Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 15

 

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28 дугаар хороонд оршин суух М.Цогтбаатарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сүхбаатар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М.Цогтбаатарыг байлцуулахгүй гэрлэлтийг хууль бусаар бүртгүүлсэн тул гэрлэлтийн 72 дугаарт бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоож, Батбаатарын Ягаанцэцэг, Мангалжавын Цогтбаатар нарын гэрлэлтийн баталгааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

          Шүүх хуралдаанд: Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбожав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч М.Цогтбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь Ягаанцэцэгтэй 2007 оны 01-р сард Баруун-Урт суманд танилцсан. Би Улаанбаатар, Сүхбаатар аймгийн хооронд наймаа хийдэг байсан учраас Ягаанцэцэгтэй ирэн очин хааяа уулздаг байсан. Мөн энэ үед Ягаанцэцэг ч Улаанбаатар хотод ирэхээрээ надтай уулздаг байсан юм. 2007 оны 12-р сард надруу утсаар ярьж жирэмсэн болчихсон гэж хэлсэн. 

2008 онд охиныг төрөхөөс өмнөхөн Ягаанцэцэг надруу утсаар ярьж иргэний үнэмлэхээ Сүхбаатар аймаг руу явуулчих хэрэг болоод байна гэсэн. Би тухайн үед хүүхдийг төрөхөөс өмнөх жирэмсний тэтгэмж авахад миний иргэний үнэмлэх хэрэгтэй болдог юм байна гэж ойлгосны дагуу явуулсан. 

Гэтэл миний иргэний үнэмлэхийг ашиглан намайг байлгахгүйгээр гэрлэлтээ батлуулсныг би сүүлд мэдээд хүүхэд төрөх гэж байхад маргалдаад яахав гэж бодоод өнгөрсөн юм. 

Охин Эрдэнэ-Ундрах 2008 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Үүнээс хойш Ягаанцэцэгтэй 1 гэрт хамт амьдарч байгаагүй мөн л ирэн очин уулзаж явсаар л байдаг байсан. Бидний хооронд маргаан үл ойлголцол гарахад бидний гэрлэлт хууль бус тул надгүйгээр энэ асуудлынхаа учрыг олж өгөөрэй гэсэн шаардлагыг Ягаанцэцэгт тавьдаг байсан. Миний хувьд 2010 оноос үе мөчний хурц үрэвсэлтэй болж 6 жил эмнэлгээр эмчлүүлж байгаа хөдөлмөрийн чадвар алдан группэд орсноос хойш энэ хүн надтай бүр уулзахаа больсон .

Б.Ягаанцэцэг нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М.Цогтбаатарыг байлцуулахгүйгээр гэрлэлтийг хууль бусаар бүртгүүлсэн тул гэрлэлтийн 72 дугаарт бүртгүүлсэн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоож, Батбаатарын Ягаанцэцэг, Мангалжавын Цогтбаатар нарын гэрлэлтийн баталгааг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Г.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28-р хороо Хужирбулан 2-508 тоотод оршин суух Мангалжавын Цогтбаатарын гаргасан нэхэмжлэлийн дагуу шалгаж үзэхэд 2008.05.21-ний өдөр Баруун-Урт сумын гэрлэлтийн журналын №72-т бүртгүүлсэн байна. Манай архивт болон үндсэн мэдээллийн санд Батбаатар овогтой Ягаанцэцэгтэй гэрлэсэн ХААТР-15 маягт бүртгэгдсэн болно. 

Иймд М.Цогтбаатар, Б.Ягаанцэцэг нарын гэрлэлтийн журнал болон гэрлэлт бүртгүүлсэн ХААТР-15 маягтуудыг эх хувиас нь хуулбарлан хүргүүлэв гэв.  

 

Гуравдагч этгээд Б.Ягаанцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Батбаатар овогтой Ягаанцэцэг миний бие төрсөн цагаасаа Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд өсөж хүмүүжсэн бөгөөд М.Цогтбаатартай 2006 оны 1 сард танилцаж 2007 оны 12 сард жирэмсэн болсон. Цогтбаатар өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд анхны хүүхдээ гэрлэлтээ батлуулаагүй өөрөөрөө овоглосон байсан бөгөөд намайг жирэмсэн болсон гэхэд албан ёсоор гэрлэлтээ батлуулж хүүхдээ хууль ёсоор нь өөрөөрөө овоглоно гэж иргэний үнэмлэхээ Улаанбаатараас / хотод ажилтай байсан учир/ хүнээр өгч явуулж би тэр үед нь иргэний бүртгэл дээр бүртгүүлж байсан. Цогтбаатар тэр үед байхгүй байсан учир гарын үсгийг нь би зурсан. Харин гэрлэлтийн баталгаагаа гардаж авахдаа Цогтбаатар Сүхбаатар аймагт ирсэн байсан учир бид 2 цугтаа очиж авч байсан. Нэгэнт 2 гарын үсгийг би зурсан мөн энэ гэрлэлтийг М.Цогтбаатар хүчингүй гэж нэхэмжлэл гаргасан болохоор тэр хүнийхээр шийдэж надад шүүх хуралд орох шаардлага байхгүй гэж би үзэж байна гэв.

         Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбожав шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлтэй танилцсан. М.Цогтбаатар намайг байлцуулахгүй гэрлэлтийг хууль бусаар баталсан гэдэг. 2009 оноос өмнө ХААТР маягт байхад гэрлэгчдийн аль нэг тал гэрлэлтээ бүртгүүлдэг байсан. Гэрлэлтийн бүртгэл дээр М.Цогтбаатарын гарын үсэг зурагдсан байдаг. ХААТР 15 маягтаас харахад нэг хүн гарын үсэг зурсан харагдаж байналээ. 

Сүүлд 2009 оноос хойш ямар нэг шалтгааны улмаас аль нэг тал нь ирэх боломжгүй бол итгэмжлэлээр гэрлэлтийг батлах эрхтэй болсон. М.Цогтбаатар иргэний үнэмлэхээ өгч явуулсныг зөвшөөрсөн гэж ойлгож байна. 

         Сүүлийн  үед гэрлэгчдийн  аль нэг тал нь ирэх боломжгүй тохиолдолд гэрлэлтийг итгэмжлэлээр бүртгэнэ гэсэн  зохицуулалт орсон. 

Өмнө нь бүртгэлийг Тамгын  газрын бүртгэгч нар хавсарч хийдэг байсан. 2009 оноос эхлэн Улсын бүртгэлийн газар нэртэй болсон. 2009 оноос хойш гэрлэлтийн бүртгэл нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд хяналтын байцаагч хүчингүй болгох эрхтэй болсон.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мангалжав овогтой Цогтбаатар нь Сүхбаатар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдуулан “Б.Ягаанцэцэг нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М.Цогтбаатарыг байлцуулахгүйгээр гэрлэлтийг хууль бусаар бүртгүүлсэн тул гэрлэлтийн бүртгэлийн 72 дугаарт бүртгүүлсэн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоож, Батбаатарын Ягаанцэцэг, Мангалжавын Цогтбаатар нарын гэрлэлтийн баталгааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл ирүүлсэн. 

 

Шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан байгууллагад холбогдуулан гаргасан маргаан тул хэргийн харъяаллыг, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “ нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин суугаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан нь нутаг дэвсгэрийн харъяаллыг тус тус зөрчөөгүйн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэж хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Мангалжав овогтой Цогтбаатар, Батбаатар овогтой Ягаанцэцэг нарын гэрлэлтийг бүртгэсэн 72 дугаартай бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэж тодруулсан. 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбарын үндэслэлийг хянаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Мангалжав овогтой Цогтбаатар, Батбаатар овогтой Ягаанцэцэг нарын гэрлэлтийг бүртгэсэн 72 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “ улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “ Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө ... хамтран гаргана” гэснийг Б.Ягаанцэцэг нь зөрчиж М.Цогтбаатарын нэрийн өмнөөс “Гэрлэлтийг бүртгэх ХААТР-15”  маягтад гарын үсэг зурсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар болон хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд байгаа ХААТР-15 баримтаар нотлогдож байна.

 

Нөгөө талаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т улсын бүртгэгч нь “ ... улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т “ Бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах” , 8.3.2-т “Бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх...”, 13 дугаар зүйлийн 13.3-т “ иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна” гэж заасан байхад бүртгэлийн байгууллагын ажилтан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж М.Цогтбаатар, Б.Ягаанцэцэг нарын гэрлэлтийн бүртгэлийг хийсэн болох нь нотлогдож байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Цогтбаатарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох “2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Мангалжав овогтой Цогтбаатар, Батбаатар овогтой Ягаанцэцэг нарын гэрлэлтийг бүртгэсэн 72 дугаартай бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай. 

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ЭРДЭНЭТУЯА