Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/534

 

 

 

 

       2022           5            19                                    2022/ДШМ/534

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Идэрхангай,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2109000000950 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын арын гудамж орчимд хохирогч Д.Нн эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, түүний нурууны ар хэсэгт хутгалан, улмаар зодож түүний биед “нуруунд шарх, хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, нүүрэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун шагайн зулгаралт, баруун гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, ингэхдээ түүний эзэмшлийн ноте-10 загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 30 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 5 сар 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил 5 сар 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 5 сар 30 хоногийн хорих ял оногдуулсан.

Тухайн үед миний биед ямар ч хутга, мэс байгаагүй. Хохирогчийн “хутгатай байсан” гэх худал мэдүүлгийг үндэслэн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Энэ байдлыг минь харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч М.Идэрхангай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Бын эрх ашгийг хамгаалан, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцож байна. Б.Б нь толгой тархины хүнд өвчтэй, юм мартаж, санадаг. Эрүүл мэндийн хувьд асуудалтай хүн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үндэслэлийг миний үйлчлүүлэгч хэлж, маргадаг байсан. Би өмгөөллийн үйл ажиллагаанд прокурорын шатанд оролцсон боловч энэ үйл ажиллагаатай холбогдуулаад ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаж чадалгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 5 дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн дүү нь гэх хүн хөдөөнөөс ирээд ахтайгаа уулзсан байдаг. Учирсан хугацаанаас 1 сарын дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн цаг хугацаанд хийсэн үйлдэл мөн эсэхийг дүгнээгүй атлаа 9 дүгээр сарын 24-ний өдрийн 723 гэсэн акт дээр “7 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой юм” хэмээн бичсэн байдаг. 7 дугаар сарын 14-ний өдөр хэрэг үйлдсэн байх боломжийг үгүйсгэх нөхцөл байдал үүсэж байна. Зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” хэмээн заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй. Гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн. ...” гэв.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолсон гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэж үйлдсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг давхар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Хохирогч урд нь, холбогдогч араас нь алхах бичлэг байх бөгөөд холбогдогч араас нь хоцрохгүйн тулд хурдан алхаж буй дүрс бичлэг авагдсан байна” гэсэн байдаг. Хохирогч Д.Нн ““Сод Монгол” шатахуун түгээх газрын арын гудамжаар 4-5 метр явж байхад араас танихгүй залуу ирээд “Хоёулаа 1 шил архи хамт ууя. Би зардаг газрыг нь мэднэ” гээд байсан. Би “Ах нь уухгүй” гээд явах гэтэл “Биед байгаа бүх юм аа гаргаад ир” гэж хэлээд удаагүй нуруун дундуур нэг зүйл дүрж орох шиг болоод, халуу дүүгээд, цус урсах шиг болсон. Эргээд харах гэтэл араас татаад, миний нүүрэн тус газарт 2 удаа цохисноор миний хамраас цус гарч, халуу дүүгсэн. Баруун хөлийн шагай хэсэг болон гуя хэсэг рүү 1, 1 удаа өшиглөсөн. Халаасанд байсан гар утсыг маань авахад би шууд гэр рүүгээ зугтаасан. Тэгээд эргэж харалгүйгээр гүйж гэртээ ороод, хаалгаа цоожилсон бөгөөд 3-4 хоног гэртээ хэвтсэн. Гэрээс гаралгүй байж байтал дүү хөдөөнөөс ирж, түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг, гэрч н.Мын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогддог. Хохирогч Д.Н нь хутгалуулсныхаа дараа 5 хоногийн турш гэртээ байсан. Хөдөөнөөс дүү нь ирсний дараа цагдаад мэдэгдэж, эмнэлэгт үзүүлсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдэд учирсан гэмтлийг тодорхой гаргасан байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд н.Бат-Эрдэнэ гэх өмгөөлөгч нэмэлт шинжээчийн дүгнэлт хийж өгнө үү гэх хүсэлтийг гаргасных нь дагуу нэмэлтээр шинжээч томилж “Учруулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь зөвхөн хохирогчийн мэдүүлэг бус хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын арын гудамж орчимд хохирогч Д.Нн эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, түүний нурууны ар хэсэгт хутгалан, улмаар зодож түүний биед “нуруунд шарх, хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, нүүрэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун шагайн зулгаралт, баруун гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, ингэхдээ түүний эзэмшлийн ноте-10 загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-23/, хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 24-25/, хяналтын камерын бичлэгүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1хх 32-36/, камерийн бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 37-51/, гэрч Д.Баар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 52-54/, хохирогч Д.Нгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 55-57/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 105-108/, Б.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 116-122/, хохирол төлсөн баримт /2хх 17/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Д.Нн “...32 чиглэлд зам дагуу доош алхаж байхад жинсэн өмдтэй, бараан өнгийн хувцастай, 20 орчим насны залуу “Хараа” нэртэй архи барьчихсан намайг дуудаад “хоёулаа энийг уучихъя” гэсэн. Би “үгүй ээ, ах нь одоо харьлаа” гэж хэлээд доошоо алхаж “Сод Монгол” шатахуун түгээх станцын арын гудамжаар ороод 4-5 метр орчим явж байхад араас нөгөө танихгүй залуу гүйж ирээд “хоёулаа нэг шил архи хамт ууя, би зардаг газрыг нь мэднэ” гээд байсан. “Үгүй ээ ах нь уухгүй, харьлаа” гээд эргээд алхахад “биед байгаа бүх юмаа гаргаад ир” гээд нуруун дундуур нэг зүйл орох шиг халуу дүүгээд цус урсах шиг болсон. Эргээд харах гэтэл араас татаад нүүрэн дундуур 2 цохиод хамарнаас цус гоожиж халуу дүүгсэн. Баруун хөлний шагай хэсэг болон гуя хэсэгт тус бүр 1 удаа өшиглөсөн. ...Баруун далны доод хэсэгт хутгалуулсан, нүд, хамар хэсэгт 2 цохиулсан, битүү хавдсан, баруун хөлний шагай, гуя хэсэгт өшиглүүлсэн. Ноте-10 загварын гар утсаа дээрэмдүүлсэн. ...Тухайн өдөр архи уусан зүйл байхгүй, би эрүүл байсан. ...” /1хх 60-63, 65/,

гэрч Д.Мын “...Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 3 дугаар гудамжинд ах Нн хамт амьдраад 3 сар гаруй болж байна. Би 7 дугаар сарын 9-ний өдөр хөдөө гэр рүүгээ яваад 7 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед гэртээ иртэл ах маань цустайгаа хутгалдсан, хөдөлж чадахгүй байхаар нь 102 дугаарт дуудлага өгсөн. Ах надад хэлэхдээ “7 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед “Тод оймс”-ын үүдэнд хүнд хутгалуулсан” гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж ирээд аваад явсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод шархыг нь цэвэрлэхэд “бугалчихсан байна” гэсэн. Томограффид үзэхэд “шарх нь гүн байна” гэж хэлсэн. Тэгээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. ...Нилээн махлаг хүн байсан гэсэн. Тэгээд хутга тулгаад ноте-10 загварын гар утсыг авч явсан гэсэн. ...Д.Н ах надтай хамт ажиллаж байгаад ажиллаасаа гараад хувиараа барилгын ажил хийж байсан. Архи дарс хэрэглээд байдаггүй. ...” /1хх 68-69/,

гэрч Д.Бы “...Би 2021 оны 7 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед 58-82 УНВ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд явж байтал 17-ын автобусны буудал дээр 30 орчим насны, бага зэргийн буурал үстэй, намхан, махлагдуу, бага зэргийн гүзээтэй, 160-165 см өндөртэй, гадуураа захгүй, хар өнгийн хүрэм, цайвар өнгийн фудболк, хар хөх өнгийн өмд, хар өнгийн пүүз өмссөн үл таних эрэгтэй хүн нэг гар нь цус болчихсон байсан хүн ирээд “хүнсний 4 дүгээр дэлгүүр орно” гэхээр нь хүргэж өгсөн. Тэр хүн замдаа юм яриагүй. Тэр хүн хүнтэй муудалцсан юм уу, зодолдсон байрын цус болчихсон жолоочийн талын арын суудлыг цус болгочихсон байсан ба би хүнсний 4 дүгээр дэлгүүр дээр буулгаад тэр хүнийг боржууран дээр сууж байхад нь би машинаасаа бууж нойлын цаасаар цусыг нь цэвэрлээд явсан юм. Би тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Тэр хүн суухдаа нэг андройд утас барьчихсан байсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүр дээр буухдаа ломбард асуугаад байсан. Тэгэхээр нь “ломбард чинь хаачихсан байна” гэж хэлээд хойшоо явсан. Тэр буудал дээр суугаад үлдсэн. Би тэр хүнийг харвал танина. ...” /1хх 72-73/,

яллагдагч Б.Бын “...зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хутга хэрэглэсэн зүйл байхгүй. Надаас салаад өөр хүнд зодуулсан байж магадгүй. ...Тухайн үед би тэр хүнтэй гудамжинд архи хувааж уугаад, утсаар нь хүн рүү залгаад байж байхад утсаа авна гэж маргалдаад би 2 удаа цохьсон, хөл рүү нь өшиглөсөн эсэхээ сайн санахгүй байна. ...” /1хх 7-10, 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

“...Д.Нн биед нуруунд шарх, хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, цээж, нуруу, баруун шагай, баруун бугалга, баруун шуу, зүүн сарвуу, зүүн эрхий хуруунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Нурууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн, хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, цээж, нуруу, баруун шагай, баруун бугалга, баруун шуу, зүүн сарвуу, зүүн эрхий хуруунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6725 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 87-92/,

“...Д.Нн биед учирсан нуруунд шарх, хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, нүүрэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун шагайн зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Нн биед учирсан нурууны шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хатгагдах хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 6215 тоот өвчний түүхээс харахад 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00 цаг 01 минутын байдлаар Д.Нн биед учирсан нуруунд шарх гэмтэл нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой байна. ...” гэсэн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 713 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /1хх 95-102/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Баас “...Тухайн үед миний биед ямар ч хутга, мэс байгаагүй. Хохирогчийн “хутгатай байсан” гэх худал мэдүүлгийг үндэслэн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Уг хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “...Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. ...” гэж тодорхойлсон бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6725 дугаартай “...Нурууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэх шинжээчийн дүгнэлт, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 713 дугаартай “...Д.Нн биед учирсан нуруунд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хатгагдах хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. ...” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.Нн “...нуруун дундуур нэг зүйл орох шиг халуу дүүгээд цус урсах шиг болсон. ...” гэсэн мэдүүлэг зэргээр Б.Б нь зэвсэг буюу хутга хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

 Эдгээрийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 30 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 5 сар 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил 5 сар 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож “...гэм буруутай гэж үзэж байна. ...” гэх дүгнэлтийг гаргасан /2хх 16/ байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул үүнийг цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 93 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 93 /ерэн гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ