Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/562

 

 

 

 

 

    2022            05            26                                       2022/ДШМ/562 

 

Б.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б-э даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М-т холбогдох эрүүгийн 2110008740379 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 11 сар 29 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 7 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 27 хоногийн хорих ял болгон дүйцүүлж, нийт эдэлсэн 5 жил, 4 сар, 21 хоногийн ялыг хасаж сулласан,

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ял тус тус оногдуулж, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

 

 

 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  М-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

бусдын эд хөрөнгийн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 /арав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.М-т оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 321 /гурван зуун хорин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг түүний албан ёсны гэрийн хаяг болох Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 43.303.000 /дөчин гурав сая, гурван зуун гурван мянга/ төгрөг гаргуулан шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхийн хохирогч нарт олгож, Эрүүгийн 2010024430074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20000 төгрөгийн дэвсгэрт 38 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 3  ширхэг 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэр 2 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг нийт 1.028.180 төгрөг /нэг сая хорин найман мянга нэг зуун ная/, ам.доллар 100 долларын дэвсгэрт 25 ширхэг /хорин тав/, шүүгдэгч Б.М-аас хураан авсан 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн монетон ээмэг 1 /нэг/ ширхэг /өрөөсөн/, монетон гинж 1 /нэг/ ширхэг, монетон бөгж 1 /нэг/ ширхэг, алтан нуухтай манан хөөрөг 1 /нэг/ ширхэг, сорьцгүй алтан бөгж 2 /хоёр/ ширхэг, “Samsung А50” загварын гар утас 1 /нэг/ ширхэг, “Samsung А51” загварын гар утас 1 /нэг/ ширхэг тус бүрийг хохирогч нарын хохиролд тооцон олгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Б.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн 2010024430074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20.000 төгрөгийн дэвсгэрт 38 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, нийт 1.028.180 төгрөг, 100 ам.долларын дэвсгэрт 25 ширхэг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн монетон ээмэг 1 ширхэг өрөөсөн, монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, алтан нуухтай манан хөөрөг 1 ширхэг, сорьцгүй алтан бөгж 2 ширхэг, Samsung А50” загварын гар утас 1 ширхэг, “Samsung А51” загварын гар утас 1 ширхэг тус бүрийг хохирогч нарын хохиролд тооцохоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байгаа. Биеийн байдлын хувьд  2 хөл маань хагалгаанд орсон, бүтэн түлэгдэлтэй, харшилтай, эрүүл мэндийн байдал эрс муудсан. Дээр нь ар гэрийн хүн маань 2 хөлгүй, суугаа тэрэгтэй группт байдаг. Надаас өөр харж хандах хүнгүй.Нийт хураагдсан мөнгө, үнэт эдлэл 20 сая гаруй төгрөг хохиролд оруулан төлж байгаа. Иймд миний ар гэрийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж, үнэн сэтгэлээсээ ойлгон ухамсарлаж байгаагаа илэрхийлж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.М- нь гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, өөрөөс нь хураасан нэр бүхий эд зүйлийг хохирогч нарын хохиролд тооцож олгуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Хэдийгээр шүүгдэгч Б.М- нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч түүнд оногдуулсан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүний нас, эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдөөгүй байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэгт 5 удаа ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.М-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Б.М- нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “ачаа ачуулна”, “монетон гинж худалдаж авна, автомашин зарна”, “бэлэн мөнгө байна уу, түр хэрэглээд буцаагаад өгье”, “гар утас зарна”, “ажилчдын цалин тавина, түр мөнгө зээлээч”, “задгай мөнгийг бүхэл мөнгө болгож өгнө”, “мөнгө задлаад өгөөч” гэж 42 удаагийн үйлдлээр нэр бүхий 42 иргэнд 36.921.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нэр бүхий 6 иргэнд 6.282.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

 

 

 

шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 20/, /1хх 86-88, 104-105, 163-165/, /2хх 46-47/, /2хх 106/, /2хх 131/, /2хх 188/, /2хх 223-224/, /3хх 18, 101/, /3хх 64/, /3хх 139/, /3хх 161/, /3хх 208-209/, /3хх 188-189/, /3хх 240-241/, /4хх 37/, /4хх 81-82/, /4хх 123-124/, /4хх 166/, /5хх 81-84/, /6хх 192/, /6хх 223/, /7хх 7/, /7хх 28/, /7хх 143/, /7хх 228-229/, /8хх 31-32/, /8хх 125-126/, /8хх 165-166/, /9хх 46-47/, /9хх 156-157/,

 

хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөр, хурууны хээ нь Б.М-ын гарын мөр, хурууны хээтэй таарч байгаа тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд /1хх 149-158/, /2хх 17-28/, /2хх 83-88/, /4хх 55-59/, /5хх 125-128, 135-138/, /5хх 176-184/, /8хх 204-215/,

алдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 218-219/, /2хх 78-79/, /4хх 210-211/, /6хх 5-6/, /7хх 133/, /8хх 13/, /8хх 202/, /9хх 108/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 228-230/, /2хх 53-56/, /4хх 173-175/, /7хх 171-173/,

таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1хх 3-5/, /1хх 231-235/, /2хх 66-71/, /2хх 195-200/, /2хх 231-234/, /3хх 39-44, 122-127/, /3хх 145-150/, /3хх 165-171/, /4хх 4-8/, /4хх 43-46/, /4хх 100-105/, /4хх 129-134/,  /4хх 193-194/, /5хх 22-29/, /5хх 116-123/, /6хх 10-11/, /8хх 16-18/, /8хх 196-199/, /9хх 70-72/,

хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 137/, /4хх 41/, /4хх 98/, /4хх 243/, /5хх 82/, /5хх 168-170/, /6хх 247/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 47-49/, /1хх 137-139/, /2хх 62-65/, /2хх 113-115/, /2хх 139-140/, /3хх 213-216/, /3хх 76-77/, /4хх 88-93/, /4хх 176-178/, /5хх 15-18/, /6хх 13-16/, /6хх 177-184/, /6хх 214/, /6хх 241/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 50-56/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.М- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг  шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.М-ын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, бусдын эд хөрөнгийн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-ын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт, мөн бусдын эд хөрөнгийн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэж,  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

           

Харин прокуророос залилах гэмт хэргийн улмаас нийт 35.831.000 төгрөгийн хохирол учруулсан гэж тооцооллын алдаа гаргасныг анхан шатны шүүх 36.921.000 төгрөг гэж зөвтгөн шийдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.М-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 92 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.Б-Э

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН