралт, хурууны өндөгний даралтаар цус хуралт үүсдэг, хэлэн доорх яс, төвөнх мөгөөрс хугарч гэмтэх байдал үүсдэг онцлогтой байна. Иймээс багалзуурдалтаас үүссэн механик амьсгал бүтэлтийн гадна үзлэгийн онцлог нь хүзүү, гар болон биеийн бусад хэсэгт зулгаралт, шалбаралт, цус хуралт байгаа эсэхийг анхаарах шаардлагатай гэж онолын ном, зааварт дурдсан байна. Гэтэл эдгээр шинж. ул мөрүүд цогцсын гадна болон задлан шинжилгээ, хувцсанд хийсэн үзлэг шинжилгээгээр огт илрээгүй. 
     2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд зөрүүтэй, мөрдөгчийн ажиллагаа хууль зөрчсөн асуудлыг шалгах нь, мөн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд талийгаачийн нэрийг зөрүүтэй бичсэн нь хэргийг заавал прокурорт буцаан нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагагүй юм. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Долгормаа шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож тухайн үед юу болсон талаар, талийгаач гэртээ ороод ямар хугацаанд ямар үйл хөдлөл хийсэн, хэнтэй юу ярьсан талаар тодорхой мэдүүлсэн нь шинжээчдийн 2021.11.19-ний өдрийн 761 дугаартай дүгнэлттэй бүрэн нийцэж байна.
Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШТ/13 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
 
Шүүгдэгчийн ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс гомдлыг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна. Прокурорын дахин шинжээч томилох тогтоолоор шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээч нар энэ хэрэгт дүгнэлт гаргасан. Энэ дээр хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан. Түүний архаг хууч өвчин зүрхний өвчтэй байсан нь амьсгал хаагдахад нөлөөлсөн гэдэг дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон анхан шатны шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлэг мөн талийгаачид хийсэн үзлэг, талийгаачийн өмсөж байсан хувцас, шинжилгээ зэргээс *******ын үйлдэл нөлөөлөөгүй харин архаг хуурч өвчин нь нөлөөлсөн гэсэн тодорхой дүгнэлт гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс байцаалт авахдаа хохирогч хууль зөрчсөн талаар тусдаа шалгах боломжтой асуудал байх. Анхан шатны шүүхийн 13 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Даваажаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт амьсгал бүтэлтийн улмаас нас барсан гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүхийн шинжилгээний зааварт зааснаар амьсгал бүтэлт гэдгийг ялгаад механик амьсгалт бүтэлт гээд 2 төрлөөр ялгаж үзсэн. Шинжээчийн дүгнэлт дээр амьсгалт бүтэлт буюу цусны эргэлтийн хямлай гэж амьсгал бүтэлт байна гэх ийм агуулга бүхий дүгнэлт гаргасан. Гэтэл механик амьсгал бүтэлд боосон гэсэн зүйл тусгагдаагүй. Ийм эргэлзээ байхгүй шинжээчийн дүгнэлт гарсан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн. Иймээс шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв. 

Прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2021 оны 761 дугаартай дүгнэлтээр үхлийн шалтгааныг амьсгал бүтэлтээр улмаас зүрх нам зогсож нас барсан гэсэн. Харин зүрхний эмэгшилийн өвчтэй байсан нь нөлөөлсөн гэж бичсэн болохоос биш үхлийн шалтгааныг хамааруулж үзээгүй. Мөн өмнөх 762 дугаартай дүгнэлтийг 761 үндэслэлтэй гэж гаргасан. Уг 762 дугаартай дүгнэлтээр механик бүтэлтийн улмаас хохирогч нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Багалзуурдалтын ул мөр илрээгүй гэж байх шиг байна. Шинжээчийн дүгнэлт дээр энэ багалзуурдалтын улмаас гэсэн үг үсэг байхгүй. Харин ч дараагийн гаргасан дүгнэлтээр багалзуурдалт нь үндэслэлгүй байна гэж гаргасан. ******* нь тай маргалдаж цамцаар нь хоолойг нь боож амь насыг хохироосон байсан. Энэ үйл баримтыг гэрч Болд-Эрдэнэ мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Долгормаа нар мэдүүлсэн. Энэ хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн. Хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байсан. Үүнийг анхан шатны шүүх үнэлээгүй. Тухайн үед *******той маргалдсанаас өөр хүнтэй маргалдаагүй. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлгүүдээр шүүгдэгч нь хохирогчийн боомилж алсан нь хангалттай тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх хэргийг буцааж шийдвэрлэсэн. Ийм учраас шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг энэ удаагийн хурал дээр ярихгүй. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байгаа тул хэргийн анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

              Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******од холбогдох хэргийг хянаад гаргасан 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШТ/13 дугаар шүүхийн тогтоолыг шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хойд эцэг тай маргалдсаны улмаас түүний биед халдаж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 
  Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
             Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр прокурорт буцаажээ. 
             Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэхэд болон гэмт хэргийн нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлт зэрэг асуудлаар нэмэлт ажиллагаа хийлгэхийг шаардсан нь хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал, 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотлоход ач холбогдол бүхий зүйл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 
    Иймд шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзлээ. 
    Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохыг шаардсан бөгөөд энэ нь шүүхийн тогтоолын үндэслэл шийдвэрт хамаарахгүй гомдол гэж үзэх үндэслэлтэй. 
    Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлийг анхан шатны шүүхээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаагүй байхад шийдвэрлэх боломжгүй асуудал юм. 
    Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүхээс тогтов. 
    Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийг хэлэлцсэн атал шийдвэрлэсэнгүй, урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд баримтлах хуулийн заалтыг баримталж хэргийг прокурорт буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шинжтэйг анхаарах ёстой. Энэ асуудлаар давах гомдол гараагүй, эсэргүүцэл бичигдээгүй бөгөөд өөр үндэслэлээр гомдол гаргасан болохыг дурдаж шийдвэрлэв. 


            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШТ/13 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                                Ш.ТӨМӨРБААТАР

    ШҮҮГЧИД                                Н.НАСАНЖАРГАЛ

                                             Х.ГЭРЭЛМАА