| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 2122002160007 |
| Дугаар | 2022/ДШМ/12 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/12
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч ******* /цахимаар/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч
Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/154 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн хохирогч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 2122002160007 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: овогт ын , 1974 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МNO ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын Дархан-Уулын дугаар гудамж 4 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: /
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь хэсэг “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 18.4 дэх хэсэг “Харанхуй үед гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.” гэх заалтуудыг зөрчиж 24-15 ТТА улсын дугаартай /SINOTRUCK/, маркийн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлөлгүй, мөн анхааруулах дохио хэрэглээгүйн улмаас араас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 23-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж *******гийн биед аксоны /мэдрэлийн эс/ тархмал гэмтэл, баруун хавирганы нум, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөгний цус хуралт бүхий хүнд хохирол, 23-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2122002160007 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг. Шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаасан үндэслэлдээ: ...шүүгдэгч автомашин нь эвдэрсний дараа аваарын дохио асаасан байсан эсэх, цаг хугацааны хувьд ослын тэмдэг байрлуулах боломжтой байсан эсэхийг тогтоох шаардлагатай. ...шүүгдэгч ******* нь "аваарын дохио асаасан байсан гэж, хохирогч "огт гэрэл байгаагүй" гэж зөрүүтэй мэдүүлж байгаа бөгөөд осол болох үед Таван толгой түлш ХХК-ний "53" гэсэн хувийн дугаартай шар өнгийн тээврийн хэрэгсэл ирж таарсан гэж шүүгдэгч мэдүүлснийг хохирогч үгүйсгэхгүй байна. Иймд уг тээврийн хэрэгслийн жолоочийг гэрчээр асууж, зам тээврийн ослын талаар тодруулах нь зүйтэй гэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:
1. 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад энэхүү осол гарсан. Би тухайн үед утасны сүлжээтэй байсан тул хадам ээжтэйгээ хаана явж байгаа талаараа яриад дууссаны дараахан энэ осол гарсан юм. Тухайн үед гадаа харанхуй байсан. Би нөхөртэйгөө юм яриад замаа хараад явж байсан. Талийгаач бид 2 тэр үед машин гүйцэж түрүүлэх үйлдэл огт хийгээгүй. Хохирогч ******* миний бие хэрэгт гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ " ...Осол болсны дараа харахад манай машин том оврын ачааны машины мөргөсөн байсан. Тухайн машин яагаад зам дээр зогсож байсныг мэдэхгүй. . Нөхөр бид хоёр тухайн үед зам хараад явж байсан боловч машиныг хараагүй. Тухайн автомашинд ямар ч гэрэл ойлгогч байгаагүй мөн ослын тэмдэглэгээ ч байрлуулаагүй байсан. Ядахдаа тэр жолооч аваарын гэрлийг асаачихаж болоогүй юм байхдаа гэж гомддог юм. ... Өөдөөс машин тэрэг ирээд гэрлийн гялбаанд орсон асуудал байхгүй. Талийгаач бид хоёр хамгаалах бүс зүүсэн байсан ..." талаараа үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн.
2. 24-15 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгсэл аваарын гэрлээ асаасан, ослын зогсолтын анхааруулах тэмдгээ зам дээр тавьсан байсан бол талийгаач бид хоёр харах ёстой. Ямар ч гэрэл байхгүй байсан. Би энэ талаар тодорхой мэдүүлсэн байхад шүүхээс миний мэдүүлгийг эргэлзээтэй байдлаар үнэлж, шүүгдэгч *******гийн мэдүүлгийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь хэт нэг талыг барьсан байна.
3. *******гийн унаж явсан 24-15 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй, ослын зогсолтын тэмдэг ч байхгүй байсан болох нь *******гийн өөрийнх нь мэдүүлэг, гэрч Х., У., гэрч, хохирогч ******* миний мэдүүлгүүдээр тогтоогдсон байгаа. Зам тээврийн осол гарсан шалтгаан ослын зогсолтын тэмдэг, анхааруулах дохио хэрэглээгүйгээс гарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
4. Таван толгой түлш ХХК-ний "53” гэсэн хувийн дугаартай шар өнгийн тээврийн хэрэгсэл ирсэн, энэ машиныг манай машин гүйцэж түрүүлсэн талаар мөрдөн байцаалтын шатанд нэг ч яригдаж байгаагүй. Осол болсны дараа ухаан ороод би өөрөө машинаасаа буухад тэнд байсан том оврын машины жолооч нар тойроод зогсчихсон байсан. Энэ хүмүүс бол осол болсноос хойш ирсэн хүмүүс. Бусдаар тэр “53” гэсэн хувийн дугаартай машины жолооч ослыг хараад зогсож байсан юм биш. Энэ машин бидний араас ирсэн байлаа гэхэд 24-15 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгсэл аваарын гэрлээ асаасан байсан эсэхийг харах боломжгүй. Шүүгдэгч В.Эрдэнэ болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал дээр шаланз маркийн автомашины жолооч 5 цагийн турш хамт байсан мэтээр ярьж байснаа гэм буруугийн шүүх хурал дээр өөрөөр ярьдаг. "53” хувийн дугаартай автомашины жолоочийг гэрчээр асуулгахаар буцааж байгаа нь хэргийн бодит байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтооход хамааралгүй юм.
Хоёр. *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт заасан хэрэгт нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг бичгийн нотлох баримтаар шүүгдэгч В.Эрдэнэ нь замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй, аваарын гэрэл асаагаагүй, анхааруулах дохио хэрэглээгүйн улмаас осол гарсан болох нь тогтоогдсон.
Гэтэл шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан 3 дахь үндэслэлдээ: "... Өөрөөр хэлбэл Монголын улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтаар тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт"-г баталсан бөгөөд уг жагсаалтад тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй , үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур бохирдсон буюу байхгүй болсон" тохиолдлыг хамруулахаар заасан байна гэдэг үндэслэлээр буцаасан нь ойлгомжгүй байна.
Хохирогч ******* миний хувьд мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгүүдэд "осол болох үед зам дээр тухайн автомашины ямар ч гэрэл харагдаагүй, осол болсны дараа ухаан ороод машинаас гарч ирэхэд олон машин, жолооч нар тойроод зогссон байсан” талаар хэлсэн. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны шатанд осол болоод гараад ирэхэд хүчээр 2 хүн байсан мэт тулгаж асуусан. Мөн шүүгдэгч мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүх хуралдааны шатанд хүртэл мэдүүлэг нь маш зөрүүтэй байхад өөрийгөө хамгаалж худал хэлэх эрхтэй хүний мэдүүлгийг, хохирогчийн мэдүүлэгтэй харьцуулж зөрүүтэй талаар шүүхээс дүгнэлт хийж хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/154 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...“Хэргийг прокурорт буцаах тухай" 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/154 дугаартай шүүгчийн захирамжид доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.
1.Шүүгдэгч автомашин нь эвдэрсний дараа аваарын дохио асаасан байсан эсэх, цаг хугацааны хувьд ослын тэмдэг байрлуулах боломжтой байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Гэрч ийн “17-18 цагийн орчимд засаж дуусаад захирал руу залгаж асуухад захирал “хөдөлгө” гэсэн гэх мэдүүлэг хэргийн 1-р хх-ийн 57 хуудсанд авагдсан бөгөөд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цаг 23 минутад 1-р хх-ийн 4-р талд хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл Алтангэрэлийн захиралтайгаа утсаар ярьсан гэх цаг хугацаанаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах хүртэл ямар хугацаа өнгөрсөн, шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцсоноос хойш мотор зуурч зогсох хүртлээ 500-1000 метр орчим газрыг 2415 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ямар хугацаанд туулах боломжтой зэрэг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэжээ.
Гэрч ийн ”17-18 цагийн орчимд засаж дуусаад захирал руу залгаж асуухад захирал “хөдөлгө” гэсэн гэх мэдүүлэг хэргийн 1-р хх-ийн 57 авагдсан, мөн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цаг 23 минутад 1- р хх-ийн 4-р талд авагдсан байна.
Дээрх баримтуудаас үзэхэд шүүгдэгч г 17-18 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоод 19 цаг 23 минутад осол гарсан гэж үзвэл шүүгдэгч ******* нь 500-1000 метр замыг багадаа 1 цаг 20 минут, ихдээ 2 цаг 20 минут явсан байж болохоор байна. Гэтэл энэ 1-2 цагийн хугацаанд энгийн автомашинаар 200-300 километр туулах хугацаа харагдаж байна. Тэгэхээр шүүгдэгч *******гийн хувьд аваарын гэрлээ асаах битгий хэл, ослын гурвалжин тавих ч боломжтой цаг хугацаа энэ хүний хувьд байсан гэж хавтаст хэргийн материалаас хангалттай харагдаж байна. Шүүхээс тодруулах шаардлагатай гэж үзээд байгаа дээрх цаг хугацааг хавтаст хэргийн материалаас тооцоолоод гаргаад ирэх боломжтой бөгөөд заавал хэргийг прокурорт буцааж шалгах шаардлагагүй гэж үзэж байна.
2. Мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар шүүгдэгч ******* нь “аваарын дохио асаасан байсан" гэж, хохирогч "огт гэрэл байгаагүй” гэж зөрүүтэй мэдүүлж байгаа бөгөөд осол болох үед Таван толгой түлш ХХК-ийн "53" гэсэн хувийн дугаартай шар өнгийн тээврийн хэрэгсэл ирж таарсан гэж шүүгдэгч мэдүүлснийг хохирогч ******* үгүйсгэхгүй байна. Иймд уг тээврийн хэрэгслийн жолоочийг гэрчээр асууж зам тээврийн ослын талаар тодруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ... яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээхгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй тийм дээ ч мөрдөн байцаалтын шатанд огт ярихгүй байсан 53 дугаартай ачааны автомашины талаар хэрэг шүүхэд шилжиж ирсэн дараанаас ярьж эхэлдэг.
Харин хохирогч *******гийн хувьд осол болсноос хойш 7 цагийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэг 1-р хх-ийн 21-22 хуудас, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэг 1-р хх-ийн 25-26 хуудас, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хууль сануулж авсан мэдүүлгүүдэд 2415-ТТА автомашиныг аваарын гэрлээ асаагаагүй байсан талаар тууштай үнэн зөв мэдүүлдэг.
Анхан шатны шүүхээс үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй шүүгдэгч *******гийн мэдүүлэг болон үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн хохирогч гийн мэдүүлэг зөрүүтэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэж үзэхээр заасан.
Гэтэл шүүгдэгч *******гийн өмгөөлөгч шүүх хуралдаан эхлэхэд 10 минут хойшлуулах хүсэлт гаргаж, хэзээ, хаана, хэн авсан нь буюу эх сурвалж нь тодорхойгүй, чанарын шаардлага хангахгүй бүрсгэр, 53 гэсэн дугаартай автомашин гэж тайлбарлаж байгаа боловч дугаар нь харагдахгүй машины зургийг хавтаст хэргийн материалд гаргаж өгч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх журам зөрчсөн гэж үзэж байна.
Шүүгдэгч талаас гаргаж өгсөн зураг нь чанарын шаардлага хангахгүй байхад шар өнгийн тээврийн хэрэгслийг “Таван толгой түлш” ХХК-нд харьяалагддаг “53” гэсэн хувийн дугаартай автомашин гэдгийг хаанаас ямар мэдээллийн эх сурвалжаас аваад байгаа нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл тyxайн осол болох үед ямар компаний харьяатай автомашин гэдгийг асуугаад зогсож байсан юм уу гэх эргэлзээ төрч байна.
Шүүгдэгч ******* нь осол болох үед аваарын гэрлээ асаасан байсан бол өөрийн буруугүйг гэрчлэх гэрчээ анх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө огт хэлээгүй байж, өмгөөлөгч аваад шүүхэд хэрэг шилжиж ирэхэд ярьж эхэлсэн нь *******г үнэн зөв ярьж байгаа гэж үзэх боломжгүй байна.
Хохирогч ******* хууль сануулж өгсөн мэдүүлгүүддээ осол гарах үед ямар ч ачааны автомашиныг гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээгүй гэдгийг мэдүүлдэг болно.
Иймд тухайн хавтас хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг нотолсон гэж үзэж байгаа тул Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/154 дугаартай прокурорт буцаах тухай шуугчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би нэг ч худлаа хэлээгүй үнэн зөв хэлсэн. Машин зогсож байхад эрдэнэ мэт амиараа төлсөн би өөрөө хажууд нь сууж байсан. Нэг ч гэрэл асаагүй байхад ослын дараа гэрлээ асаасан гэж хэлж болдог юм уу. Анхан шатны шүүх хурал дээр зураг аваад ирье гээд шүүгчээс зөвшөөрөл аваад гарсан. Тэр зураг нь ямар ч шаардлага хангагүй зураг гаргаж ирсэн 53 гэсэн дугаар нь ч харагдахгүй хаанаас ямар нотлох баримт гаргаж ирчхээд хэнээс юу хаанаас мэдүүлэг авхуулах гээд байгаа юм. Бид нар ар гэртэй хүүхэдтэй нааш цааш зөндөө ирж байна. Яагаад бид нарыг зовоогоод шүүн таслах ажиллагаанд саад учруулаад байгаа юм бэ. Бид нарыг шүүх хурал дээр удаан хүлээлгэсэн. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй гэв.
Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж нэг тайлбар хэлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 53 дугаартай зураг байдаг. Тухайн зураг дээр авто машин нь замын хойд талд баруун тийш хараад зогссон жижиг машины цааш талд зогсож байсан. Жижиг нь машинаа мөргөөд замынхаа хойд талд зогсож байсан. Тухайн машин араас нь биш урдаас нь ирж байсан нөхцөл байдал харагддаг. Тухайн зургийг хэн авсан бэ гэхээр иргэний хариуцагч авсан гэсэн тайлбарыг хэлдэг. Иргэний хариуцагчийг мэдүүлэг өгөхөд би тухай бүрд нь сонсоход хажууд нь 3-аас 4 цаг байж байгаад машин явсан гэж хэлдэг. Осол болоход тэр машин байсан гэдгийг нотлох үндэслэл хууль зүйн үндэслэлгүй юм. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэрэнцоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Энэ хүний мөргөсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Монголчууд ярьдаг овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ гэдэг. Тэр хүн гэрлээ асаагаад ослын тэмдгээ тавьсан байсан бол энэ хүн нөхрөө алдаж би дүүгээ алдахгүй байсан. Шүүгдэгч маань миний зөв би гэрлээ асаасан байсан гэж ярьж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Монгол улсын шүүх маань хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөх байх гэдэг дээр найдаж байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд гомдол гаргаагүй гэхдээ 2022 оны 3 сарын 25-ны өдрийн 154 дугаартай шүүгчийн захирамж хэргийг прокурорт шилжүүлэх нь үндэслэлгүй юм гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй. Гэтэл хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдолтой санал нэг байна. Шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх ёстой байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр болон Уранчимэг нар нэг машины талаар яриад байна анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө тэр зургийг гаргаж өгөх нөхцөл бололцоогоор хангаж байгаад ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй зураг гаргаж ирээд анхан шатны шүүх хангаж ирээд нотлох баримтын шаардлага хангахгүй зүйл гаргаж ирээд тэрийг нотлох баримтаар хангаж ирээд 5353 дугаартай жолоочийг гэрчээр асуулгах нь зөв юм гээд хэргийг мөрдөн байцаалтын шат руу буцаасан гэж 2 дугаар үндэслэлээ тайлбарласан нь анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж дүгнэлт хийсэн гэж Мөнхтуяа өмгөөлөгч болон нар тодорхой ярьж байна. Энэ баримтын хүрээнд хэргийг шийдэх хэрэгтэй гэж байхад анхан шатны шүүх хаанаас нь мэдэхгүй нэг зураг гаргаж ирээд энэ зураг дээрээ дүгнэлт хийгээд шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар 2зүйлд зааснаар гэмт хэргийн талаар нотлогдвол зохих байдал энэ хэргийн хүрээнд нотлогдсон. Хавтаст хэрийн 105 дугаар хуудсанд шинжээч Намхайжамцын дүгнэлт байдаг. Энэ дүгнэлтээр 2415 ТТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсохыг хориглосон газар зогссон байна. Тэгсэн мөртлөө аваарын гэрлээ асаагүй, ослын тэмдгээ тавиагүй байна энэ нь өөрөө осол болох шалтгаан нөхцөл байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож өгсөн. ослын гэрлээ асаасан байсан боловч хохирогч ослын гэрлээ асаагаагүй байсан гэж зөрүүтэй мэдүүлж байна. Хавтаст хэргийн материалын 8 дугаар талд хэргийн байдлыг харуулсан номер 1 дугаартай зураг байгаа. Энэ зураг дээр шүүгдэгч аваарын гэрлээ асаагүй байгаа яг цагдаагийн бие бүрэлдэхүүн очоод авсан хамгийн анхны зураг. Энэ гэрэл ассан асаагүй тал дээр 5353 дугаартай жолоочийг гэрчээр асууна гэж байгаа нь энэ хэргийг шүүх шийдвэрлэх зарчмаа алдагдуулсан гэдэг дээр гомдолтой байна. Хэргийн газар дээр үзлэг хийхийн тулд энэ зургуудыг авсан. Мөн хавтаст хэргийн материалд цагдаагийн газар хамгаалалтаар очсон , Энх-Амгалан, Хянхярваа нарын гэрчийн мэдүүлэг байгаа. Угаасаа энэ машин ослын гэрлээ асаагаагүй, ослын тэмдгээ тавиагүй нь энэ хэрэгт тодорхой харагдаж байна. Хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй нөхцөл байдал дээр буцааж байгаа нь үндэслэлгүй юм. 2425 гэсэн улсын дугаартай осол гаргасан машин орон нутгийн замд явах зөвшөөрөгдөх боломжтой юм уу гэдэг байдлаар шүүх буцаасан. Буцааж байгаа 3 дахь үндэслэлээ шүүх 2 өөр нөхцөл байдлаар тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яагаад 53 дугаартай машиныг асуух нь эргэлзээтэй байгаа юм бэ гэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал дээр оролцож байсан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Уранчимэг гэдэг цахимаар орж ирээд араас машин ирж байгааг миний үйлчлүүлэгч машины дунд толинд хараад байж байсан гэсэн энэ шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх гэж найдаж байна. Гэтэл энэ машины ерөнхий байдлыг харуулсан зураг хавтаст хэргийн 115 дугаар талд байгаа. Энэ том машинд дунд талын толь гэж байхгүй, дунд талын толиндоо арагшаа хараад байх боломж байхгүй. Энэ машин орон нутгийн тээвэрт явах боломжгүй. Ийм учраас хэтэрхий нэг талыг барьсан шүүгдэгчийн үгэнд итгэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгчийн 154 дугаартай захирамж хууль үндэслэлтэй гарсан гэж бодож байна. Нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй гэж гарсан гэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Захирамжид дурдсан зүйлийг нэмж шалгах шаардлагатай. Мөрдөн байцаалт прокурорт буцсаны дараа шалгуулах зүйлүүд байгаа. Зураг дээр байгаа 53 дугаартай тээврийн хэрэгсэл таван толгой логотой энэ байгууллагын тээврийн хэрэгсэл болох нь тодорхой байна. Хэргийн газар осол болоход байсан мөн хохирогчийн машиныг татаж талийгаачийг амьд хавчуулагдсан байхад аврах ажиллагаанд оролцсон тээврийн хэрэгсэл байсныг Уранчимэг өмгөөлөгч маань гаргаж өгч энэ тээврийн хэрэгслийн жолооч ямар хүн байсан талаар мэдэж жолоочийг гэрчээр асуулгах саналыг шүүх хуралд тавьсан байсан. Иймээс анхан шатны шүүхийг шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Шүүгчийн захирамжид заавал мөрдөн байцаах шат руу буцаагаад нөхөн гүйцэх боломжгүй ажиллагаа биш байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн шийдэх боломжтой байна гэж миний зүгээс харж байна. Шүүгдэгчийн мэдүүлэг болон аваарын гэрлээ асаасан асаагүй гэж зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар *******д холбогдох 2122002160007 тоот хэргийг хянаад гаргасан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/154 дугаар шүүгчийн захирамжийг хохирогч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлын дагуу хянав.
Шүүгдэгч ******* нь 2021 он.ы 11 дүгээр сарын 04-ний орой тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гарч бусдын амь нас хохироосон, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцээд, гэрч асуух зэрэг хэд хэдэн үндэслэл зааж мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг хохирогч *******, хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхтуяа нар үндэслэлгүй буцаасан хэмээн гомдол гаргажээ.
Хохирогч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч нь нотлох баримт сэлт гаргаж өгөх шалгуулахаар хүсэлт гаргах зэрэг эрхийг эдлэх ёстой. Энэ эрхийг мөрдөгч, прокурорт гаргахаар заажээ.
Энэ эрхийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд эдэлж болох эсэх талаар хуульд тодорхойлоогүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлуудын дараалалд байгаа .... ч энэ хэргийн хувьд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч тал түүний өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, гэрч асуулгах талаар тавьсан хүсэлт зэргийг хэлэлцжээ.
Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан мэтгэлцээн нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд явагдахаар хуульчилсан.
Яллагдагч талын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тавьсан хүсэлт нь хавтаст хэрэгт авагдаагүй шинээр гэрч асуулгах хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тавьсан байх бөгөөд анхан шатны шүүх үүнийг хянан үзээд үндэслэлгүй гэж үзэж татгалзаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцжээ.
Шүүх хуралдаанаас хэргийг буцаасан асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагч талаас тавьсан асуудлыг шийдвэрлэсэн атлаа гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан дээр гэрч асуулгах, болон гэрэл дохио асаасан эсэх асуудлыг дахин хэлэлцээд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлгүй, урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаасан заалтыг баримтлан хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэв.
53 дугаартай машины жолоочоос зам тээврийн ослын талаар тодруулах нь зүйтэй гэсэн боловч ослын талаар хэзээ болсон ямар үйл баримт эргэлзээтэй гэж үзэж тодруулах гэж байгаа, энэ нь хэрэгт ямар ач холбогдолтой үндэслэл заагаагүй байна.
Хохирогч *******, яллагдагч ******* нар нь осол болох явцад 53 дугаартай машин байсан талаар мэдүүлээгүй, харин осол болсны дараа хохирогчид тусламж үзүүлэх үйл явцад байсан талаар мэдүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд боломжгүй байсан тухай үндэслэл заагаагүй байна.
Иймд хохирогч талын зүгээс тавьсан гомдлыг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/154 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
Х.ГЭРЭЛМАА