Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0323/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О,

Хохирогч Э-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б- холбогдох эрүүгийн 1718002320091 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Боржигон Чойжилын Болдбаяр, 1980 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Мандал овоогийн 32-02 тоотод оршин суух, “Мөнгөн элсний шим” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ОД80021812 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Ч.Болдбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлын 5 давхрын 5 тоот өрөөнд иргэн Э-ыг “юм яриулахгүй урдуур орж ярилаа” хэмээн зүүн хөлийн шилбэ хэсэг рүү нь өшиглөж /хавирч унагаан/ Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Болдбаяр нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлын 5 давхрын 5 тоот өрөөнд иргэн Э-ыг өшиглөж эрүүл мэндэд нь "зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү хугарал" бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Ч.Болдбаярын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            ...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би Дархан-Уул аймгийн Дархан суманд манай Бямбасүрэнгийн замаскны үйлдвэрт бутлуурын суурийг нь бэхэлж өгөх ажил хийх гэж хүргэн Бат-Эрдэнийн хамт ирсэн. Тэгээд 2017 оны 9-р сарын 25-ны өдөр ажлаа хийж дуусгаад хүргэн Бат-Эрдэнийг оройдоо буцааж би өөрөө байрлаж байсан буудалдаа үлдсэн. Би Дарханд ирээд Скай гэдэг зочид буудалд байрласан. Тэгээд 2017 оны 9-р сарны 25-ны орой намайг Бямбасүрэнгийн үйлдвэрт байж байхад 19 цагийн үед Бямбасүрэн надтай ажлынхаа гүйцэтгэлийн талаарх тооцоогоо хийх гэж ирсэн. Тэгж ирэхдээ Бямбасүрэн нэг хүнтэй хамт ирсэн. Тэгээд Бямбасүрэн ирэхдээ Чингис нэртэй 1 литрийн архи авч ирсэн. Тэр авчирсан архийг нь Бямбасүрэн, тэр дагуулж ирсэн хүнтэй хамт бид гурав хувааж уусан. Тэр архийг нь ууж дуусчихаад бид гурав ажлаасаа гараад миний байрлаж байгаа буудал руу явсан. Явж байх замдаа Бямбасүрэнгийн дагуулж явсан хүн нь Микрын тэнд нэг байранд айл руу орох гээд очсон нь хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд тэр хүн Бямбасүрэн бид хоёртой хамт миний байрлаж байгаа буудалд ирсэн. Тэгээд бид гурав буудал дээр очоод Бямбасүрэн дахин нэг шил 0,75 граммын Чингис гэдэг архи аваад бид гурав буудлын өрөөнд хувааж уусан. Архи ууж байхдаа тэр Бямбасүрэнтэй явж байсан хүн өөрийгөө Энхбаатар гэж хэлж байсан. Тэр Энхбаатар гэдэг хүн Бямбасүрэн бид хоёрыг архи ууж байхад хүнтэй мөнгө төгрөгний талаар, шорооны талаар утсаар яриад байсан.Тэгсэн тэр Энхбаатар гэдэг хүн сүүлдээ хүүхэн дуудна гээд Бямбасүрэнтэй яриулаад байхаар нь би Энхбаатар гэдэг хүнийг “Ах би унтаж амармаар байна. Хөгшин хүн байж ямар бүдүүлэг юм“ гэж хэлээд хаалгаар гараад явах гэж байхад нь би араас нь хувцаснаас нь зүүн мөрөн дээрээс нь татаад хавирчихсан чинь унаад би дээрээс нь дараад уначихсан. Тэгсэн чинь Энхбаатар ах хөл хугарчихлаа гэж хэлсэн. Тэгээд Бямбасүрэн Энхбаатарын хөлийг нь үзээд хугарчихсан байна гэж хэлээд эмнэлэг цагдаа руу дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Э-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

   Өнөөдрийн шүүх хуралдаанд Ч.Болдбаяр нь өөрийгөө хамгаалсан байдлаар болсон үйл явдлыг ярьж байна. Бид хоёрын дунд хувийн өс хонзонгийн ямар ч асуудал байхгүй. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Нарны титэм" ХХК-тай замаскний гэрээ байгуулсан. Ингээд гэрээнийхээ дагуу Бямбасүрэн гэдэг залуутай утсаар ярьж 25 тонн нунтаг авахаар болсон. Худалдаж авах гэж байгаа нунтагаа үзэхээр 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дарханд таксигаар ирсэн. Намайг Бямбасүрэн гэдэг залуу хуучин авто вокзал дээрээс ирж тосож авсан. Ингээд Бямбасүрэн бид хоёр нунтагны дээж үзэхээр үйлдвэр дээр очиход Ч.Болдбаяр хэдэн залуучуудын хамт архи уугаад сууж байсан. Бямбасүрэн бид хоёрыг үйлдвэр рүү дээж үзэхээр явж байхад Ч.Болдбаяр нь Бямбасүрэн рүү залгаад чи яасан уддаг юм бэ ам хатаж үхлээ гэж байсан. Тэгээд Бямбасүрэн "Ховд" нэртэй дэлгүүрээс 0,75 граммын архи авсан. Би авсан архинаас нь 1-2 хундага татсан. Ингээд архи ууж дуусчихаад таксины жолооч ирсэн. Нэг залуу нь замдаа буусан. Харин Бямбасүрэн манай ажилчид буудалд байрлаж байгаа та тэнд очоод хоночих гэж хэлсэн. Такси ч “Sky” гэсэн нэртэй буудлын гадаа зогссон. Тус буудлын 5 давхрын нэг өрөөнд ороход Бямбасүрэн дахиад нэг шил 0,75 граммын архи авчихсан байснаа гаргаж өгсөн. Ч.Болдбаяр анхнаасаа намайг оролдоод байсан. Тэгэхээр нь би эвгүй залуу байна гэж бодож байгаад 11:45 цагт буудлаасаа Энхбаяр гэдэг залуутай утсаар ярьсан. Энхбаяр бид хоёр 30 минут ярьсан. Мөн эхнэртэйгээ буудал олдохгүй байгаа талаараа залгаж хэлсэн. Ингээд эргээд буудлынхаа өрөөнд ороход Ч.Болдбаяр чи ямар даварсан пизда вэ чи түрүүлж юм яриад байхын би яагаад юм ярьж болдоггүй юм бэ гэж хэлээд босч ирээд зүүн хөл рүү өшиглөсөн. Намайг өшиглөхөд нь би зогсож байсан газраа унасан. Тэгээд цагдаа болон буудлын жижүүр ирээд намайг эмнэлэгт шөнө хүргэж өгсөн. Шүүгдэгч Ч.Болдбаяр намайг доромжилсон. Намайг эмнэлэгт хэвтэж байхад ирчихээд хэдэн төгрөгний эмчилгээний зардал гаргасан гэж асуухаар нь 750 000 төгрөг болсон гэхэд яваад өгсөн. Эргэж ирээгүй нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй. Миний хөл хугараад 20 см зөрүүтэй хоёр хугаралтай. Би 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт хагалгаанд ороход таних айл байхгүй байсан болохоор зөөврийн хоол авсан. Одоо сар гаран болж байхад бүрэн эдгээгүй. Миний хөл одоо гипстэй байгаа. Одоо би Төв аймгийн эмнэлэгт хяналтанд байгаа. Би 750 000 төгрөгөөр хагалгаанд орсон, хоол унд, эм, тарианы төлбөрт 580 000 төгрөг, гэрээ байгуулсан компани гэрээний алданги 166 500 төгрөг, 1310 ширхэг уут замаскийг 5000 төгрөгөөр зарна гэхээр 5 550 000 төгрөгний борлуулалт хийх ёстой. Түүний 40 хувь болох 2 220 000 төгрөгийг нэхэмжилж байна. Өчигдөр Улаанбаатар хотоос ирэхэд унааны болон хоолны зардал 82 000 төгрөг гарсан. Ингээд нийт 3 308 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ч.Болдбаяр надад нэг ч төгрөг өгөөгүй, уучлалт гуйгаагүй учраас гомдолтой байна гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...2017.9.25-ны өдрийн орой ажлаа дуусгаад найз Болдоогийн хамт ажил дээрээ нэг шил 1 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уугаад сууж байхад Энхээ ах надаас замаскны нунтаг авах гээд ирсэн. Ингээд Энхээ ах, Болдоо бид 3 архиа хувааж уугаад нэмж нэг шил Соёрхол архи аваад Болдоогийн байрлаж байсан Скай зочид буудалд ороод авсан архи Болдоо, Энхээ ах бид 3 хувааж уугаад сууж байхад Энхээ ах Болдоог юм яриулахгүй урдуур нь орж яриад байсан.Тэрэнд нь Болдоо уурлаад тэр хоёр маргалдаж эхэлсэн. Ингээд Энхээ ах би явлаа гээд босоод өрөөний үүд рүү явсан. Тэгэхэд Болдоо араас нь босоод Энхээ ахыг татаж тэр хоёр барилцаж аваад давхралдаад газар уначихсан. Энхээ ах доор нь ороод Болдоо дээр нь уначихсан. Би босож очоод Болдоог татаж холдуулаад Энхээ ахыг босгох гэсэн чинь Энхээ ах миний хөл хугарчихлаа гэхээр нь зүүн хөлийг нь харсан чинь шилбэ орчмоороо хөхөрсөн байсан. Тэгээд эмнэлэг рүү дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /хх 11/,

 

Гэрч Б.Бямба-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн:

 

...2017 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр Болдбаяр гэж хүн манай Скай зочид буудлын 5 давхрын 5 тоот өрөөнд 3 хоногийн хугацаатай буудалласан. Ингээд би 2017 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр ээлжтэй байхад Болдбаяр танихгүй хоёр хүнтэй 21 цагийн орчим өрөө рүүгээ орсон. Өрөөндөө 22 цагийн орчим 30 ширхэг бууз авъя гэж захиалга өгөөд би эхний ээлжинд 24 ширхэг бууз өрөөнд нь оруулж өгөхөд Болдбаяр дагуулж ирсэн хоёр хүнтэйгээ архи уугаад сууж байсан. Би буузыг нь оруулж өгөөд гарсан бөгөөд 25 минутын дараа үлдсэн 6 ширхэг буузаа оруулж өгөх гээд 5 тоот өрөөнд ороход хаалга нь онгорхой гадна хаалганаас 4 метр орчмын зайд нэг настай ах газар хэвтээд би татах гээд байна гэж хэлж байсан бөгөөд тэр ахын хажууд нь Болдбаяр суугаад утсаараа дуудлага өгч байсан. Би хаашаа дуудлага өгч байгааг нь мэдээгүй. Тэгээд би буузыг нь оруулж өгөөд гарсан. Тэгээд би гадаа тамхи татаад зогсож байхад түргэний машин ирээд надаас дуудлага өгсөн хүн хаана байгаа вэ гэж асуухаар нь би дагуулж гараад 5 давхрын 5 тоот өрөөг зааж өгсөн бөгөөд би носилки дээр тэр настай ахыг гаргаад түргэний машинд суулгаж өгсөн. Шатаар буулгаж байхад Болдбаяр луу уурлаад чи миний хөлийг хугалчихлаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 14/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны 969 дугаар дүгнэлт:

 

“1.Э-ын биед зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү хугарал тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Э-т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэжээ /хх 17/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Э- нь эмчилгээний болон бусад зардалд 1 422 000 төгрөг, гэрээний торгууль 166 500 төгрөг, компанийн замаскнаас олох алдагдал 2 220 000 төгрөг, нийт 3 808 500 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон түүнтэй холбоотой, унааны зардал 1 309 099 төгрөг нь бичгийн нотлох баримтын хуулийн шаардлага хангасан гэж үзэн хангаж, эмчилгээний болон хоол унааны бусад зардал гэх 112 901 төгрөг, гэрээний үүрэгтэй холбоотой олох ёстой байсан орлого буюу торгууль гэх 2 366 500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.   

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 28-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Болдбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Болдбаярт оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ч.Болдбаяр нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б- 1 309 099 /нэг сая гурван зуун есөн мянга ерэн ес/ төгрөг гаргуулж Төв аймаг Зуунмод сумын 1-р багийн 14А тоотод оршин суух Алтангэрэлийн Энхбаатар /РД:НЮ63102574/-т олгосугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг,

            хохирогч Э- нь олох ёстой байсан орлого, торгууль гэх 2 366 500 төгрөг, эмчилгээний болон бусад зардал гэх 112 901 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ