Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0331/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б-холбогдох эрүүгийн 1718002960136 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар баг 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 325 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.Отгонжаргалыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 07-08-ны шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг 5 дугаар хорооллын 4-р байрны 325 тоотод эхнэр Ж.Отгонжаргалыг зодож "тархи доргилт, хүзүү хоолойны зүүн хэсэг, доод эрүүний орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Б-гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            ...Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хамт ажилладаг Цэнгэлбаяр, Эрдэнэбаяр хоёртой гэртээ архи хувааж уусан. Тэгээд тэр хоёр 15 цагийн үед явцгаасан. Тэр өдөр эхнэр маань 2 эгчтэйгээ хамт хөдөө явчихаад орой 23 цагийн үед ирсэн. Тэгээд эхнэрийгээ ирсний дараа байж байгаад өрөөндөө ороод унтаж байгаад шөнө сэрсэн чинь эхнэр хажууд байхгүй орондоо ганцаараа унтаж байхаар нь босоод хүүхдүүдийнхээ өрөөнд орсон чинь харин эхнэр маань газар ор засчихсан унтаж байсан. Тэгэхээр нь би эхнэрийгээ хажууд унтсангүй гэж уурлаад өшиглөөд авсан чинь эхнэр хүүхдүүд орлилдоод том өрөөнд унтаж байсан эгч нар нь хүрч ирээд уурласан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би архи дарснаас л болж ийм асуудал болчихлоо үүндээ одоо бол их харамсаж байна. Эхнэр бид хоёр намайг архи дарс уугаагүй, эрүүл байхад маргалдах энэ тэр асуудал гардаггүй, манай гэр бүлд тийм таагүй асуудал үүсч байгаагүй гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Ж.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

   ...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн 30 жилийн ой болохоор нь би өөрийн төрсөн эгч Тунгалаг, Долгорсүрэн нартай хамт явсан. Тэгээд орой 23 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр гэрт согтуу байдалтай байж байсан. Тэгэхээр нь орой болсон болохоор нь нөхөр Батмагнайг унтаж амраач гэхэд унтахгүй өрөө өрөө хэсээд эгчид загнуулаад яваад байсан. Тэгж байтал 2 эгч маань унтлаа гээд том өрөөнд ороод унтаад өгсөн. Харин манай нөхөр унтлагын өрөө рүү ороод хэвтээд өгөхөөр нь унтчихлаа гэж бодоод би хүүхдүүдийнхээ өрөөнд газар ор засаад унтаж байсан. Тэгтэл шөнө нөхөр маань хүүхдүүдийн өрөөнд орж ирснээ миний хөл рүү өшиглөхөөр нь би яасан бэ гээд сэрсэн чинь миний хөнжлийг сөхөөд үгийн зөрүүгүй миний гэдэс рүү хэвтэж байхад хөлөөрөө 1 удаа дэвсээд авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд орилоод босоод иртэл охин маань сэрээд босонгуутаа аавыгаа та яаж байгаа юм бэ ээжийг гээд тэврээд авчихсан. Манай нөхөр над руу чи миний хажууд унтдаггүй хэн бэ гээд гараа савахад миний хүзүү, толгой, нүүрний хэсэг таараад цохигдсон. Тэгтэл бага охин босож гүйгээд том өрөөнд унтаж байсан хоёр эгчийг сэрээгээд дагуулаад ирсэн. Тэгээд хоёр эгч түүнийг түлхээд коридор луу гаргахаар нь би утсаараа цагдаа дуудсан юм гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч Ж.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

Би 2017.10.07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд сургуулийн ойд оролцчихоод орой 22 цаг өнгөрч байхад дүү Отгонжаргалынд ирсэн. Тэгээд орой нь унтаж байсан чинь шөнө Отгонжаргал дүүгийн маань охин нь намайг дуудаад сэрээхээр нь боссон чинь гэрт нь 2 цагдаа ирчихсэн байж байсан. Тэгээд юу болсон талаар нь асуухад Батмагнай согтуу байсан болохоор эхнэрийгээ нэг өшиглөсөн юм шиг байна лээ тэгээд хүүхдүүд айж, уйлаад том өрөөнд унтаж байсан намайг сэрээсэн. Уг нь гайгүй л байдаг. Цохиж зодуулсан талаар нь өмнө сонсож байгаагүй. Тэр орой Батмагнайг согтуу болохоор нь цагдаа дуудаад өгөөд явуулсан байсан. Би түүнээс тэр болгон дүү Отгонжаргалындаа ирээд байдаггүй гэх мэдүүлэг /хх 26/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 875 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

“1.Ж.Отгонжаргалын биед тархи доргилт, хүзүү хоолойны зүүн хэсэг, доод эрүүний орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Ж.Отгонжаргалд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 28/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 39/ тогтоогдож, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ж.Отгонжаргалыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                                                                                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ