Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татг |
Дугаар | 128/ШШ2019/0305 |
Огноо | 2019-05-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2019/0305
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч А.Сарангэрэл би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж, хариуцагч Ч.Батболд нарыг оролцуулан Аюулгүйн жим НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Аюулгүйн жим НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гаргасан хүсэлтдээ: Аюулгүйн жим НҮТББ-аас Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Одоогийн нөхцөл байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/46/А/09 дүгээр журам батлах тухай тушаалаар Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам-ыг шинэчлэн баталсан . Хуучин 2015 оныг журмыг баримталж Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам-ын хэрэгжилтийг хангаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын стандартын шаардлага хангасан, жолоодох эрхийг шалгалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Аюулгүйн жим НҮТББ-ын шалгалтын төвд хариуцагч нь шалгагчаа томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, жолоодох эрхийн шалгалтын төв шалгалт авах эрх бүхий шалгагчийг томилохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс төрийн захиргааны байгууллагаас баталсан журмыг хүндэтгэн үзэж байгаа. Шинэ журмын дагуу хүсэлтээ гаргаад явна гэж бодож байгаа. Иймд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Аюулгүйн жим НҮТББ нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд холбогдуулан гаргасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам-ын хэрэгжилтийг хангаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын стандартын шаардлага хангасан, жолоодох эрхийг шалгалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Аюулгүйн жим НҮТББ-ын шалгалтын төвд хариуцагч нь шалгагчаа томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, жолоодох эрхийн шалгалтын төв шалгалт авах эрх бүхий шалгагчийг томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Аюулгүйн жим НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдоржид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам-ын хэрэгжилтийг хангаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын стандартын шаардлага хангасан, жолоодох эрхийг шалгалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Аюулгүйн жим НҮТББ-ын шалгалтын төвд хариуцагч нь шалгагчаа томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, жолоодох эрхийн шалгалтын төв шалгалт авах эрх бүхий шалгагчийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Аюулгүйн жим НҮТББ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Аюулгүйн жим НҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ