| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2022/04251/И |
| Дугаар | 181/ШШ2024/02870 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/02870
2024 07 30 181/ШШ2024/02870
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, Мааньзав 6-41 тоот хаягт байрлах Э ХХК /РД:3626563/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтай 22 гудамж, 45 тоот хаягт оршин суух П овогтой Н /РД:РК69092414/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр төлөх гэрээний үүрэгт нийт 52,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Хохирол төлөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч П.Н холбогдуулан хохиролд 94,683,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 52,500,000 төгрөг болгож багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Манай компанийн ерөнхий менежер П.Н нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод байрладаг кемпэд Сайншандаас автоцистернээр ачиж тээвэрлэгдэн очсон 69,1 тонн дизель түлшийг кемпийн агуулах саванд буулгах ажлыг хийж гүйцэтгэх үедээ хайхрамж, болгоомжгүй хандаж түлштэй цистерн чиргүүлийг газарт унагааснаас болж 29,891 литр түлшийг газарт асгаж, манай компанид 94,683,900 төгрөгийн хохирлыг учруулсан. Улмаар талууд харилцан тохиролцож 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хохирол төлөх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр хариуцагч П.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор компанид учирсан хохирлын 50 хувьтай тэнцэх 35,000,000 төгрөгийг төлж, барагдуулахаар тохиролцсон.
Үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох гүйцэтгээгүй үүргийн дүнд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор бичгээр тохиролцсон. Гэвч хариуцагч П.Н нь хохирол төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд менежер П.Н гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа ба манай байгууллагад учирсан хохирлын зарим хэсэг болох гэрээнд заагдсан 35,000,000 төгрөгийг, гэрээнд заагдсан алданги болох 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Миний бие нь Э ХХК-ийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтод байрлах кемпэд менежер хийдэг байсан. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Удирдлагын зүгээс Сайншанд сумаас ирсэн түлшийг шилжүүлэн агуулах саванд хийх ажлыг даалгасны дагуу бусдаас насос гуйж авч ирж соруулан 40 гаран тонн түлшийг шилжүүлээд байтал түлштэй ёнкостын тулгуур цөмөрч би өөрөө унаж хүнд гэмтсэн. Ёнкостыг байрлуулахдаа зориулалтын бус тулгуур хийсэн байсан улмаас тулгуурт эвсэн данкратны толгой цоолж түлш асгарсан.
Асгарсан түлшний байгаль бохирдуулсан хэсгийг би өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн, эрүүл мэндээр хохирч эмчилгээ их хийлгэсэн ч эмчилгээний зардал тус компаниас огт аваагүй. Энэ түлш асгарсан асуудал надаас болон бусад хамт байсан ажилчдаас болоогүй, анх ёнкост байрлуулж тавихдаа эвүүрээ буруу хийснээс болж цоорч асгарсан тул тухайн үед ажиллаж байсан хүмүүст хамааралгүй гэж би үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Э ХХК-д менежерээр ажиллаж байх үед буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сайншанд сумаас ирсэн түлшийг агуулах саванд юүлэх ажил ирсэн. Энэхүү түлшийг юүлэн авах ёнкостыг байрлуулахдаа зориулалтын бус тулгуур хийсэн байсны улмаас тулгуурт эвсэн данкратны толгой цоолж түлш асгарсан.
Тухайн үед удирдлагаас түлшийг хүлээн авах даалгавар өгсөн тул миний бие түлш хүлээн авахаар ажлынхаа хүний хамт ёнкостын дээр гарч тагийг онгойлгож юүлэх явцад дээрх гэмтэл гарч түлш асгарсан ба миний бие өөрөө ёнкостоос унаж бэртэл авсан. Энэ ослын дараа байгууллагаас асгарсан түлшний байгальд учруулсан бохирдлыг арилга гэсэн тул би өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Гэтэл дараа нь намайг байгууллагаас дуудаж чи энэ асгарсан түлшний мөнгийг төлөх ёстой. Хэрэв төлөхгүй бол чамайг цагдаад өгнө. Цагдаа шүүхээр явж ял авч байхаар хохирол төлөх гэрээ байгуулаад цалингаасаа төлөөд явсан нь дээр шүү дээ. Яахав таныг бодоод цалинг чинь нэмье, бас хохирлын 50 хувийг л төлүүлье гэхээр нь би хууль мэдэхгүй болохоор ял шийтгэлээс айгаад зөвшөөрөөд тэр гэрээнд гарын үсэг зурсан юм.
Харин дараа нь хуулийн хүнээс зөвлөгөө авсан чинь таны буруугаас энэ хохирол учраагүй байна, хэн буруутай хүний үйлдлээс хохирол учирсныг тогтоож байж та хохирол төлбөр төлнө. Тэгээд ч наад компани чинь таныг ял шийтгэлээр айлгаж сүрдүүлж гэрээ байгуулсан нь хууль бус байна гэж зөвлөсөн.
Ийм учраас миний бие хохирол төлөх гэрээг хууль бус гэж үзэж байгаа тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал нь нэхэмжлэлтэй холбогдуулан хохирол төлөх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хохирол төлөхгүй бол шүүх цагдаагаар явж ял авна, хуулийн үндэслэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 гэсэн заалт байна. Компанийн зүгээс ажилтан П.Н айлгаж, ичээсэн ямар нэг зүйл, үг яриа гаргаагүй. П.Н нь хэлцэл хийх үедээ ноцтой төөрөгдөх ямар ч үндэслэл байхгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, Э ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7-000183 тоот Ажилд томилох тухай албан бичгийн хуулбар, Дорноговь аймгийн Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/129 дугаар хариу мэдэгдэх хуудсын хуулбар, гэрэл зургууд, асгарсан түлшний тооцоолол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Н томилсон 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тушаал, хохирол төлөх гэрээ, архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар өгсөн, хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... менежер П.Н нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтонд байрладаг кемпд Сайншандаас автоцистернээр ачиж тээвэрлэгдэн очсон 69,1 тонн дизель түлшийг кемпийн агуулах саванд буулгах ажлыг хийж гүйцэтгэх үедээ хайхрамж, болгоомжгүй хандаж түлштэй цистерн чиргүүлийг газарт унагааснаас болж 29,891 литр түлшийг газарт асгаж, манай компанид 94,683,900 төгрөгийн хохирлыг учруулсан. Улмаар талууд харилцан тохиролцож 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хохирол төлөх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр хариуцагч П.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор компанид учирсан хохирлын 50 хувьтай тэнцэх 35,000,000 төгрөгийг төлж, барагдуулахаар тохиролцсон гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... түлш асгарсан асуудал надаас болон бусад хамт байсан ажилчдаас болоогүй, анх ёнкост байрлуулж тавихдаа эвүүрээ буруу хийснээс болж цоорч асгарсан тул тухайн үед ажиллаж байсан хүмүүст хамааралгүй гэж би үзэж байна гэжээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... намайг байгууллагаас дуудаж чи энэ асгарсан түлшний мөнгийг төлөх ёстой. Хэрэв төлөхгүй бол чамайг цагдаад өгнө. Цагдаа шүүхээр явж ял авч байхаар хохирол төлөх гэрээ байгуулаад цалингаасаа төлөөд явсан нь дээр шүү дээ. Яахав таныг бодоод цалинг чинь нэмье, бас хохирлын 50 хувийг л төлүүлье гэхээр нь би хууль мэдэхгүй болохоор ял шийтгэлээс айгаад зөвшөөрөөд тэр гэрээнд гарын үсэг зурсан. Ийм учраас миний бие хохирол төлөх гэрээг хууль бус гэж үзэж байгаа тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэжээ.
5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Компанийн зүгээс ажилтан П.Нямдоржийг айлгаж, ичээсэн ямар нэг зүйл, үг яриа гаргаагүй. П.Н нь хэлцэл хийх үедээ ноцтой төөрөгдөх ямар ч үндэслэл байхгүй болно гэжээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Э-000183 дугаар шийдвэрээр П.Н ерөнхий менежер албан тушаалд үндсэн ажилтнаар томилон ажиллуулсан байна.
8. П.Н 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод байрлах кемпэд ажиллах үед цистерн чиргүүлээс түлш асгарсан үйл баримтад талууд маргаагүй ба үүнтэй холбоотойгоор зохигчийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хохирол төлөх гэрээ байгуулагдаж, гэрээгээр П.Н нь компанид учирсан 70,000,000 төгрөгийн хохирлын тал хувь болох 35,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувиар хүү тооцохоор тохиролцжээ.
9. Талууд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй эсэх асуудлаар маргаж байна.
10. Хэргийн оролцогчоос бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй ч хөдөлмөрийн харилцаа үүссэн үйл баримтад зохигч маргаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж зааснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулахаар заасан.
12. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна гэж зааснаар ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх үед гарсан ослын шалтгааныг ажил олгогчоос тухай бүрд шалган тогтоолгох үүрэгтэй байна.
13. Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас цистерн чиргүүлээс түлш асгарч байгууллагад хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч тухайн осол гарсан шалтгааныг хуульд заасан журмын дагуу шалгаж, тогтоогоогүй байх ба хариуцагчийн буруугаас компанид хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.
14. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.
15. Иймд хариуцагч П.Н ажил үүргээ гүйцэтгэх үедээ компанид өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
16. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болохоор заасан бөгөөд ийнхүү хүлээлгэхдээ эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон тохиолдолд байгууллагад учруулсан хохирлыг ажилтнаар төлүүлэх боломжтой.
17. Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ бичгээр үйлдэгдээгүй байх тул ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид учруулсан хохирлыг буюу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэлгүй, ажил олгогч шаардах эрхгүй байна.
18. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөр эрхлэлтийн явцад үүсэх ажилтны хүлээх эд хөрөнгийн хариуцлага, түүнийг хүлээлгэх үндэслэл, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тохиолдол, хохирлын хэмжээг тодорхойлох болон нөхөн төлүүлэх журмыг тусгайлан зохицуулсан бөгөөд энэ харилцааг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохиролцохоор хуульчилсан, өөрөөр хэлбэл, энэхүү төрлийн гэрээг байгуулахыг хуулиар тогтоожээ.
19. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж заасан.
20. Нэхэмжлэгч нь Төлбөр төлөх гэрээг шаардлагын үндэслэлээ болгосон боловч тус гэрээ нь хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүдэлтэй буюу ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ байгууллагад учруулсан хохиролтой холбоотой харилцааг зохицуулсан шинжтэй байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээ гэж үзэх боломжгүй.
21. Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ байгууллагад учруулсан хохиролтой холбоотой үүсэх тохиолдлыг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар Хөдөлмөрий хуулиар тогтоосон боловч ажил олгогч нь Төлбөр төлөх гэрээ гэх хэлцлийг хийсэн нь хууль зөрчсөн бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, Төлбөр төлөх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
22. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан зохигчийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Хохирол төлөх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч П.Н 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,370 төгрөг, хариуцагч П.Н төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж хариуцагч П.Н олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ