| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00400/И |
| Дугаар | 129/ШШ2024/00350 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2024/00350
129/ШШ2024/00350
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: .....байрлах ХТ ХХК /РД: ..../
Хариуцагч: ......байрлах Ө ХХК /РД:..../
Нэхэмжлэлийн шаардлага: 4,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанитай “Ө” ХХК нь 2022 оны 10-р сарын 20-ний өдөр “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд 2023 оны 11-р сарын 30-ний өдрийн байдлаар 6,478,900.00 төгрөгийн авлага үүссэн. Үүнээс хойш дахин эм бараа аваагүй ч төлбөр бага багаар төлөлт хийж 3,300,000.00 төгрөгийн авлага үлдсэн. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийг сар бүр 25-30-ны өдрийн то оцоо нийлж баталгаажуулах бөгөөд төлбөрийг барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Хариуцагч нь “Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан”-д тусгагдсан барааг хүлээн авсан /өсөлт гэсэн багана/ өдрөөс эхлэн тус бүр тухайн сард багтаан төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Гэвч харилцагч нь эм барааны төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул эм барааны төлбөрийн үлдэгдлийг төлөх өдрийг тухайн сар бүрийн сүүлийн өдрөөр тооцон авлагын үлдэгдлээс гэрээний 4.6-д заасны дагуу алдангид шилжүүлж мөн гэрээний 5.2-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам тооцож үзвэл нийт 3,892,300.00 төгрөгийн алданги бодогдсон байна. Үүнийг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож 1,650,000.00 төгрөгийн алданги бодогдсон байна. Хариуцагч талд төлбөр төлөх хугацааг удаа дараа хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй төлбөр төлөөгүй байна. Иймд “Ө” ХХК-аас “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ”-ний үүргийн төлбөр болох төлбөр 3,300,000.00 төгрөг, алданги 1,650,000.00 төгрөг, нийт 4,950,000.00 төгрөг 0 мөнгийг гаргуулж “ХТ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ХТ ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ХТ ХХК нь Ө ХХК-д холбогдуулан 4,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан “Эм эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ”-ний үүрэг 4,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,150 төгрөгөөс 47,075 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Ө” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 47,075 төгрөг, улсын орлогоос 47,075 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХТ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө ХХК-д холбогдох 4,950,000 (дөрвөн сая есөн зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,150 төгрөгөөс 47,075 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Ө” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 47,075 төгрөг, улсын орлогоос 47,075 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХТ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН