Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 82

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн 1704000980031 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                     

 Нарийн бичгийн дарга                               Б.Одгэрэл

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Хохирогч                                                        Ц.О-

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Ж.Цэцэгээ

 Шүүгдэгч                                                   С.А- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овгийн С-ын А- /РД:/.

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч С.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 12 дугаар гудамжны 6 тоотод иргэн Ц.О-тай эр, эмийн хардалтын улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч С.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд найз Ууганбаярын гэрт хоносон. Тэднийд хоночихоод маргааш нь буюу 9 дүгээр сарын 17-ны өглөө босоод байж байтал Хэрлэнгийн 12-6 тоотод З эгч намайг дуудсан. Тэднийд очоод нэг том пиво уучихаад Х- гэх айлын гэрт ороод унтсан. Нөгөө хэд маань хашаан доторхи саравчин дотор ууцгааж байсан. Тухайн үед тэнд Э-, Х-, Б-, Х- бид нар байсан. Тэгээд би унтаж байсан чинь нэг хүн нүүр рүү цохихоор нь гайхаад босоод ирсэн чинь О- ирчихсэн байсан ба намайг гичий нохойгоор нь дуудаад байхаар нь бид хоёр зууралдаад авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэр оройдоо би Улаанбаатар хот орсон. Би О-ын үснээс нь зулгааж гарнаас нь хазсан нь үнэн. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 27 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Ц.О-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо Хэрлэнгийн 12-6 тоотод байх найз АзЗгийн гэр рүү орж явтал тэдний хашаан доторхи сүүдрэвчинд С-, Х-, Х-, Б- гэх 4 хүн архи уугаад сууцгааж байсан. Би АзЗгийн гэр рүү орж юм ярьж сууж байгаад 15 орчим минутын дараа гараад явж байсан чинь С- гэх хүүхэн араас дуудаад Э- ах танаас салчихсан биз дээ гэж асуусан. Тэгэхээр нь би тийм бид хоёр түр маргалдчихсан байгаа гэсэн чинь Э- ах урьд шөнө А- эгчтэй хамт манайд хоносон. Шөнө ерөөсөө унтуулаагүй. Энэ хоёр чинь одоо ах дүү хүмүүс биз дээ гэхээр нь одоо яая гэхэв дээ. Одоо тэгээд наад хоёр чинь байгаа юм уу гэсэн чинь одоо хүртэл манай гэрт байгаа ороод харахгүй юу гэхээр нь гэр рүү нь очоод хаалгыг нь гаднаас нь татсан чинь хаалга нь дотроосоо уяатай байсан. Тэгэхээр нь би Э-ын гар утас руу залгасан чинь тэр гэр дотор утас нь дуугарч байхаар нь хаалгаа онгойлгооч гээд хаалгыг нь тогшоод байсан чинь ойролцоогоор 15 орчим минутын дараагаар манай нөхөр Э- хаалга онгойлгохоор нь орсон чинь гэрийн хоймор хэсэгт нь газраар ор засчихсан байсан. Намайг дотогшоо оронгуут А- гэх хүүхэн уг орноос босоод баруун ор руу гүйгээд хөшигнийх нь цаагуур орсон. Тэгтэл Э- намайг барьж аваад тэр хүүхэн рүү ойртуулаагүй. А- тэр хооронд хувцасаа өмссөн. Би тухайн үед тэр хоёрт хандан та хоёр гэгээн цагаан өдрөөр айлын гэрт юу хийж байдаг юм бэ? гэсэн чинь бид хоёр яагаачгүй, чи хөгшин хүүхэн минь манай дүүгээс зайлаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан та хоёр хоорондоо учиртай болоод надад дургүй байдаг юм байна, би одоо мэдлээ гэсэн чинь чи ер нь миний дүүгээс сал гэж үсэрч босч ирсэнээ намайг үсдээд доошоо дараад хөлөөрөө хэвлий цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би үснээсээ тавиулах гээд гараараа цаашаа түлхэх гэсэн чинь зүүн талын гарын маань ядам хурууг хазчихсан. Тэгсэн чинь гадаа сууж байсан хүмүүс гүйж орж ирээд салгах гэсэн чинь миний үснээс тавихгүй зулгаагаад байсан. Тэр хүмүүс арай гэж салгахаар нь би баруун талынх нь гэр буюу АзЗгийн гэр рүү орсон. Миний толгой 2 газар хавдсан, үс хэсэг газар зулгааж хуйх нь гарсан, зүүн талын чих хавдсан, зүүн гарын ядам хурууг хазаж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 9 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09шэ/245 дугаартай “...Ц.О-ын биед баруун гарын долоовор хуруунд язарсан шарх, зулайд зулгаралт, зулайд зөөлөн эдийн гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мөн дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 12 дугаар гудамжны 6 тоотод манай нөхрийн авга эгч миний үснээс зулгааж хуруу хазсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1, 3 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.А-гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн баримт /хх-ийн 35, 36 дугаар хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: “…С.А- нь ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…”  /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

 Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүгдэгч С.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 12 дугаар гудамжны 6 тоот хашаанд байх гэрт иргэн Ц.О-тай эр эмийн хардалтын улмаас маргалдаж түүнийг зодож зулайн баруун дээд хэсэгт 6х5см, 5х4см хаван, тухайн хэсгийн үс 6х5см зулгарсан, баруун гарын долоовор хурууны гадна болон дотор хэсэгт 2х1см, 1.5х0.5см, 1х0.5см язарсан шарх зэрэг гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “...Хохирогч Ц.О-ын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…С.А- намайг үсдээд доошоо дараад хөлөөрөө хэвлий цээж хэсэг рүү өшиглөж, зүүн талын гарын маань ядам хурууг хазсан …” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/245 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч С.А- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд С.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч С.А-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 39 дүгээр хуудас/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, шүүгдэгчийн “…хохирогчийн 270.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн…” баримт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч С.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан “…одоогоор бага орлоготой тул торгох ялыг нэг жилийн хугацаанд хувааж төлж чадна…” гэсэн хүсэлт, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн С-ын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн С-ын А-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан С.А-д тус тус мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.А-гоос хохирогчид учруулсан эрүүл мэндийн хохиролд 270.000 /хоёр зуун далан мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-д олгосугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. С.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ