Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0304

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, иргэн О.Одсүрэнгийн нэхэмжлэлтэй, Байгаль, орчин аялал жуулчлалын сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний А/76 дугаар тушаал болон 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын О.Одсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Одсүрэн нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...О.Одсүрэн миний бие ЧВ83030518 БОАЖ-ын сайдад холбогдуулан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 29-ний А/76 дугаар тушаал болон 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын О.Одсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрх эдэлнэ гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Одсүрэн нь Байгаль, орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Одсүрэн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний А/76 дугаар тушаал болон 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын О.Одсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Байгаль, орчин аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ