Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 0044

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Б.М нарт холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.Э

Шүүгдэгч                                                       Б.М, М.Ч

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Б.Д, Д.Н

Д.Э, О.С /цахимаар/,

Хохирогч                                                       С.Г /цахимаар/,

Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадасын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Б-н М,

 

Ц овгийн Б-н Д,

Б овгийн Г-н П,

Б овгийн М-н Ч,

Б.Д Г.П, Б.М нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр        аймгийн       сумын        багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.М-н ухаа халзан, хар халзан зүсмийн 2 тооны шүдлэн үхэр хулгайлан 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.М, М.Ч нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр       аймгийн        сум        багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Г-н улаан халзан, хар, шар тарлан, хар цоохор зүсмийн 4 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 8 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас Б.М, Б.Д, Г.П, М.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч С овгийн Б-н М, Ц овгийн Б-н Д, Б овгийн Г-н П, Б овгийн М-н Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Дыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Чыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Пг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Д, М.Ч, Г.П нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 81 хоног, Б.Дын цагдан хоригдсон 140 хоног, Г.Пгийн цагдан хоригдсон 19 хоног, М.Чын цагдан хоригдсон 19 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Г.П, М.Ч нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хоригдож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Ч, Г.П, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч, Г.П, Б.Д нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар 3 хос гутал, саарал өнгийн уяа 1 ширхэг, улбар шар өнгийн уяаг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, хэрэгт хураагдсан 150 кг махыг устгахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 273 дугаар захирамжаар:

         Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Б.Мийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг “шүүгдэгч Б.Мийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Б.Мэд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял” гэснийг “Б.Мэд оногдуулсан 3 жилийн хорих ял” гэж тус тус залруулж шийдвэрлэжээ.

 Прокурор эсэргүүцэлдээ:

 ... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Мэд 3 жил, Б.Д, М.Ч, Г.П нарт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Б.Мийн цагдан хоригдсон 81 хоног, Б.Дын цагдан хоригдсон 140 хоног, Г.Пгийн цагдан хоригдсон 19, М.Чын цагдан хоригдсон 19 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсон байна. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Г.П, М.Ч нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сум нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.

Эдгээр хоёр заалтаас дүгнэхэд цагдан хоригдсон хоногуудыг эдлэх ялд оруулан тооцсон атлаа хасаагүй буюу зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор ...тооцож эдлэх ялаас хасна” гэснийг зөрчсөн байна.

Мөн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй, цагдан хоригдсон хоногийг хасаж тооцолгүй шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь хэсэгт “...Б.М, Б.Д, Г.П, М.Ч нарт оногдуулсан ялаас тус бүр цагдан хоригдсон хоногийг хасаж Б.Мийг 2 жил 7 сар 9 хоног хорих ял оногдуулах, Б.Дыг 1 жил 7 сар 10 хоног, Г.П, М.Ч нарыг 1 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай...” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

... Холбогдсон гэмт хэргийн тухайд надтай хамт бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа Б.Д, Г.П нартай энгийн ойр тойрны харьцаатай байдаг. Тухайн өдөр бид хамт уулан дээр нэг пиво ууж байгаад бууж иртэл машинтай хүмүүс ирээд бид нарыг мал хулгай хийх гэж байна гэж цагдаа энэ тэр болоод ийм асуудал үүсээд байна. Мөн намайг үхэр хулгай хийж гаргасан гэж буруутгаж тухайн үед М.Чын ах н.Д над руу холбоо барьж надад хөлс мөнгийг нь төлье үхэр гаргаад өгөөч гэж гуйхаар нь очиж гаргаж өгсөн. Түүнээс хулгайн үхэр гэж мэдээгүй н.Д нь дүүдээ хулгайн үхрээ Б.Мээр гаргуулаад хэрвээ баригдах юм бол түүн рүү буруугаа тохоход амар гэж үгсэн тохиролцсон нь тодорхой байхад н.Д-г шүүх хуралд оруулаагүй надад бурууг тохож байгаад гомдолтой, мөн намайг цагдан хоригдож байх хугацаанд байцаагч н.З манай аав,  ээж хоёрт хохирлыг нь төлчих, тэгэх юм бол ял шийтгэлгүй болно гэж хохирол төлүүлсэн байсан. Мөн миний биеийг урьд өмнө мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсныг, хохирол төлбөр төлсөн зэрэгт тулган анхан шатны шүүх яллаж байгаад гомдолтой байна буруу зөрүү хэрэгт холбогдож явсан нь үнэн. Одоо ухаажиж өндөр настай аав, ээж хоёроо сэтгэл санааг нь тайван байлгаж сайн сайхан амьдрах зорилго тавьж явсан. Хүнд тус больё бага ч гэсэн хөлс мөнгө нь хэрэгтэй юм гэж хүний үхэр гаргаж өгөөд мөн ойр тойрон байдаг хүмүүстэйгээ бага хэмжээний пиво ууж яваад ийм хэрэгт хилсээр холбогдож шүүхээс хорих ял сонсоод байж байна.

Миний бие Б.Д, Г.П нартай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг үйлдээгүй болно. Мөн М.Ч түүний ах н.Д нарт тус болох гэж хулгайн мал болохыг нь мэдээгүй гаргаж өгөөд буруутан болоод байна. Иймд энэ үйлдэл оролцоог маань нарийвчлан шалгаж миний гэм буруутай эсэхийг шийдвэрлэж анхан шатны шүүхээс надад оногдуулаад байгаа ялыг хэрэгсэхгүй болгож цагаатгуулахаар гомдол гаргаж байна. Миний гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Б.М нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 6 тооны үхэр хулгайлах гэмт хэрэгт холбогдож, 1 үхэр нядалсан, бусад үхрүүд бүрэн бүтэн эзэддээ очсон, хохирол төлбөр байхгүй болно.Түүний хувийн байдал гэвэл урьд ял шийтгэгдэж байсан, боловсролгүй, бичиг үсэг мэддэггүй, эрхэлсэн ажил төрөлгүй, 27 настай, эцэг эхийн хамт амьдардаг залуу юм.

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгүүлж, Өршөөлийн хуулиар өршөөгдөж байсан тул түүнд дахин Өршөөлийн хууль хэрэглэх боломжгүй боловч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд Шүүгдэгч Б.Мэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-г баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний ял оноож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тайлбартаа: ... Энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Ч тайлбартаа: ... Хэлэх зүйл байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ...Чын ах Д-н мэдүүлэг байгаа, цагдаа нар очиход М зугтаасан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н тайлбартаа: ...Пгийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ...Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа: ... шүүх хуралдаанаас өмнө өөрийн үйлчлүүлэгчтэйгээ уулзсан. Миний хувьд шүүгдэгч Б.Мийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцоно. Өөрийн гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Г тайлбартаа: ...шүүгдэгчийн давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байна. Хамт гэмт хэрэг үйлдсэн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогддог... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М, Б.Д, Г.П, М.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Б.М, Б.Д, Г.П, М.Ч нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”-ийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, тодруулбал хохирогч С.Г нь “... аав, ээж хоёр хэлэхдээ Б-н хүү Э түрүүн бид хоёр луу яриад танай үхрийг хэн харж байгаа вэ, энд 3 танихгүй хүмүүс гэрийн чинь ойролцоогоос туугаад явж байна гэхээр нь одоо очлоо гэж хэлээд араас нь дагаж явсаар байгаад энд хүрээд ирлээ гэсэн...” гэж /2 хх 45/,

гэрч Б.Э нь “...манай гэрийн ойролцоо байдаг ах болох С-н хар үнээг 1 үл таних куртиктэй эрэгтэй хүн чулуугаар шидээд зам хөндлөн туугаад гарч явж байсан. Тэгээд би танил хүн нь бэлчээж явж байгаа юм байлгүй гэж бодчихоод байж байтал 5-10 минутын дараа харахад хар үхрийг туугаад явж байсан саарал куртиктэй 40 гаруй насны жижгэвтэр биетэй дэлдгэрдүү чихтэй эрэгтэй хүн С ахын 4 үхрийг нийлүүлээд Номин худалдааны төвийн зүг рүү замын урд талаар буюу төвийн шугамны урдуур туугаад явж байсан. Би 4 үхрийн эзэн рүү утсаар залгаж танай үхрийг хэн хариулж яваа юм гэж асуухад хэн ч хариулаагүй, би эхнэртэйгээ Улаантолгойд ажилтай явж байна, би үхрүүдээ хариулаагүй үлдээсэн гэсэн. Тэгэхээр нь би найзыгаа дагуулаад бид 2 машинтай араас нь очиход Номин худалдааны төвийн урд талд С ахын 4 үхэр байсан ба тууж явсан эрэгтэй нь байхгүй болсон байсан.Ойролцоогоор 10 минутын дараа төвийн шугамны трубаны урдаас үхрүүдийг тууж явсан саарал куртиктэй хүн гарч ирээд үхрүүдийн ойролцоо байж байтал Номин худалдааны төвийн хажуугаас /хар савхин куртиктэй, хар өмдтэй, дундаж биетэй эрэгтэй хүн, саарал тохойтой ноосон цамцтай түрийтэй хар гуталтай, хамт явж байгаагаасаа арай том биетэй эрэгтэй хүн/ 2 хүн алхаж гарч ирээд анх үхэр тууж явж байсан саарал куртиктэй хүчтэй шүргэлцэж зөрөөд хар савхин куртиктэй нь үхэр лүү очиж үхрүүдийг бөөгнүүлэн наадмын тайлбай зүг туугаад явж эхэлсэн. Саарал куртиктэй эрэгтэй хүн нь урд нь гарч нилээд зайтай алхаж байгаад 100 айл худалдааны төв орчмоос алга болчихсон ...” гэсэн мэдүүлэг /2 хх 62/,

М.Ч нь яллагдагчаар “...Д ахыг гуйгаад байхаар нь тусалж тууж өгсөн. Над руу утсаар залгаад М Б баг хивсний ойролцоо 4 үхэртэй явж байгаа ахын дүү очоод хамт туулцаад наадмын талбайн ойролцоо аваад ирээч гэсэн...” гэж /2 хх 78/,

дахин мэдүүлэхдээ “ ... миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний хамаатны ах болох Д нь анх үхрүүдийг байсан газраас нь тууж Номин агуулах, хивсний ойролцоо авч ирсэн байсан, би үүнийг өөрөө над руу утсаар ах нь Мтэй хамт үхэр туугаад явж байна гэж хэлэхэд нь мэдсэн...” гэж /2 хх 81/, мөн “...тэр өдөр Мийн хамт Д ахын машинаас буугаад М бид хоёр шууд 4 тооны үхрийг туугаад хамт явсан...” гэж /2 хх 84/,

гэрч А.А “... Бид нар цай ундаа уучихаад амбаар доторх эд зүйлсээ янзалж байгаад  нэг харахад М.Ч байхгүй болсон байсан бөгөөд тэнд байсан хүмүүсээс асуухад утас нь байнгын дугарч байгаад гараад алхаад явчихлаа гэж хэлсэн...” гэж /2 хх 61/ тус тус мэдүүлжээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон шүүгдэгч нарын  мэдүүлэгт дурдагдсан анх үхэр тууж явсан саарал куртиктэй хүнийг олж тогтоогоогүй, тухайн хүн энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, мөн А.Д гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх зэргийг шалгах ажиллагааг огт хийгээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан боловч Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна.

Нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагыг зөв оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

 

Мөн мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор М.Ч нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчтэй эсэх, энэ өвчин нь олдмол уу, төрөлхийнх үү, энэ гэмт хэргийн улмаас үүссэн байж болох эсэх, хэрэг хариуцах чадвартай эсэх, үнэн зөв мэдүүлэг өгч чадах эсэх талаар дүгнэлт гаргахыг шинжээч нарт даалгажээ.

 

Дээр тогтоолын дагуу шинжээч нар Шүүх сэтгэц эмгэг судлалын 38 дугаартай дүгнэлтийг гаргахдаа сэтгэцийн хувьд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюуны хомсдол зан төрхийн өөрчлөлттэй М.Ч нь үнэн зөв мэдүүлэг өгч чадах эсэхийг тогтоогоогүй, өөрөөр хэлбэл дүгнэлтийг бүрэн биш гаргасан байна.

 

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар тооцогдох тул шүүгдэгч М.Чыг хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар нэмэлт дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

 

Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Б.Мийн “...Д-г шүүх хуралд оруулаагүй надад бурууг тохож байгаад гомдолтой ... шалгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгч Д.Э нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гомдлоосоо татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Үүнээс гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь хэргийн оролцогч нарт гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, өөрөөр хэлбэл даргалагч шүүгч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мийг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаар шийтгэх тогтоолыг уншиж танилцуулсан атлаа оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаар бичигдсэн байна.

 

Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болох атал анхан шатны шүүх уг ноцтой зөрчлийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж залруулга хийсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг баталж, уг журам, аргачлал 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн билээ.

 

Журмын 2 дугаар хавсралтын 1.3-т зааснаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгтээ шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан ... хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл буюу ял шийтгүүлж байсан бол аль шүүхийн, хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн, хэдэн тоот шийтгэх тогтоолоор ямар ялаар шийтгүүлж байсныг зайлшгүй тусгах шаардлагатай ба шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үг, үсэг техникийн шинжтэй алдаа гаргасан зэргийг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2.Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Б.Мийн давж заалдах гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭЦЭГМАА

          ШҮҮГЧ                                                    С.УРАНЧИМЭГ

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР