| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2216000000044 |
| Дугаар | 2022/ДШМ/18 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Б |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/18
М.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Б,
Шүүгдэгч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Ц.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр М.Б-т холбогдох 2216000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогтой М.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын ... -нд төрсөн, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Цээл сумд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ЧР.............. регистрийн дугаартай,
Шүүгдэгч М.Б нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Я.Г-ийн эзэмшлийн “Г шатахуун түгээх станц”-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд “Г шатахуун түгээх станц”-ын түгээгүүрийн спидометрийг /милл/ гүйлгэдэг арааг салгаж 185 литр А-80 бензин гарган авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэрэгт буруутгагджээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч М.Б-т танилцуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Б би, эрүүгийн 2216000000044 дугаартай М.Б-т холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгдэгч М.Б нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Я.Г эзэмшлийн “Г шатахуун түгээх станц”-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд “Г шатахуун түгээх станц”-ын түгээгүүрийн спидометрийг /милл/ гүйлгэдэг арааг салгаж нийт 185 литр А-80 бензин гарган авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдсон.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллагдагч М.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 34 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тохиролцож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд М.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх прокуророос М.Б-тай тохиролцсон 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналын хүрээнд бус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 1 жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокуророос яллагдагчтай тохиролцсон ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу хөнгөрүүлэх эрх хэмжээтэй болохоос прокурорын саналаас өөр ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт байхад М.Б ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн М.Б-ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад тохирно гэж үзсэн талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан...” гэж бичсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч М.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Я.Г эзэмшлийн “Г шатахуун түгээх станц”-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд түгээгүүрийн спидометрийн арааг салгаж 185 литр А-80 бензин гарган авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргажээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.
Ердийн журмаар шийдвэрлэж байгаа хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болох боловч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй хэргийн хувьд прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оногдуулах учиртай.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг бүрэн илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчилөх замаар прокурортой ял тохиролцож, Эрүүгийн хуульд заасан зохих хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгодог.
Нөгөө талаас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шүүхийн шийдвэр нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тухайн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх зэрэг хууль зүйн үр дагаварыг бий болгодог.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг, харин 7.1 дүгээр зүйлээр оногдуулж болох хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх харилцааг зохицуулсан байна.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь буруу байна.
Тиймээс анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнээс хальж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлүүдээс зайлшгүй хорих ялын төрлийг сонгон хэрэглэх шаардлагатай хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд тухайн этгээдэд оногдуулж болох хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрээр хэрэгждэг онцлогтой.
Тодруулбал хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шүүхийн шийдвэр гаргах урьдач нөхцөл нь шүүх тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлүүдээс хорих ялыг сонгох үндэслэл бүрдсэн байх шаардлагатай байдаг.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлүүдээс прокурорын санал болгосон ялыг шүүгдэгчид хэрэглэх нь ямар учраас тохиромжгүй гэж үзсэн, ямар учраас хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж дүгнэсэн үндэслэлийг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг зөвтгөж, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах боломжгүй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ц.Б-ийн гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, М.Б-т холбогдох 2216000000044 дугаар эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж
ШҮҮГЧИД Ш.Б
Ч.Э