| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2022/0033/Э |
| Дугаар | 0045 |
| Огноо | 2022-05-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.8.1.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 0045
Ц.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.А
Шүүгдэгч Ц.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Хохирогчийн төлөөлөгч Б.Б
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М түүний өмгөөлөгч Л.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Мт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Ц-н М,
Ц.М нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Тэмбүүг устгая” аяны хүрээнд зарцуулагдах байсан 5.190.00 төгрөгийн санхүүжилтээс 4.400.000 төгрөгийг “Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээ, тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ, сургалт семинарыг телевизийн мэдээллийн хөтөлбөрт бэлтгэх, мөн зар түгээх, цаг үеийн холбогдолтой нэвтрүүлгийг шууд дамжуулах” талаар аймгийн телевизийн захирал Х.М-тай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээнд заагдсан мөнгөнөөс 2.460.000 төгрөгийг тус газрын эдийн засагч Д.О-н Хаан банкны дансаар дамжуулан авсан,
2019 оны 06 дугаар сард “Улаан бурхан”-ны вакцины 1.500.000 төгрөгөөс 1.117.000 төгрөгийг “Э” ХХК-руу шилжүүлэн 754.000 төгрөгийг нярав Л.Д-р дамжуулан бэлнээр гаргуулан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,
2020 оны 03 дугаар сард “Корона вирус”-ийн цар тахлын үеийн онцгой байдлын нөхцөлд илүү цагаар ажилласан гэж өөртөө тушаал гарган 102 цагийн урамшуулал болох 946.389 төгрөгийг гаргуулан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Ц.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овгийн Ц-н Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар хөрөнгө завшиж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мээс 1.700.389 төгрөг гаргуулж Орхон аймгийн Төрийн санд олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Орхон аймгийн прокурорын газрын Төрийн банкан дахь 100210006350 тоот дансанд байршуулсан 2.460.000 төгрөгийг улсын орлого болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шйидвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдолдоо:
... Миний бие “Тэмбүүг устгая” аяны хүрээнд хийгдэх ажлын санхүүжилтийг буюу 4.400.000 төгрөгийг зориулалтын бусаар захиран зарцуулаагүй. Тухайн ажлын хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө ёсоор хийгдвэл зохих сургалт сурталчилгааны чиглэлээр хийгдэх ажил санхүүжилт хүлээгдэж байгаад 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр санхүүжилт орж ирснийг хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад миний бие мэдээгүй. Тухайн асуудлыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед мэдмэгцээ телевизтэй гэрээ байгуулж, санхүүжилтийг шилжүүлсэн ба уг санхүүжилтээс 2.460.000 төгрөгийг тухайн аяны хүрээнд хийх сургалт семинарыг уг хөтөлбөрт зориулан бэлтгэх, түгээхээр төлөвлөсний дагуу шилжүүлж авсан. Гэтэл манай байгууллагын эдийн засагч Д.О нь тухайн санхүүжилтийг дур мэдэн өөрийн дансаар шилжүүлэн авч өөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, сургалт семинар хариуцсан гэрч С.М-н хувийн данс руу шилжүүлсэн үйл баримтыг С.М-с мэдсэн. Энэхүү үйл баримтыг нотлох гэрч С.М, Х.М нарын мэдүүлгийг шүүх анхаарч нягталж үзсэнгүй. Өөрөөр хэлбэл гэрч Д.О дур мэдэн хувь дансаар мөнгийг шилжүүлэн авч, С.М-н данс руу шилжүүлсэн үйлдлийг мэдэхгүй бөгөөд энэхүү үйлдэлд намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн санхүүжилт өөр зориулалтаар огт захиран зарцуулагдаагүй байхад хөрөнгө завшиж хохирол учруулсан гэж шүүх үзсэн. Тухайн Тэмбүүг устгая аяны хүрээнд авсан санхүүжилт зориулалтын бусаар захиран зарцуулагдаагүй бөгөөд уг аяны хүрээнд хийгдэх ажил нь Ковид-19 цар тахал өвчний улмаас хийгдэх боломжгүй болж буцаагдсан гэх гэрчийн нотлох баримт байсаар байхад зориулалтын бусаар захиран зарцуулсан гэж буруутгаад байгаа нь үндэслэлгүй. Захиран зарцуулах гэдэг нь тухайн хөрөнгийг өөр зүйлд зарцуулсан байхыг шаардах бөгөөд өөр зүйлд захиран зарцуулагдаагүй буцаагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсоор байхад буруутгасан нь үндэслэлгүй. Мөн зориулалтын бусаар захиран зарцуулснаас хохирол учирсан байхыг шаардана. Энэхүү хэрэгт хөрөнгө завшиж хохирол учраагүй .
Огт мэдэхгүй үйлдлээр буюу 2019 оны 06 дугаар сард Улаан бурхан вакцины 1.500.000 төгрөгөөс 1.117.000 төгрөгийг “Э” ХХК-руу шилжүүлэн 745.000 төгрөгийг нярав Д.Д-р дамжуулан бэлнээр гаргуулан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт яллахдаа Д.Д-н мэдүүлгийг үндэслэсэн. Тухайн гэрчийн мэдүүлэг яригдаж байгаа үйл баримт хэрэгт нотлогдоогүй байдлыг буюу уг мөнгөнөөс “470.000 төгрөгийг “М” ХХК-д Мийн авсан эм тарианы мөнгөнд өгсөн, Маэстро Ресторанд 284.000 төгрөгийг хоолны мөнгөнд өгсөн гэх мэдүүлгүүд хэрэгт нотлогдоогүй байхад намайг зориулалтын бусаар захиран зарцуулсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл гэрч Д.Д-н мэдүүлэг нь “М” ХХК-ийн гэрч Ю.Н-н мэдүүлгээс зөрүүтэй болон тухайн байгууллагын болон бусад дансны хуулбар, гэрч Б.Б-н мэдүүлэг зэрэг баримтуудаар давхар үгүйсгэгдсэн. Ийнхүү гэрч болон бусад баримтууд хэрэгт зөрүүтэй авагдсан байхад намайг буруутгасан нь үндэслэлгүй. Ийм гүйлгээнүүд байхгүй байдлыг анхаараагүй. Тухайн 745.000 төгрөгийг өөр зориулалтаар зарцуулагдсан талаарх Б.Б-н мэдүүлгээс.../1-р хавтас 140-141хх/ гэрч Д.Д нь ... тухайн байгууллагад өрийг шилжүүлэхээс өмнө тухайн байгууллагатай ярилцаагүй илүү мөнгө шилжүүлсэн болон уг мөнгийг дарга нар хоолонд орох гээд байна гэх ирээдүйд болох үйл явцыг тодорхойлон авах хүсэлт гаргасан байх ба ганц нэг газарт эм тарианы тооцоо байгаа гэх үйл баримтыг тоочсон талаар мэдүүлжээ. Мөн Д.Д гуйхаар нь гэх Д.Д-н идэвхтэй үйлдлийг заан мэдүүлэг өгсөн байна. Мөн Ч нь хууль бус үйлдэл хийж байгаагаа мэдэж хийсэн мэт мэдүүлэг өгсөн зэргээс надад огт мэдэгдэхгүй байгууллагын нэрийг ашиглан хөрөнгө завшсан байж болзошгүй Д.Д, Ч нарын энэхүү үйлдлийг шалгаагүй атлаа тухайн үйлдэлд нь намайг буруутгасан нь үндэслэлгүй. Энэхүү авсан мөнгөө “М” ХКК болон “М” ресторанд аваачиж өгсөн гэх үйл баримт хэрэгт нотлогдоогүй атал буруутгасан нь үндэслэлгүй байна. Энэхүү хууль бус үйлдлээ нуухын тулд намайг буруутгаж, гүтгэж байгаа билээ. Санхүүгийн баримтыг болон хууль бусаар мөнгө төрийн сангаас авсан үйлдэл байгаа талаар гэрч С.М-с мэдмэгц энэхүү үйлдлээ зогсоох, шаардлагатай байгууллагаар шалгуулах талаар тэднийг дуудаж санхүүгийн сахилга бат байх ёстойг сануулж уулзсанаар, намайг гүтгэж эхэлсэн. Өөрсдийн хууль бус үйлдлийг намайг хийсэн мэт мэдүүлсэн байна. Үүнд гомдолтой байна.
Миний бие 2 сартай хүүхдээ асарч гэртээ байхад 2020 оны 1-3 сард цар тахлын нөхцөл байдал хүнд, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд цар тахалтай нойр хоолгүй тэмцэж байсан учир ажилдаа дуудагдан орж, илүү цагаар хүнд нөхцөлд ажилласан. Энэ үед буюу 3 сард өөртөө 2 болон 3 сард ажилласан 102 цагийн илүү цаг бодуулж өөртөө давуу байдлыг бий болгосон гэж үзсэн. Тухайн хэрэгт намайг илүү цагаар ажилласныг нотлох баримт байгааг шүүх анхаарч үзээгүй атлаа энэхүү илүү цагаар ажилласан мөнгийг өөртөө тушаал гаргаж авах ёсгүй байсан гэж үзсэн. Гэтэл тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтны цалин хөлсийг бодох нэмэгдэл хөлсийг бодож олгох асуудал нь Хөдөлмөрийн хууль болон төсвийн тухай хуулийн дагуу шийдвэрлэгдэх ба уг хуулиудыг би зөрчөөгүй. Илүү цагийн хөлсийг олгох асуудлыг Төсвийн тухай хуульд төсвийн шууд захирагч нь төсөвт өөрчлөлт оруулах бол төсвийн ерөнхийлөн захирагчид мэдэгдэж, төсвийн ерөнхийлөн захирагч нь шийдвэр гаргахаар тусгайлан заасан бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн аливаа албан тушаалтан нь өөрийн ажил олгогч эсхүл шууд харьяалах дээд шатны албан тушаалтны зөвшөөрөлгүй нэмэгдэл цалин, урамшуулал авах, өөрийн цалин хөлсийг нэмэгдүүлэх эрхгүй болох талаар заалтыг баримталсан гэж буруутгажээ. Гэтэл миний илүү цагийн хөлсийг олгох асуудлаар төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлагагүй , Энэхүү ойлголтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь тухайн байгууллагын төсөв батлагдахдаа цалин хөлс нэмэгдэл хөлсийг шийдвэрлэсэн байдаг бөгөөд тухайн нөхцөл бүрдсэн бол олгох зохицуулалттай. Харин тухайн жилийн төсвөөс давсан цалин хөлс нэмэгдэл хөлс яригдсан бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр өөрчлөлт оруулах асуудал байна. Тухайн байгууллагын ажилтан илүү цагаар ажиллавал нэмэгдэл хөлс олгохыг жилд нэг удаа буюу төсөв батлах үед шийдвэрлүүлдэг онцлог байдлыг шүүх анхаарч үзээгүй. Намайг Орхон аймгийн Засаг даргын шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гарган, өөрийн цалин хөлсөнд өөрчлөлт оруулж, илүү цагийн нэмэгдэл цалин авч хууль зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон гэсэн нь үндэслэлгүй буруутгасан. Миний цалин хөлсөнд өөрчлөлт ороогүй.харин зөвхөн илүү цагийн нэмэгдэл хөлс авсан. Тухайн нэмэгдэл хөлсийг авахын тулд тухай бүрд Засаг даргын захирамж гаргах мэт прокурор буруу ойлголтоор яллаж байгаагаас болж, шүүх Төсвийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Харин ажилтны нэмэгдэл цалин хөлс төсөвт тусгагдаагүй бол түүнд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас/ төсөв ерөнхийлөн захирамж буюу яам, төсвийн төвлөрүүлэн захирагч буюу аймгийн Засаг дарга / авах хуулийн зохицуулалтыг анхаарч өгнө үү. илүү цагийн хөлсийг дур мэдэн авсан мэт үндэслэлгүй яллаж байна. Тухайн үеийн цар тахлын байдал болон тайван цагийн үеийн байдалд ч илүү цагаар ажиллах асуудал байдаг. Энэ бол цар тахлын үед эрүүл мэндийн салбар тэргүүлэх зохион байгуулалт аргачлал, хариу арга хэмжээг боловсруулж бусад салбарыг мэргэжлийн удирдлагаар чиглүүлж хамтран ажиллах үүргээ биелүүлэхийн тул 24 цаг шахуу тасралтгүй ажиллаж байсан. Энэ байдлыг нотолсон баримт байсаар байхад нэмэгдэл хөлсийг намайг авах ёсгүй дур мэдэн авсан мэт үзэж, төрд хохирол учруулсан гэж үзсэн нь үнэхээр гомдолтой байна.Тухайн үед албан хаагч бүр ажилласан тайлангаа гаргаж, хүний нөөц цагийг бүртгэж, нягтлан бодогч цагийн хөлсийг бодож, төрийн санд хүргүүлснээр цалин хөлсийг олгож байсан буюу манай байгууллагын төсөвт батлагдсан байсан учир төрийн сан олгож байсан үйл баримтыг шүүх анхаарч хэргийг шийдвэрлэнэ үү .Төсөвт илүү цагийн хөлс батлагдаагүй бол төрийн сан гаргах эрхгүй билээ. Төрийн санг эрх бүхий байгууллага гэж үзэж байна. Илүү цагийн хөлсөнд зориулсан нэг удаагийн зөвшөөрөл бүхий эрхзүйн акт буюу Засаг даргын захирамж гардаггүй. Энэ талаар Засаг дарга мэддэггүй болохоо мэдүүлсэн нотлох баримтыг анхаарч өгнө үү. Байгууллагын дарга нарын илүү цагийн нэмэгдэл хөлс олгох асуудлыг Хөдөлмөрийн хууль хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг үндэслэхээс гадна төрөөс цалин хөлс авах төсвийн байгууллагын тухайн жилд буюу Төсвийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.3-т Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна. Мөн хуулийн 16-р зүйлийн 16.5.3-т зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхийн дагуу батлагдсан цалин хөлсийг олгосон үйлдэл нь давуу байдал гэж үзэхгүй тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 63 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх (Ц.А шүүгч) тайлбар, дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг байгаагаар нь буюу бодитоор үнэлээгүй, өөрөөр хэлбэл “бодит уйл баримтаас илтэд зөрүүтэй”-ээр тайлбарлаж, бодит уйл баримтыг өөрөөр тайлбарлан дүгнэлт хийсэнд үнэхээр гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл, Ц.М нь “Тэмбүүг устгая” аяны хүрээнд хийгдэх ажлын санхүүжилтийг буюу 2.460.000 төгрөгийг анхан шатны шүүхийн тайлбарлаад байгаа шиг “зориулалтын бусаар” “захиран зарцуулсан” зүйл бодит байдал дээр байхгүй юм. Учир нь: “Зориулалтын бусаар зарцуулсан” гэх зүйл “Бодит байдал” дээр байхгүй байхад шүүх “Зориулалтын бусаар зарцуулсан” гэж бодит байдалд нийцэхгүй байдлаар тайлбарласан нь маш ноцтой алдаа бүхий дүгнэлт хийхэд шууд нөлөөлсөн.
Тухайн санхүүжилт өөр зориулалтаар огт захиран зарцуулагдаагүй байхад өөр зориулалтаар захиран зарцуулсан мэтээр хөрөнгө завшиж хохирол учруулсан гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь энэ мөнгөөр зориулалтаар зарцуулагдаагүй яг энэ дүнгээрээ Д.О-н дансанд байхад нь цагдаагийн байгууллага өөрөө ажиллагаа хийж авсан байдаг. Үүнээс “Нэг төгрөг” ч зориулалтын бусаар зарцуулагдаагүй болох нь үүгээр тодорхой байхад илэрхий тодорхой байгаа зүйлийг гажуудуулан тайлбарлаж, “зориулалтын бусаар захиран зарцуулсан” гэсэн тайлбар, дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьж, энэ нь эцэстээ хүнийг хэлмэгдүүлж ял оногдуулах ноцтой хууль зүйн ур дагаврыг бий болгоход хүргээд байна. Хэрэв шүүх ийм байдлаар бусдад ял оногдуулаад байвал, шударга шүүхийн тухай ойлголт байхгүй болж, шүүхэд итгэх иргэдийн итгэл үгүй болж, түүний үр дүнд олон зуун хүн хэлмэгдэж ялтан болох аюултай юм.
“Зарцуулаагүй” мөнгийг “Зарцуулсан” гэж дүгнэж ингээд зогсохгүй “Зарцуулагдаагүй байгаа” мөнгийг “Зориулалтын бусаар зарцуулсан” гэж илтэд бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж хүнд ял оногдуулсан маш ноцтой нөхцөл байдлыг үүсгэсэн шийдвэр гаргасан. “Захиран зарцуулсан зүйл байхгүй” байхад Ц.Мийг “Захиран зарцуулсан” гэх үндэслэлгүй тайлбарыг хийж энэ тайлбартаа хэт хөтлөгдсөн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь дээр алдааг гаргахад хүргэсэн.
Хэргийн материалд 2.460.000 төгрөгийг Ц.М “Зарцуулсан” гэх баримт байхгүй байхад энэ үйл баримтын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоож өгсөн маш тодорхой журмыг буюу “Тал бүрээс нь нягт нямбай, бүрэн дүүрэн эргэлзээгүйгээр” нотлох баримтуудыг үнэлж. дүгнэж чадаагүй. Хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг харахад харин ч дараах ноцтой үйл баримтууд бий болсон. Ийнхүү бий болсон байгаа нь мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа прокурор шүүгч битгий хэл энгийн иргэн ч хараад шууд ойлгохоор илэрхий байхад түүний хажуугаар нүдээ таглаад, холбогдох ажиллагааг хийж зохих мөрдөн шалгах ажиллагааг хийхгүй өнгөрсөн байна.
Энэ нь юу вэ гэхээр: Д.О нь байгууллагын мөнгийг хувь иргэнийхээ буюу Д.О-н өөрийн эзэмшил бүхий банкны дансаар өөрөө дур мэдэн аваад тодорхой хугацааны туршид үргэлжилсэн үйлдлүүдээр хувийн хэрэгцээндээ юм авч ашиглан захиран зарцуулж болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний дансны хуулгаар маш тодорхой тогтоогдож байна. Тухайлбал: өөртөө хувцас, торт худалдан авсан байдаг.
Д.О-с байгууллагын мөнгийг өөрийн хувийн дансандаа авч, тодорхой хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хувийн хэрэгцээндээ дур мэдэн захиран зарцуулсан байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үүнийг заавал шалгах шаардлагатай болох нь илэрхий байхад үүнийг шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан атлаа Д.О-н дур мэдэн хэрэгжүүлсэн үйлдэлд буруутгасан тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй юм. Үйл баримттай холбоотой цаг хугацааны хувьд заавал анхаарвал зохих нарийн зааг ялгаануудын талаар бодитойгоор тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэт тайлбарлаж үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.
Тухайлбал:Тухайн ажлын хүрээнд хийгдвэл зохих сургалт сурталчилгааны ажлын санхүүжилт нь өөрөө ХӨСҮТ-ээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн байдаг ба үүнийг тухайн цаг үед хүүхэд асрах чөлөөтэй байсан Ц.М мэдээгүй байсан байдаг. Энэ нь ХӨСҮТ-ээс байгууллагад мөнгө шилжиж орсон баримт, Ц.Мийн нийгмийн даатгалын дэвтэр, гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогддог.
Уг санхүүжилт шилжиж орж ирсэн гэдгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед мэдсэн байдаг ба санхүүжилтийг зориулалтын дагуу телевизтэй зохих гэрээг байгуулах, санхүүжилтийг шилжүүлэх ажлуудыг Д.О, Л.Д нар хариуцаж хийсэн. Уг санхүүжилтээс 2.460.000 төгрөгийг Д.О өөрийн дансаар авсан байсныг мэдээд тухайн аяны хүрээнд хийх сургалт семинарыг зохион байгуулахаар хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах, бэлтгэх ажлыг Нийгмийн эрүүл мэндийн дарга А.Б-г дуудаж 2.460.000 төгрөгөнд тааруулаад Тэмбүүг устгая чиглэлээр сургалтын удирдамж батлуулаад ажиллах чиглэл өгч үүний дагуу 01 дүгээр сарын 16-ны өдөр төлөвлөгөө нь батлагдсан.
Энэ талаар А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Мөн шүүхийн шатанд А.Б нь дахин баталж мэдүүлэг өгсөн. Ц.Мээс А.Б-д өгсөн үүрэг даалгаврын дагуу батлуулсан удирдамж. боловсруулан бэлтгэж батлуулсан төлөвлөгөө зэргээр уг мөнгийг зориулалтын дагуу зарцуулах ажил хийгдэж байсан болох нь хангалттай бөгөөд эргэлзээгүй тогтоогддог. Хэрэв зориулалтын бусаар зарцуулах бол ийм төлөвлөгөө боловсруулах үүрэг, даалгавар өгөхгүй бөгөөд энэ бэлтгэл ажил огт хийгдэхгүй байсан нь маш тодорхой ойлгогдон дүгнэгдэж байхад энэ талаар ямар нэгэн тайлбар дүгнэлтийг хийгээгүй орхигдуулсан алдааг гаргасан. Эдгээр маш чухал нотлох баримтуудаар зориулалтын дагуу зарцуулагдах ажил хэвийн үргэлжлэн хийгдэж байсан болох нь нотлогдож байгаа. Шүүх яагаад эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлээгүй орхигдуулсан бэ гэх асуудал нь өөрөө анхаарал татах асуудлын нэг болж байна.
Шүүх (Ц.А шүүгч) хэрэв ийм чухал үйл баримт, нотлох баримтыг үнэлэхгүй гэж үзэж байгаа бол “Ямар шалтгааны улмаас” үнэлэхгүй гэж байгаагаа түүнчлэн энэ үйл баримт, нотлох баримтыг хэрэгт аваагдсан “ямар нотлох баримт” үгүйсгэн няцааж байгаа талаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоож өгсөн журам, шалгуурын дагуу тайлбарлан үндэслэл бүхий дүгнэлтийг хийх ёстой.
Шүүхийн (Ц.А шүүгч) тайлбарлаад байгаа шиг тухайн мөнгийг өөр зүйлд зарцуулсан зүйл байхгүй байхад үүнийг өөр зүйлд захиран зарцуулсан гэж буруутгасан нь байж боломгүй дүгнэлт болсон. “Зарцуулаагүй” мөнгийг “Зарцуулсан” гэж дүгнэж, “Зарцуулагдаагүй байгаа” мөнгийг “Зориулалтын бусаар зарцуулсан” гэж, “Зориулалтын дагуу зарцуулагдахаар төлөвлөгдөн бодитой ажил хийгдэж байсан байхад” эдгээр үйл баримтуудыг илтэд бодит байдал нийцэхгүй дүгнэлт хийж хүнд ял оногдуулсан маш ноцтой нөхцөл байдлыг үүсгэсэн шийдвэр гаргасан.
Анхан шатны шүүх Ц.Мийг “2019 оны 06 сард Улаан бурхан вакцины төгрөгөөс 1.117.000 төгрөгийг “Э” ХХК-руу шилжүүлэн 745.000 төгрөгийг нярав Л.Д-р дамжуулан бэлнээр гаргуулан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх үйл баримтад буруутгаж, үүнийг гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн.
Ийм тайлбар, дүгнэлтийг шүүх хийхдээ Ц.Мийн огт мэдэхгүй, түүнд хамааралгүй, нотлох баримтгүй зүйлээр хэтэрхий хийсвэрлэн холбож тайлбарлан үндэслэл муутай дүгнэлт хийснээс энэ нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн. Тухайлбал: Шүүх Ц.Мийг энэ үйл баримттай холбож буруутгахдаа Л.Д-н мэдүүлгийг үндэслэсэн. Энэ гэрчийн мэдүүлэгт яригдаж байгаа “уйл баримт” нотлогдоогүй байдлыг шуух огт анхаараагүй.
Өөрөөр хэлбэл, уг мөнгөнөөс “470.000 төгрөгийг “М” ХХК-д Мийн авсан эм тарианы мөнгөнд өгсөн, М Ресторанд 284.000 төгрөгийг хоолны мөнгөнд өгсөн” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байхад Ц.Мийг зориулалтын бусаар захиран зарцуулсан гэж яллаж байгаа нь үнэхээр үндэслэлгүй дүгнэлт юм.
Л.Д-н дээрх агуулга бүхий мэдүүлэг нь “М” ХХК-ийн болон бусад дансны хуулбар. гэрч Б.Б-н мэдүүлэг зэрэг баримтуудаар давхар үгүйсгэгддэг юм. Ийнхүү Л.Д-н мэдүүлэгтээ ярьсан зүйл нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэн тогтоогдохгүй байхад энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шалгуурын дагуу нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулах. үйл баримтын уг сурвалжийг магадлан бусад нотлох баримтуудаар нягтлахгүйгээр хэт хийсвэр дүгнэлтэд үндэслэн буруутгасан нь үндэслэлгүй болсон.
Дурдаад байгаа гүйлгээнүүд байхгүй байдлыг бүрэн дүүрэн нягтлан анхаарч үзэлгүй ийм гүйлгээнүүд байгаа мэт агуулгаар тайлбарлаж, хэрэгт байхгүй баримт тогтоогдохгүй үйл баримтыг үндэслэн Ц.Мийг буруутгасан нь үнэхээр байж боломгүй мэргэжлийн алдаа юм. Гэрч Б.Б-н мэдүүлгээр “Тухайн 745.000 төгрөгийг өөр зориулалтаар зарцуулагдсан талаар тодорхой илэрхийлдэг (1-р хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас). Өөрөөр хэлбэл, Л.Д-н мэдүүлэг бодит байдлаас зөрж, тэр нь үгүйсгэгдэж байхад үүнийг тал бүрээс нь.бүрэн дүүрэн нягтлан дүгнэлт хийж чадаагүй.
Мөн “Л.Д гуйхаар” нь гэх Л.Д-н идэвхтэй үйлдлийг зааж тухайн гэрч мэдүүлэг өгсөн байна. Үүнтэй яг адилаар Н.Ч нь хууль бус үйлдэл хийж байгаагаа мэдэж хийсэн мэт мэдүүлэг өгсөн байх боловч Ц.Мт огт мэдэгдэхгүйгээр байгууллагын нэрийг ашиглан хөрөнгийг өөрт завшсан байж болзошгүй Л.Д, Н.Ч нарын энэхүү үйлдлийг шалган нягтлаагүй атлаа тухайн үйлдэлд нь Ц.Мийг буруутгасан нь үндэслэлгүй.
Түүнчлэн Л.Д энэхүү авсан гэх мөнгөө “М” ХКК болон “М” ресторанд аваачиж өгсөн гэх үйл баримт хэрэгт нотлогдоогүй атал, нотлогдоогүй уйл баримтыг тайлбарлан буруутгасан нь үндэслэлгүй болсон.
Л.Д, Н.Ч, Д.О нар нь анхнаасаа зохион байгуулалттайгаар үндэслэлгүй худал гомдол гаргаж, түүндээ ажилчдыг хуурч гарын үсэг зуруулж, өөрсдөө гэрчээр оролцож, улмаар Ц.Мт хилсээр ял оногдуулах нөхцөлийг бий болгосон үйл баримтууд тэдний зүгээс хэрэгт оролцсон байдлаас ажиглагддаг болно. Тухайлбал, Анх гомдол гаргахдаа ажилчдыг хуурч гарын үсэг зуруулсан болох нь энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн нэр бүхий хүмүүсийн мэдүүлэгт байдаг. Мөн Д.О нь 2.460.000 төгрөгийг Ц.Мт мэдэгдэхгүйгээр өөрийн хувь дансаар авсан. Энэ мөнгөө С.М-д худал хэлж түүний данс руу шилжүүлсэн. Л.Д нь “Э” ХХК-иас 745.000 төгрөгийг худал хэлж гуйж авсан. Үүнийгээ нэр бүхий 2 газар өгсөн гэх боловч энэ нь дээр тайлбарласанчлан тогтоогддоггүй.
Ц.Мийн шударгаар бөгөөд бодитоор хөдөлмөрлөн авсан илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажиллаагүй байж авсан гэж худал гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хориулах зорилгоор Ц.Мийг тагнаж. чагнасан гэх гомдлыг гаргасан ба энэ нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул хаагдсан. Түүнчлэн Ц.Мийг зориудаар зохион байгуулалттайгаар нийтдээ 7 үйлдэлд холбогдуулан шалгасан гомдол гаргадаг бөгөөд мөрдөн байцаалтын шатанд “ тогтоогдохгүй байсан тул” прокурор өөрөө хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.Мийг эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал олгосон гэж буруутгаж байгаад энэ нь тогтоогдохгүй болохоор эцэстээ зориулалтын бусаар зарцуулсан гэх байдлаар яллах дүгнэлтдээ өөрчлөлт оруулсан байдаг болно.
Анхан шатны шүүх Ц.Мийг “2020 оны 03 сард Корона вирусын цар тахлын үеийн онцгой байдлын нөхцөлд илүү цагаар ажилласан гэж өөртөө тушаал гарган 102 цагийн урамшуулал болох 946.389 төгрөгийг гаргуулан өөртөө болон давуу байдал бий болгосон гэх” гэх үйл баримтад буруутгаж, үүнийг гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн. Ц.М нь 2 сартай хүүхдээ асарч гэртээ байсан боловч 2020 оны 1-3 сард цар тахлын нөхцөл байдал улсын хэмжээнд хүндэрч өндөржүүлсэн бэлэн байдал орсонтой холбоотойгоор “2 сартай хүүхдээ асарч байсан ч хүчээр дуудагдан ажилдаа орж илүү цагаар хүнд нөхцөлд ажилласан байдаг”.
Гэтэл үүнийг буюу 3 сард өөртөө 102 цагийн илүү цагийн “Урамшуулал” бодуулж өөртөө давуу байдлыг бий болгосон гэж үзэж буруутгасан. Ц.М илүү цагаар ажилласныг нотлох баримтууд байгааг агуулгын хувьд хүлээн зөвшөөрч, эдгээр нотлох баримтуудыг үгүйсгээгүй атлаа энэхүү илүү цагаар ажилласан мөнгийг өөртөө тушаал гаргаж авах ёсгүй байсан гэх байдлаар үндэслэл муутай дүгнэлтийг хийсэн. Гэтэл тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтны цалин хөлсийг бодох нэмэгдэл хөлсийг бодож олгох асуудал нь Хөдөлмөрийн хууль болон төсвийн тухай хуулийн дагуу шийдвэрлэгдэх ба уг хуулиудыг зөрчсөн зүйл байгаагүй.
Прокурор, шүүх нь “Урамшуулал” авсан гэдэг ба энэ нь “Урамшуулал биш” юм. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу “Илүү цагаар ажилласан бол нэмэгдэл хөлс авах эрхийн дагуу олгогдсон. хуулиар заавал олгогдох ёстой нэмэгдэл хөлс” юм. Шүүх, прокурор нь ингэж үндэслэлгүйгээр “Өөртөө урамшуулал авсан” мэтээр, энэ урамшууллыг авахдаа өөртөө тушаал гаргах ёсгүй мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Илүү цагийн хөлсийг олгох асуудлаар төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлагагүй. Энэхүү ойлголтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь тухайн байгууллагын төсөв батлагдахдаа цалин хөлс нэмэгдэл хөлсийг шийдвэрлэсэн байдаг бөгөөд тухайн нөхцөл бүрдсэн бол олгох зохицуулалттай. Тухайн байгууллагын ажилтан илүү цагаар ажиллавал нэмэгдэл хөлс олгохыг жилд нэг удаа буюу төсөв батлах үед шийдвэрлүүлдэг онцлог байдлыг шүүх анхаарч үзээгүй байна.
аймгийн Засаг даргын шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бүс шийдвэр гарган, өөрийн цалин хөлсөнд өөрчлөлт оруулж илүү цагийн нэмэгдэл цалин авч хууль зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон гэсэн нь үндэслэлгүй юм. Үндсэн налин хөлсөнд өөрчлөлт орсон зүйл байхгүй, харин зөвхөн илүү цагийн нэмэгдэл хөлс олгогдсон байдаг. Тухайн нэмэгдэл хөлсийг авахын тулд тухай бүрд Засаг даргын захирамж гаргах мэтээр буруу тайлбарлаж, Төсвийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Харин ажилтны нэмэгдэл цалин хөлс төсөвт тусгагдаагүй бол түүнд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авах хуулийн зохицуулалттай юм. Тухайн үед албан хаагч бүр ажилласан тайлангаа гаргаж. хүний нөөц цагийг бүртгэж. нягтлан бодогч цагийн хөлсийг бодож, төрийн санд хүргүүлснээр цалин хөлсийг олгож байсан буюу байгууллагын төсөвт батлагдсан байсан учир төрийн сан олгож байсан үйл баримтыг анхаарч үзээгүй. Төсөвт илүү цагийн хөлс батлагдаагүй бол төрийн сан гаргах эрхгүй. Тухайн үед Аймгийн Засаг даргаас илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг олгохыг зөвшөөрч цохолт хийж. байгууллагын нягтланд ирүүлсэн байдаг бөгөөд үүнийг үндэслэн нягтлан нь илүү цагийн хөлс бодож олгогдсон байдаг. Энэ талаарх нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн.
Байгууллагын дарга нарын илүү цагийн нэмэгдэл хөлс олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг үндэслэхээс гадна төрөөс цалин хөлс авах төсвийн байгууллагын тухайн жилд буюу Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох эрхийн дагуу батлагдсан цалин хөлсийг олгосон үйлдэл нь давуу байдал гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2022/ШЦТ/63 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.М тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн төлөөлөгч Б.Б тайлбартаа: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Л.Н нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Ц.Мийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Тэмбүүг устгая” аяны хүрээнд зарцуулагдах байсан 5.190.00 төгрөгийн санхүүжилтээс 4.400.000 төгрөгийг “Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээ, тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ, сургалт семинарыг телевизийн мэдээллийн хөтөлбөрт бэлтгэх, мөн зар түгээх, цаг үеийн холбогдолтой нэвтрүүлгийг шууд дамжуулах” талаар аймгийн “E” телевизийн захирал Х.М-тай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээнд заагдсан мөнгөнөөс 2.460.000 төгрөгийг тус газрын эдийн засагч Д.О-н Хаан банкны дансаар дамжуулан авсан,
2019 оны 06 дугаар сард “Улаан бурхан”-ны вакцины 1.500.000 төгрөгөөс 1.117.000 төгрөгийг “Э” ХХК-руу шилжүүлэн 754.000 төгрөгийг нярав Л.Д-р дамжуулан бэлнээр гаргуулан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,
2020 оны 03 дугаар сард “Коронавирус”-ийн цар тахлын үеийн онцгой байдлын нөхцөлд илүү цагаар ажилласан гэж өөртөө тушаал гарган 102 цагийн урамшуулал болох 946.389 төгрөгийг гаргуулан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мийг нийтийн албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар хөрөнгө завшиж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” зэрэг нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй байна.
Гэрч Л.Д-н “С" худалдааны төвд бараа зардаг хүний данс руу 1.117.000 төгрөг шилжүүлээд 700.000 гаран мянган төгрөгийг бэлнээр авсан. Ц.М Моносоос мөнгө авсан, хоолны мөнгө дар гэсэн. 500.000 гаран төгрөг өгсөн. Дарга 3 удаа эм авсан байсан, тэрийг өгсөн. Маестрод хоол идсэн мөнгө 280.000 төгрөгийг дарсан. Би М-д энэ талаар хэлж анхааруулж байсан. Тэр хоёр намайг дуудаад хэл амаа тат гэсэн” гэсэн,
гэрч Я.Б-н “Д эгч уулзаад эгч нь мөнгийг нь шилжүүлчихлээ, авсан юмныхаа мөнгийг суутгаад үлдсэн мөнгийг нь эгчдээ бэлнээр гаргаад өгөөч, дарга хоолонд орох гээд мөнгөний хэрэг байна гэсэн. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай “Э”-ийн данс руу Төрийн банкны дансаар 1.117.000 төгрөг орж ирснээс урьд авсан барааны мөнгө болох 450.000-500.000 төгрөг суутгаж үлдсэн мөнгийг бэлнээр гаргаж өгсөн” гэсэн,
гэрч Н.Ч-н “2019 оны 07 дугаар сарын 22-нд Улаан бурхан, Улаанууд нэмэлт дархлаажуулалтын хүрээнд Аймгийн Засаг даргаас 1.500.000 төгрөг авсан. 1.117.000 төгрөгийг “Э” рүү шилжүүлсэн. 363.000 төгрөгөөр хэрэгсэл авсан, 383.000 төгрөгийг “М” руу шилжүүлж спирт хөвөн авсан. Үлдсэн 754.000 төгрөгийг Д-р дамжуулан “Э”-ээс авч Мийн Маестро рестораны хоолны мөнгө 284.000 төгрөг, Моноос даргын авсан эм тарианы мөнгө төлсөн” гэсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байх боловч дээрх 754.000 төгрөгийг хэн, хэзээ, хэрхэн, юунд зарцуулсан талаар тодорхой тогтоогоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 371 дугаартай захирамжаар “ ... Монос эмийн сангаас 470.000 төгрөгийн эм тариа авахдаа хэдийд, ямар нэр төрлийн, хэдэн ширхэг эм бэлдмэл авсан тухай баримтыг үндэслэн тодруулах ...” зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэж хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байх боловч захирамжинд заагдсан энэ ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.
Мөн “Тэмбүүг устгая” аяны хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар нь Е телевизтэй 4.400.000 төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулсан /2 дугаар хх 72/ атлаа гэрээний төлбөрөөс 2.460.000 төгрөгийг Д.О нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ХААН банкин дахь харилцах данс руу шилжүүлэн авч, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр С.М-н ХААН банкин дахь харилцах данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.М нь дээрх мөнгийг өөрийн дансанд орсны дараа Ц.Мийн ХААН банкин дахь харилцах данс руу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 160.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 50.000 төгрөг тус тус шилжүүлсэн, мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д.О-н данс руу 2.460.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн баримт /2 дугаар хх 232, 233, 6 дугаар хх 88-89/ хавтаст хэрэгт авагджээ.
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “Төрийн албан хаагч нь албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, мөн хуулийн 39.1.11-д “Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг тус тус хориглоно” гэж заасан байна.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан аймгийн “E” телевизийн захирал Х.М-тай байгуулсан гэрээнд заагдсан мөнгөнөөс 2.460.000 төгрөгийг аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Д.О-н Хаан банкны дансаар дамжуулан авсан үйлдэлд Ц.М, Д.О, С.М нарын үйлдэл оролцоог шалгах, тэдгээр нь уг мөнгөнөөс хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан эсэх, хэрэв захиран зарцуулсан бол энэ нь гэмт хэргийн шинжтэй эсэх зэргийг зайлшгүй шалгаж тогтоолгох шаардлагатай гэж үзлээ.
Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой нөхцөл байдал юм.
Түүнээс гадна Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор Ц.Мийг 6 үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор яллагдагч Ц.Мт холбогдох 3 үйлдлийг /6 дугаар хх 225/, мөн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор 700.400 төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргуулан хоолны зардалд зарцуулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож /9 дүгээр хх 1-2/ шийдвэрлэжээ.
Гэтэл прокурорын дээрх 18 дугаартай тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, ... прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор танилцуулна” гэсэн заалтыг зөрчсөнөөс гадна прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан хугацааны дотор дээд шатны прокурорт гомдол гаргах оролцогчийн эрхийг хасаж, хязгаарласан гэж үзнэ.
Аймгийн засаг дарга Д.Б-д хүргүүлж цохолт хийлгэсэн гэх “...Шинэ коронавируст халдварын үед 2,3 дугаар сард бэлэн байдлыг хангах, шуурхай арга хэмжээ авах үйл ажиллагаанд илүү цагаар ажилласан тул нэмэгдэл хөлсийг олгох зөвшөөрөл олгоно уу” гэсэн аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг хэрэгт авагдсан /9 дүгээр хх 62/ байх боловч Ц.Мт илүү цагаар ажилласан 102 цагийн урамшуулал 946.389 төгрөгийг олгох тухай аймгийн Засаг даргын 2020 оны дугаартай захирамж хэрэгт хавсаргагдаагүй, энэ талаар тухайн үед аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Б-с тодорхой зөвшөөрвөл, зөвлөмж, чиглэл гаргаж байсан эсэх зэргийг шалгах ажиллагаануудыг хийх шаардлагатай байна.
Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ц.Мийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Ц.Мт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
3 дугаар хавтаст хэргийн 127 дугаар хуудсанд авагдсан М О Ф ХХК-ны харилцагчийн дэлгэрэнгүй тайланд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 84.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн байх бөгөөд энэ талаар гэрч Ю.Н “...үрэвслийн эсрэг эм, ханиалга намдаагч, хоолой өвдөхөд хэрэглэдэг хүлхмэл эм, хүний дархлаа сайжруулдаг витамин зэрэг 84.000 төгрөгийн эм авсан байна. Хэн ирж авсан, хэн тушаасныг мэдэхгүй байна...” гэж мэдүүлжээ. Уг өдөр дээр дурдагдсан эм бэлдмэл авсан гэх баримтад худалдан авагч гар утасны дугаар тэмдэглэгдсэн /3 дугаар хх 128/ байгааг анхаарч шалгавал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Л.Н нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Мт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР