Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/536

 

 

 

 

       2022           5            19                                    2022/ДШМ/536

 

Д.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Даваадорж,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Баатар, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Даваадорж нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Нт холбогдох 2208000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

Д.Н нь согтуурсан үедээ, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 38 дугаар гудамжны З0а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү болох Н.Птой “та яагаад архи уусан юм бэ, битгий архи уугаад бай” гэх шалтгааны улмаас маргалдаж, хэвлийн тус газар нь зэвсэг хэрэглэн хутгаар хутгалж улмаар түүний биед “цээж, хэвлийн хөндийд хавагдан нэвтэрч өрц, ходоод гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /1000 мл/, хэвлийн гялтангийн үрэвсэл, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, зүүн 10 дугаар хавирганы хугарал” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Д.Нт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Н нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогч Н.П нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, “Хараа” гэсэн бичиглэлтэй архины шил 1 ширхэгийг тус тус устгаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 38-30а тоотод оршин суух 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин /РД:УЦ11291023/ Нын Сийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд даалгаж, Д.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие зориудаар биш, сэтгэл санаа цочирон давчидсаны улмаас тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болно. Өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн хийсэн алдаа болон хүүгийнхээ эрүүл мэндэд цаашдаа маш сайн анхаарах болно.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс охин, хүү хоёрыг минь хадам ээж Ший асрамжид өгсөн боловч хадам ээжийн бие маш муу, явж чадахгүй насан дээрээ байгаа. Иймд охин, хүү хоёрт минь байнга анхаарал тавьж чадахгүй хүн. Би хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Охин минь 5 дугаар ангид сурдаг. Надаас өөр халамжлаад аваад явах хүн байхгүй.

Иймд хоёр хүүхдийн минь өсөн хүмүүжих, зөв төлөвшихөд нь тусалж гэр бүлийг минь бүтэн амьдралд нь үлдээж, хүүгийнхээ цаашдын ирээдүй болон эрүүл мэндэд нь анхаарахад туслана уу гэж хүсэж байна.

Миний бие хүүгээ гэмтээсний дараа эмнэлгийн тусламж үзүүлэх гэсэн боловч надаас зугтаагаад гараад явсан тул хаана байгааг нь мэдэхгүй хугацаа алдсан. Өөрийн буруугаас болж хүүгийнхээ сэтгэлд нь болоод амьдралд нь хэзээ ч эдгэхээргүй шарх, толбо үлдээсэндээ маш их харамсаж байна. Энэ алдааг минь засаж залруулан, боломж бололцоогоор минь хангаж хүү, охин хоёртойгоо зөвөөр ойлголцох, эргээд зөв хэмнэл, харилцаанд орох цагийг надад өгөөч гэж хүсэж байна.

Зөвхөн би энэ амьдралд буруутан хэвээр, хэрэгтэн хэвээр цаашид явлаа гэж бодоход хоёр хүүхдийн минь сэтгэл санаа болон бодолд нь муу зүйл бүү суугаасай гэж би эмээж байна. Миний болон нийгэмд эзлэх байр суурь минь тогтворгүй болсноос энд хоригдсон хоног, цаг миний амьдралд нэр төр минь ямар үнэ цэнэтэйг ойлгож байна. Цаг хугацааг эргүүлж болдог бол алдсан цаг хугацаагаар минь биш цаашдаа болоод ирээдүй рүүгээ тэмүүлж яваа бяцхан охин, хүү минь энэ бүгдийг цаашид яаж авч явах боломжийг надад олгож өгөөч гэж хүсэж байна.  

Энэ нийгэмд болоод миний амьдралд том сургамж, ухаарал боллоо. Амьдралд хуулиа зөрчихгүй, аливаа зүйлд ухаалгаар буюу тэвчээртэй хандаж, хэн нь тэвчээр гаргаж өөрийгөө дийлж чадсан нь амьдралаа авч үлддэгийг ухаарч, ойлгож, гэмшиж байна.

Иймд алдааг минь уучилж, ялыг минь хөнгөрүүлж, энэ амьдралд минь үлдээж өгнө үү. Хийсэн алдааг минь биш, цаашдын ирээдүйг минь харж өршөөн хэлтрүүлж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Б.Даваадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд: Миний үйлчлүүлэгч Н анхнаасаа үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугаа сайн дураараа хүлээн гэмшиж байгаа талаараа мөрдөн байцаах, мөн шүүхийн шатанд илэрхийлж мэдүүлэг өгсөөр ирсэн. Хэргийн зүйлчлэл болон хохирлын хэмжээнд маргаагүй бөгөөд хохирогч өөрийн төрсөн хүү Пийн эмчлүүлсэн эмчилгээ үйлчилгээ, шинжилгээ хийлгэсэн бүх зардлыг сайн дураараа төлж хохирогч гомдолгүй гэсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болсон, шүүхийн хэлэлцүүлгийн үед хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Анхан шатны шүүхээс ял эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг гуравны хоёроос буюу 4 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Иймд миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Нын хорих 409 дүгээр ангиас өөрийн хүсэлт болон хувийн байдлаа илэрхийлсэн хүсэлтүүд, анхан шатны шүүхээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн доод хэмжээ болох 5 жилийн гуравны хоёрыг хэрэглэн оногдуулсан 4 жилийн хорих ялын хэмжээг багасгаж 3 жил 3 сар болгох буюу 9 сарын хорих ялыг хасаж тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хувийн байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаанаас үзэхэд шүүгдэгч Д.Н нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэдэг байсан нөхцөл байдал харагддаг. Хэрэг болдог өдөр Д.Ныг архи уугаад байж байхыг хараад хүү нь “Та яагаад архи уугаад байгаа юм бэ? Битгий уугаач дээ” гэж гуйсан байдаг. Үүнээс болж тодорхой хэмжээний маргаан үүсэж Д.Н хүүгээ хутгаар хутгалсан үйл баримт тогтоогддог. Гэмт хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Энэ бүгдийг харгалзан үзэж яллах дүгнэлт үйлдсэн ба түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж 5 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулах саналыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан ба шүүх саналыг маань хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ашиглан прокурорын санал болгосон ялын хэмжээнээс багаар буюу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” хэмээн заасан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 5-аас 12 жилийн хугацаагаар хорих ялтай байдаг. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.Н нь согтуурсан үедээ, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 38 дугаар гудамжны З0а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү болох Н.Птой “та яагаад архи уусан юм бэ, битгий архи уугаад бай” гэж хэлсний улмаас маргалдаж, хэвлийн тус газар нь зэвсэг хэрэглэн хутгаар хутгалж улмаар түүний биед “цээж, хэвлийн хөндийд хавагдан нэвтэрч өрц, ходоод гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /1000 мл/, хэвлийн гялтангийн үрэвсэл, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, зүүн 10 дугаар хавирганы хугарал” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-9/, 200 граммын хоосон архины шил 1 ширхэг, 30 см урттай, 11 см бариул, 19 см ажлын хэсэгтэй хар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 23/, Д.Наар хутгыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 38-41/, Н.Пийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх /69-79/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 116-119, 123-128/, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 120-122/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо хамтарсан баг Д.Ший гэрээр орсон тэмдэглэл /хх 129-130/, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 131-133/, аюулын зэргийн үнэлгээ /хх 134-136/ зэрэг нотлох баримтууд,

хохирогч Н.Пийн “...Намайг 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гэртээ унтаж байхад аав ажлаа тараад гаднаас орж ирсэн. Тэгээд аавыг согтуу байхаар нь “та яагаад архи уусан юм бэ, битгий архи уугаад бай” гэж маргалдсан. Тэгтэл намайг гэрээс хөөгөөд байсан. ...Аав гэнэт босож ирээд хоол хийх гэж байсан хутга бариад хэвлий тус газар хутгалсан. Тэгсэнээ “цагдаа дууд” гэж хэлж байсан. Би хэвлийдээ хутгалуулчихаад айл руу орж цагдаа дуудсан. ...Тухайн үед манай аав болон 10 настай дүү байсан. Харин ээж Солонгост байдаг. ...Хар өнгийн иштэй, 20-30 орчим см хутгаар хэвлийд хутгалсан. ...Би аав Д.Наас эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвлий, цээж хавсарсан тасагт хагалгаанд орж хагалгааны дараа физик эмчилгээ хийлгэсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 15, 19/,

гэрч Д.Оын “...Би 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 38-41 тоот өөрийн гэртээ хүүхдүүдээ хараад байж байхад 20 цаг 50 минутад гаднаас Н.П куртикээрээ гэдсээ дараад гуйваад манай гэрт орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “аав Д.Нэргүй намайг хутгалчихлаа” гэсэн. Тэгээд би шархыг нь боож өгөөд түргэн тусламж дуудсан. ...Н.П ёолоод, гэдэснээс нь цус гараад байсан ба 3 см орчим шархтай, сэмжний өөх нь гарчихсан байсан. Надад Н.П “аав хутгалчихлаа” гэснээс өөр юм хэлээгүй. Н.П нь эрүүл байсан. Архи, согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. ...” /хх 11-12/,

            насанд хүрээгүй гэрч Н.Сийн “...Тус өдөр би өөрийн төрсөн ах Н.Пийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 38-30а тоотод байрлах гэртээ байж байтал аав Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажлаасаа тарж ирээд унтсан. Тэгээд орой босож ирээд хоолоо хийж байтал ах П аавыг “та яагаад архи уугаад байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би гэрээсээ гараад байшингийнхаа дэргэд сууж байгаад хэсэг хугацааны дараа буцаад ортол ах П гэдсээ гараараа дараад надтай зөрөөд гэрээс гараад явсан. Тэр үед аав Н гал тогоондоо хоолоо хийж байсан. Удалгүй цагдаа нар ирээд аавыг аваад явсан. ...Би аав, ах хоёрыг хэрэлдээд байхаар нь айгаад гэрээсээ гараад явсан юм. Урьд нь аав, ах хоёр хоорондоо хэрэлдэж байгаагүй. ...Манай ээж 2020 онд Солонгос улс руу ажил хийхээр явсан. Би ээжтэйгээ байнга холбоотой байгаа. ...” /хх 32-33/,

            гэрч Д.Шийн “...Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэрийн 101-43 тоотод байх байранд бага хүү, бэр, ач нарын хамт амьдардаг. Би ач Н.Сийг өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлж, өөрийн тэтгэврийн мөнгөөр хооллож, хэрэгцээтэй мөнгө төгрөгийг нь өгч, асран хамгаалж чадна. Би ач охин Н.Сийг асран хамгаалахад татгалзах зүйлгүй. ...Д.Н нь их сайхан сэтгэлтэй, дөлгөөн, өрөвчхөн, тайван зантай хүн юм. ...” /хх 35/,

            яллагдагч Д.Нын “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны цахилгаан станц-2 төрийн өмчит хувьцаат компанид зуухны үнсчингээр 15 жил ажиллаж байна. Манай ажил ээлжийн ажилтай байдаг юм. Манай эхнэр С.Очимэг Солонгос улсад ажиллаад 2 жил болж байна. Би хүү П, охин С нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 38-30а тоотод амьдардаг. Манай хүү Шинжлэх ухаан технологийн сургуулийн 3 дугаар курсийн оюутан, охин 12 дугаар сургуулийн 5д ангид сурагч юм. Эхнэр Солонгос улс руу явснаас болж би заримдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. 2021 оны 12 дугаар сарын 4-ний өглөө ээлжийн ажлаасаа буугаад гадуур ажил амжуулж явж байгаад гэрийн ойролцоох дэлгүүрээс 200 граммын “Хараа” нэртэй архи аваад тэр хавийн байшингийн буланд очоод ганцаараа уучихаад гэртээ орж иртэл хүү П, охин С нар байхаар нь гэртээ ирээд унтаад өгсөн ба нэг сэрсэн чинь харанхуй болчихсон байхаар нь босоод хоол хийх гээд хар өнгийн иштэй хутгаар гурил хэрчээд байж байтал том хүү П намайг “та яагаад архи уугаад байгаа юм бэ архичин минь” гэхээр нь би уурлаад “чи яахаараа аавыгаа ингэж хэлдэг юм бэ” гэж хэлэхэд хүү П “хуц архичин минь” гэхээр нь гэнэт миний уур хүрээд баруун гартаа барьж байсан хоолны хутгыг аваад айлгая гэж бодож байгаад хэвлий хэсэгт нь хутгаа чиглүүлээд хүрэх шиг болсон. Тэр үед хүү гэдсээ дараад гэрээсээ гараад явчихаар нь би хутгаар хатгасан гэдгээ мэдэхгүй үргэлжлүүлээд хоолоо хийж байтал удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан юм. ...Хар өнгийн иштэй, их иртэй хутга байсан. Би одоо харвал зааж өгч чадна. ...Эмчилгээний мөнгө төгрөгийг нь цаг тухайд нь өгөөд эмчилгээг нь хийлгэж байгаа юм. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 145-147, 158/ гэсэн мэдүүлгүүд,

            “...Н.Пийн биед цээж, хэвлийн хөндийд хавагдан нэвтэрч өрц, ходоод гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт /1000 мл/, хэвлийн гялтангийн үрэвсэл, цээжний зүүн хөндийд цус хуралт, зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 88 дугаартай /хх 42-45/,

            “...шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Биологийн ул мөр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн байна. Хутганаас илэрсэн хүний цус нь АВО системеер О(I) бүлгийн харъяалалтай байна. ...” гэсэн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 244 дугаартай /хх 48-52/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “...Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. ...” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Д.Н нь өөрийн төрсөн хүү Н.Пийг ахуйн зориулалттай хутга буюу зэвсэг хэрэглэн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвөөрсөн, түүний үйлдэл нь  хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “..."гэр бүлийн гишүүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно. ...” гэж тодорхойлсоноос харахад Н.П нь Д.Нтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдож байна.

 Иймд түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Д.Нт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна. ...” гэж хуульчилсан байх бөгөөд анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Д.Нт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хууль хамаарна. ...” гэж хуульчилсан, тухайн гэмт хэрэг 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдсэн байх тул уг хуулийг хэрэглэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Нын “...өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Б.Даваадоржийн “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг багасгаж 3 жил 3 сарын хугацаагаар буюу 9 сарын хорих ялыг хасаж тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож “...гэм буруутай гэж үзэж байна. ...” гэх дүгнэлтийг гаргасан /хх 190/ байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул үүнийг цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Даваадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ