Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 0372

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба  

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч Д.Батцоож

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга

Шүүгдэгч Ц.С  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ачит овгийн Ц.С-д холбогдох 17250002420096 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Ачит овгийн Ц.С.., Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой сантехникийн инженер мэргэжилтэй, “ ажилтай,  оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 09 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын ард талд бохир усны шугам засварлах ажил хийж байсан Д.Батцоожийг усны шугам хаасан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Д.Батцоожийн ... “2017 оны 09 сарын 16-ны орой 18 цагийн орчим ажлаа хийгээд зогсож байтал “Эрдэнэт Ус” компанид ажилладаг Саруул гэдэг нэртэй хүн цагаан өнгийн машинаас буугаад учир зүггүй уурлаад газраас чулуу аваад над руу шидэхээр нь чулуунаас нь зугтаагаад юу болж байна аа гэсэн чинь учир зүггүй хараал хэлж байгаад хүрч ирээд намайг цохих шиг болсон. Миний нүүрэнд гал бутраад л явсан. Тэгээд нэг мэдсэн чинь 4 м урттай доош ухсан нүхэн дотор хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг рүү очоод үзүүлсэн чинь нэг хавирга хугарсан, хамар хугарч муруйсан, шүд гэмтсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

2.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 794 дугаартай дүгнэлтэд: Д.Батцоожийн биед бүсэлхийн 3-4 дүгээр нугаламны жийргэвчийн цүлхийлт, бүсэлхийн 5-с ууцны 1 дүгээр нугаламны жийргэвчийн цүлхийлт, дээд эрүүний ясны зүүн хэсгийн хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрний зүүн талд зөөлөн эийн няцрал зэрэг гэмтлүүд үүсчээ. Бүсэлхийн 3-4 дүгээр нугаламны жийргэвчийн цүлхийлт, бүсэлхийн 5-с ууцны 1 дүгээр нугаламны жийргэвчийн цүлхийлт, дээд эрүүний ясны зүүн хэсгийн хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 18-р хуудас/

 

3. Гэрч Д.Зоригооогийн ...”Саруул утсаар яриад хүйтэн усны шугаманд гэмтэл гарсан байна. Хамт явж гэмтлийг олж тогтооё гээд Саруул өөрийнхөө машинтай ирээд бид хоёр хамт явсан. Саруул надад хэлэхдээ би өглөөнөөс хойш яваад гэмтлийг нь олсонгүй, хоёулаа дахиад эхнээс нь явж шалгая гээд бид хоёр 1,4,5-р хороолол, эмнэлэгийн бүс болон бүх салаануудыг шалгасан. Тэгээд наад шугамууд хэвийн, харин Их хаадын цуваа орон сууцны хотхон болон “Өргөө” кино театрын чиглэлийн шугам усгүй болчихоод байсан. Хамгийн сүүлд нь Саруул бид хоёр Их хаадын цуваа хотхоны салаа шугам буюу 7 дугаар хорооллын хашаанд байдаг хэсэгт очсон. Тэгээд ороод үзэхэд тэнд усыг хаасан байсан. Зөвшөөрөлгүй хаасан байсан. Саруул надад хэлэхдээ би өглөө энд ажиллаж байсан хүмүүсээс ус хаасан уу гэхэд хаагаагүй гэж байсан. Хаачихаад хэлсэнгүй гэж уурлаж байсан. Тэндээсээ бид хоёр бохирын шугам татаж байсан хүмүүс буюу гэр хорооллын “Шунхлай” бөөний цэгийн хойд талд очсон. Тэнд очиход 4-5 хүүхэд байгаа харагдсан. Саруул машинаасаа буугаад би нөгөө талаар нь буугаад очиход Саруул зөвшөөрөл авалгүй ус хаасан байна. Би өглөөнөөс хойш та нараас асуугаа биз дээ гэсэн. Тэгээд Саруул баруун гараараа тэр залуугийн шанаа руу цохисон. Тэр залуу нь бохирын шугамын нүхэн дээр зогсож байгаад цохиулаад тийшээ унасан. Тэр газар нь нэг метр гаруй өндөртэй байсан. Тэгээд нүхнээсээ гарч ирээд удаагүй, Саруул бид хоёр явсан” гэсэн” мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/

 

2.Яллагдагч Ц.Саруулын ... “Миний бие “Эрдэнэт Ус” ОНӨХК-д инженерээр ажилладаг юм. 2017 оны 09 сарын 16-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд би гэртээ амарч байтал 10 цагийн орчимд манай диспечер утсаар яриад “Их хаадын цуваа” хотхон Өргөө кинотеатрын чиглэлд цэвэр ус тасарсан талаар дуудлага ирсэн гэсний дагуу би гэрээсээ гараад “Их хаадын цуваа” хотхоны байруудын подволуудаар очиж шалгахад усны даралт бага байсан. Тэгээд тухайн үед гарч байсан ЦТП-ийн машинистыг дуудуулаад орж үзэхэд даралт мөн адил унаж байсан. Тэгэхээр нь шалгаад явсаар 62 дугаар цэг дээр очиход худагны аман дээр нь Их хаадын цуваа ХХК-ний инженерүүд ажиллаж байгаа бололтой байсан. Би тэгэхээр нь ус хаасан юм уу гээд нэг инженерээс асуухад үгүй ус хаагаагүй, бид бэлдэцээ хийж байна гэхээр нь орж үзэх үү гэхэд шаардлагагүй, бид нар ус хаагаагүй гэсэн юм. Тэгэхээр нь би замын хойд талын худаг дээр очиход устай байсан юм. Би буцаад очиход инженер нь чи өөр газраар гэмтлээ хай, энд ус хаагаагүй зүгээр байна гэхээр нь би яваад хойд бүсийн шугамуудаа шалгаад их олон газраар удаан явсан. Ганцаараа яваад олоогүй тул хамт ажилладаг, засварчин Зоригоог дуудаад хамт явсан. Өргөө коно театр дотор Зоригоог оруулж үзүүүлэхэд өглөөнөөс хойш ус тасарсан байсан гэж байсан. Тэгээд машинтайгаа дахиад явж үзсэн. Тэгэхээр нь усыг нь буцааж нээгээд гарч ирэхэд ойролцоо “Их хаадын цуваа” ХХК-ний эксковатор нь ажиллаж байхаар нь очиход өглөө ажиллаж байсан инженерүүд нь байсан. Тэгээд очоод яагаад ус хаасан юм бэ гэж асуусан чинь зүс таних инженер чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь баруун гараараа зүүн шанаа руу нь цохисон. Тэгсэн ухсан нүхний аман дээр унаад цаашаа өнхрөөд нүр рүү уначихсан юм. Нүх нь 2.4-2.6 метр орчим гүнтэй байсан. Нүх рүү унаад өөрөө шатаар дамжаад гараад ирсэн. Бид хоёр маргалдсан дахиж цохиж зодоогүй. Тэгээд би явсан” гэсэн мэдүүлэг /хх-ий 42-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан Ц.Саруулын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, “Эрдэнэт ус” ОНӨХК-ны тодорхойлолт, хохирогч Д.Батцоожийн гэм хорын хохиролтой холбоотой баримтууд, шүүгдэгч Ц.Саруулын хохирол төлөхөө илэрхийлсэн баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Саруул мэдүүлэхдээ “Тухайн өдөр амралтын өдөр байсан. Надад диспетчерээс дуудлага ирээд Их хаадын цуваа, Өргөө кино театр орчмоор усгүй болчихлоо гэсэн. Дуудлагын мөрөөр очсон. Тухайн үед манай халаалтууд тавигдаж байсан. Өглөө очоод асуухад Зэс эрдэнийн байрны хашааны арт талд зүс таних инженер, гагнуурчин, засварчид бүгд зогсч байсан. Тэрийг станцын цэгээрээ 62 дугаар цэг гэж нэрлэдэг. 62 дугаар цэг дээрээс хойшоо эргэсэн 300-ын хаалт байдаг. 5 дугаар микрийн үзүүр дээрээс цаашаа эргэсэн 300-ын хаалтуудыг хаачихсан юм болов уу гээд тухайн үед энэ хаачихсан юм уу гэж асуухад энэ нөхөр манайх хаагаагүй, нэг дэх амлагаа авах гэж бэлдэцээ бэлдэж байна гээд бэлдэж байсан. Нүхний аман дээр сантехникч, засварчид бүгд зогсч байсан. Эсрэг талын замын ар талынх нь худаг дээр очоод үзэхэд би слессар оруулаад үзээдэхье гэхэд тухайн үед устай байсан. Энэ яагаад устай болчихов гэхэд үерийн ус юм байлгүй дээ гэсэн. Тэгэхээр нь би хяналтын инженер Цөгцөөгийн дугаарыг аваад асуухад манайх хаасан зүйл байхгүй гэж мэдэгдэж байсан. Цаана байрнуудын подволуудаар очоод үзэхэд усны даралт бүгд унаж байсан. Машинистыг нь дуудаад үзүүлэхэд системийн даралт унаж байсан. Урд талын худгийн өмнө нь зүс үзсэн хүн энд хаагаагүй гэхээр нь би итгээд яваад өгсөн. Хотыг цэвэр усны хангамжаар урд, хойд бүсд хуваадаг. Хойд бүсийн хэсэг гэмтэхээр 1 дүгээр микрээс эхлүүлээд хорооллын эцэс хүртэл шалгах шаардлагатай болдог. Гол гол худгуудыг өдөржин ганцаараа явж үзсэн. Тухайн үед Зоригоо ганцаараа ажилгүй байна гэхээр нь утастахад Өргөө кино театар дээр байна гэсэн. Өргөө кино театар дээр очиж Зоригоогийн машиныг тавиад өөрийнхөө машинтай дахиж үзэхдээ Өргөө кино театар дотор устай эсэхийг жижүүрээс нь асуухад өглөө 9 цагаас хойш усгүй байгаа усаа тавихгүй юм уу гэсэн. Дутуу үзсэн байж магадгүй гээд гол гол цэгүүд дээрээ үзэхэд ямар ч даралтын уналт байхгүй байсан. 62 дугаар цэг рүү орж Зэс эрдэнийн хашаагаар даваад Их хаадын цуваа руу гарсан ганцхан бөмбөлөгөн хаалт байдгийг үзэхэд хаалттай байсан. Өглөө очиход гагнаж байсан отвод болон бэлдэцүүд амлагаа авахад бэлдээд, төв шугамыг цоолоод нэг ам гагнахад бэлдээд тавьчихсан байсан. Отвод нь улаан будгаар шинэхэн будчихсан байсан. Тэгээд ороод Зоригоотой хамжиж байгаад тавьсан. Магистрал шугамын хаалт нь хүн хүч шаардаж хаадаг хаалт. Тэрийг тавьчихаад гарч ирэхэд эдний экскаватор ажиллаж байсан. Тамхины цэгийн тэнд очоод буухад Батцоож харагдсан. Ноднин Батцоож нь Их хаадын цуваагийн хойд талын голцены цэвэр шугамыг хүлээлгэж өгч байсан. Тэр утгаар нь мэдэж байгаа гэдгээр нь хэлсэн. Тэгэхэд би ямар хаачихсан юм уу, чамд ямар хамаатай юм гэхээр нь би шанаадаад унагаачихсан юм. Унахдаа өнхрөөд суваг руу орчихсон. 3 удаагийн шилжүүлэлтээр 2000000 төгрөг төлсөн. Би 720000 төгрөгний тогтмол цалинтай. Адилхан банкны зээлтэй. Шүүхээс тогтоож өгсөн боломжтой гэсэн хохирлыг төлнө. Энэ хүнийг цохисондоо би гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Д.Батцоож мэдүүлэхдээ “2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутанд хамгийн сүүлийн бохирын 31 дүгээр худгийг угсраад фото зураг аваад баталгаажуулаад худаг хоорондын чигжээсийг хийж байсан. Би тэр үед худгийн хажууд хүмүүст заавар өгөөд зогсож байсан. Гэтэл 17 цаг 40 минутын орчимд шорооны баруун захад 4-5 метрийн зайтай цагаан өнгийн премио маркийн 51-44 ОРО дугаартай машин ирээд зогссон. Тамхины дэлгүүрийн үүдэнд ирсэн болохоор тамхи авах гэж байна гэж ойлгож байсан. Гэтэл машин дотроос нэг Намсаны даварсан хэдэн пиздаг алнаа гээд буугаад ирсэн. Тэгээд би яагаад манай компаний нэрийг хэлдэг билээ гээд гайхаад байж байтал Саруул шорооны захад байсан нэлээн том чулууг аваад над руу чиглүүлээд шидсэн. Намайг оноогүй биш, би өөрөө чулуунаас зугатсан. Тэр чулуу нь доор ажиллаж байсан ажилтны толгой дээгүүр нь тун ойрхон өнгөрсөн. Эргэж хараад Саруулаа юу болж байна гэхэд пизданууд чинь даварсан юм гээд шууд нүүр рүү цохисон. Тэгээд гал бутраад л би унасан. Унасны дараа манай Эрболот гээд манай туслах ажилтан босоорой гээд дуудахад нь би босч ирсэн. Гарч ирээд би юу болж байгаа юм бэ Саруулаа гэхэд пизданууд минь би та нараас ус хаасан уу гэж асуусан шүү дээ гэсэн. Би тэр үед ерөөсөө ойлгоогүй. Тэр цэвэр усны шугам бол Их хаадын цуваа гэдэг маш том барилга байгууламжтай, Намсан компани гэхэд л дотроо төрөлжсөн инженерүүдтэй. Саруул өөрөө мэдэж байгаа. Хаалтын авч огтолгоо авна гэж байдаггүй. Бэлдэцийг бол хийдэг, хийхээс ч өөр аргагүй байдаг. Яагаад гэвэл орон нутгаас богинохон хугацаанд 3 хэсэгчилж өгнө гэж мэдэгдсэн байсан. 3 худаг дээр хэсэг хэсгээр нь авна, тийм учраас 2, 3 цагийн зайтай огтолгоо өгнө гэж зөвшөөрсөн болохоор бид нар бэлдэцээ хийсэн байсан. Тэрийг манай инженер хариуцсан байсан. Би 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд бохирын шугам хариуцаж байсан. Огтолгооны ажил дээр хаалт хаачихсан гэдэг маань өмнө хаалттай байж байгаад, хойгуураа тэжээл авч байгаад хойгуураа хаагдангуут урд тал нь ус ирэхгүй байж болно. Тэр хаалтыг бид нар хамаагүй хаахгүй. Хоёрдугаарт манайх мэргэжлийн байгууллага. Зүгээр л нэг хувь хүн жижигхэн шугам дээрээс ус авч байгаа биш, бүхэл бүтэн хорооллыг тэжээсэн том шугамын усыг буулгах нь ашиглагч байгууллага өөрөө шийддэг. Танайх тэдэн цагаас тэдэн цагийн хооронд шугамаа хий гэж зөвшөөрөл өгсөн үед л ордог. Энийг Саруул өөрөө мэдэж байгаа. Саруулд цохиулчихаад гарч ирэхэд пизданууд минь нөгөө хүмүүсийнхээ утсыг өг гэсэн. Би өгөхгүй, мэдэхгүй, чи өөрөө ол гэж хэрэлдсэн. Саруул уурлаад доошоо явчихаад 10-аад минутын дараа эргэж ирсэн. Эргэж ирээд машинаас бууж ирээгүй, Алтанцөгц пиздагийн утас хаана байна гэхэд нь чи өөрөө ол, чи балга уснаас болж хүн алах нь уу, чи өөрөө өглөө надаас асуусан бол хэлэх л байсан гэсэн. Бид нар огтолгоо авна гэдгээ албан бичиг өгчихсөн байсан. Би геодизийн инженер учир ажлаа хийнэ. Яагаад гэвэл бохирын ус гэдэг номоороо явдаг. Тийм учраас гүйцэтгэлийн зургаар бүгд номоороо гараад ирнэ. Би өөрийнхөө угсарсан тоо хэмжээг 3,60-аас доошүй гээд тавьчихсан байгаа. Тухайн үедээ цохиулж нүдүүлээд нарийн гаргах боломж байгаагүй. Би гэртээ 14 хоног хэвтээд гарч ирж байгаа юм. Саруул Алтанцөгцийн утсыг асууж байгаад яваад өгсөн. Би цагдаа руу залгахад цохисон хүн чинь яасан бэ гэхээр нь явчихсан гэхэд тэгвэл та гэмтэл рүү очиж үзүүл гэсэн. Тухайн үед нүүр өвдөж, хавирга тэр чигээрээ хөндүүр байсан. Тэгээд би гэмтэл дээр очоод үзүүлэхэд гэмтлийн эмч ЭХО-д үзүүл гэж явсаар байгаад орой 9 цагийн үед цагдаад өргөдөл өгсөн. Сүүлдээ бие өвдөөд ямар ч хөдөлгөөнгүй болоод ирэхэд манай дүү нар ирээд намайг аваад явсан. Би 21-ний өдөр ирж мэдүүлгээ өгсөн. 22-ны өдөр шүүх шинжилгээнд орсон. Асуудал бол ийм зүйл болсон. Саруул тухайн үед залгахаар нь аваагүй. Би өөрөө хөдөлж чадахгүй байсан, Саруултай ярих ч сонирхол ч байгаагүй. Маргааш нь залгаад та хаана байна, үзүүлж харуулах уу гэхээр нь би хотод байна, би чамтай ярих юм байхгүй гэсэн. Мэргэжлийн инженер хүн гэж байгаа мөртлөө хоёрын хооронд юм ярьж байгаа нь харагдаж байна. Гомдол саналын хувьд би зардлаа нэхэмжилж авна, би Саруулд хэлсэн. Саруул 9 дүгээр сарын 20-ны үед залгаад танд 8000000 төгрөг байхад болох уу гэхээр нь би хэлсэн. Мэдэхгүй байна, би инженер хүн баримттай, нотолгоотой зүйлээ нэхнэ, амныхаа зоргоор нэхэхгүй гэсэн. Тэгээд би мөнгөний тоог нь хэлж чадахгүй байна гэж хэлсэн. Надад 3800000 төгрөгний баримттай цэвэр зардал гарсан. Баримтгүй өчнөөн зүйл байгаа, тэрийгээ би оруулаагүй. Хоолны баримт гэхэд зөндөө байгаа. Гэхдээ би хамгийн гол нь өөрөөсөө гадна 2, 3 хүн авч яваад эмнэлэг дээр байлгаж хоол идэж байгаа, тэр хүмүүс өөрийн гэсэн гэр бүлтэй, амьдралтай хүмүүс байгаа. Тэр хоолны зардлыг би авна гэж бодож байгаа. Машин тэрэгний зардлыг би авна. Ерөөсөө би машины урд талын суудал дээр налуулж хэвтэж л явдаг байсан. Тийм учраас би өөрөөсөө  гарсан зардлыг гаргуулна, 2 сарын ажлын хөлс авна. Сэтгэл санааны хохирол гэж 2000000 төгрөг нийт 10000000 төгрөг гэж бодож оруулсан байгаа. Саруул янз бүрийн зовлон тоочдог. Надад ч гэсэн зовлон байна. Бага насны 4, 5 хүүхэдтэй, гэр орны өвлийн бэлтгэл хийж чадахгүй, дулаалга хүчний ажил хийж чадахгүй байгаа. Би эмнэлгээр өдөржин явдаг. Саруул та үнэтэй эмнэлгээр яваад байх юм бол дүү нь дийлэхгүй гэж хэлдэг. Би өөрийнх нь хүслийн дагуу улсын эмнэлгээр өдөржин оочирлоод, цаг аваад байж байтал маргааш ир гэдэг. Улсын эмнэлэг ямар байдгийг Саруул өөрөө мэдэхгүй байх гэж бодож байна. Би өчнөөн хоног зовохдоо Саруулыг арга хэмжээ авахуулна гэж бодож байсан, одоо бие гайгүй болоод ирэхээр хүн амьдрах гэж байгаа юм даа гэж бодоод уян хатан хандаад өнөөдөр өмгөөлөгч аваагүй л сууж байна. Хохирлыг маань төлөөд янз бүрийн асуудал гаргахгүй байвал би өөрөө эр хүн шиг ярина гэсэн. 2000000 төгрөг төлсөн” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Идэрмөнх дүгнэлтдээ “Шүүгдэгч Саруулын хувьд 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Цагаанчулуут багт Батцоожийг ус хаалаа гэдэг шалтгаанаар зодож биед нь хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдоод байгаа. Хэрэг гарах болсон шалтгааны хувьд тухайн үед цэвэр усны шугам хаагдлаа гэдэг дуудлага ирсэн. Үүний дагуу шалгаж явахад эцэст нь Саруулын яриад байгаа тэр шугам дээр хаагдсан байсан учраас тэнд ажил хийж байсан Батцоожийг цохисон, цохихоос өмнө чулуу шидсэн үйлдлүүд байгаа. Цохиулсны улмаас Батцоож нүхний ирмэг дээрээс унаж хүндэвтэр хохирол учирсан. Усыг хаадаг, хаадаггүй асуудал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан байгаа хэдий ч энэ асуудлаас болж хүн зодох шалтгаан бол биш. Гэхдээ Батцоож гэдэг хүн тэр усыг хаагаагүй, компаний хүмүүс нь нүх ухаад ажил хийж байсан болохоор тэд нарыг гэж бодож очиж цохисон байдаг. Хэргээс харахад ийм дүгнэлт хийгдэхээр байгаа. Алтанцөгц гэдэг хүнтэй холбогдох гэж үзсэн гэж шүүгдэгч болон хохирогч ярьж байна. Цохиулсны улмаас хохирогчид бүсэлхийн 3-4 дүгээр нугаламын цүлхийлт, бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугаламын жийргэвчний цүлхийлт, эрүүний ясны зүүн хэсгийн хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд үүссэн байгаа. Цүлхийлт болон бүгдээрээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт, мөн эрүүний ясны зүүн хэсгийн хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдахаар байгаа. Түрүүн би шүүгдэгчээс аль гараараа хааш нь цохисон гэж асуугаад байсан учир нь гэмтэлтэй холбоотой асуусан. Баруун гараараа зүүн тал руу нь цохисон байгаад байгаа юм. Унаснаас болж жийргэвчний цүлхийлт үүсдэг. Цохилтын улмаас дээд эрүүний ясны зүүн хэсгийн хугарал үүссэн. Тэгэхээр зүүн шанаа руу нь цохисноор энэ гэмтэл үүссэн байх боломжтой. Энэ дүгнэлт бол хууль ёсны дагуу гарсан. Шүүгдэгч гэрч Зоригоотой хамт явсан байдаг. Зоригоогийн мэдүүлэгт буугаад танихгүй залуутай яахаараа зөвшөөрөл авахгүй ус хаадаг юм гээд маргалдаад байсан. Тэгээд тэр залууг баруун гараараа шанаа руу нь цохисон, бохирын шугамны нүхэн дээр зогсож байгаад цохиулаад тийшээгээ уначихсан гэдэг. Зоригоогийн мэдүүлэг, Саруулын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Саруулын үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас ял шийтгэл халдаах үндэслэл байгаа. Миний саяны ярьсан баримтуудаар шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцитай. Шүүгдэгч Саруулын үйлдсэн гэмт хэрэг хохирол төлсөн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг санал болгож байна. Саруул нь тогтсон ажил төрөлтэй учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжгүй гэдэг үүднээс торгох ялын саналыг гаргасан. Торгох ялыг тодорхой хугацаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга дүгнэлтдээ “Гэм буруугийн хувьд улсын яллагчтай маргахгүй. Ажлын таарамжгүй харилцаанаас болж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн асуудлаар маргахгүй. Хөнгөрүүлж үзэх шалтгаан талаас нь би яръя гэж бодож байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тохиолдлын шинжтэй байдлаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн заалт байгаа. Энэ бол үндсэндээ цэвэр тохиолдлын шинжтэй асуудал болсон, анх удаагаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Хагас бүтэн сайнд ус хаачихсан, амралтын өдрөөр дуудагдаж ажиллаад хотыг бүтэн тойрч бухимдалтай явж байсан юм шиг байгаа юм. Өглөө нь ирээд хаасан уу гэж асуухад хаагаагүй гэсэн. Эсвэл хаагаагүй юм бол өөрсдөө мэдэхгүй, ороод үз гэдэг байдлаар хэлэлцэх бололцоо байсан юм шиг байна лээ. Тэрийг аль аль нь мэдээгүй. Энэ байдлаасаа болоод бухимдсан. Сүүлдээ ганцаараа олон газруудаар явж шалгалт хийгээд өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл явчихаад сүүлд нь ирээд үзэхэд усыг нь хаачихсан болохоор бухимдсан, ийм тохиолдол болсон. Мэдүүлэг дээр байгаа Саруул бол цохичихоод эмнэлэгт үзүүлэх үү, яах уу гэхэд би чамтай ярихгүй гэсэн байдлаар татгалзахад орхиод явсан байдаг. Эмнэлгийн тусламж үзүүлсэн бол гэж байгаа. Эмнэлгийн туслалцаа үзүүлэх боломж байсан, үзүүлэх санаа байсан, өөрөө зөвшөөрөөгүй болохоор нь больсон. Энэ бол нэг хөнгөрүүлэх тал юм. Бусад туслалцаа гэдэг дээр өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагийн үүднээс 2000000 төгрөгийн эм тарианы мөнгө өгч тусалсан. Энэ бол яах аргагүй туслалцаа үзүүлсэн. Ерөнхийдөө бодит зардлаас харахад 3000000 гаран төгрөгний асуудал байгаа юм. Өөрийнх нь гаргасан жагсаалт дээр 3576910 төгрөгний зардал байгаа юм. Би бодож үзээд эндээс хоолны зардлыг хасчихсан. Хоолны мөнгийг нь бодоод үзэхээр 359500 төгрөг хасагдаж байгаа юм. Үлдсэн нь 3217410 төгрөгний хохирол байна. Хэргийн материалаас нотлох баримт судалж байхад 2611645 төгрөгний хохирол байна гэсэн тооцоо гарсан юм. Тэгэхээр үндсэндээ бол 3000000 төгрөгний хохирол гарч байгаа юм байна. Үүний гуравны хоёрыг нь өгчихсөн байгаа. Үүнийг туслалцаа үзүүлсэн гэж тооцох үндэслэлтэй юм. Хохирогчийн зүй бус үйлдэл гэдэг дээр хохирогчийн зүгээс нэг их буруутай зүйл байхгүй. Гэхдээ та нарт ямар хамаатай юм, юу юм, яахаараа гэсэн хэрүүлийн чанартай зүйлээс болж цохиж зодох байдал үүссэн байна гэсэн нөхцөл байдал харагддаг. Дараагийн дугаарт нөхцөл байдлыг буруу төсөөлснөөс гэсэн хуулийн хөнгөрүүлэх заалт байдаг. Өглөөнөөс хойш ажил үүрэг гүйцэтгэж байсан хохирогчийн компаний хүмүүсийг ус хаачихлаа гэж нөхцөл байдлыг буруу тооцсон. Одоогоор мөрдөн байцаалтын шатанд ч гэсэн хэн ус хаасан нь тогтоогдоогүй л байна. Тэр хүмүүсийн юм хийж байсан болохоор нь тэднийг л хаасан гэж бодоод нөхцөл байдлыг буруу ойлгосон. Ийм нөхцөл байдлыг харгалзаж Саруулд оногдуулах ялыг хөнгөлж ял оногдуулж өгөхийг хүсч байна” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ц.Саруул нь 2017 оны 09 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын ард талд Д.Батцоожийг усны шугам хаасан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэний хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр, хэмжээ, хохирлыг зохих хэмжээгээр төлсөн зэргийг харгалзан үзлээ.

 

Хохирогч Д.Батцоож нь эмчилгээ, эм тариа, унаа, хоолны зардал 3576910 төгрөг, 2 сарын цалин 3 600 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 2 823 090 төгрөг нийт 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүгдэгч Ц.Саруул нь 2 000 000 төгрөгийн хохирол төлсөн байна. Шүүх хохирогчийн ирүүлсэн баримтуудыг судалж үзээд 3 226 100 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан гэж үзлээ. Үүнээс шүүгдэгчийн төлсөн гэх 2 000 000 төгрөгийг хасч, 1 226 100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Хохирогчийн ирүүлсэн баримтуудаас зоогийн газар, гуанзнаас хоол худалдаж авсан үнэ, данснаас бэлнээр гаргаж авсан мөнгө нийт 350 810 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хохирогчийн эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, 2 сарын цалин 3 600 000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой ирүүлсэн баримт нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалтгүй, цаашид гарах эмчилгээ, сэтгэл санааны хохирол 2 823 090 төгрөгтэй холбоотой баримт ирүүлээгүй байх тул тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  овгийн ЦС-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.С-с 1 226 100 төгрөг гаргуулж хохирогч Д.Батцоожид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 350 810 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Батцоож нь ажилгүй байсан хугацааны цалин орлогын зөрүү, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС