Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

 

Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

           Прокурор: Б.Д,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Б /зайнаас цахимаар/,

           Шүүгдэгч: Ц,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б-ын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Ц-д холбогдох 2120000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ц, гадаад паспортын дугаар *******,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 811 дүгээр тэмдэгтийн хэсгээр Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Л.С-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Шүүгдэгч Ц /*****/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай агийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-д оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шүүгдэгч Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул дээрээ browing  гэх бичиглэл бүхий модон оруулгатай эвхэгддэг хутга 1 ширхэг, Baigish 8*30-09639 гэх бичиглэл бүхий нүдний дуран 1 ширхэг, ногоон эрээн өнгө бүхий өнгөлөн далдлалтын хувцас /малгай, цамц, өмд, уут/ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг авч,

 

Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс оногдуулсан хорих ялыг өмгөөлөгчийн зүгээс хүндэдсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн тааруу, түүний 2 бөөр нь чулуужсан, яаралтай мэс засалд орох шаардлагатайг үзлэг хийсэн эмч нар түүний үзлэгийн маягт дээр бичсэн байгааг анхан шатны шүүхээс анхааран үзэлгүй хорих ялаар шийтгэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. ... Гомдлын үндэслэл нь шүүгдэгчийн бие, эрүүл мэндийн байдал тааруу түүний 2 бөөр нь чулуужсан, яаралтай мэс засалд орох шаардлагатайг үзлэг хийсэн эмч нар түүний үзлэгийн маягт дээр бичсэн байгаа. Үүнийг үндэслэн торгох ялыг оногдуулж өгнө үү гэж хүссэн юм. Шүүгдэгчид 1 500 000 төгрөг байгаа юм байна лээ. Тиймээс хорих ялыг нь торгуулийн ялаар сольж энэ мөнгөөр торгуулийг даруйхан барагдуулах боломжтой гэж үзэж гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг жаахан хөнгөрүүлж шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан 1350-10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог юм байна. Тиймээс түүнийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Замын-Үүдийн шүүх намайг дуудахад би бөөрний чулуужилт гэх өвчний улмаас 3,4 хоног босож чадахгүй хэвтэж байсан. Тэгээд өмгөөлөгч рүүгээ залгаад би босож чадахгүй байна аа гэж хэлээд 04 дүгээр сарын 20-ны өдөр болгож өөрчилсөн. Тэгээд намайг Монгол Улсын шүүхийг хүндлэхгүй байна гэхээр нь түүнээс айгаад шүүх рүү очсон. Тухайн үед миний бие их муу байсан. Тэгээд шүүхийн шийдвэрээр надад хорих ял оногдуулсан. Миний одоогийн биеийн байдал асуудалтай байгаа. Ор хөнжлөө засах гэхээр биеэс хөлс гоожоод тамиргүй болсон мөн бие засах гэхээр 2 бөөр өвддөг. Ийм байдалтай байгаа ч аав ээж маань “зовлон учирвал хатуу бай” гэдэг, тэр үгээр нь тэсээд байж байгаа. Миний эрүүл мэндийн байдал тиймэрхүү байгаа.” гэв.

 

            Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шийтгэх тогтоол нь хууль хэрэглээ болон бусад зүйлээрээ хууль буруу хэрэглэсэн зөрчсөн зүйл байхгүй байна гэж үзэж байна.  Тэгэхээр прокуророос анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Л.С-аас шүүгдэгч Ц-ыг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 811 дүгээр тэмдэгтийн хэсгээр Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн хуульд заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож, 6 сарын хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан  “Шударга ёсны зарчим” болон  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Тодруулбал хэрэгт авагдсан, прокуророос яллах үндэслэлээ болгосон, анхан шатны шүүх үнэлж, шалгасан нотлох баримтууд болох мэдүүлгийг  газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 62-69/, гэрч Г.Т /1 хх 108-110/, Б.Г /1 хх 113-115/, О.П /1 хх 118-120/, Ө.А /1 хх 127-128/,  Ч.Д /1 хх 130-131/, О.Б /1 хх 133-134/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрээс хил зөрчиж Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар, ямар ч бичиг баримтгүйгээр нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогджээ.

 

Улсын хил халдашгүй дархан байх бөгөөд хууль бусаар хил нэвтрэх нь улсын хилийн халдашгүй дархан байдалд халдсан гэмт хэрэг гэж үзэх ба шүүгдэгч Ц-ийн үйлдэл нь хилийн боомтоос өөр газраар орсон, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн зэргээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн асуудлаар маргаагүй ба харин эрүүгийн хариуцлагын хувьд торгох ял оногдуулах санал гаргасан боловч анхан шатны шүүх хорих ял оногдуулсан, улмаар шүүгдэгчийн өмгөөлөгч энэ үндэслэлээр давж заалдсан гомдол гаргасан байна.

 

Энэхүү гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарахын зэрэгцээ шүүгдэгч Ц нь Монгол улсад оршин суух тодорхой хаяггүй, мөн түүний хөрөнгө, цалин хөлс, орлого тодорхойгүй  зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож, хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх” эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд тус тус нийцжээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б-аас гаргасан “... хорих ялыг өөрчилж, торгох ялаар шийтгэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ц-ийн цагдан хоригдсон 35 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БАТЧИМЭГ