Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2016/0040

 

2016 оны 1 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2016/0040

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, Засгийн газрын 11 дүгээр байрны шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийн иргэн Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Чойжин ламын сүм музейн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 тоот захирамжийн Б.Бийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага: 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийн иргэн Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Чойжин ламын сүм музей нь бүхэлдээ XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээл болохыг хүлээн зөвшөөрч 1994 оны 4-р сарын 25-ны өдөр батлагдсан "Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль"-ийн 16-р зүйлийн 16.3-д зааснаар Монгол Улсын Засгийн Газрын 1998 оны 12-р сарын 23-ны өдрийн 235 тоот тогтоолоор "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл" мөн болохыг нь тогтоосон байна. Улмаар "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл" болох Чойжин ламын сүм музей хашааны газар болон хашааны эргэн тойрны 6 метр хүртлэх буюу 2 /хоёр/ га газарт ЗГ-ын 2001 оны 4-р сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын бүс дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргад даалгасан болно.

Ч Хамгаалалтын бүсийн газрыг "Бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй байх болон барилга байгууламж барихыг хориглосон газрын жагсаалт"-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11-р сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор оруулсан бөгөөд НЗДаргын 2010 оны 11-р сарын 30-ны өдрийн 781 дугаар захирамжаар Газар эзээмших эрхийг баталгаажуулсан.

Чойжин ламын сүм музей хамгаалалтын бүсийн зүүн хойд талд 3 м газарт нэвтэрч 100 орчим м.кв талбай бүхий хэсэгт нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас барилга байгууламж барих ажлыг эхлүүлээд байна. Энэхүү барилга байгууламжийн ажлаа зогсоохыг Сити центр гэх газарт 2 удаа мэдэгдсэн боловч ямар нэг хариу өгөхгүй, барилгын ажлаа зогсоож газар чөлөөлж өгөхгүй байсан тул нийслэлийн Засаг даргад дээрх шийдвэр, захирамжуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүйгээр 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2215 тоот албан бичгээр 'Шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү" гэж хариу өгсөн болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 тоот захирамж, 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17-р зүйлийн 17.7, Соёлын тухай хуулийн 20-р зүйлийн 20.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3, 33-р зүйлийн 33.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж байх тул иргэн Б.Б******* холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл"-ийн хадгалалт хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ч гаргасан нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 тоот захирамжийн иргэн Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Анх иргэн Л.Ж нь нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар Ч зүүн талд 500 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан байна.

Эд хөрөнгийн бүртгэлийн тоот гэрчилгээтэй контор, орон сууцны зориулалттай барилгаа иргэн Б.Б******* худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан, газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 тоот захирамжаар 864 м2 газрыг конторын зориулалтаар шилжүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт иргэн Б.Бийн газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 тоот захирамжаар иргэн Б.Б******* барилга барих зөвшөөрлийг олгон, газрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Ч хамгаалалтын бүсийг 2 га-гаар тогтоож, 2010 онд уг тогтоолыг үндэслэж хамгаалалтын бүсийг кадастрын зурагт оруулах үед иргэн Л.Жийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байсан байна.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Бийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан Чойжин ламын музейн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Б.Б нь иргэн Л.Жтэй 2001 оны 5 сарын 04-ний өдөр хэлцэл хийж Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах 216 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 5 сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2203008055 дугаарт бүртгүүлэн 0030257 тоот гэрчилгээ авсан. Уг барилга нь 1999 онд баригдсан тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн юм.

Нийслэлийн Засаг даргын 2000 оны 4 сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар Л.Жэд газар эзэмших эрх үүссэн байсан. Ингээд газар эзэмших эрхийг мөн шилжүүлэн авах хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 35 тоот захирамжаар нийт 864 мкв газрыг эзэмших эрхтэй болсон.

Газар эзэмших эрх үүссэн цагаас эхлэн бид Газрын тухай хууль болон гэрээнд заасан нөхцөл шаардлагыг биелүүлэн ирсэнээс гадна нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ямар нэг байдлаар зөрчиж байгаагүй болно.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 сарын 07-ны өдрийн А/152 тоот захирамжаар нийт эзэмшил газрын 730 мкв газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон бөгөөд бид хуучин барилгын суурь 514 мкв газар дээр шинээр барилга угсралтын ажил эхлүүлээд байна.

1999 онд баригдсан "С*******"-ийн барилга (гараж, өргөтгөлийн хэсэг) нь анхнаасаа одоогийн барьж буй барилгын сууриар баригдсан байсан бөгөөд одоо бол давхарын хэмжээг өндөрсгөж байгаа болно. Өөрөөр хэлбэл газрын хэмжээг нэмэгдүүлсэн, өөрчилсөн зүйл 2002 оноос хойш байхгүй юм.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 сарын 30-ны өдрийн 781 тоот захирамжийн Чойжин ламын сүм музейд холбогдох хэсгийн Б.Бийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай

Нэхэмжлэгч Ч нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс дараах үндэслэлээр бие даасан шаардлага гаргаж байна.

Иргэн Б.Бийн эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 1-р хороонд орших газар нь НЗД-ын 1998 оны 8 сарын 21-ний өдрийн А/182 тоот захирамжаар Ё.Дашпүрэвт анх олгогдсон байдаг.

Үүнийг 2000 оны 4 сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар иргэн Е.Ж өөрийн нэр шилжүүлэн авч, үйлчилгээний зориулалттай барилга барьж орчныг тохижуулсан байсан. Энэ хугацаанд буюу 2001 оны 5 сарын 04-ний өдөр 216 ккв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б худалдан авахаар хэлцэл хийж, 2001 оны 5 сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2203008055 дугаарт бүртгүүлэн 0030257 тоот гэрчилгээ авсан.

Уг газарт 1999 оноос барилга баригдан тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингээд газар эзэмших эрхийг мөн шилжүүлэн авах хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 35 тоот захирамжаар нийт 864 мкв газрыг эзэмших эрхтэй болсон.

Гэтэл НЗД-аас 2010 оны 781 тоот захирамжаар 2 га газрыг Чойжин ламын сүм Музейд эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг дарга 2002 онд Б.Б******* 864 мкв газрыг баталгаажуулан олгосон хэрнээ 2010 онд дахин бусдад газар эзэмшүүлэх эрх олгох боломжгүй.

Б.Бийг анх газрын кадастрын мэдээллийн санд өөрийн газрыг оруулахад бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцсан, зөрчилтэй зүйл огт байгаагүй.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.З-т "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргуүлэх бөгөөд захиалгадаа дор дурдсан баримт бичгийг хавсаргана", үүнд 7.3.2-т "үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн баримт бичиг, талбайн байрлал, хэмжээ, хилийн шугам, түүний эргэлтийн цэгүүдийн тухай тодорхойлолт" гэж зааснаар аливаа газар эзэмшигч эсхүл хөрөнгийн өмчлөгч нар кадастрын мэдээллийн санд өөрт холбогдох мэдээллийг оруулуулах хүсэлт гаргах, түүнийг үндэслэн кадастрын мэдээллийн санд зургийг оруулах үүргийг тус тус хүлээжээ.

Гэтэл Чойжин ламын сүм музей кадастрын мэдээллийн санд хамгаалалтын бүс гэх 2 га газрыг огт оруулж байгаагүй хэрнээ 2010 онд газар эзэмших эрхийг давхцуулан авсан нь иргэн Б.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

Б.Б нь албан ёсоор 864 мкв газар эзэмших эрхтэй бөгөөд энэ хэсэгт давхцуулан олгосон 2 га газар нь хэдэн мкв-аар давхцалтай байгаа нь тодорхойгүй байна.

Иймээс нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 сарын 30-ны өдрийн 781 тоот захирамжийн Чойжин ламын сум музейд холбогдох хэсгийн Б.Бийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Ч нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан НЗД-ын 2010 оны 781 тоот захирамжийн музейд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагад үүгээр тайлбар гаргаж байна.

Бие даасан шаардлагынхаа үндэслэлийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3-т заасныг үндэслээд Б.Бийн газар эзэмших эрх эхэлж үүссэн ба Чойжин Ламын Сүм Музейг кадастрын мэдээллийн санд өөрийн мэдээллээ оруулж байгаа хэмээн буруутгажээ.

Чойжин ламын Сүм Музейн хамгаалалтын бүс тогтоосон газрыг ЗГ-ын 2001 оны 96 тоот тогтоолд заасан хэмжээгээр хадгалж үлдэх гээд байгаа нь хэн нэг иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн болон хувийн ашиг сонирхолын төлөө биш гагцхүү Монголын түүхэн цаг үеийн нэгээхэн хэсэгт холбогдох үнэт өвийг аюулгүй, бүрэн бүтэн үлдээж хойч үедээ үлдээх гэсэн эрхэм зорилго юм.

Гэтэл энэхүү бие даасан шаардлагадаа Б.Б нь эзэмшил газар шилжүүлж

авахдаа газрын хэмжээг нэмэгдүүлж авсан, Түүх соёлын дурсгалт зүйлийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтанд эрсдэл учруулахгүй байхыг НЗДаргад дээрх ЗГ-ын тогтоолоор даалгасныг гуравдагч этгээдийн төлөөлөгч хэргийн баримтуудтай танилцсаны хувьд мэдэх л учиртай. Гэтэл эдгээр баримтуудыг үл ойшоон бие даасан шаардлага гаргасан нь түүхээ хүндлэхгүй үл ойшоож байна уу даа гэж ойлгогдохоор байна.

Чойжин ламын сүм музей төдийгүй аливаа түүх соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтын асуудлыг 1994 оны Түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалах хамгаалах тухай хуулиар зохицуулж ирсэн болно. Тус хуулийн 16-р зүйлийн 6-д "Эртний хот суурины үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь 01-3 км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газраас тогтооно. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц "үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж зааснаар бол иргэн Л.Дашпүрэвт газар эзэмших эрх олгосон НЗД-ын 1998 оны А/182 тоот захирамж ч мөн адил хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

НЗД-ын 2002 оны 35 тоот захирамаар Б.Б******* газар эзэмших эрх шилжүүлэхдээ урьд байсан хэмжээг 364 м.кв-аар нэмэгдүүлсэн нь Ч хамгаалалтын бүстэй давхацсан байдаг ба үүнээс 199 м.кв хэсэг нь давхацсан болохыг ГДЗЗГазраас томилогдсон шинжээч нар тогтоосон байдаг. Энэхүү давхацсан захирамж нь ЗГ-ын 2001 оны 96 тоот захирамжаас хойно гарсан тул харин ч Б.Бийн газар эзэмших эрх нь зөрчилтэй гэж үзэхээр байна.

Ч нэхэмжлэлтэй хэргийг зөвхөн Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг үндлэслэж хэн нэгэн өөрт ашигтайгаар тайлбарлах боломжгүй бөгөөд эдгээрээс гадна 1994 оны Түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах хууль, 2001 оны Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЗГ-ын хамгаалалтын бүс тогтоосон тогтоолууд зэргийг үндэслэх ёстой. Хамгийн чухал асуудал нь үүнд хэн нэгний бизнесийн эрх ашиг бус Монголын түүхийг хамгаалах нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг анхаарах ёстой юм.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Ч нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх явцад гуравдагч этгээд иргэн Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 тоот захирамжийн Чойжин ламын сүм музейд холбогдох хэсгийн Б.Бийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Анх иргэн Л.Ж нь нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар Ч зүүн талд 500 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан байна.

Эд хөрөнгийн бүртгэлийн тоот гэрчилгээтэй контор, орон сууцны зориулалттай барилгаа иргэн Б.Б******* худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан, газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 тоот захирамжаар 864 м2 газрыг конторын зориулалтаар шилжүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт иргэн Б.Бийн газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 тоот захирамжаар иргэн Б.Б******* барилга барих зөвшөөрлийг олгосон байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Ч хамгаалалтын бүсийг 2 га-гаар тогтоож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор Ч хамгаалалтын бүсийн газрыг "Бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй байх болон барилга байгууламж барихыг хориглосон газрын жагсаалт"-д оруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

2010 онд уг Тогтоол, Захирамжуудад үндэслэж Ч газар эзэмших эрхийг баталгаажуулж, хамгаалалтын бүсийг кадастрын зурагт оруулах үед иргэн Л.Жийн үл хөдлөх хөрөнгө уг газарт байрлаж байсан байна.

Иймд иргэн Б.Бийн гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэг. Шүүх хуралдаан дээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр[1] захирамжийн Чойжин ламын сүм музейд холбогдох хэсгийн Б.Бийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан болно.

Шүүхийн зүгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т Энэ хуулийн 41, 42, 43 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг танилцуулж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталлаа.

Хоёр. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/35 дугаар[2] захирамжийн Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд гаргасан шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр захирамж[3], 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар[4] захирамжийн иргэн Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсоны дагуу шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэгдсэн бөгөөд дээрх нэмэгдүүлсэн шаардлага нь 2002 оны Нийслэлийн Засаг даргын бие даасан тусдаа захиргааны акт байна.

Нэхэмжлэгч нь анх 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/35 дугаар захирамжийг дурдсан, хариуцагчаас 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагад бичгээр гаргасан хариу тайлбарын хамт дээрх 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/35 дугаар захирамжийг хавсралтаар ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцсан баримт дээр 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр гарын үсэг[5] зурсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 34.1.8-д энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хэтрүүлсэн бол гэж заасны дагуу хуульд заасан хугацаа хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт... хавсаргана гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй болно.

Гурав. Шүүх Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийн иргэн Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Чойжин ламын сүм музейн нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.1. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтуудын талаар:

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар[6] Тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2,0 га-аар тогтоосон байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар[7] Тогтоолоор ...түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил ашиглалтанд олгохгүй... газрын байршил хэмжээг тогтоосон бөгөөд Тогтоолын хавсралт ёсоор Чойжин ламын сүмийн орчны хэмжээг мөн 2,0 га газраар баталжээ.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр[8] захирамжаар Чойжин ламын сүм музейд 2,0 га газрыг эзэмшүүлсэн бөгөөд нэгж талбарын ******* дугаарт бүртгэн[9], газрын координатуудаар нь эргэлтийн цэгүүдийг баталгаажуулж, ******* дугаар Төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээ-г[10] олгожээ. Өөрөөр хэлбэл 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч Ч хамгаалалтын бүс болох 2,0 га газар хаана байсан нь тодорхой бус байна.

Анх маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А-182 дугаар[11] захирамжаар Ж******* ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд уг газар нь 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-59 дүгээр захирамжаар иргэн Л.Жэд шилжсэн байна[12].

Иргэн Б.Б нь 2001 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Л.Жтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г[13] байгуулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ч зүүн талд байрлалтай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 2203008055 дугаартай контор, орон сууцны зориулалттай барилгыг худалдан авч, 0030257 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр[14] өмчлөх эрхээ баталгаажуулжээ.

Б.Б нь 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан байшин байрлаж буй газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар зохих өргөдлийг гаргасны дагуу түүний эзэмшиж байгаа газрын бодит хэмжээг Баталгаат хэмжээг тогтоосон акт-аар[15] 864 м.кв-р тогтоож, 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн хурлын 8 дугаар протоколоор[16] эзэмшил газрыг 864 м.кв-р баталсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 35 дугаар захирамжаар Б.Б******* 864 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх Нийслэлийн Засаг даргад олгогдсон байна.

Иймд цаг хугацааны хувьд гуравдагч этгээд Б.Бийн өнөөгийн эзэмшиж байгаа 864 м.кв газрын эрх 2001 онд үүссэн, харин нэхэмжлэгч Ч 2,0 га газар эзэмших эрх 2010 онд үүссэн байгаа нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.2. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр захирамжийн иргэн Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын талаар:

Гуравдагч этгээд Б.Б нь өөрийн эзэмшиж буй газрын эрхээ сунгуулахаар 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн газрын албанд зохих хүсэлтийг[17] гаргаж шаардлагатай баримтуудыг хавсаргасан байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана, 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж тус тус зааснаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр захирамжаар дээрх газар эзэмшүүлэх эрхийг 15 жилийн хугацаатайгаар сунгаж, ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4105 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч нарын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээр гуравдагч этгээд Б.Бийн эзэмшиж буй газар нь нэхэмжлэгч Ч эзэмшил газартай 199 м.кв-р давхцалтайгаар гарчээ. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1426,2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1621 дугаар албан бичгүүд болон эдгээр албан бичгүүдийн хавсралт болох бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын давхцал мөн 199 м.кв байгааг тогтоосон байна.

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасны дагуу цаг хугацааны хувьд газар эзэмших эрх өмнө нь буюу 9 жилийн өмнө үүссэн иргэн Б.Ганзоригийн 199м.кв газартай давхцуулан Чойжин ламын сүм музейд эзэмших эрх олгосон нь хууль бус байна.

Нөгөө талаар шүүхээс маргаан бүхий газар 2 удаа хийсэн үзлэг, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбараар давхцал бүхий 199м.кв газар нь бодит байдал дээр Ч зүүн талын хашааны гадна байрлалтай явган хүний зам буюу нийтийн эзэмшил газар байхаас гадна иргэн Б.Б эзэмшил газраа хашсан хашааны гадна талд байх тул 2001 оноос хойш маргаан бүхий газрыг зохих хуулийн дагуу эзэмшиж, тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж ирсэн гуравдагч этгээдийг маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

3.2. 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийн иргэн Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын талаар:

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Бийг өөрийн эзэмшил газрын 730 м.кв газарт контор үйлчилгээний барилга барихыг зөвшөөрч, Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөгөөний газраас 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр СЕД12/А/152/1.26 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Оффис үйлчилгээний барилгын эскиз зургийг тус тус баталсан байна[18].

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах гэж заасны дагуу гуравдагч этгээд Б.Б нь өөрийн эзэмшил газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох С*******-ийн барилгыг буулган, эзэмшил газрынхаа хил хязгаар дотор оффис, үйлчилгээний барилга барьсныг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаар  Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 7.2.2 барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах үндсэн зарчим алдагдуулж маргаан бүхий захиргааны акт гаргасан нь тогтоогдоогүй, захиргааны акт нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчөөгүй, нэхэмжлэгч Ч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2, 7.2.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийн иргэн Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Чойжин ламын сүм музейн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2002 оны А/35 дугаар захирамжийн Б.Б******* холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 тоот захирамжийн Чойжин ламын сүм музейд холбогдох хэсгийн Б.Бийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан шинжээчийн зардал болох 156700 төгрөгийг нэхэмжлэгч Чойжин ламын сүм музейгээс гаргуулан Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт олгосугай.

5.3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Чойжин ламын сүм музейн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаад, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ

 

 

 

[1] Хавтаст хэрэг №1, 17-р тал

[2] Хавтаст хэрэг №1, 62-р тал

[3] Хавтаст хэрэг №1, 61-р тал

[4] Хавтаст хэрэг №1, 73-р тал

[5] Хавтаст хэрэг №1, 189-р тал

[6] Хавтаст хэрэг №1, 12-р тал

[7] Хавтаст хэрэг №1, 14-р тал

[8] Хавтаст хэрэг №1, 17-р тал

[9] Хавтаст хэрэг №1, 20-р тал

[10] Хавтаст хэрэг №1, 18-р тал

[11] Хавтаст хэрэг №2, 24-р тал

[12] Хавтаст хэрэг №2, 48-р тал

[13] Хавтаст хэрэг №1, 52-р тал

[14] Хавтаст хэрэг №1, 55-р тал

[15] Хавтаст хэрэг №1, 45-р тал

[16] Хавтаст хэрэг №1, 43-р тал

[17] Хавтаст хэрэг №1, 37-р тал

[18] Хавтаст хэрэг №1, 75-95-р тал