Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 81

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 1704000820029 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Ц.Баясай

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгч                                                 А.Б- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - овгийн А-ийн Б- /РД:/.

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

            А.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны 41 дүгээр байрны 22 тоотод оршин суух, иргэн Б.Н-н гэрээс 1 ширхэг мөнгөн аяга, Note-2 маркийн гар утас, цэнэглэгчийн хамт, Panasonic маркийн видео камер зэргийг хулгайлж 643.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч А.Б-ы өгсөн ”...Би 2017 оны 8 дугаар сарын 16-ны орой өөрийн хүү Б-ийн хамтаар Багануур дүүрэгт байх найз Н-н гэрт очоод Н-н хамт бага зэрэг архи ууцгааж байгаад ангийнхнийгаа ярьж хоорондоо маргалдсан. Тэгээд дахин архи уухгүй унтахаар том өрөөнд нь би хүү Б-ийн хамт унтсан. Шөнө нойр хүрэхгүй элдэв юм бодож хэвтэж байгаад босоод сирвантан дотор байсан аягануудаас 1 ширхэг мөнгөн аяга, бичгийн ширээн дээрээс Note 2 маркийн гар утас, ширээний доод талын тавиур дээрээс Panasonic брэндийн камер, андройд гар утасны цэнэглэгч зэрэг зүйлийг аваад цүнхрүүгээ хийчихсэн. Тэгээд өглөө эрт 8 цагийн үед босч явлаа гэж хэлээд шууд гарч явж Хэрлэн худалдааны төвийн хажуу талын зогсоол дээрээс нэг машинд суугаад хотод ирсэн. Хотод ирэнгүүтээ Нарантуул зах дээр очоод камерийг нь 15.000 төгрөгөөр, гар утсыг нь 10.000 төгрөгөөр, мөнгөн аягыг 48.000 төгрөгөөр тус тус зарсан. Бүгдийг нь танихгүй хүмүүст зарсан. Би тэр үед орон гэргүй болчихсон байсан болохоор Н-н гэрт хэд хонох зорилготой очсон...”, “...Би найз Н-н гэрээс эд зүйл хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Хулгайлсан эд зүйлийнхээ хохирол болох 643.000 төгрөгийг нөхөн төлнө. Манай охин Э- Япон улсад ажиллаж амьдардаг хүн байдаг бөгөөд охинтойгоо утсаар ярьж мөнгө авахаар ярьсан.  2017 оны 11 дүгээр сарын эхээр охиноос мөнгө ирэхээр хохирлоо нөхөн төлнө гэсэн бодолтой байгаа. Би өөрийн үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 15-16 дугаар хуудас/.

Хохирогч Б.Н-н өгсөн ”...2017 оны 8 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30 минутад манай гэрт манай ангийн хүүхэд Б-, зээ хүүгийнхээ хамтаар ирсэн. Тэгээд тэр шөнөдөө манайд хоноод өглөө явахдаа нэг ширхэг мөнгөн аяга, Note 2 гар утас, цэнэглэгчийн хамт, Panasonic брэндийн камер зэрэг зүйлсийг аваад явчихсан байсан. Тэгэхээр нь араас нь залгаж, мессэж бичсэн боловч утсаа авахгүй байсан. Тэгсэн орой нь Б-ы нөхөр Даашка утсаар яриад өчигдөр өдөр манай эхнэр надтай муудалцаж гараад орой нь танайд байна гэж утсаар ярьсан. Тэгээд өнөөдөр ирэхдээ мөнгөтэй болчихоод ирсэн. Хаанаас ямар мөнгөтэй болоод ирэв гэж асуусан чинь хэлэхгүй байна гэж хэлж байсан. Би манайхаас юм аваад явчихжээ гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Б- надруу утсаар яриад чи хэд хоног найзыгаа хүлээчих. Цагдаа сэргийлэх гээд яахав би хохирлыг чинь барагдуулж өгнө. Танай гэрээс эд зүйлийг чинь хулгайлж авсан нь үнэн гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш утсаа авахгүй эд зүйлийг маань буцааж өгөхгүй байна. Өнөө өглөө миний гар утас руу Б-ы утаснаас хохирлыг чинь өгнө. Гэхдээ ялаа эдлэхэд бэлэн байна гэж мессэж бичсэн. Би камераа 2008 онд Америкаас худалдаж авч байсан. Тухайн үедээ 618.000 доллараар авч байсан. Гар утсыг 2013 онд 300 гаран мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Аяганы хувьд бэлэгний аяга бөгөөд дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга...” гэсэн мэдүүлэг /Хх-ийн 5 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээгээр “Note-2” маркийн гар утсыг 80.000 төгрөг, Panasonic маркийн камерийг 443.000 төгрөг, Мөнгөн аягыг 120.000 төгрөг буюу нийт 643.000 төгрөгөөр тус тус үнэлсэн талаарх баримт, гэрэл зураг /хх-ийн 6, 7 дугаар хуудас/

Яллагдагч, хохирогчтой эвлэрсэн “…А.Б- нь “Note-2” маркийн гар утас 80.000 төгрөг, Panasonic маркийн камер 443.000 төгрөг, Мөнгөн аяга 120.000 төгрөг буюу нийт 643.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон…” гэсэн баталгаа /хх-ийн 24 дүгээр хуудас/

Шүүгдэгч А.Б-ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Ял шийтгэлгүй...” гэсэн баримт /Хх-н 11 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт “...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Тиймээс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн хүсэлт /хх-ийн 35 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч А.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны 41 дүгээр байрны 22 тоот орон сууцанд оршин суух, иргэн Б.Н-н гэрээс 1 ширхэг 120.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, Note-2 маркийн 80.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, цэнэглэгчийн хамт, Panasonik маркийн 443.000 төгрөгийн үнэ бүхий видео камер зэргийг авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.Б-ы “...Би найзынхаа гэрээс эд зүйлийг нь хулгайлсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-н мэдүүлсэн ”...Б- манай гэрт ирж хоноод явахдаа манай гэрээс нэг ширхэг мөнгөн аяга, Note 2 гар утас, цэнэглэгчийн хамт, Panasonic брэндийн камер зэрэг эд зүйлүүдийг маань авч явсан...” гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б- нь хохирогчийн 643.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцож, энэ талаарх баталгааг хэрэгт хавсарган ирүүлжээ. /Хх-ийн 24 дүгээр хуудас/

Шүүгдэгч А.Б- нь хулгайн үйлдэлдээ ашиг олох зорилгоор шунахай  сэдэлттэй, санаатай ханджээ.

Прокуророос А.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрч баталгаа гаргасан гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авах нь зүйтэй.

Иймд А.Б-ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 11 дүгээр хуудас/

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад дээрхи хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн

1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч - овгийн А-ийн Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар - овгийн А-ийн Б-ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан А.Б-д мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А.Б-аас хохирогчид учруулсан хохиролд 643.000 /зургаан зуун дөчин гурван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д олгосугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. А.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ