Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0187

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0187

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Апро ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох ...Апро ХХК-ийн байгаль орчинд нөлөөллийн ерөнхий үнэлгээ батлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Апро ХХК-ийн байгаль орчинд нөлөөллийн ерөнхий үнэлгээг батлах эсэхийг зохих журмаар хэлэлцэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Манай компани нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан Байгаль орчинд нөлөөллийн ерөнхий үнэлгээ батлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Апро ХХК-ийн байгаль орчинд нөлөөллийн ерөнхий үнэлгээг батлах эсэхийг зохих журмаар хэлэлцэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах нэхэмжлэлийг гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг баталсан болно. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа ба шүүхээс танилцуулсан уг асуудалтай холбоотой дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болох хуулийн тайлбарыг ойлгосон болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ нь ...Апро ХХК-ийн байгаль орчинд нөлөөллийн ерөнхий үнэлгээ батлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Апро ХХК-ийн байгаль орчинд нөлөөллийн ерөнхий үнэлгээг батлах эсэхийг зохих журмаар хэлэлцэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

ШҮҮГЧ Л.БАТБААТАР