Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0341/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Пүрэвжавын Отгонбаярт холбогдох эрүүгийн 1718002270123 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч О-нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1а байрны 29 тоотод өөрийн хүүхдүүд болох 9 настай О.Билэгдэмбэрэл, 6 настай О.Минжээ нарыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О-нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 1а байрны 29 тоотод өөрийн төрсөн хүүхдүүд болох 9 настай О.Билэгдэмбэрэл, 6 настай О.Минжээ нарыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож О.Минжээгийн эрүүл мэндэд зүүн, баруун гуя, зүүн шуун дахь цус хуралт, О.Билэгдэмбэрэлийн эрүүл мэндэд зүүн, баруун гуя, зүүн шилбэ, баруун шуу, зүүн хонго, баруун хонгонд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч П.Отгонбаярын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            ...Би эхнэр Г.Хулантай 2007 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд танилцаад нэг гэр бүл болоод хамт амьдарсан. Ингээд нэг гэр бүл болсон цагаас хойш 2017 оны 6 дугаар сараас эхнэр бид хоёрын таарамжгүй харьцаанаас болж бид хоёр тус тусдаа амьдрах болсон. Хоёр хүүхдээ бид хоёр ээлжилж харж нэг нэгнийдээ байлгадаг. Би хоёр хүүхэд болох О.Билэгдэмбэрэл, О.Минжээ нарыг 2017 оны 8-р сарын сүүлээр хичээлийнх нь зүйлийг бэлдэж өгөх гээд өөр дээрээ авч ирсэн. Тэгээд 2017 оны 9-р сарны 24-ны өдөр 12:30 цагийн үед манай хоёр хүүхэд болох О.Билэгдэмбэрэл, О.Минжээ нарын хичээл орох цаг нь болчхоод би дэлгүүр орж идэх юм авч ирэх гээд гэрээс гарахдаа хоёр хүүхдэдээ “хувцсаа өмсөж байгаарай” гэж хэлээд гарсан. Урьд орой нь манай хоёр хүүхэд гэртээ комьпютер тоглоод оройтож унтсан. Тэгээд бид нар өглөө нь их орой босож хичээл нь орох цаг нь дөхчихсөн байсан болохоор яарч сандраад хувцас хунараа өмсөж гарах болсон. Тэгээд би дэлгүүр орчхоод буцаад гэртээ ороод ирсэн чинь манай хоёр хүүхэд хувцсаа өмсөөгүй хоорондоо хэрэлдэж муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би охиныхоо хувцсыг өмсүүлээд өөрөө гадуур хувцасаа өмсөөд байж байтал манай том хүүхэд болох О.Билэгдэмбэрэл хувцсаа өмсөөгүй зогсож байсан. Тэгэхээр нь гэнэт миний уур хүрээд өмднийхөө тэлээг тайлж том хүүхэд О.Билэгдэмбэрэл, охин О.Минжээ нарыг ороолгож зодсон гэх мэдүүлэг,

 

   Насанд хүрээгүй хохирогч О.Минжээгийн мөрдөн байцаалтад өгсөн:

   ...2017 оны 9 дүгээр сарны 24-ны өдөр гэртээ ах Билгүүнээ бид хоёр зурагтаар хүүхэлдэйн кино үзээд сууж байтал аав гаднаа архи уучихсан орж ирээд ах Билгүүнээ бид хоёрыг үгэнд орсонгүй гэж хэлээд бүсээрээ ороолгож зодсон. Би тэгээд аавдаа үгэнд орсон гэж хэлсэн чинь “худлаа яриад байна” гэж хэлээд намайг бас ах Билгүүнээг бүсээрээ ороолгож зодсон. Аав миний гаран дээр нэг удаа ороолгож, хөлөн дээр 2 удаа ороолгож зодсон. Манай аав Отгонбаяр намайг бүсээрээ ороолгож зодоход миний зүүн гар, баруун, зүүн гуя их өвдсөн  мэдүүлэг /хх 41/,

Насанд хүрээгүй хохирогч О.Билэгдэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2017 оны 9 дүгээр сарны 24-ны өдөр гэртээ байж байхад манай аав Отгонбаяр гэртээ архи уучхаад тэгээд намайг өмднийхөө тэлээг тайлж аваад миний гар, хөл, бөгс рүү 6-аас дээш олон удаа ороолгож зодсон юм. Би тэгээд уйлсан. Тэгсэн аав Отгонбаяр намайг үгэнд ордог байсан одоо үгэнд орохгүй байна гээд ороолгож зодсон юм гэх мэдүүлэг /хх 43/,

            Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн:

            ...2017 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр би хүүхдүүд болох Билэгдэмбэрэл, Минжээ нарыгаа аав Отгонбаяраас нь авах гээд хуучин хорооллын 1А байрны 29 тоот руу 13 цагийн үед очсон. Би нөхөр Отгонбаяраас тусдаа амьдраад 3 сар болж байгаа. Бид хоёр  гэр бүл болоод 10 жил хамт амьдарсан. Бид хоёр гэр бүл болсноос хойш 2 хүүхэдтэй болсон. Сүүлийн үед нөхөр бид хоёр таарамж муутай болоод би хоёр хүүхдээ аваад нөхөр Отгонбаяраасаа тусдаа амьдарч байгаа. Тэгээд нөхөр Отгонбаяр хоёр хүүхдээ өөр дээрээ хэсэг байлгая гээд нэг сарын өмнө надаас ирээд хоёр хүүхдээ аваад явсан. Тэгээд тэр өдөр буюу 2017 оны 9-р сарын 24-ны өдөр нөхөр Отгонбаярын машиныг нь аваачиж өгөнгөө хоёр хүүхдээ авах гээд хуучин хорооллын 1А байрны гадаа очоод нөхөр Отгонбаяр луу залгасан чинь халамцуу гарч ирсэн. Би нөхөр Отгонбаярын машиныг нь аваачиж өгөхдөө найз эмэгтэй болох Уранчимэгийг дагуулж очсон юм. Манай нөхөр Отгонбаяр их авир муутай хүн байдаг. Би ямар нэгэн асуудал болж магадгүй гэж бодож найз эмэгтэйгээ дагуулж очсон. Тэгсэн Отгонбаяр гэрээсээ гарч ирэхдээ архи уучихсан халамцуу гарч ирээд машины урд талын хаалгыг онгойлгоод манай найз хүүхэн Уранчимэг рүү “Чи миний машины урд суудаг хэн бэ. Наана чинь миний хүүхдүүд суудаг юм” гэж агсархаар нь манай найз хүүхэн Уранчимэг машинаас хурдан буугаад явчихсан. Би тэгээд машинаас буугаад машиных нь түлхүүрийг нь сандал руу шидэж тавьсан чинь Отгонбаяр “Чи над руу машины түлхүүр шидэж өглөө. Наашаа хүрээд би чамтай юм яръя“ гэж хэлээд миний цамцнаас зулгаагаад машинд суулгах гээд байхаар нь утсаараа цагдаа руу дуудлага өгсөн. Тэгсэн чинь Отгонбаяр машинаа унаад яваад өгчихсөн. ...17 цагийн үед Отгонбаяр над руу гэрийн түлхүүр, машины түлхүүр үлдээсэн, хоол унд бэлэн байгаа, хоёр хүүхдээ гэртээ үлдээсэн байгаа шүү  гэж хэлсэн. Хуучин хорооллын 1А байрны 29 тоотод очиж хоёр хүүхдээ аваад гэртээ хариад миний охин Минжээгийн зүүн гуя нь хөхөрчихсөн байхыг хараад охиноосоо асуутал “Агаагийнх бас ийм байгаа“ гэж хэлсэн. Тэгээд би хүү Билэгдэмбэрэлийн хувцсыг нь тайлж үзсэн чинь хоёр гуя нь битүү хөхөрчихсөн, зүүн хонго нь нэлээн хавдчихсан гүн цус хуралттай байсан. Тэгээд хүү, охин хоёроосоо юу болсон талаар асуухад аав үгэнд орсонгүй гээд бүсээр ороолгож зодсон гэж  хэлсэн. Тэгээд би хоёр хүүхдээ дагуулаад Цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг /хх 44-45/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны 961 дугаар дүгнэлт:

 

“1.О.Билэгдэмбэрэлийн биед зүүн гуя, баруун гуя, зүүн шилбэ, баруун шуу, зүүн хонго, баруун хонгон дахь цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.О.Билэгдэмбэрэлд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”  /хх 49/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны 960 дугаар дүгнэлт:

 

“1.О.Минжээгийн биед зүүн гуя, баруун гуя, зүүн шуун дахь цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.О.Минжээд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 54/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 36-37/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх 10-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүү О.Билэгдэмбэрэл, төрсөн охин О.Минжээ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 67/ тогтоогдож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээнд "тухайн гэр бүл архидалтаас бүрэн хамааралтай болсон бөгөөд амьдрах орчин нөхцөл маш тааруу, хүүхдүүд болон эхнэр айдастай" /хх 14/, Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээнд "эрсдэлийн түвшин 10 буюу дунд" /хх 32/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн "манай нөхөр Отгонбаяр авир муутай хүн байдаг. Ямар нэг асуудал болж магадгүй гээд найз эмэгтэйгээ дагуулж очсон" гэх мэдүүлэг /хх 44/, түүнчлэн шүүгдэгч О-нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй ямар хугацаанд хэдэн төгрөгийн орлого олдог нь тодорхойгүй зэргээс шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн хар өнгийн урд талдаа тэлээлэгч хэсэгтээ Zilli гэсэн бичигтэй өмдний тэлээ 1 ширхгийг тогтоол  хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн охин О.Минжээ, төрсөн хүү О.Билэгдэмбэрэл нарыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Отгонбаярыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Отгонбаярт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь О-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О- эзэмшлийн хар өнгийн урд талын тэлээлэгч хэсэгтээ Zilli гэсэн бичигтэй өмдний тэлээ 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.  

 

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ