Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 05 сарын 30-ны өдөр                    2022/ДШМ/39                                 Хэрлэн сум

 

П.А-од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0039/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ЗШ/200 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлээр П.А-од холбогдох эрүүгийн 2239000000044 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Яллагдагч П.А- нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Б-г 2017 оны 01 дүгээр сард өөрийн гэрт нь шалтгаангүйгээр хөлөөрөө өшиглөх, лоом мэт нарийн төмрөөр хөл, гар, нуруу толгой гэдэс рүү цохиж, хоолойг нь боосон. “Би чамайг яг одоо алаад мөчлөөд хаясан ч хэн ч намайг хүн алсан гэж сэжиглэхгүй шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, үснээс нь зулгаан тарчлаан зодсон, А.Б-г “балаар нүдийг нь сохлоно” гэж заналхийлэн догшин авирлаж ”би хүнтэй явалдсан нь үнэн, охиноо П.А-од өгнө, үхсэн ч харамсахгүй” зэргээр гэрээслэл бичүүлэн харгис хэрцгий харьцсан,

 

- 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэртээ эхнэр А.Б-г шалтгаангүйгээр хоолойг нь боож, толгой угаасан усаар нүүр рүү цацаж гэрээс зугтан гарахад нь Хонда автомашинаар “дайрч ална” гэж хөөж, гудамжинд үсдэн чирж харгис хэрцгий харьцаж догшин авирласан,

- 2021 оны 08 дугаар сарын 15-18-ны хооронд Хэнтий аймгийн Дадал сумын төвд хоорондоо маргалдсаны улмаас П.А- нь эхнэр А.Б-г цамцаар хоолойг нь боож, толгой руу нь гараараа цохиж, автомашинд суулган Хэнтий аймгийн Дадал сумын баруун талд байрлах ой модонд буюу эзэнгүй газар аваачиж “чамайг ална” гэж айлган сүрдүүлж, толгой, нүүр, гар хэсэг рүү нь нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирласан,

 

- 2021 оны 11 дүгээр сард П.А- нь шалтгаангүйгээр жирэмсэн эхнэр А.Б-г ташиж унагаагаад хөл, гар руу маань өшиглөн зодож харгис хэрцгий харьцаж догшин авирласан,

 

- 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө П.А-ын гэрт П.А- нь “өөрийн цахим хуудсандаа сэтгэгдэл орууллаа” гэх шалтгаанаар жирэмсэн эхнэр А.Б-г “чамайг алж байгаад сална” гэж айлган сүрдүүлж, хөл хэсэг рүү нь өшиглөн зодож догшин авирласан,

 

- 2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө П.А-ын гэрт П.А- нь жирэмсэн эхнэр А.Б-д хандан “хоёр хүүхдийнхээ хоолойг хутгаар хэрчинэ” гэж айлган сүрдүүлж, 2 ширхэг хутга шалан дээр зоох зэргээр 2017 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Б-г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдлүүдийг гаргаж байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сар, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд эхнэр А.Б- нь жирэмсэн байх бөгөөд энэ гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О-, У- болон 2021 оны 11 сард хохирогчийг зодуулах үед хамт байсан гэх П.А-ын хоёр найз гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хэргийн нөхцөл байдлын талаар тодруулах шаардлагатай гэж үзэн шүүгдэгч яллагдагч П.А-од холбогдох 2239000000044 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг Прокурорын газарт очтол яллагдагч П.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг хэргийн хамт хүргүүлж, автомашин битүүмжлэгдсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: “Шүүгч өөрийн санаачилгаар урьдчилан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ гэрчээр О-, У- болон 2021 оны 11 дүгээр сард хохирогчийг зодуулах үед хамт байсан гэх П.А-ын хоёр найз гэх хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авч хэргийн нөхцөл байдлын талаар тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна.

Хэрэгт О-гаас мэдүүлэг авсан, хохирогч Б нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулан, худал мэдүүлэг өгвөл Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авахад П.А-ыг 2021 оны 11 дүгээр сард зодсон талаар тодорхой мэдүүлсэн, энэ талаараа өөр хэн нэгэнд хэлээгүй гэж мэдүүлсэн байхад дахин гэрч асуух шаардлагагүй байна.

Хохирогч Ба-н /2021.03.02/ “....ажил тарах үеэр эмнэлэг орж У- эмчид үзүүлсэн. Мөн найз Ц эмчид учраа хэлж танайд очиж хоноё гэж гуйсан...” гэх мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж Ц буюу Ц-с гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 92 хуудас/ авсан бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь бусад эх сурвалжаар нотлогдож тогтоогдсон байна. Хохирогч Б нь энэ асуудлын талаар өөр хүнд хэлээгүй гэж мэдүүлсэн байх тул П.А-ын хотоос ирсэн гэх хоёр найзыг олж тогтоон мэдүүлэг авах ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч П.А- нь үйлдсэн гэмт хэрэгтээ ямар нэгэн маргаан байхгүй буюу 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр зодсон гэх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна.

П.А-ын үйлдсэн гэмт хэргийн талаар хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас П.А-ын гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Б-г 2017 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот өөрийн гэрт нь шалтгаангүйгээр хөлөөрөө өшиглөх, лоом мэт нарийн төмрөөр хөл, гар, нуруу, толгой гэдэс рүү цохиж, хоолойг нь боосон. “Би чамайг яг одоо алаад мөчлөөд хаясан ч хэн ч намайг хүн алсан гэж сэжиглэхгүй шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, үснээс нь зулгаан тарчлаан зодсон, А.Б-г “балаар нүдийг нь сохлоно” гэж заналхийлэн догшин авирлажби хүнтэй явалдсан нь үнэн, охиноо П.А-од өгнө, үхсэн ч харамсахгүй” зэргээр гэрээслэл бичүүлэн харгис хэрцгий харьцсан,

 

- 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэртээ эхнэр А.Б-г шалтгаангүйгээр хоолойг нь боож, толгой угаасан усаар нүүр рүү цацаж гэрээс зугтан гарахад нь Хонда СЯV маркийн 25-95 УБЦ улсын дугаартай автомашинаар “дайрч ална” гэж хөөж, гудамжинд үсдэн чирж харгис хэрцгий харьцаж догшин авирласан,

 

- 2021 оны 08 дугаар сарын 15-18-ны хооронд Хэнтий аймгийн Дадал сумын төвд хоорондоо маргалдсаны улмаас П.А- нь эхнэр А.Б-г цамцаар хоолойг нь боож, толгой руу нь гараараа цохиж, автомашинд суулган Хэнтий аймгийн Дадал сумын баруун талд байрлах ой модонд буюу эзэнгүй газар аваачиж “чамайг ална” гэж айлган сүрдүүлж, толгой, нүүр, гар хэсэг рүү нь нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирласан,

 

- 2021 оны 11 дүгээр сард П.А- нь шалтгаангүйгээр жирэмсэн эхнэр А.Б-г ташиж унагаагаад хөл, гар руу маань өшиглөн зодож харгис хэрцгий харьцаж догшин авирласан,

 

- 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө П.А- нь “өөрийн цахим хуудсандаа сэтгэгдэл орууллаа” гэх шалтгаанаар жирэмсэн эхнэр А.Б-г “чамайг алж байгаад сална” гэж айлган сүрдүүлж, хөл хэсэг рүү нь өшиглөн зодож догшин авирласан,

 

- 2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө П.А- нь жирэмсэн эхнэр А.Б-д хандан “хоёр хүүхдийнхээ хоолойг хутгаар хэрчинэ” гэж айлган сүрдүүлж, 2 ширхэг хутга шалан дээр зоох зэргээр 2017 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Б-г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдлүүдийг гаргаж байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сар, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд эхнэр А.Б- нь жирэмсэн байх бөгөөд энэ гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар зүйлчлэн 2022 оны 032 дугаар сарын 16-ны өдөр 35 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Анхан шатны шүүх хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж О-, У- болон 2021 оны 11 сард хохирогчийг зодуулах үед хамт байсан гэх П.А-ын хоёр найз гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хэргийн нөхцөл байдлын талаар тодруулах шаардлагатай гэж үзэн шүүгдэгч яллагдагч П.А-од холбогдох 2239000000044 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж

- мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотлоно” гэж тус тус заасан байх бөгөөд

-мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1-т “мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг прокурор хянахаар хуульчилжээ.

 

Гэрч Д.О-, С.Ц нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан байх тул Д.О-, н.У нараас мэдүүлэг авах шаардлагагүй байна.  

 

Харин хохирогч А.Б- нь “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр манай нөхөр П.А-ын хоёр найз хотоос ирсэн юм. Гэрт бид дөрөв хоол идээд юм ярьж ганц хоёр пиво ууж сууцгаасан. Тэгээд амрах гээд шөнө 23 цагийн орчимд П.А- бид хоёр гэр рүүгээ орох гээд явж байтал П.А- намайг гэнэт ташиж унагаагаад хөл гар руу минь өшиглөсөн. Би буцаж зугтаагаад нөгөө хоёр найз дээр нь очсон...” гэх мэдүүлгийг /хавтаст хэргийн 35 хуудас/ өгсөн байх тул “П.А-ын хоёр найз гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хэргийн нөхцөл байдлын талаар тодруулах шаардлагатай” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ЗШ/200 дугаартай шүүгчийн захирамж хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч П.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

                            

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлсш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

           

                                                                                              Б.ДЭНСМАА