Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0347/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И-,

Хохирогч Ц-,  

Шүүгдэгч Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б- холбогдох эрүүгийн 1718003480152 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                 

 

Монгол Улсын иргэн, Б- улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б-нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 24-3 тоотод төрсөн хүү 7 сартай Б.Чинбаярыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б-нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 24-3 тоотод төрсөн хүү 7 сартай Б.Чинбаярыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож баруун зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Ч.Батцэцэгийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            ...Би 19-ны өдөр нүүрсэнд яваад ирэхэд миний ээж Янжин дээр хүү Чинбаярыг Б.Батцэцэг авч ирж өгсөн юм билээ. Манай ээж Чинбаярыг харж чадахгүй би өөрөө асрамжийн хүүхэдтэй ээж нь нүүрсэнд явсан гэж хэлсэн юм билээ. Тэгээд орой нүүрсэнд яваад ирэхэд ээж хүүг авч ирсэн гэж хэлэхээр нь такси хөлслөөд хүү Чинбаярыг очиж Б.Батцэцэгийн гэрээс аваад хоёулаа хоносон. Би 20-ны өглөө босоод гаргасан нүүрсээ зарчхаад ирье гээд эгч Удвалын гэрт хүүгээ үлдээчхээд Уурхай явж нүүрсээ зарчхаад гэртээ ирсэн. Би хүүгээ эгчийн гэрээс аваад гэртээ хүүгийн хамт байж байгаад найз Түнтэгийг утсаар дуудаад хоёулаа ганц пиво уух уу гэсэн чинь Түнтэг 2 ширхэг лаазтай пиво аваад хүрээд ирсэн. Бид хоёр манай гэрт хоёр пиво ууж жоохон юм ярьж сууж байгаад Түнтэг гэрээс гараад яваад өгсөн. Би гэртээ хүү Чинбаярын хамт байхад ээж гаднаас ганцаараа орж ирсэн. Би ээжийг гаднаас ороод ирэхээр нь уйлаад намайг Төгсөө өшиглөж байхад та нар ерөөсөө хайхрахгүй байх юм гээд өөдөөс нь уурлаад уйлсан. Би хүүгээ тэвэрч байгаад уйлахад намайг дагаад хүү уйлсан. Миний хажуугаас ээж чамайг уйлахаар чиний хүү чинь уйлаад байна гээд уурлаад байсан. Би уурлаад бухимдсандаа болоод хүү Чинбаярыг гараараа нэг удаа нүүр лүү алгадаад дуугүй бай гэсэн. Тэгэхэд ээж хажуу талаас чи жижиг 7 сартай хүүхэд зодлоо гээд булааж аваад гэрээс гараад явсан. Намайг ээж хүүгээ согтуу зодоод байна гээд Шарын гол сумын Цагдаагийн тасагт дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Ц-гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

   ...Миний ганц хүү Төгсөө нь 2015 оноос хойш Батцэцэг гэдэг хүүхэнтэй хамтран амьдарч байгаад 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төгсөөгийн хүү Чинбаярыг төрүүлсэн. Одоо миний ач хүү Чинбаяр нь 7 сартай бага насны хүүхэд. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад хүү Төгсөө утсаар яриад хүүг ирээд аваа Батцэцэг зодоод байх юм гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Шарын гол суманд ирээд Төгсөөг хүүгээ аваад ир гэж хэлээд ач хүү Чинбаярыг өөр дээрээ авчруулахад хоёр нүдний доод хэсэг болон дух орчим хөхөрчихсөн байсан. Би энэ талаар Шарын гол сумын нийгмийн ажилтан Баярмаа гэдэг хүүхэнтэй холбоо барьж өргөдөл гомдол гаргасан. Түүний дагуу Баярмаа Чинбаярыг Батцэцэг зодсон талаар багийн хурал хийж Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2017 оны 4, 5 дугаар сард хүү Төгсөөг алтанд явсанд хойгуур хоёр удаа миний дүү Ууганцэцэг, Батцэцэг нарын гэрт үлдээгээд архи уугаад 2-3 хоногоор явсан байсан. Миний ач хүү Чинбаярын толгой төрөлхийн гилжгий. Би өөрийн асрамжид авснаас хойш Улаанбаатар хотоор үзүүлж яваад ирсэн. Одоо Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хурлаар орно. Би ганц хүүгийнхээ хүүг өөр дээрээ авч хүн болгомоор байна, миний ач хүү бие муутай хүүхэд байгаа. Би энэ хүнээс хүүхдийн төрсний гэрчилгээг авмаар байна 130 000 төгрөгийн барьцаанд тавьсан гэсэн. Хаана тавсаныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Намайг 2017 оны 10 дугаар сарын 18-ний өдөр гэртээ ганцаараа байхад манай Цэнгэлмаа эгчийн ганц хүү Төгсөө өөрийн 7 сартай хүү Чинбаярыг тэврээд хүрээд ирсэн. Би яагаад хүүхдээ авч ирж байгаа талаар асуухад би эхнэр Батцэцэгтэй маргалдсан гэж хэлсэн. Тэгээд өөрөө нүүрсэнд явлаа гээд гараад явсан. Манай гэрт Төгсөөгийн хүү Чинбаяр хоёр хоносон. Би Төгсөөд хүүгээ аваач гэж 19-ны өдөр хэлэхэд тэнд аваад ир энд аваад ир гэж хэлээд олдохгүй байсан. Гар утсаа унтраагаад алга болчихсон. Тухайн үед Төгсөө согтуу байсан байх ерөөсөө олдохгүй байсан. Би Чинбаярыг буцаагаад гэртээ авч ирээд байж байхад 19-нөөс 20-нд шилжих шөнө Б-хүүгээ ганцаараа ирээд аваад явсан. Төгсөө, Батцэцэг хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Батцэцэгийн ах дүү нар луу яриад Чинбаярыг ирээд ав каш, сүүгүй болчихлоо гэхээр наад хүүхдээр чинь яадаг юм цагдаад аваачиж өг гэдэг гэх мэдүүлэг /хх 43/,

 

Гэрч Г.Төгсөөгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Намайг 2017 оны 10 дугаар сарын 16-ны орой нүүрсэнд яваад нэг хоноод 17-ны орой гэртээ ирэхэд хамтран амьдрагч Батцэцэг нэлээд согтуу найз Батсайхан, Тэмүүжин түүний эхнэр Нараагийн хамт манай гэрт байж байсан. Би гэртээ дүү Ариунбатын хамт орсон. Тухайн өдөр эхнэр хаана хэнтэй архи уусан талаар би ерөөсөө мэдэхгүй байсан. Би эхнэрийг жоохон хүүхэд харж байж архи уугаад байхдаа яадаг юм гэхэд миний өөдөөс Батцэцэг дайраад хаагуур янхандаад байгаа юм нэг хоног гэртээ ирээгүй гээд дайраад байсан. Манай гэрт байсан хүмүүс бүгд гараад явцгаасан. Би эхнэр хүүхдээ хараад үлдсэн. Над руу Батцэцэг дайрч байхад Батцэцэгийн төрсөн эгч Оюунцэцэг орж ирээд Батцэцэгийг ууж идсэнээ шингээхгүй нөхөр лүүгээ дайраад байх юм унтаж амраач гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд удаагүй Батцэцэг гэртээ тасраад унтаад өгсөн. Би маргааш өглөө буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өглөө босоход Батцэцэг над руу дайраад архи уугаад янхандсан байна. Чи нүүрсэнд явж явж 80 000 төгрөг олж ирээд байхдаа яадаг юм. Дэлгүүрийн өр нэхэгдээд байна янхан минь чи хүүхдээ хар би нүүрсэнд явна. Чи наад хүүхдээ аваад зайлаарай гээд байсан. Миний уур хүрээд Батцэцэг рүү гар утас шидээд нэг удаа хөл рүү нь өшиглөөд хүүхдээ аваад гараад явсан. Би хүү Чинбаярыг сүү, каш, живхийг авч өгөөд ээжийн дүү Б.Батцэцэгийн гэрт хүргэж өгсөн. Би хүүгээ Батцэцэгийн гэрт үлдээгээд хоёр хоног гадуур явсан. Над руу Б.Батцэцэг утсаар яриад хүүгийн чинь живх, каш, сүү дуусчихлаа хүрч ирээд хүүгээ ав гээд байхаар нь надад мөнгө олдоогүй болохоор зугтаагаад утсаа унтраачихсан гэх мэдүүлэг /хх 44/,

 

Гэрч Д.Янжингийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад 17 цагийн орчим охин Батцэцэгийн гэр буюу Хайрхан багийн 24-р байрны 3 тоотод очиход охин Батцэцэг 7 сартай зээ хүү Чинбаяр нар байсан. Намайг гэрт ороход Чинбаярыг охин Батцэцэг тэвэрчихсэн хоёулаа уйлаад сууж байсан. Би юу болсон талаар асуухад охин Батцэцэг хамтран амьдрагч Төгсөөтэй маргалдсан гээд халамцуу бухимдуу сууж байсан. Над руу та нар намайг хүнд зодуулж байхад хайхарсангүй гээд байсан. Миний охин Батцэцэгийг орилоод уйлаад байхаар нь зээ хүү айгаад дагаад уйлаад байсан. Би охин Батцэцэгт битгий уйлаад бай чамайг дагаад хүү Чинбаяр уйлаад байна гэж хэлэхэд уурандаа Чинбаярыг гараараа нэг удаа нүүр лүү нь цохиод авах шиг болсон. Би Батцэцэгээс чи яаж байгаа юм гээд зээ хүү Чинбаярыг булаагаад авсан. Тэгээд уурандаа Шарын гол сумын Цагдаагийн тасагт охин Батцэцэг согтуу байна гээд дуудлага өгсөн. Би зээ хүү Чинбаярыг аваад өөрийн охин Батзаяагийн гэрт орсон гэх мэдүүлэг /хх 46/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1085 дугаартай дүгнэлт:

 

            “1.Б.Чинбаярын биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх 49/, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ /хх 7-8/, Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл /10-14/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-19/, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 21-25/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 26-32/, аюулгүй байдлын төлөвлөгөө /хх 33/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын засаг даргын 2017 оны 11-р сарын 08-ны өдрийн А/121 дугаартай "Б.Чинбаярын асран хамгаалагчаар Ц-г тогтоосон тухай" захирамж /хх 34/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн 7 сартай хүүг алгадаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 63-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.   

 

            Шүүгдэгч Б-нь хүү Б.Чинбаярыг өөрийн асрамжид авах саналыг шүүхэд гаргасан бөгөөд Ч.Батцэцэгийг гэмт хэрэгт холбогдсоны улмаас Шарын гол сумын засаг даргын захирамжаар Б.Чинбаярын асран хамгаалагчаар эмээ Ц-г тогтоосон байх бөгөөд эрүүгийн хэргийн шүүх хүүхдийн асран хамгаалагчийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй дээрх маргаантай асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүйг дурдаж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 7 сартай Б.Чинбаярыг  биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б-нь торгох ял оногдуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Б-нь өөрт ногдох хөрөнгөгүй, тогтсон орлогогүй, түүний хувийн байдал /Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний 3-т "анхаарал хяналт муу тавьдаг", 4, 9-т "манай эхнэр Батцэцэг хүүгээ өвчин тусчхаад байхад эмнэлэгт үзүүлдэггүй, сард 2-3 удаа архи уудаг", 16-т "урьд нь сумын ЗДТГ-ын хамтарсан багаар зөвлөгөө авч байсан" /хх 10-14/, Хамтарсан багийн хурлын тэмдэглэл "Ч.Батцэцэгийн энэ үйлдэл анхны удаа биш. Энэ нь 2 дахь удаагаа давтагдаж байгаа тул цаашид дахин давтагдах магадлал өндөртэй. Нөхөртөө уурласан уураа хүүхдэдээ гаргах нь маш буруу" /хх 15-17/ зэрэгт дүгнэлт хийж торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүү 7 сартай Б.Чинбаярыг алгадаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.Батцэцэгийг  240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.Батцэцэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ