Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 80

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1704001010028 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Одгэрэл

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэтуяа

 Хохирогч                                                 Д.Б-, Д.М-

 Шүүгдэгч                                                 Б.Д- нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр З аймгийн У суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Т аймгийн З сум дахь “...” ХХК-нд хамгаалалтын албанд ээлжийн ахлах ажилтай, ам бүл .., эхнэр А, хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар С дүүргийн .. дугаар хороо, З .. дүгээр гудамжны .. тоот/, одоо Багануур дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр гудамжны . тоотод түр оршин суух, З аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б- овгийн Б-гийн Д- /РД:/

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Д- нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шөнийн 00 цаг 40 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Хуцаагийн дэнж дээр П.Б-, Д.М- нарыг эхнэрийнхээ гар утсыг хулгайллаа гэж зодож эрүүл мэндэд нь санаатайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай эхнэр Алтанзул нь утсаа алга болгочихлоо Б-, М- хоёрыг авсан байх гэж надад зааж өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед хадам аав Батсүхийн хамт Б-ыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд М-тай утсаар ярьж уулзсан. Би М-ын мотоциклийг бариад ардаа түүнийг суулгаад харин хадам аав Б-ыг портерт суулгаад Жаргалант руу манай гэрт ирсэн. Тэгээд би М-, Б- хоёрыг айлгая гэж бодоод Хуцаагийн Дэнж рүү гарсан. Би Б-, М- хоёрыг заамдсан. Тэгээд Б-ын цээж рүү гараараа 2-3 удаа, М-ын цээж рүү 2 удаа, нуруу руу нь 1 удаа цохьсон. Мөн тэр хоёрын хувцасыг тайлж нэгжээд нүцгэн зогсоосон. Манай хадам аав М-ыг таньдаг...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...М- бид хоёрыг хөдөө байж байхад нэг эгч хүрч ирээд мотоциколь шавраас гаргаж өгөөч гэхээр нь бид хоёр тусалж мотоциклийг нь шавраас гаргаж өгсөн. Тэгээд бид хоёр оройдоо Багануурт ирсэн бөгөөд гэртээ байж байхад Д- ах ирээд “М-д юм өгөх гэсэн юм, гэрийг нь заагаад өгчих” гэж хэлсэн. Харин Д-гийн хадам аав нь” М-д хүн юм өгч явуулсан” гээд байсан. Бид гурав М-тай уулзсан бөгөөд тэдний гадаа Д- намайг “утас гаргаж өг” гээд боогоод нэг цохьсон. Тэгээд Д- гэрийнхээ гадаа бид хоёрыг авчирсан. Тэгэхэд хадам аав нь “энд болохгүй хөдөө гаръя” гээд Хуцаагийн дэнж ирээд Д- нь намайг боож цээж рүү гараараа цохиж, хувцас тайлуулж цээж рүү өшиглөж, үсдэж байгаад гараараа 2-3 удаа цохьсон. Бид хоёрыг нүцгэн нилээн удаан зогсоосон. Тэгээд бид хоёрыг хөдөө гэр лүүгээ дагуулж очоод цээж рүү өшиглөж үсдэж байгаад толгой руу 1 удаа цохьсон. Хадам аав нь “утас гаргаж өг, та хоёроос өөр хэн авдаг юм” гээд байсан, эхнэр нь хараад юу ч хэлэхгүй байсан. Тэгээд бид хоёрыг өглөө 7 цагт ирээрэй, ирэхгүй бол ална шүү гэж хэлээд явуулсан. Би Д-гаас 200.000 төгрөгийн хохирол авахаар тохиролцсон, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баяндэлгэр сумын нутаг болох Байдлагт гүү барьж байсан. Тэгтэл манайд нэг эгч ирээд шавраас мотоциколь гаргаж өгөөч гээд бид хоёрт түлхүүрээ өгөөд өөрөө хониндоо явсан. Б- бид хоёр явж мотоциклийг нь шавраас гаргаад хонин дээр нь очиход тэр эгч байхгүй байсан тул манайд ирсэн. Тэгээд Б- тэр эгчид мотоциклийг нь хүргэж өгөхөөр явсан харин би гүүгээ барихаар гэртээ үлдсэн. Гэртээ байж байтал нөгөө эгч ирээд “эгч нь утсаа хаячихсан, та хоёр харж байгаарай” гэж хэлээд явсан. Бид хоёр орой 20 цагийн үед Багануурт ирсэн. Д-гийн хадам аав Сүхээ гэдэг хүн над руу залгаж “ах чинь юм өгч явуулсан, ирээд авчих маш чухал” гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьж байгаад Д-, түүний хадам аав болон Б-тай уулзсан. Д- миний мотоциклийн түлхүүр болон утсыг булааж -д “гар утас” гэж өг гээд байсан. Тэгээд цагдаа руу очно гэж байснаа Д- гэрийнхээ гадаа -чсан. Тэр үед хадам аав нь “энд дэмий байх хөдөө гаръя” гээд Хуцаагийн дэнж дээр очоод Д- намайг боож, хувцас тайлуулж, цээж рүү гараараа цохиж, хөл рүү өшиглөсөн. Бид хоёр нүцгэн нилээн удаан зогссон. Тэндээсээ бид хоёрыг -д хөдөө гэртээ -чаад ганц нэг өшиглөсөн. Хадам аав нь хажуунаас “та хоёр л авсан” гээд байсан, харин эхнэр нь юм дуугарахгүй байсан. Бид хоёрыг өглөө 7 цагт ирээрэй, ирэхгүй бол ална шүү гээд явуулсан. Би Д-гаас хохирлын 100.000 төгрөг нэхэмжилж байна, гомдол саналгүй. Д-гийн эхнэр нь утсаа алга болгочихоод бид хоёр мотоциклийг нь шавраас гаргаж өгсөн болохоор Б- бид хоёрыг авсан гэж бодсон юм шиг байна лээ...” гэв.

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 сарын 21-ний өдрийн №09шэ/253 дугаартай дүгнэлтэд: ”Д.М-ын биед тархины доргилт, баруун талын гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 16/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 сарын 21-ний өдрийн №09шэ/254 дугаартай дүгнэлтэд: ”П.Б-ын биед зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 20/,

Шүүгдэгч, хохирогч нарын Эвлэрлийн гэрээгээр “Д- нь Д.М-ын эмчилгээний зардалд 100.000 төгрөг, П.Б-ын эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 16-ны өдөр төлж барагдуулах болон гомдол саналгүй” гэжээ. /хх-н 51-52/,

 

Шүүгдэгч Б.Д-гийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-ийн 33-34/,

Хохирогч П.Б-, Д.М- нарын хохирлын баримтууд /35-40 /

Б.Д- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлтэй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/253, 09шэ/254 дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө  00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Хуцаагийн дэнж дээр П.Б-, Д.М- нарыг “эхнэрийнхээ гар утсыг хулгайллаа” гэж хардсаны улмаас тэднийг нүцгэлж байгаад үсдэх, боох, өшиглөх, гараараа цээж рүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь санаатайгаар хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “М-, Б- хоёрыг нүцгэлж байгаад зодож цохьсон” гэсэн мэдүүлэг, хохирогч П.Б-, Д.М- нарын “Д- нь бид хоёрыг боож байгаад цохиж зодож өшиглөсөн, мөн хувцас тайлуулж нүцгэн зогсоосон” гэсэн мэдүүлэг, хохирогч нарын биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 9 сарын 21-ний өдрийн 09 шэ/253 тоот актад “Д.М-ын биед тархины доргилт, баруун талын гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 16/, шинжээчийн 2017 оны 9 сарын 21-ний өдрийн 09 шэ/254 тоот актын “П.Б-ын биед зүүн талын 6 дуаар хавирганы хугарал, цээжний зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гар утас хулгайллаа гэж уурлан хохирогч нарыг боох, үсдэх, өшиглөх, цохих зэргээр зодсоны улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл  учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Д- нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандсан байна гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос Б.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч нартай эвлэрсэн гэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.

Иймд Б.Д-г “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр урьд нэг удаа ял шийтгэгдсэн болох ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 32/

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Хохирлын тухайд шүүгдэгч Б.Д- нь хохирогч Д.М-ын эмчилгээний зардалд 100.000 төгрөг, хохирогч П.Б-ын эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 16-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч нартай эвлэрч, энэ тухайгаа баталгаажуулсан байна. /хх-н 51-52/

Иймд шүүгдэгчээс дээрх эмчилгээний зардлыг гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б- овгийн Б-гийн Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Б-гийн Д-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дотор биелүүлэхийг ялтан Б.Д-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.Д-д мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар Б.Д-гаас гаргуулж, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг хохирогч Д.М-д, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг хохирогч П.Б-т тус тус олгосугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Б.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАЙГАЛМАА