Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

 

Ш.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

           Прокурор: Б.Д,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Ш,

           Шүүгдэгч: Ш.Г,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ш.Гын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Ш.Гт холбогдох 2220000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн Ш-ийн Г,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын-Үүд сумын 2 дугаар баг, 35-11 тоотод хохирогч С.Бын зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалж, улмаар С.Бын цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэгт цус хурахтай хавсарсан зүрхний гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ш-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш-ийн Г-ыг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гт оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

шүүгдэгч Ш.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн хар өнгийн иштэй 19.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,

 

Шүүгдэгч Ш.Г хохиролд 1,350,000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн Ш.Г давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэрэг болох үед хамт байсан гэрч гэх Ш.А, У.Б, О.О, Ж.Бн нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, болсон үйл явдлыг тодорхой мэдэх чадваргүй байсан атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад үгсэн хуйвалдаж миний эсрэг мэдүүлэг өгсөн тул тэдгээрийг дахин шалгуулах шаардлагатай байна. Тухайлбал гэрч Н.А нь /тэгээд Б-ны гэрийн хаалгыг тогшсон чинь С.Б хаалгаа нээгээд бид хоёр гэрт ортол энгэрээс цус гарчихсан найзыг нь шаачихлаа ш дээ гэсэн тэгэхэд нь О хэн юм бэ гэсэн чинь Б нь Г гээд Г ах руу заасан.../ гэж мэдүүлжээ. Гэтэл миний төрсөн дүү Ш.О нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрч Ариунболдтой уулзахад /гэрч буюу гэрийн эзэн Б нь Быг Г хутгалсан гэж бодохгүй байна, мөн хохирогч Б нь намайг Г хутгалсан гээд ... заасан/ талаар огт яриагүй атал мөрдөн байцаалтад өөрөөр мэдүүлсэн байна. Учир нь Ариунболдын энэ яриаг утсан дээрээ бичиж авсан тэгээд энэ талаар өмгөөлөгчид хэлж байсан боловч энэ талаар шалгах ажиллагааг огт хийлгээгүй. Одоо утсан дээрх ярианы бичлэг нь байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор гэрч Ариунболдын мэдүүлгийг дахин шалгуулах

2. Хэрэг гардаг өдөр цагдаагийн алба хаагч нар намайг болон гэрч У.Б бид хоёрыг эрүүлжүүлэхэд хонуулсан. Гэтэл Бямбасайхан гэрчийн мэдүүлэг өгөхдөө /Г нь гэнэт босч ирээд гал тогооны хэсэгт байсан шургуулгыг татаад жижиг хар иштэй хутга барьж байгаад Бын энгэр цээж хэсэгт нь хатгачихсан. Тэгтэл Бын энгэр цээж хэсгээ нь цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг цагдаа дууд гэсэн чинь Г нь эхлээд энгэртээ хутгаа хийчихсэн байж байгаад намайг эмнэлэг цагдаа дууд гэсэн чинь хутгаа буйдангийн хөлний доод хэсэг рүү шидчихсэн... гэж маш тодорхой мэдүүлсэн байна. Гэтэл Бямбасайхан нь бид нартай ойролцоо архи уусан бөгөөд цагдаагийн түүнийг эрүүлжүүлснээс үзэхэд тодорхой хэмжээний согтолттой байж таарна. Иймд Бямбасайхан нь эрүүлжүүлэх байранд хонох үедээ хэдий хэмжээний согтолттой байсныг тогтоож түүний өгсөн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг дахин шалгуулах өөрөөр хэлбэл согтуу хүн болсон үйл явдлыг хэдий хэмжээнд санах боломжтой болохыг тогтоох. Мөн Бямбасайханы мэдүүлгээс үзэхэд намайг цустай хутгыг энгэртээ хийсэн гэжээ. Гэтэл миний хувцас болон гар цус болоогүй байсан гэдгийг дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нар мэдэж байгаа тул энэ талаар цагдаагийн алба хаагч нараас мэдүүлэг авах, хэрвээ цустай хутгаа би энгэртээ хийсэн бол миний хувцас болон гар цусаар бохирлогдсон байх ёстой. Энэ тохиолдолд цагдаагийн алба хаагч нар мэдэх ёстой.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутган дээрээс гарын хээ болон цусны бүлгийг тогтоох зорилгоор шинжилгээнд явуулсан боловч ул мөр илрээгүй байгаа тул тухайн үед хэн нэгэн нь хутгыг цэвэрлэж цусыг арилгасан байх магадлалтай. Иймд хутгыг дахин шинжилгээнд явуулах мөн хутган дээрх цусыг хэн арилгасан болохыг шалгаж тогтоох.

4. Хохирогч Б нь хэрэг гардаг өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд тухайн үед болсон асуудлыг маш тодорхой санаж байгаагаар мэдүүлэг өгсөн байна. Иймд эмнэлэгт очих үедээ хэдий хэмжээний согтолттой байсан яриа өгүүлэл нь ямар байсан талаар түүнийг хүлээн авсан эмч сувилагч нараас гэрчийн мэдүүлэг авах.

Иймд дээрх ажиллагаануудыг хийснээр миний гэм буруугийн асуудал үнэн зөвөөр шийдэгдэх боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Гын хувьд энэ хэргээ үйлдсэн эсэхээ санадаггүй. Тухайн үед 2,97 хувийн согтолттой байсан. Яг гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан зүйл бас байхгүй. Гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад нөхцөл байдлуудыг бүрэн бодитой тогтоогоогүй байна. Хэрийн газрын үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж хийгээгүй. Учир нь юу вэ гэхээр Быг хутгалсан гээд байгаа хар иштэй хутга дээр гар хурууны хээ болон ямар нэгэн цус илрээгүй. Уг хутга мөрдөгч нарыг очиход буйдангийн хажууд ил байсан. Хэрэг болдог өдөр Б, Бямбасайхан, Г, С, Б гэх хүмүүс байсан хэдий ч Б, С 2 тасарчихсан унтаж байсан гэж мэдүүлсэн байдаг. Б, Б нарын мэдүүлгээр тухайн үед эрүүл саруул байсан нь Г байсан гэдэг. Г нь шургуулга татаад хар иштэй хутга барьж байгаад энгэр хэсэгт нь хатгачихсан гэж мэдүүлсэн байсан. Энэ мэдүүлэг үнэн зөв гэхэд эргэлзээтэй байна. Тухайн хэрэг болсон өдөр Б яг хаана сууж байсан. Бямбасайхан хаана байсан, Г хаана байж байгаад шургуулга татаад хутга аваад энэ хүнийг хутгалсан энэ нөхцөл байдал нь Бямбасайхан, Б нарын сууж байсан газраас харагдах боломжтой үгүйг шалгасан ажиллагаа байдаггүй. Нэг буйдан дээр нь Б, нөгөө буйдан дээр нь Б сууж байсан гэж ярьдаг. Б, Б нарын хувьд мөн согтолттой байсан. Өмнө нь архи ууж байгаад эхнэртээ хөөгдөөд Баярсайханыд ирсэн байдаг. Гын хувь 2,97 хувийн согтолттой гэж гарсан. Гэтэл Б, Б нар нь тухайн үед ямар зэргийн согтолттой байсан. Ухаан санаагаа удирдан жолоодох чадвартай байсан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл дээр буйдан нь баруун урд тал руугаа ханарч далийсан байдалтай байна. Уг буйдангийн баруун урд талд ийм хар иштэй хутга байсныг эд мөрийн баримтаар шинжилгээнд зориулж хураан авсан гэж байгаа. Тухайн айлд өөр ямар хутга, зэвсэг гэмт хэрэгт ашиглаж болох ир мэстэй зүйл байсан юм уу? гэдгийг тодруулж шалгаагүй. Тэнд хутга байхаар нь л энэ нь хэргийн эд мөрийн баримт юм байна. Энэ л Быг хутгалсан хутга юм байна гээд  мөрдөгчийн зүгээс хурааж аваад шалгасан нь эргэлзээтэй. Яагаад энэ хутгыг яриад байна гэхээр энэ хутганаас ямар нэгэн цус болон гарын хээ илрээгүй болохоор энэ хутга нь яг мөн үү? гэдэг нь эргэлзээтэй байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Бын зүрх хэсэгт зүсэгдсэн шарх нь 1-1,5 см хэмжээтэй шарх байна. Үүнээс цус олгойдож байсан гэсэн шинжээчийн болон мэс заслын эмчийн дүгнэлт тусгагдсан байдаг.  Гэтэл энэ хутгаар хүнд биед халдахад тухайн хүний биед учирсан шиг 1-1,5 см биеийн дотоод шарх нь үүсэх үү? арай өөр хутга байсан юм биш байгаа гэсэн эргэлзээ үүсээд байгаа. Мөн хэргийн газрын үзлэгийг хангалтгүй хийсэн байдаг. Тухайн үед Б, Г нарын хувцсанд үзлэг хийгээгүй. Гэрч нарын мэдүүлгээр “Г хутгалчхаад энгэртээ хутгаа хийгээд дараа нь цагдаа дуудлаа гэсэн чинь аваад шидчихсэн” гэж ярьдаг. Гэтэл Г тухайн үед ямар хутгатай байсан, тэр хувцас нь цус болон өөр бусад зүйлээр бохирлогдсон байсан юм уу? мөн хувцасны энгэр хэсэгт хутга хийх зүйл байсан юм уу? гэдэг тодорхойгүй. Хохирогч Бын хувьд хувцасных нь урагдалт, зүсэгдэлт нь ямар зүйлээс үүдэлтэй юм энэ хар иштэй хутганаас үүссэн байх боломжтой юм уу? гадна талд нь ямар зүсэгдэлт үүссэн бэ гэдгийг тодруулаагүй. Эдгээр байдлын бүрэн дүүрэн тогтоож байж энэ хэргийг бүрэн дүүрэн шийдвэрлэх нь зүйтэй.  Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргуулах, таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

 

Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Тухайн үед цагаан сар байсан болохоор эдгээр хүмүүс нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж Г, Б нар хоорондоо маргалдсан байдаг. Маргалдах шалтгаан нь юу байсан бэ гэхээр “чи атаман би атаман” гэдэг яриа яригдсан байдаг. Маргалдах явцад Г нь хохирогч Бын гэрийн шүүгээнээс хутга авч Бын зүрхэн тус газар хутгалсан. Ингэж хутгалсны хувьд хохирогчид хүнд гэмтэл учирсан. Энэ үйл баримт хавтаст хэрэгт баримтаар тогтоогддог. Тухайн үйл баримтыг Г өөрөө санадаггүй. Үйл баримтуудыг гэрч нар ч мэдүүлсэн байдаг. Тухайн үед “хохирогч Г намайг хутгалсан” гэж өөрөө мэдүүлдэг. Хохирогч хүн үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Тухайн хэргийн газар дээр ч мөн Г нь өөрөө “би хутгалсан” гэж мэдүүлдэг. Сая сиди шалгуулъя, цагдаа эмч сувилагч нараас мэдүүлэг авъя л гэнэ. Гыг тухайн үед харсан үзсэн гэрч нар энэ хүмүүс биш шүү дээ. Хэрвээ энэ хүмүүсээс мэдүүлэг авах юм бол энэ хоёр хүний үйл баримтыг нотлох чадваргүй. Өмгөөлөгч, шүүгдэгчийн тайлбарыг сонсохоор дандаа л тийм юм болов уу? ийм юм болов уу? гэсэн тайлбарыг гаргаад байдаг. Яагаад тийм тайлбар гаргаад байна гэхээр тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэхгүйтэй холбоотой. Мөн хутганаас цус гараагүй, надаас цус илрээгүй, цусаар бохирлогдоогүй гэж байна. Цус гарах албагүй шүү дээ. Хүн хутгалах болгонд тэр хутга нь цус болох албагүй шүү дээ. Өөрөө энэ талаар мэдэхгүй болохоор л ийм асуудлыг ярьж байна.  Хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэнэ ээ. Тэр нь яллах дүгнэлтээс хальж болохгүй. Хэрэв энэ сидиний асуудал байсан бол анхан шатны шүүх хурал дээр ярихгүй яасан юм. Танд ярих эрх нь байсан. Энэ дээр та болон таны өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн тайлбар гаргаагүй. Энэ өмгөөлөгчийн тайлбар нь хэргийн газрын үзлэг дахиж хийлгэе гэсэн зүйл яриад байна. Одоо хэргийн газарт нөхөн үзлэг хийгээд ямар үйл баримт тогтоогдох юм. Нөхөн үзлэг хийсэн ч ямар ч ач холбогдолгүй болчихсон. Хутганаас нэгэнт цус тогтоогдоогүй юм чинь дахин үзлэг хийгээд яах юм. Тэр нь одоо нотлох баримтын чадвараа алдчихсан. Миний зүгээс юу хэлэх гээд байна гэхээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, бодитой гарсан. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1/Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос шүүгдэгч Ш.Гын “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар” зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

 Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгдэгч Ш.Гын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

2/ Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулахад хэрэглэсэн хутга нь зэвсгийн чанартай зүйлд хамаарах ба Эрүүгийн хуульд зааснаар зэвсгийн чанартай зүйлд иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох бөгөөд зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг  буюу гэм буруутай этгээдийн санаатай хууль бус үйлдэл болон  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой нөхцөл байдал тогтоогдвол тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Дээр дурдсан хууль зүйн ойлголт, хуулийн агуулга болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, шүүгдэгч Ш.Гын холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянахад:

 

Шүүгдэгч Ш.Г 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, 35-11 тоотод оршин суух Ж.Б-ны гэрт архи ууж согтуурсан/1хх 94/ буюу 2,79 хувийн согтолттой байхдаа зэвсгийн чанартай зүйл болох хар өнгийн иштэй хутга/1хх 3, 69/-аар хохирогч С.Бын зүрхэн тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд “...цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэгт цус хурахтай хавсарсан зүрхний гэмтэл”/1хх 63/-ийг учруулсан  үйл баримт нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт болох хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шийтгэх тогтоолд дурдсан бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байна.

 

Хохирогч, гэрчүүдээс гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдэгдсэн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг зөрчөөгүйн гадна тэдгээрийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон, хэргийн бодит байдалд нийцсэн байх тул тэдгээрийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй юм. 

 

Мөн шүүгдэгчээс хэргийг мөрдөн шалгах явцад болон шүүх хуралдаанд “...би согтуу байсан болохоор юу ч санахгүй байна, хэдэн шил архи уусныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн, гэрч, хохирогчийн мэдүүлгээр би хутгалсан байгаа юм, өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 1350000 төгрөг төлсөн, цаашид гарах зардлыг төлнө” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлсэн нь шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарчээ.

 

3/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, оролцогчоос гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тухайлбал мөрдөгчөөс уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд шалгаж, нотолсны гадна хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүйн гадна мөрдөгч, прокуророос нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл болон эд мөрийн баримтаар хураагдсан хутганд шинжилгээ хийлгэх тухай шинжээч томилсон тогтоол/1 хх 32, 66/-ыг мөн шинжээчийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 04/065 дугаар дүгнэлт/1 хх 62, 63/, хохирогчийн биед үүсгэсэн хүнд гэмтлийг үүсгэсэн ир үзүүртэй зүйл буюу 19,5 см нийт урттай, хар өнгийн иштэй хутгатай холбоотой шинжээчийн 03/04 дугаар дүгнэлт/1 хх 67/-ийг тус тус шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан/1 хх 32, 64-65, 70/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцэж  байх ба мөн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “оролцогч шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт” гаргаагүй байна.  

 

Хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч С.Б, гэрч Н.А/1 хх-/, У.Б/1 хх /, О.О/1 хх /, Ж.Б/1 хх /, Б.Үүрцайх/1 хх / нарт “үнэн зөв мэдүүлэг өгөх, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэвэл” Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуулийг мөрдөгчөөс тэдэнд сануулж мэдүүлгийг авсан, мэдүүлгийг авахдаа оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйн зэрэгцээ хохирогч, гэрчүүдээс өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Харин тусгай мэдлэг бүхий энэ хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй шинжээч эмчээс “...хутганы баруун зүүн тал тос мэт зүйлээр бохирлогдсон байх тул гарын мөр илрэхгүй байна” гэж дүгнэсэн/1хх 67,68/ ба мэдүүлэг/1хх 72/-тээ  “...тухайн хар өнгийн иштэй хутга нь тос мэт зүйл, мөн тоос, шороо мэт зүйлээр бохирлогдсон байсан тул гарын мөр илрээгүй, хүний гар хүрсэн, барьсан эд зүйл бүрийн материал гадаргуугаас хамаараад гарын мөр үүсэхгүй байх боломжтой” гэж мэдүүлснээс дүгнэхэд шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  Нэгэнт эд мөрийн баримт болох хутга нь тос мэт зүйлээр бохирлогдсоноос гарын мөр илрэхгүй нь нэгэнт тогтоогдсон учир эд мөрийн баримтад дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй болно. 

 

4/ Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь зөвхөн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ёстой. Хууль зүйн энэ үндэслэлийн дагуу анхан шатны шүүхээс хавтас хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой яллах дүгнэлтэд дурдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэж, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримт эдгээр нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдсон гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдал болон шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад тус тус нийцжээ. Улмаар шүүгдэгч Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн ойлголт, шинжийг бүрэн хангасан байх ба Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль ёсны, шударга ёсны зарчим нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад тохирчээ.

 

Хэргийг мөрдөн шалгах явцад болон хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгчээс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, мэдүүлж байсан ба хохирогчид учирсан эмчилгээний төлбөрийг түүний нэхэмжилсэн, нотлогдсон баримтын хүрээнд шүүгдэгчээс хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдалд анхан шатны шүүхээс үндэслэлтэй, зөв  дүгнэлт хийж, шийдвэрлэсэн байна. 

 

5/ Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэхэд оролцсон байх ба гаргасан саналдаа”...шүүгдэгчийг гэм буруугүй, хохирлыг барагдуулсан, гэм буруугаа хүлээж, их гэмшсэн“ гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй талаарх үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой, ойлгомжтой тусгасан байх ба давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдож, тогтоогдсон байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг мөн адил хэргийн бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тиймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн Ш.Гын “...гэрч Н.А-ын миний дүүтэй уулзахад хэлсэн ярианы бичлэгтэй холбоотойгоор мэдүүлгийг дахин шалгуулах,  гэрч У.Б-ыг эрүүлжүүлэх байранд хонох үедээ хэдий хэмжээний согтолттой байсныг мөн гэрч У.Б, О.О, Ж.Б нарын мэдүүлгийг дахин шалгуулах, миний хувцас, гар цусаар бохирлогдсон байсан эсэхийг цагдаагийн албан хаагч нар мэдэх ёстой учир мэдүүлгийг авах, хутгыг дахин шинжилгээнд явуулах, хутган дээрх цусыг хэн арилгасныг шалгаж, тогтоолгохоор хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Гын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Гын цагдан хоригдсон 43 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                  А.САЙНТӨГС

 

                                                                                                 Н.БОЛОРМАА