Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 0048

 

 

 

 

 

 

 

 

Ж.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.А

Шүүгдэгч                                           Ж.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Х.О

Хохирогч                                           М.С

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ж.Б болон түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Т овогт Ж-н Б,

   Шүүгдэгч Ж.Б нь       аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, өөрт байхгүй эрх хэмжээгээ байгаа мэтээр бусдад ойлгуулж зориуд зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.П-н “урьд төлөгдөөгүй байсан жилүүдийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг зохицуулж өгнө” гэж хуурч, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 1.338.600 төгрөг авч залилсан,

   Б.Д-н “тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 1.000.000 төгрөг авч залилсан,

М.С-с “түүний аав Д.М-н тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 2020 оны 09 дүгээр сард албан тушаалын байдлаа ашиглаж 2.300.000 төгрөг авч залилсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Ж.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Т овогт Ж-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-г 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар хохирогч М.С нь энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдолдоо:

... Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гүнээ гэмшиж, бусдад учруулсан хор хохирлыг ухамсарлан бүрэн төлж барагдуулаад байна. Мөн байгууллага, хамт олныхоо нэр хүндийг унагасандаа маш их харамсаж байна. Цаашид өөртөө дүгнэлт хийж үнэнч шударгаар ажиллаж амьдрахыг хүсэж байгаа тул миний байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

...  Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон ба хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаарх мэдүүлгийг өгсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт мөн уг мэдүүлгийг өгсөн. Анхан шатны шүүх түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлөгдсөн байдал, хувийн байдал зэрэг нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй ба Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Үүнийг анхаарч үзсэнгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Ж.Б нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа, мөн өвлөх хөрөнгөтэй болохоор нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ялыг сонгон хэрэглэх боломжтой байгаа талаарх өмгөөлөгчийн саналыг хүлээн авахгүй шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шударга ёсны зарчимд нийцнэ гэх үндэслэлээр ялыг хүндрүүлж оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг анхаарсангүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж хэрэглэх хууль зүйн үндэслэлийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан бөгөөд энэхүү хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалт нь тухайн зүйлчлэлийн хүндрүүлж яллах заалт буюу Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлсэн буюу гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт нь тохирно гэж үзэж хууль тогтоогч хүндрүүлж зүйлчлэлийг тогтоосон гэж үзэж байна. Иймд тухайн зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа этгээдэд ялыг сонгон хэрэглэх боломжтой гэж үзэж байх тул ялыг хөнгөрүүлж хэрэглэх нөхцөл Ж.Бд байгаа эсэхийг анхан шатны шүүх анхаарсангүй гэж үзэж байна. Шударга ёсны зарчмын заалтыг баримтлан хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахаар хуульчилсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шударга ёсны зарчимд нийцүүлж хорих ялыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн бол хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан үндэслэл байгаа эсэхийг мөн анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл Ж.Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцоогүй, анхаарч шийдвэрлээгүй нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжгүй болгосон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 заалт, 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлийг анхаарч, ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч Ж.Бд холбогдох эрүүгийн хэргийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Б тайлбартаа: ... Ялыг минь багасгаж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.С тайлбартаа: Шүүгдэгч Ж.Бд өгсөн 2 300 000 төгрөгөө авсан. Би уг мөнгийг мөнгө зээлдэг хүмүүсээс зээлж авч өгсөн болохоор хүүг нь нэхэмжилж байгаа гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Б холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Х.О нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Т овогт Ж-н Б нь       аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Г.П-н “урьд төлөгдөөгүй байсан жилүүдийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг зохицуулж өгнө” гэж хуурч, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 1.338.600 төгрөг,

   Б.Д-н “тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 1.000.000 төгрөг,

М.С-с “түүний аав Д.М-н тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 2020 оны 09 дүгээр сард албан тушаалын байдлаа ашиглаж 2.300.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, Ж.Б-н яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгө болон бэлэн мөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлэн улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх мөнгө зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 2 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б болон түүний өмгөөлөгч Х.О нар ... хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

 

            Шүүгдэгч Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол буюу хохирогч Г.П, Б.Д, М.С нарт учруулсан хохирлыг  төлж барагдуулсан,  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т зааснаар 1 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Харин хохирогч М.С 2 300 000 төгрөгийг бусдаас хүүтэй зээлж авсан гэсэн үндэслэлээр  Ж.Бэс 4 120 000 төгрөгийн хүү, алданги нэхэмжилж байгаа боловч  хор уршигтай холбоотой нотлох баримт эрүүгийн хэрэгт авагдаагүй байна.

 

Хохирогч М.С-н гэмт хэргийн улмаас учирсан  хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь анхан шатны шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Бд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-г 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй ... гэснийг

 

 ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-г 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ... гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй ... гэснийг

 

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Бд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй ... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ж.Б болон түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

3. Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА