Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0534/З |
Дугаар | 128/ШШ2019/0931 |
Огноо | 2019-12-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2019/0931
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, **-р хороо, -р хороолол, **-р байрны ** тоотод байрлах ********
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 20** оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/**59 дугаар Ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ:
Манай компани нь 2018 оны 6 дугаар сарын 09-ны өдөр МV-**** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг О ХХК-иас хуулийн дагуу шилжүүлэн авсан. Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бүртгэж, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Ингээд манай компани нь Д аймгийн Ө, Э, Ссумдын нутагт, Х нэртэй газарт орших 25262.44 гектар талбайд, ашигт малтмалын ашиглалтын МV-**** тоот тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар эзэмшдэг болсон. Уг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр манай компани нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас 20** оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 7/714 дугаар Мэдэгдэл хүргүүлэх хуудас-аар сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдсэн.
Мөн тус газраас 20** оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 7/** дугаар албан бичгээр Орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн талбайг буцааж өгөх эсэх талаарх санал өгнө үү гэсэн албан бичгийг манайд ирүүлж, манайхаас уг албан бичгийн дагуу санал хүргүүлэх тухай албан бичгээр компанийн эрх ашиг зөрчигдөхөд хүрвэл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу албан ёсоор тогтоогдсон, мөн манай компанийн сонгон авч, санал болгосон талбайгаар солих саналтай байгаагаа илэрхийлэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 20** оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/**59 дугаартай албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж байгааг мэдэгдсэн албан тоотыг манайд ирүүлээд байна.
Манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр, хуулийн дагуу тусгай хамгаалалтад авагдсан газартай давхацсан асуудлыг хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлүүлэх тухай саналаа илэрхийлж байхад бидний үйл ажиллагаа явуулах эрхийг маань зогсоож байгаад гомдолтой байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 20** оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/**59 дугаар албан бичиг нь манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж байгаагаараа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.3-т зааснаар тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй хэдий ч тухайн шаардлагыг биелүүлээгүй гэх үйлдэл нь тогтоогдсон байхыг шаарддаг.
Гэтэл дээрх албан бичигт дурдсанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдоогүй болно.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 35.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн гухай хуульд заасан хариуцлага хүлээнэ" гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээхээр байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж буй нь хууль бус юм.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай тохиолдолд нөхөн олговрын асуудал яригдах ёстой. Дээрх асуудал тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газрыг тусгай хэрэгцээнд авсан байгууллагын хооронд эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу нөхөх олговрын асуудал дээр талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд тус компанийн эрхийг хязгаарлаж буй нь хууль бус юм.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 20** оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан 1/**59 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 20** оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан 1/**59 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Д аймгийн Э, Ө сумын Х нэртэй 25301 гектар талбайд 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр А ХХК-д XV-*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн дарга 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн **39 дугаар шийдвэрээр олгосон.
ХV-*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд А ХХК онцгой эрхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасныг хянан МV-*** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар шийдвэрээр олгосон.
А ХХК нь МV-*** тоот тусгай зөвшөөрлийг О ХХК-д бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан, мөн Кадастрын хэлтсийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийдвэрээр бүртгэсэн. "О ХХК нь МV-*** тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр цуцалсан. "О" ХХК нь МV-*** тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 516 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.
Шүүхийн 2017 оны 466 дугаар шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын **-ний өдрийн *** дүгээр шийдвэрээр МV-*** тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн байна.
"О ХХК нь МV-0*** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг үрэгдүүлсэн тул нөхөн авах хүсэлт гаргасныг хянан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр МV-0*** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг хүчингүйд тооцож, МV-**** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон. О ХХК нь МV-**** тоот тусгай зөвшөөрлийг Д ХХК-д бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр бүртгэсэн.
Д ХХК нь МV-**** тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961.23 гектар талбайг хэсэгчлэн О ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар шийдвэрээр бүртгэсэн ба О ХХК-д МV-*** тоот тусгай зөвшөөрөл олгосон. Дээрх талбайг Д аймгийн ИТХ-ын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авсныг Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ компанийн эрх ашиг зөрчигдөхөд хүрвэл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу албан ёсоор тогтоогдсон, мөн манай компанийг сонгон авч санал болгосон талбайгаар солих саналтай байгаагаа илэрхийлэхэд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж байгааг мэдэгдсэн албан тоотыг манайд ирүүлээд байна гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн ** дүгээр зүйлийн **.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан нь хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсаныг ойлгоно.
Мөн нэхэмжлэлд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшиж буй талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай тохиолдолд нөхөх опговорын асуудал яригдах ёстой.
Ашигт малтмалын 14 дүгээр зүйл нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авсанаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон тохиолдолд нөхөх олговорын асуудал олгохоор заасан зохицуулалт юм. Гэтэл дээрх 2 зохицуулалт нь Д ХХК-д хамааралгүй асуудал юм.
Учир нь Д ХХК-ийн эзэмшиж байгаа талбайг тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байхад буюу 2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.
Мөн Хамарын хийд шашны байгууллагын зүгээс гаргасан Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 20** оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/*** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/*** дугаар шийдвэрийг биелүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын **-ний өдрийн *** дүгээр шийдвэрээр О ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-*** тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн.
20** оны 04 дүгээр сарын 01-ний 1/**59 дугаартай тоот бичгийг хүчингүй болгох шаардлага гаргасан байх бөгөөд энэ бичгээр тухайн Д ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж байгаа. Учир нь энэ бичгийг явуулсан боловч Д ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хязгаарлаж цуцлаагүй. Харин 20** оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хамарын хийд ХХК-ийн хүсэлттэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас тус шүүхийн 07 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тогтоол гарч, Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 371 дүгээр шийдвэрээр Д ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа бичгийг үндэслэж, Д ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан зүйл байхгүй. 20** оны 07 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч Д ХХК нь тус шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 20** оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан 1/**59 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргаж байгаа асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын 20** оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/**59 дугаар албан бичгээр [1] ... танай компани тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байж болзошгүй тул ... тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл бүрдэж байна. Мөн уг тусгай зөвшөөрлийн талбай нь ... орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарлагдаж байгааг... мэдэгджээ.
Нэхэмжлэгч Д ХХК нь дээрх албан бичгийг хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдоогүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшиж буй талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай тохиолдолд нөхөх олговрын асуудал яригдах ёстой. Дээрх асуудал тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газрыг тусгай хэрэгцээнд авсан байгууллагын хооронд эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу нөхөх олговрын асуудалд талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд тус компаний эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус. гэж тодорхойлон маргажээ.
Маргааны үйл баримтуудаас үзэхэд анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн **39 дүгээр шийдвэрээр Д аймгийн Ө, Э сумын нутагт Х нэртэй 25301 гектар талбайд ХV-*** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг А ХХК-д олгосон, мөн газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар шийдвэрээр ХV-*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд МV-*** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон, мөн газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн *** дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-*** тоот тусгай зөвшөөрлийг О ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн, Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй үндэслэлээр О ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын МV-*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын **-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/*** дугаар шийдвэрийг үндэслэн О ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын ***А дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр МV-*** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, МV-**** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр МV-**** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг О ХХК-иас Д ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961,23 гектар талбайг О ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр МV-*** тоот тусгай зөвшөөрлийг олгосон, Д аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тогтоолоор дээрх талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаагаар авсныг Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн үйл баримт тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг хэлнэ гэж заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий байгууллагаас тухайн газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд уг газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хоригложээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд МV-**** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Хамарын хийдийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай болох нь тогтоогдож байх ба талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.5-д Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж хуульчлан тогтоожээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг жилийн дотор нөхөн олговрыг төлөх бөгөөд ийнхүү тогтоосон хугацаанд тохиролцож төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хуулийн зохицуулалттай байна.
Гэтэл О ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын МV-*** тоот тусгай зөвшөөрлийг цуцлагдсан байхад буюу Д аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тогтоолоор дээрх талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх тул нөхөх олговор олгох үндэслэлгүй байна. Тодруулбал ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн ... энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшиж буй талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай тохиолдолд нөхөх олговрын асуудал яригдах ёстой. ... нөхөх олговрын асуудлаар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд тус компаний эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус ... гэсэн тайлбар үндэслэлгүй. байна.
Нэгэнт эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар нэгэнт хориглосон байх тул хариуцагчийн ... ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарлагдаж байгааг мэдэгдсэн маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүрэгтэй байх ба хариуцагч нь дээрх чиг үүргийнхээ хүрээнд дээрх захиргааны актыг гаргажээ.
Нэхэмжлэгч нь ... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдоогүй гэж маргаж байх боловч хариуцагч нь энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаагүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 20** оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр МV-**** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг О ХХК-иас Д ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэр, дээрх тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961,23 гектар талбайг О ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр МV-*** тоот тусгай зөвшөөрлийг олгосон Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар шийдвэр тус тус хүчингүй болсныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 20** оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан 1/**59 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ********-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН