Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 152/ШШ2024/00284

 

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Д.О,

Хариуцагч: УАБШУГ-т холбогдох,    

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,159,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2023 оны 02 дугаар сард төрийн албаны тусгай шалгалтад орж 55.60 оноогоор 1 дүгээр байраар тэнцэж, төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 10 тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 15-ны №23 тоот албан бичгийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны Дугаар Б/10 тоот тушаалаар томилогдсон. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Давст суманд томилолтоор ажиллаж байх хугацаанд дарга А.Б 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4, 46.5 дахь хэсгийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна. Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 124/ШШ2024/0008 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 5 дугаар сарын үндсэн цалин 1,452,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 6 хувь, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20 хувь, хоолны мөнгө 330,000 төгрөг, Нийт 2,159,520 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.         

Хариуцагч УАБШУГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шаны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 124/ШШ2024/00008 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн ажилд нь эгүүлэн томилсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь ажилгүй байсан хугацааны цалин гаруулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг УАБШУГ дарга Г.Э хүлээн зөвшөөрсөн тул хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.     

2. Хариуцагч УАБШУГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э нь нэхэмжлэгч Д.Оы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.      

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.    

4. Хариуцагч УАБШУГ нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.  

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 24,751 төгрөгийг хариуцагч Увс аймаг Боловсрол, шинжлэх ухааны газраас гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч УАБШУГ нь нэхэмжлэгч Д.Оы ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,159,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 24,750 төгрөгийг хариуцагч УАБШУГ-аас гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч УАБШУГ нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА