Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2015/10249/и |
Дугаар | 001/ХТ2016/00837 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2016/00837
П. Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00713 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 771 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч П.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Хэрлэнтуяад холбогдох,
37.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Баярбат, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Хэрлэнтуяа нь П.Цэцэгмаа надаас 2013.01.21-нд 4.000.000 төгрөг 8 сарын хугцаатай 5%-ийн хүүтэйгээр, 2013.02.08-нд нэмж 12.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй, 2013.04.05-нд 8.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,3%-ийн алданги төлөхөөр тус тус гэрээ байгуулсан болно. Эдгээр зээлээс Ц.Хэрлэнтуяа нь гэрээт хугацаанд зээлийн хүүг төлсөн боловч үндсэн зээлүүдээс нэгч төгрөг төлөөгүй бөгөөд удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа болно. 2013.01.21-нд зээлсэн 4.000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 08-нд зээлсэн 12.000.000 төгрөг, алданги 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг, 2013.04.05-нд зээлсэн 8.000.000 төгрөг алданги 4.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөг болж байна. Мөн гэрээ хийлгүй гарын үсэг зурж 1.000.000 төгрөгийг зээлж авсан. Иймд Ц.Хэрлэнтуяагаас 3 удаагийн зээлийн гэрээний төлбөр 36.000.000 төгрөг, нэмж авсан 1.000.000 төгрөг нийт 37.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээнүүдийг байгуулж 25.000.000 төгрөг авсан болон түүний хугацаанд маргахгүй. Харин гэрээний хугацаанд хүү гэж 11.000.000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн 25.000.000 төгрөгт маргахгүй боловч алданги гэж 12.000.000 төгрөг нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь хүүнд 11.000.000 төгрөг төлсөн тул алдангид 12.000.000 төлөх нь хэтэрхий их байна. Нэхэмжлэгчийн хэлж буй 1.000.000 төгрөгийг баримтгүйгээр зээлж авсан нь үнэн. Мөн би зээлийн барьцаанд өөрийн газрыг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл хийж өгсөн тул уг газраараа тооцож зээлийг хаах боломжтой юм гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00713 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Хэрлэнтуяагаас 35.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Цэцэгмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Цэцэгмаад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 771 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Хэрлэнтуяагаас 35.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цэцэгмаад олгож, үлдэх 2.000.000 төгрөг холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 107.750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч миний тайлбар болон нэхэмжлэгчийн 11 сая төгрөг хүлээж авснаа хүлээн зөвшөөрсөөр байхад 5.800.000 төгрөгийг огт үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2, 40.2-т заасан шүүх заалтыг мөн зөрчсөн гэж үзэж байна. Миний бие өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хүлээн авч 2016 оны 01 сарын 11 өдрийн хурлыг 2015 оны 01 сарын 18-ны өдөр 11 цагаас болгож товлосон боловч тухайн үед нөхөр хөдөө явсан, хүүхэд харах хүнгүй байсан учир өмгөөлөгч авч чадаагүй. Иймд шийдвэр, магадлалд хүүд илүү төлсөн 5.800.000 төгрөгийн төлөх дүнгээс хасч өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
П.Цэцэгмаа Ц.Хэрлэнтуяагаас нийт 37 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд үндэслэлээ “...2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлүүлсэн 4 сая төгрөг түүний алданги 2 сая төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлүүлсэн 12 сая төгрөг түүний алданги 6 сая төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлүүлсэн 8 сая төгрөг алданги 4 сая төгрөг, хожим зээлүүлсэн 1 сая төгрөг...” гэж тайлбарласнаас үзвэл үндсэн зээлд 25 сая төгрөг, алдангид 12 сая төгрөг шаардсан байна.
Ц.Хэрлэнтуяа нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан /хх 15/ ба шүүх түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан /хх 16/ боловч тэрээр П.Цэцэгмаагийн шаардлагад хариу тайлбар өгөөгүй, харин анхан шатны шүүх хуралдаанд оролцож мэтгэлцжээ.
Хоёр шатны шүүх хариуцагчаас 35 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ “....25 сая төгрөг зээлсэн нь тогтоогдсон... 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу алданги 6 сая төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний дагуу алданги 4 сая төгрөг төлөх үүрэгтэй.... тул 35 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно... хариуцагч зээлээс 11 сая төгрөг буцааж төлсөн тухай баримт байхгүй...” гэсэн дүгнэлт хийснийг Ц.Хэрлэнтуяа зөвшөөрөхгүй гомдол гаргасан байна.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...зээлийн хүүд 5.800.000 төгрөг илүү төлсөн тул үүргийн гүйцэтгэлд оруулан хасаж тооцож өгнө үү...” гэсэн бөгөөд энэ нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.3, 236.10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-н зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.
Төлөх хугацаа болсон зээлийн өрийг эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүү төлүүлэх дарааллын дагуу тооцно гэж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно гэж мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасан учир хариуцагч зээлийн гэрээний хугацаа өнгөрснөөс хойш хэдэн төгрөг төлсөн нь хэрэгт ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч мөнгө төлсөн бол уг мөнгийг үндсэн зээлээс хасаж, үлдэх мөнгөнөөс хүү тооцох учиртай бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл, хүү хоёрын нийлбэр дүнгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тодорхойлогдоно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардаагүй /хх 1/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр /хх 30, 40/ хариуцагч хүү төлснийг татгалзаагүй тул Ц.Хэрлэнтуяа зээлийн төлбөрт 11 сая төгрөг буцааж төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан үндэслэлээр тогтоогдсон гэж үзнэ.
Хариуцагч зээлийн төлбөрт 11 сая төгрөгийг хэзээ төлсөн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, зээлийн хүүгийн талаар ямар нэг мэдээллийг нэхэмжлэл болон тайлбартаа дурдаагүй тул үндсэн зээлийн үнийн дүнгээс алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 236.3-д нийцэхгүй. Иймд алданги 10 сая төгрөгөөс зээлийн хүүд илүү төлсөн гэх 5.800.000 төгрөгийг хасах нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.3, 236.10-г зөрчихгүй гэж дүгнэн 35 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлээс үндсэн зээл 25 сая төгрөг, алданги 4.200.000 төгрөг нийт 29.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах өөрчлөлтийг магадлалд оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 771 дүгээр магадлалын нэг дэх заалтын “...35.000.000 төгрөгийг...” гэснийг “...29.200.000 төгрөг...” гэж, “...үлдэх 2.000.000 төгрөг холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...нэхэмжлэлээс үлдэх 7.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж тус тус өөрчилж, магадлалд “...шийдвэрийн хоёр дахь заалтын ...332.950 төгрөг… гэснийг ...303.950 төгрөг... гэж өөрчилсүгэй...” гэсэн нэмэлт оруулан, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 107.750 төгрөгийг Ц.Хэрлэнтуяад буцааж олгох захирамж гаргасугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ