| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/0039/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/42 |
| Огноо | 2017-09-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/42
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа
Улсын яллагч: Ч.Энхжаргал
Шүүгдэгч: М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д-д холбогдох 1727000000014 дугаартай, 146/2017/00039/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суудаг, ял шийтгэлгүй, М.Д
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.Д нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багт хохирогч Г.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: Хэрэгт авагдсан мэдүүлгүүд бүгд үнэн зөв учраас дахиж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Г.О-ийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр саахалтын Т-ийнд буусан чинь А.М тэд нар архи уугаад сууж байсан. Би мэнд ус мэдээд суутал А.М намайг Б-ын хоньчин болжээ гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм эртээд бас тэгээд доромжлоод байсан ална шүү мангар пизда минь гэсэн. Тэгсэн А.М гэрээс гараад мориндоо мордоод хойшоо явж байснаа бид нарыг А-ынд ороход эргээд ирсэн. Тэднийд нэг шил уучихаад мордоцгоосон. А.М бид хоёр дахиж маргалдаагүй. Орой нь би Т-ийн хүүхдээр гэртээ хүргүүлсэн. Тэгээд гэртээ унтаж байтал 02 цагийн орчим А.М-ын том хүү М.Д гар чийдэн тусгаж орж ирээд чи миний аавыг яасан их дээрэлхдэг хүн бэ гээд зодоод эхэлсэн. Гадаа гаргаад гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд айл Б-ынд ороод би М.Д-д чи намайг гүйцээгээд алчих гээд хутга барьтал М.Д гар мушигаад булаагаад авсан. Тэгж байтал А.М ирээд элбэж зодох гээд байсан. М.Д аавыгаа хөөгөөд явуулсан. Би өдөр архи уугаад унтсан байсан. М.Д халангар байх шиг байсан. Би М.Д-тай маргалдаж байгаагүй. Аав А.М-тай нь өдөр маргалдсан байсан. Одоо миний толгой их өвдөж байна. Цээжин бие нил хүндэвтэр байгаа. Аймгийн эмнэлэгт үзүүлсэн толгойдоо гэмтэлтэй байна гэсэн сая үзүүлсэн зардал мөн цаашид эмчлүүлэх зардлыг нэхэмжилнэ. Намайг гэртээ унтаж байхад яагаад зодох болсон юм бол сайн мэдэхгүй байна..” гэжээ. /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Гэрч Н.О-ийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн орчим М.Д гэдэг залуу ирээд манай нөхөр рүү гар чийдэн тусгаж байгаад зодоод байсан. М.Д манай аавыг хэл амаар доромжилсон гээд л хашиграад орж ирсэн. Манай нөхрийг гараараа зодоод байсан. Би айгаад 2 хүүхдээ аваад гараад явсан. Манай том охин аавыг аллаа М.Д ахаа буугаачээ гээд байсан. Манай айлын Б бид хоёр салгах гээд салгаж чадаагүй. Манай нөхөр орой 22 цагийн үед гэртээ халамцуу ирээд унтаад өгсөн. Хүн амьтантай муудалцсан гэж ерөөсөө яриагүй. А.М ах О-ийг унтаж байхад орж ирж сууж байгаад юм хэлэлгүй гараад явсан. Түүнээс хойш М.Д согтуу ирж зодсон. М.Д согтуу байсан. Б-тай нэг шил архи уусан гэж байсан. Манай нөхөр М.Д-тай мууцалдаж байгаагүй. Би М.Д-г модоор цохьсон зүйл болоогүй. М.Д-г болиоч буугаач гээд айлынхаа авгайтай хамт татаад дийлэхгүй байсан. Миний хувьд гартаа мод чулуу барьж М.Д-г зодсон зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-11, 14 дүгээр хуудас/
Гэрч А.М-ын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Т-ийнд буугаад байж байтал Г.О орж ирсэн. Би хүний хонь хариулж байгаа байж морий нь унахгүй яасан юм бэ? гэж хэлсэн. Тэгтэл морь бариад өгөхөөр нь би унаагүй гэж Г.О хэлж байсан. Тэгээд би гараад явсан. Эргээд А-ыд буусан тэднийд хэрэлдэж маргалдаагүй. Би М.Д-д Г.О-тэй муудалцсан гэж хэлээгүй. Харин бага хүүдээ аавыг нь Г.О мангар тэнэг 2 хүүхдээрээ зодуулна биз гэж байна гэж хэлсэн. Тэрийг л М.Д сонссон байна лээ. Би Г.О-ийнд очсоноо санахгүй байна. Намайг Г..О-ийнд очиход тэр газар уначихсан ноцолдоод байсан...” гэжээ. /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Гэрч Г.Б-ийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 04-05-ныг шилжих шөнө би гэртээ унтаж байсан чинь П ахын эхнэр П-г эгч манайд орж ирээд П, М.Д хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд бид гэрт нь яваад ороход тэр 2 хоорондоо зодолдоод байсан. Голоор нь орж салгах гэсэн чинь П-г эгч бид хоёр дийлэхгүй байсан. Тэгээд би саахалт айл руугаа явж хүн дуудахаар явсан. Би саахалт айлдаа очоод хүн дуудах гэхэд нохой нь дайраад байсан. Гэрийх нь гадаа хүн дуудсан тэгсэн 1 эмэгтэй хүн гарч ирсэн. Танайд эрэгтэй хүн байна уу гэхэд байхгүй. Манайхан бүгдээрээ найранд явсан гэсэн. Тэгээд би эргээд гэртээ харихад тэр хоёр зодолдохоо больсон байсан болохоор нь би гэртээ ороод унтаад өгсөн. П, М.Д хоёр юунаас болж хоорондоо хэрэлдэж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед шөнө дунд болж байсан...”гэжээ. /хх-ийн 15 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэгийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Г.О-ийн биед, баруун хацар ясны нумны хугарал, зүүн хамар яс хацар ястай нийлэх хэсгийн хугарал, тархи доргилт, зүүн нүдний цус хуралт зөөлөн эдийн гэмтэл, гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюулгүй гэмтэл байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 17 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 324 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...М.Д-гийн биед баруун гуянд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгүй. Зулгаралтын тав тогтсон байдал, цус хуралтын эргэн шимэгдэлтийн байдлыг үндэслэв/. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх 16, 20 хуудас/
М.Д-г урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Д нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багт хохирогч Г.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Г.О, гэрч Н.О, А.М, Г.Б нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэгийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Г.О-т хохирол 500000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн талаар бичиж өгсөн хохирогчийн хүсэлт /хх 43 хуудас/-ээр шүүгдэгч хохирол төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөцхөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА