Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0335/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О,

Шүүгдэгч Б-нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б- холбогдох эрүүгийн 1718003070122 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, БЮ97031822 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б-нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Г.Батцэцэгтэй маргалдаж, улмаар Дархан сумын 9 дүгээр баг, 4-3 дугаар байрны гадаа Г.Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б-нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн 4-3 дугаар байрны гадна иргэн Г.Батцэцэгтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Б.Батхишигийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            ...2017 оны 9-р сарын 04-ний өдөр манай нөхөр гэртээ ирж хоноогүй. Тэгээд нөхрийнхөө араас утасдаад асуухад Батцэцэгийн гэрт хоносон гэдгээ хэлсэн. Тэгээд би 2017 оны 9-р сарын 05-ний өдөр сэтгэл санаа жаахан тавгүй байсан учраас найз Гэрэлцэцэгийг гэртээ дуудаад болсон асуудлаа ярьж би 2 лааз пиво уусан. Тэгээд Батцэцэгийн гэрийн хаягийг хамт хоносон хүмүүсээс нь асууж байгаад мэдсэн учраас Гэрэлцэцэгтэй хамт Батцэцэгийн гэр болох Хээтэй хорооллын 4/3-р байранд очсон. Гэрт нь жаахан хүүхэд энэ тэр байсан учраас гадаа гарч учраа олъё гээд Батцэцэг Гэрэлцэцэг бид гурав 4/3-р байрны гадаа гарсан. Тэгээд Батцэцэгээс өчигдөр юу болсон талаар нь асуугаад яагаад танайд хоносон энэ тэр гээд асуухад Батцэцэг тодорхой зүйл ярихгүй байсан. Тэгээд би жаахан уучихсан сэтгэл санаа тавгүй байсан учраас уур хүрээд Батцэцэгийг эхлээд үсдсэн чинь манай найз Гэрэлцэцэг салгасан. Тэгээд жаахан байж байгаад би Батцэцэгийг дахиж үсдэж аваад 20-30 минут зууралдаж байгаад санамсаргүй Батцэцэгийн нүүрэнд гар хүрчихсэн. Тэгээд хамар нь гэмтсэн байх. Тэгээд байрных нь гадаа жаахан зууралдаж маргалдаж байгаад Гэрэлцэцэг бид 2 салаад явсан Батцэцэг гэрлүүгээ орсон. Дахиж ийм хэрэг хийхгүй, хохирогчид эмчилгээний мөнгө гэж 50 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Г.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

   2017 оны 9-р сарын 05-ны өдрийн 21 цагийн үед Батхишиг нэг найз охинтойгоо согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн манай гэрт орж ирээд Батхишиг над руу нөхөр Тэмүүжинг гэртээ хонууллаа гэж уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь би Батхишигийг аваад гэрээсээ гараад уулзсан. Тэгэхэд Батхишиг намайг Тэмүүжинг гэртээ хонууллаа чи ёстой эмэгтэй хүн ойлгохгүй бараг манай нөхөртэй чи явалдлаа янхан энэ тэр гээд байхаар нь би танай найз залуутай чинь уулзаж унтаж хэвтээгүй гэдгээ тайлбарлаж хэлсэн. Тэгсэн чинь Батхишиг нөхөртэйгөө утсаар яриад орилж хашгираад хэрэлдээд байхаар нь би нөхөртэй нь утсаар яриад ирж эхнэрээ ав гэж хэлсэн чинь нөхөр нь цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Тэгээд юм яриад зогсож байснаа Батхишиг гэнэт орилж над руу дайраад намайг үсдээд авахаар нь би доошоо суусан чинь Батхишиг хөлөөрөө миний хамар луу өшиглөчихсөн бас гар хуруу маажсан байсан. Тэгээд нэлээн удаан намайг үсдэж байгаад тавьсан. Тэр үед би хамар эвгүй болчихлоо гэдгээ хэлсэн чинь миний хэлж байгааг ч ойлгох шинжгүй согтуу байсан. Тэгээд хамт ярьж тайвшруулж нэлээн удаан сууж байгаад найзад нь өгөөд Батхишигийг явуулаад гэртээ орсон чинь миний хамар аймаар хавдчихсан байсан. Нэгдсэн эмнэлэг ороод үзүүлсэн чинь мөгөөрсөн яс нь цөмөрчихсөн байна гэж хэлсэн. Маргааш нь Батхишиг над руу утсаар яриад уучлалт гуйгаад би үнэхээр согтуу байсан юу болсныг санахгүй байна гэж байсан. Батхишиг эмчилгээний зардалд 50 000 төгрөг өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 14-15/,

Гэрч Т.Гэрэлцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 9-р сарын эхээр би одоо сар өдрийг санахгүй байна. Тэр өдөр Батхишигийн гэрт нь бид 2 уулзсан. Тэгээд Батхишиг намайг очиход уйлчихсан нөхөр өөр охинтой айлд хоносон гэсэн утгатай зүйл яриад 2 лаазтай пиво уусан. Тэгээд Батхишиг хүнтэй утсаар яриад нөхрийнхөө хоносон гэх айлын гэрийн хаяг, утасны дугаарыг нь асуугаад Батхишиг бид 2 хээтэй хороолол Оюуны ирээдүй сургуулийн байрны урдаас харсан байранд очоод Батхишиг тэр охинтой хэрэлдсэн. Тэгсэн тэр айлд жаахан хүүхэд байсан учраас гадаа гаръя гээд гарцгаасан. Тэгээд би тэр охинд та яагаад хүний нөхрийг гэртээ хонуулж байгаа юм бэ эвээр учраа олчхоо гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүүхэн танай нөхрийг би гэртээ авч хоноогүй танай нөхөр дурандаа хоносон гэх утгатай юм яриад Батхишигтэй хэрэлдэж байсан. Тэгээд бие биенээ үсдэлцээд авахаар нь салгасан. Тэгээд би Батхишигийн нөхөр лүү нь залгаад Батхишигийг ирээд аваач ээ гэж ярьж байх хооронд Батхишиг тэр охинтой дахиж үсдэлцээд авчихсан байсан. Батхишиг тэр охины хамар ам руу нь өшиглөсөн үгүйг нь би хараагүй. Батхишиг тэр охинтой үсдэлцээд доошоо тонгойчихсон байсан уг нь би үсдэлцэх тоолонд нь дундуур нь орж салгаад байсан юм. Тухайн үед тэр охин нь ерөөсөө буруугаа хүлээхгүй би танай нөхөртэй яагаа ч үгүй зүгээр ууж хоносон энэ тэр гээд маргалдаад байсан гэх мэдүүлэг /хх 16/,

 

Гэрч Э.Сарангийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

Батцэцэгийн гэрт хүүхэдтэйгээ байж байтал хаалга тогшоод хэн бэ гэхэд тоолуурын заалт харъя гэж 2 эмэгтэй орж ирээд нэг эмэгтэй нь чи яахлаараа манай нөхрийг гэртээ хонуулдаг юм гээд Батцэцэг рүү дайраад хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд жаахан маргалдаж байгаад гал тогооны өрөө рүү ороод тэндээсээ гэрээс нь гараад байрны гадаа гарсан. Би хүүхдээ хараад Батцэцэгийн гэрт үлдсэн араас нь цонхоор харсан чинь эхлээд байрны гадаа юм яриад сууж байсан юм. Дахиад нэг харсан чинь байрны гадаа Батцэцэгийг нэг охин үсдчихсэн Батцэцэг доошоо тонгойчхоод нүүр лүү нь өшиглөж байгаа харагдсан. Тухайн үед яг машины гэрэл тусаад тод харагдсан. Тэгээд би сандраад хүүхдээ аваад араас нь орцны гадаа гараад очсон чинь зодолдохоо больчихсон нөгөө охин тамхи татаад Батцэцэг хэл амаар доромжлоод байж байхад нь би очоод одоо та нар больцгоо гэж хэлсэн. Тэгсэн нөгөө охин чи энэ найзыгаа хар янхан энэ тэр гээд доромжлоод байсан. Батцэцэгийг салгаж аваад цаашаа яваад би хүүхдэдээ юм авч өгөх гээд дэлгүүр орсон чинь Батцэцэг миний хамар яачихсан байна өвдөөд байна гэхээр нь би Батцэцэгийн хамрыг харсан чинь хавдаад улайчихсан цус гарсан байсан. Тэгээд тэр орой нь гэртээ орчихоод Батцэцэг эмнэлэгт үзүүлнэ гараад яваад эмчид үзүүлсэн чинь хамар цөмөрсөн байна гэж хэлсэн гэсэн. Нөгөө 2 охин нь тэгээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 18/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны 1005 дугаар шинжээчийн дүгнэлт:

 

“1.Г.Батцэцэгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Г.Батцэцэгт учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх 21/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 30/ тогтоогдож байна.

 

Хохирогч Г.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн эмчилгээний зардалд 50 000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.   

 

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Батхишигийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Батхишигт оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Б-нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ