Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/535

 

 

 

 

        2022           5            19                                    2022/ДШМ/535

 

Э.Т, М.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхтуул,

хохирогч Ц.Ө, Б.Н, Г.М,

хохирогч “Лотус финанс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өмгөөлөгч Э.Золжаргал,

хохирогч “Өү Энд Би Эн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч Ц.Дайрийжав, М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/24 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Ө, Б.Н нарын хамтран гаргасан, хохирогч “Лотус Финанс” ХХК-ийн өмгөөлөгч Э.Золжаргал, хохирогч Г.М нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Т, М.С нарт холбогдох 1905008520463 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Э.Т нь 2018 оны 6 дугаар сард орон сууц захиалгаар барих гэрээ, “Өү Энд Би Эн” ХХК-ийн төлбөрийн үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж, улмаар хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол дүүргийн улсын бүртгэл”-ийн хэлтэст хандан ашигласан,

“Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн үүргээс чөлөөлсөн гэх 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18/242 тоот баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол дүүргийн улсын бүртгэл”-ийн хэлтэст хандан ашиглаж тус тус “Өү Энд Би Эн” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 27, 54, 6, 62 тоот 4 ширхэг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Өү Энд Би Эн” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан “Блю жем” хотхоны 52а байрны 27, 54, 6, 62 тоот 4 ширхэг 1.030.707.500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авахаар захиалах маягаар урьдчилгаанд 8.000.000 төгрөг төлж, итгэл төрүүлэн хуурч, гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулаад дээрх 4 ширхэг орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бичгийг хуурамч баримт бичиг ашиглан өөрийн нэр дээр гаргуулан авч захиалсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 27 тоот 69.35 мкв 3 өрөө орон сууцыг өөрийнх хэмээн иргэн Г.Мд итгүүлэн гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Г.Мгээс байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 26 тоот 68.01 мкв 3 өрөө орон сууцыг өөрийн хэмээн иргэн Б.Нямдавдаад итгүүлэн гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон, Б.Нгаас байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 6 тоот 68.01 мкв 3 өрөө орон сууцыг өөрийн хэмээн иргэн Ц.Өт итгүүлэн гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон, Ц.Өаас байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 2018 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарын 4-ны өдрийг хүртэлх хугацаанд 39.372.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 69.35 мкв 3 өрөө 27 тоот, 92.8 мкв 3 өрөө 54 тоот, 68.01 мкв 3 өрөө 6 тоот, 156 мкв 5 өрөө тавилгатай 62 тоот 4 ширхэг орон сууцыг өөрийнх бөгөөд эргэлтийн хөрөнгөд 400.000.000 төгрөг шаардлагатай хэмээн “Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагад дээрх 4 ширхэг орон сууцны “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үзүүлж итгүүлэн, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, “Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагаас 330.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 69.35 мкв 3 өрөө 27 тоот орон сууцыг өөрийн хэмээн иргэн М.Зд “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үзүүлж итгүүлэн, гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн М.Заас байрны төлбөр гэж хуурч, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр хугацаанд 30.439.610 төгрөгийг шилжүүлсэн авч залилсан,

2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 69.35 мкв 3 өрөө 27 тоот орон сууцыг өөрийнх хэмээн Б.Бд “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үзүүлж итгүүлэн, 30.000.000 төгрөгийг авч залилан ганцаараа нийт 1.495.519.110 төгрөгийн хохирол учруулсан,

мөн М.Стай бүлэглэн зээл авахад шаардлагатай материалыг бүрдүүлэн баримт бичиг ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг Люксхаус-5 153б байранд байрлах “ХААН банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан, эд хөрөнгийг нь зээл нэрээр халхавчлан, уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон “ХААН банк” ХХК-с 177.000.000 төгрөгийн зээл авч улмаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Ланд Крузер 200 загварын тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Л.Мөнхболдод 172.000.000 төгрөгөөр зарж борлуулан зээлийн төлөлтийг хийлгүй хувьдаа ашиглаж “ХААН банк” ХХК-г залилан 177.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, үргэлжилсэн үйлдлээр нийт 1.672.519.110 төгрөгийн их хэмжээний хохирол бусдад учруулсан,

М.С нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 9в байрны 69.89 мкв 5 тоот орон сууцны “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн хуурамч гэрчилгээ”-г үзүүлэн баримт бичиг ашиглаж, зээлийн гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориуд бий болгон, “Вестерн инвестмент фанд ББСБ” ХХК-аас 50.000.000 төгрөгийн зээл аван их хэмжээний хохирол учруулсан,

мөн Э.Ттай бүлэглэн зээл авахад шаардлагатай материалыг бүрдүүлэн баримт бичиг ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “ХААН банк”-тай зээлийн гэрээ байгуулан, эд хөрөнгийг нь зээл нэрээр халхавчлан, уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон “ХААН банк” ХХК-с 177.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр нийт 227.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар,

М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийн шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/24 дугаартай шүүхийн тогтоолоор эрүүгийн 1905008520463 дугаартай хэргээс шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2022 оны 2 дугаар сарыэ 28-ны өдрийн 2022/ШТ/25 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч М.Ст холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааг жич товлон зарлахаар хойшлуулж, шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч М.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Н, Ц.Ө нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон хохирогч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 онд үүссэн эрүүгийн хэргийн яллагдагчаар Э.Т нь шалгагдаж байсан. Тус хэрэг нь 2020 оны 9 дүгээр сарын 25-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 843 дугаартай тогтоол гарсан.

Тус тогтоолд хохирогч нарын хохирлыг барагдуулах талаар шийдвэрлэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Өү Энд Би Эн” ХХК-ийн захирал Б.Оийг иргэний хариуцагчаар татсан. Үүнтэй холбогдуулан иргэний хариуцагч Б.Оийн дансанд орсон хохирогч нарын 77.000.000 төгрөгийг гаргуулж, хохирол барагдуулахаар шийдвэрлэсэн.

Үүнээс хохирогч Ц.Өт 37.000.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Мөн иргэний хариуцагч Д.Тулгаас хохирогч Б.Нд 21.500.000 төгрөгийг олгохоор шийдвэр гарсан.

Гэтэл Э.Тд холбогдох залилангийн хэрэг шинээр тогтоогдсон тул яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хэргийг нэгтгэн шийдвэрлэх зорилгоор мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Хэргийг нэгтгэн шийдвэрлэх явцад Э.Т нь нас барсантай холбогдуулж хохирогчдийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хохирогч нарын хохирлыг шийдвэрлэж өгнө үү. Тус хэргийн иргэний хариуцагч нараар хохирлыг барагдуулах.

2. Тус хэргийг залилан мэхлэх гэмт хэрэг мөн болохыг тодорхойлж өгнө үү. ...“ гэв. 

Хохирогч Ц.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өмнөх хүчингүй болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Э.Т гэх хүн “Өү Энд Би Эн” ХХК руу хохирогч нараас авсан мөнгөний тодорхой хэмжээг шилжүүлсэн байдаг. Үүнийг анхан шатны шүүх хохирогч нарт хэрхэн, яаж хуваарилах талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан. Гэтэл бас нэг банк бус санхүүгийн байгууллага гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед Э.Т нь нас барчихсан юм. Иймд өмнөх хүчингүй болсон шүүхийн тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч “Лотус финанс” ХХК-ийн өмгөөлөгч Э.Золжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Э.Т нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь түүний ар гэрээс гаргаж өгсөн нас барсны гэрчилгээ, Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна... түүнд холбогдох хэргийг... хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гээд Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3, 4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл хохирогчийн зүгээс Б.О, Г.М, Я.Эрдэнэбилэг, Х.Тунгалаг, Н.Мөнхжаргал, Д.Тулга, В.Дашцэрэн нарыг иргэний хариуцагчаар татуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Прокурорын шатанд энэ хүсэлтийг тавихаар зөвхөн яллагдагчийн нөхөр гэх Д.Тулгыг л иргэний хариуцагчаар татсан гэх боловч тухайн этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдоггүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөн дээрх хүсэлтийг тавихаар анхан шатны шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/1684 дугаартай захирамжаар “урьдчилсан хэлэлцүүлэгт зөвхөн талууд гомдол, хүсэлт гаргах эрхтэй гээд “талууд” гэдгээ шүүгдэгч тал, яллагч тал гээд хохирогч талыг хүсэлт гаргах эрхгүй гэдгээр хэрэгсэхгүй болгож” байсан. Иймд 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс иргэний хариуцагчаар татуулах хүсэлт мөн хохирогчийн зүгээс 22/А33 тоотоор иргэний нэхэмжлэл гаргасан.

Энэ нэхэмжлэл, иргэний хариуцагчаар татуулах хүсэлтийг гаргасан учир нь улсын яллагчаас Я.Эрдэнэбилэг, Н.Мөнхжаргал, В.Тулга нарыг иргэний хариуцагчаар татсан гэж амаар тайлбарладаг хэрнээ хавтас хэрэгт иргэний хариуцагчаар татсан баримт байдаггүй. Тухайн хүсэлт, нэхэмжлэл дээр ямар учраас иргэний хариуцагч болох талаар тодорхой дурдсан байгаа.

Анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/24 дугаартай тогтоол нь хохирогчийн эрх ашиг, сонирхлыг дордуулсан, тодорхойгүй байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “...эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...шударга шүүхээр шүүлгэх”, мөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилгод нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасан байна. Хэдийгээр дээрх иргэний хариуцагч нараас иргэний журмаар нэхэмжлэх эрх хохирогчид байгаа боловч иргэний шүүх хүлээн авахад /хөөн хэлэлцэх хугацаа болон нэхэмжлэлийн үндэслэл нь/ эргэлзээтэй байдал бий болгож байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/24 дугаартай шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчоос гаргасан иргэний нэхэмжлэлийг хэрхэх талаар шүүхийн тогтоолд тусгуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээгээр халхавчлан Э.Т нь миний бие Г.Мгээс 15.000.000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөр гэж захирал Б.О болон аав Я.Эрдэнэбилэг нарын дансанд хувааж шилжүүлж авсан байдал нь дансны хуулгаар нотлогддог.

Э.Тд холбогдох хэрэгт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 843 дугаартай тогтоол гарсан байдаг. Тус тогтоолд хохирогч нарын хохирлыг барагдуулах талаар шийдвэрлэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Өү Энд Би Эн” ХХК-ийн захирал Б.Оийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Үүнтэй холбоотойгоор иргэний хариуцагч Б.Оийн дансанд орсон хохирогч нарын 77.000.000 төгрөгийг гаргуулж, хохирол барагдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнээс хохирогч Г.Мд 10.000.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. 

Гэвч Э.Т нь өөр дүүрэгт залилангийн гэмт хэрэг үйлдсэн болох нь шинээр тогтоогдсон тул хэргийг нэгтгэн шийдвэрлэх зорилгоор мөрдөн байцаалтад буцаасан.

Хэргийг нэгтгэх явцад яллагдагч Э.Т нь нас барсантай холбогдуулж хохирогчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Тус хэргийн иргэний хариуцагч нараар хохирлыг барагдуулах.

2. Э.Тын аав Я.Эрдэнэбилэгийг иргэний хариуцагчаар татаж хохирлыг барагдуулах арга хэмжээг авч өгнө үү.

3. Тус хэргийг залилан мэхлэх гэмт хэрэг мөн болохыг тодорхойлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “Өү Энд Би Эн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Т гэх хүн “Өү Энд Би Эн” ХХК-д ирээд байр захиалсан. Компанийн зүгээс урьдчилгаа болгож 8.000.000 төгрөг авсан нь үнэн. Э.Т “Байр хадгалж байгаач” гэж хэлээд эрхэлдэг бизнесийнхээ талаар танилцуулсан. Компанийн хувьд гэрээг байгуулаад явахад Э.Т ирээд байр захиалсан бөгөөд өөрийнхөө талаар танилцуулсан. Нэг мэдэхэд Э.Тын нэр дээр гэрчилгээ гарчихсан байсан. Энэ асуудлын дагуу хамгийн анхны гомдлыг манай компани гаргаж, захиргааны шүүхээр явсан. 3 шатны шүүхийн шийдвэрээр хууль бус бүртгэл байна гэдгийг тогтоож, “Өү Энд Би Эн” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргахаар даалгаж шийдсэн. Шийдвэр гүйцэтгэлээр манай байгууллага 5 гэрчилгээ сүүлд авсан. 3 шатны шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт байгаа. Ц.Ө гэх хүн байрыг нь худалдаж авсан бөгөөд Ц.Өын нэр дээр байрыг нь өгчихсөн байгаа. Бусад хохирогч нартай “Өү Энд Би Эн” ХХК ямар ч хамааралгүй. Бусад хохирогч нар шүүгдэгч Э.Ттай өөрсдөө гэрээ байгуулж, өөрсдөө Э.Тд мөнгөө өгчихсөн байдаг. Тэгэхээр Э.Т нас барсны дараа “Өү Энд Би Эн” ХХК-д бүх бурууг тохож болохгүй. Хохирогч нарт иргэний журмаар нэхэмжлэх эрх байгаа. “Лотус финанс” ХХК-ийн хувьд бүх хохирлоо шүүхийн шийдвэрээр гаргуулчихсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох” гэсэн байх бөгөөд нас барсныг үндэслэлгүй гэж үзвэл маргах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нас барсан бол шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгоно гээд заачихсан байгаа. Хамгийн анх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Тын учруулсан хохирол буюу 70.000.000 төгрөгийг “Өү Энд Би Эн” ХХК-иас гаргуулан хохирогч нарт хувааж олгуулахаар шийдвэрлэсэнд бид нар гомдол гаргасан бөгөөд Дээд шүүхээс үндэслэлгүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хохирогч нар тус тусдаа гомдол гаргаад явах эрх нь нээлттэй байгаа. Нэгэнт шүүгдэгч Э.Т нас барсан учраас бид нар Э.Таас шаардаж байсан бүх хохирлоо шаардахаа больж, өөрсдөө хохироод үлдсэн. ...” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Хавтаст хэргийн материалтай танилцсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн тогтоолоор шүүгдэгч Э.Тын ганцаараа үйлдсэн хэргүүдийг нь “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй хэмээн прокурорын зүгээс үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй байх тохиолдлыг тодорхой хуульчилсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/ хэмээн заасан байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч энэ шийдвэр нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үг биш юм. Тайлбар, гомдолд дурдагдах дансны хуулгуудад тулгуурлан иргэний хариуцагчаар нэр бүхий хүмүүсийг тогтоолгох мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зүгээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар эргэлзээгүйгээр иргэний хариуцагчаар тогтоож чадахгүй. Нотлох баримтын хувьд зөвхөн дансны хуулга байгаа. Хэрвээ шүүх хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэр гаргах үедээ “Хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор эдгээр ажиллагааг зайлшгүй хийлгэх шаардлагатай” гэж үзвэл хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаагаад шаардлагатай ажиллагаануудыг хийх бүрэн боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй учраас хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан Э.Тын нас барсны гэрчилгээний хуулбар /11хх 19/, нас барсны лавлагаа /11хх 22/ зэргийг үндэслэн Э.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/. ...” гэж хуульчилсан байх тул Э.Тд холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...шүүгдэгч нас барсан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. ...” гэж заасны дагуу эрүүгийн 1905008520463 дугаартай хэргээс шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/24 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Ө, Б.Н нарын хамтран гаргасан, хохирогч “Лотус Финанс” ХХК-ийн өмгөөлөгч Э.Золжаргал, хохирогч Г.М нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/25 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч М.Ст холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааг жич товлон зарлахаар хойшлуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/24 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Ө, Б.Н нарын хамтран гаргасан, хохирогч “Лотус Финанс” ХХК-ийн өмгөөлөгч Э.Золжаргал, хохирогч Г.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ