| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00326/И |
| Дугаар | 129/ШШ2024/00341 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 129/ШШ2024/00341
129/ШШ2024/00341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын .....хаягт байрлах А аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн .......тоот хаягт оршин суух О.Ст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,970,100 (нэг сая есөн зуун далан мянга нэг зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х оролцов. Хариуцагч О.Ст шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн Засаг дарга нь хариуцагч О.Ст холбогдуулан 1,970,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...А аймгийн Э сумын 11 дүгээр цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан О.С нь ажиллаж байх хугацаандаа 2018 оны 02 дугаар сард 1,970,100 төгрөгийн бараа материал дутагдуулж төрд хохирол учруулсан болох нь А аймаг дахь төрийн аудитын газрын “Төлбөр барагдуулах тухай” акт, Шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтаар тогтоогдсон. Тус хэргийг А аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн хэлтсийн төсвийн зарлага хариуцсан мэргэжилтэн Б.Э нь төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байсан. Гэвч А аймгийн Прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд О.Сээс төрд учирсан хохирол болох 1,970,100 төгрөгийг аймгийн төсвийн орлогын 100010000955 тоот дансанд төлөлт хийлгэж хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
1.2. Хариуцагч О.С шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хариуцагч О.Ст шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч өмнөх болон өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгч талаас прокурор оролцуулах хүсэлт гаргасан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад хариуцагч зөвшөөрөхгүй байгаа талаараа хариу тайлбар болон бусад нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байгаа тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа тул прокурор оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна..., .... Хариуцагч анх 2019 онд А аймаг дахь Төрийн аудитын газраас төлбөр барагдуулах тухай акт тогтоосон байдаг. Үүнд: “11 дүгээр цэцэрлэгийн нярав нь 1,969,730 төгрөгийн хүнсний материалыг дутагдуулсан зөрчил илэрсэн” гэх акт тогтоосон байна. Тус актыг хариуцагч Л.Сайнчимэг зөвшөөрч төлбөрийг 2019 оны 12 дугаар сард багтааж 60%, 2020 онд 40%-ийг нь хувааж төлж барагдуулна гэдгээ бичгээр илэрхийлсэн байдаг. Үүний дараа ахин бичгээр өргөдөл гаргасан. Тус өргөдөлдөө төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна, цагдаагийн байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрч байна хэмээн бичсэн байдаг. Үүний дагуу төрийн Аудитын газраас цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гэрч нараас гэрчийн мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч А аймгийн прокурорын газар прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Тус тогтоолд О.С нь 2018 оны 02 дугаар сард 1,970,100 төгрөгийн бараа материал дутагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзээд Иргэний нэхэмжлэл гаргах этгээд нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан. Иймд хариуцагч О.Сээс 1,970,100 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогын дансанд төлөлт хийлгэж, төрийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт:
-А аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 201200343 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол,
-А аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02/21 дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт, актын хавсралт,
-О.Сийн А аймаг дахь Төрийн аудитын газарт гаргасан өргөдлүүд,
-2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,
-А аймгийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар “ Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол,
-2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт,
-2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт, тэмдэглэл, 107 дугаар нэхэмжлэх
4. Хариуцагчаас нотлох баримт шүүхэд өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн Засаг даргын хариуцагч О.Ст холбогдуулан гаргасан 1,970,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзлээ.
1.1. Нэхэмжлэгч А аймгийн Засаг дарга дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...А аймгийн Э сумын 11 дүгээр цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан О.С нь ажиллаж байх хугацаандаа 2018 оны 02 дугаар сард 1,970,100 төгрөгийн бараа материал дутагдуулж төрд хохирол учруулсан болох нь А аймаг дахь төрийн аудитын газрын “Төлбөр барагдуулах тухай” акт, Шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтаар тогтоогдсон..., ...Иймд хариуцагч О.Сээс 1,970,100 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогын дансанд төлөлт хийлгэж, төрийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
1.2. Хариуцагч О.С шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
1.3 Нэхэмжлэгч А аймгийн Засаг дарга хариуцагч О.Ст холбогдуулан 1,970,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар хариуцагч О.С нь А аймгийн Э сумын Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн нярваар ажиллаж байх хугацаанд 2018 оны 02 сард 1,970,100 төгрөгийн бараа материал дутагдуулсан зөрчил гаргасныг А аймаг дахь Төрийн аудитын газраас илрүүлж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02/21 ГАГ-2019/11-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт тавьсан байна. Хариуцагч О.С тус актаар ногдуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрч А аймгийн Аудитын газарт удаа дараа өргөдөл гаргаж байсан, мөн энэ асуудлаар А аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар шинжээчийн дүгнэлтээр О.Сийг нярваар ажиллаж байхдаа 1,970,100 төгрөгийн хүнсний материалыг зарцуулалтаар гарган тайлагнаж төсөвт хохирол учруулсан байна гэж магадлан шинжилсэн, А аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.
Хариуцагч О.С нь бусдын эд хөрөнгөд буюу төсөвт хохирол учруулсан учруулсан гэм буруутай этгээд болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар учруулсан гэм хороо хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан А аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоол гарсан өдрөөс тооцоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Хариуцагч О.С нь учруулсан хохирлоо барагдуулаагүй тул А аймгийн засаг дарга буюу төсөв захирагч нь хариуцагч О.Сээс гэм хорын хохирол арилгахыг шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч О.Сээс бусдын эд хөрөнгөд буюу төсөвт учруулсан хохирол 1,970,100 төгрөгийг гаргуулж А аймгийн төсвийн орлогын 100010000955 тоот дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
2. Иргэдийн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан “ Хариуцагч О.Сээс 1,970,100 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул үндэслэлтэй гэж үзсэн болно.
3. Шүүх А аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн 2024 оны 06 дугаар сарын сарын 04-ний өдөр хариуцагч О.Ст нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Гэвч хариуцагч О.С нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдсэн боловч удаа дараа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч О.Сээс 1,970,100 төгрөгийг гаргуулж А аймгийн төсвийн орлогын 100010000955 тоот дансанд оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч А аймгийн Засаг даргын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.ЭЛБЭГЗАЯА