Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

Б.*******д холбогдох хэргийн талаар

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

          Прокурор Б.

          Шүүгдэгч Б.*******

          нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох 2123000000139 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Тарвагачин овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгч Б.*******ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг ХАА-н хэсгийн ******* хашаанд байх ******* цоожгүй байсан байшинд нэвтрэн орж эмээлийн 4 ширхэг мөнгөн даруулгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн 2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Жавхлантын хэсгийн ******* оршин суух иргэн *******ын гэрээс шар өнгийн бухааран гөлмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Тарвагачин овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаатай хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж үлдсэн ял болох 2 жил 2 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож,

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

6. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

        7. Шүүгдэгч Б.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*******ийн давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

    Миний бие 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж үлдсэн 2 жил 3 сар 07 хоногийн ялыг эдлэхээр тус аймгийн Цагдан хорих байранд ялаа эдлэхээр хоригдсон, мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т яллагдагчаар татагдсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр анхан шатны шүүхээр таслагдан 2 жил 03 сарын хорих ялаар шийтгэгдсэн нь өндөр байна гэжээ.

          Прокурор Б. дүгнэлтдээ:

          Хэргийн зүйлчлэл болон гэм буруутай үйлдэлд ямар нэгэн маргаан үүсгээгүй байна. Шүүгдэгчид оногдуулсан ялын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2-8 жилийн хугацаатай хорих ял оногдуулах заалттай байдаг. Шүүгдэгчид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимтай нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

          Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн ХААН-н хэсгийн ******* хашаанд байх ******* цоожгүй байсан байшинд нэвтрэн орж эмээлийн 4 ширхэг мөнгөн даруулгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

           2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Жавхлантын хэсгийн ******* оршин суух иргэн *******ын гэрт нэвтэрч шар өнгийн бухааран гөлмийг авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх  хэргийн үйл баримт хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар хангалттай тогтоогджээ.

        Хэргийн нөхцөл байдлаас харахад  шүүгдэгч Б.******* нь хохирогч нартай төрөл садангийн болон ойр дотны харилцаатай бус тухайн орон байранд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрх бүхий этгээд биш байх бөгөөд хүний орон байранд  зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

         Анхан шатны шүүх  шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж үлдсэн ял болох 2 жил 2 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар тогтоожээ.

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтов.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж,  шүүгдэгч Б.*******ийн  давж заалдах гомдлыг хангахаар тогтов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн

        2 дахь хэсгийн  “2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар”  гэснийг “ 2 жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

         3 дахь хэсгийн  “ 2 жил 3 сарын хугацаатай хорих ял дээр” гэснийг “2 жилийн хугацаатай хорих ял  дээр” гэж, “нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 13 хоног” гэснийг  нийт эдлэх ялыг 4 жил 2 сар 13 хоног гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

                 Ж.БАТТОГТОХ