Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 58

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.******* Шүүгдэгч Д.Ө Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө, Л.Г нарт холбогдох 1723000330017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Отгон сумын ******* багийн нутагт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой Л-ын Г, РД: ИЙ******* Монгол Улсын иргэн 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Отгон сумын ******* багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой Д-ийн Ө, РД: ИЙ******** Шүүгдэгч Д.Ө, Л.Г нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын ******* багийн нутаг Бумбатын ам гэх газар Д.Ө-тай маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисон нь Шүүгдэгч Д.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын ******* багийн нутаг Бумбатын ам гэх газар Л.Г-ыг “намайг зодлоо” гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохисон нь Хохирогч Д.Ө-ын энэ талаар мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би эхнэр М, хүүхэд, манай төрсөн ах Д.Өл, түүний хүү Ө.М нарын хамт өөрийн машинтайгаа Бумбатын ам уруудаад явж байтал урдаас мотоцикльтой хүн ирж явахаар нь тамхи ороодог нимгэн цаас сурах гээд машинаа зогсоогоод бууж уулзахдаа Л.Г гэдэг залууг мотоциклоосоо буугаад ир гэж мөрөн дээр нь гараа тавьсан юм. Тэгэхэд намайг Л.Г толгойгоороо 1 удаа мөргөж, 1 удаа миний нүүрэн тус газарт өшиглөөд мотоциклоо унаад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг Хохирогч Л.Г-ын энэ талаар мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өвөлжөө бариулахаар хүмүүстэй тохироод “Сөргүүгийн гарам” гэх газраас тосч уулзаад өвөлжөө рүүгээ дагуулаад өөрийнхөө мотоцикльтой явж байсан. Тэгэх үед миний урдаас машин ирж явсан юм. Ойртож ирээд зам дээр зогсохоор нь би зогстол манай багийн Д.Ө буюу ******* бууж ирээд миний мөрөн дээрээс барьж аваад мотоциклоосоо буугаад ир гээд намайг татахаар нь би шарыг толгойгоороо мөргөөд нэг удаа өшиглөөд яваад өгсөн юм. Очоод байж байтал миний араас *******, Л.М, Ө.М нар ирээд машинаас ******* бууж ирээд намайг бариад авах үед Л.М ирээд салгах гэж байхад ******* миний толгой руу чулуугаар цохисон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ө.М-ын “...Бид нар тухайн өдөр Бумбатын ам уруудаад ******* ахын машинтай явж байхад урдаас мотоцикльтой хүн ирж байхаар нь ******* ах уулзах гээд зам чөлөөлж зогсоод очиж уулзахад ******* ах мотоциклоосоо буугаад ******* ахыг мөргөөд, газар унасны дараа 2-3 удаа өшиглөсөн юм. Удалгүй байж байхад Г ахын хойноос явж байсан бололтой чиргүүлтэй машинтай хүмүүс гүйцэж ирээд Г яасан зүгээр үү гэж хэлээд тэр хүмүүсийн хамт яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Б-ын “...Бид нараас 200-300 метрийн урд явж байсан юм. Гүйцээд очиход машинаар зам хэрж зогссон хүний хамар юмуу амнаас нь цус гарчихсан байсан юм. “…саарал өнгийн Ланд машинтай дөнгөж уулзчихаад шууд өвөлжөөний хашаа барих гэж байгаа газраа ирээд машинаас банз буулгаад байж байтал саарал өнгийн Ланд машинтай гурван залуу ирээд зам хэрж зогссон машины жолооч, ланд машины жолооч хоёр өвөлжөөний эзэн залууг шууд буугаад зодоод байсан юм...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогджээ. Дээрхи үйлдлийн улмаас Л.Г, Д.Ө нарт хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 201720169 дугаартай “...Д.Ө-ын биед хамрын мурийлт, хянга ясны хугарал, доод урууланд язарсан шарх, хамрын нурууны баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 2017 оны 08 дугаар 22-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр, Шинжээчийн 201720170 дугаартай “...Л.Г-ын биед тархины доргилт, толгойн зулайн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 2017 оны 08 дугаар 22-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Л.Г, Д.Ө нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тус тус тооцох үндэстэй. Шүүх шүүгдэгч Л.Г, Д.Ө нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Д.Ө, Л.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Л-ын Г, ******* овогт Д-ийн Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө, Л.Г нарыг 1200/нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1200000/нэг сая хоёр зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Г, Д.Ө нарт оногдуулсан 1200/нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1200000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Г, Д.Ө нарт тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Ө, Л.Г нарт 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.Ө, Л.Г нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч нарын хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА